Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/00085

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02171 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02/85 дугаар тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Г.Б , Д.Ө ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4139 дүгээр шийдвэрийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх /Чингэлтэй шүүх/ шийдэж, Чингэлтэй дүүргийн 120 дугаар тойрог шийдвэр гүйцэтгэлийг хийж байсан болно/ Иргэн Б.Б миний бие Монгол Улсын 3 шатны шүүхийн шийдвэрээр эрхэлж байсан ажилдаа ТӨБЗГ-ын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолоор эгүүлэн томилогдсон. Б ТӨААТҮГ-ын захирлын ажлыг 2018 оны 01 дүгээр сарын 23-нд хүлээж аваад 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал контракт байгуулахгүй, цалин хөлс байхгүйгээр үүрэгт ажлаа хийсэн. Гэтэл ТӨБЗГ нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар намайг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилсон 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн хууль зүйн үндэслэлгүй 72 дугаар тогтоолыг гаргасан юм. Иргэний хувьд хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хууль бус 72 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 101/ШШ2018/02121 дугаартай шийдвэрийг гаргаж ТӨБЗГ-ын хууль бус 72 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1681 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 001/ХТ2018/01890 дугаартай тогтоолыг гаргаж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02121 дугаартай шийдвэрийг тус тус хэвээр үлдээсэн. Миний зүгээс ТӨБЗГ-т удаа дараа түр хүлээлгэж өгсөн ажлаа эгүүлэн хүлээн авах хүсэлт гаргасан боловч, миний биеийг эрхэлж байсан ажлаа эгүүлэн хүлээж авах боломжоор хангахгүй, эрхийн зөрчил үргэлжилсээр байсан. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд намайг эрхэлж байсан ажил болох Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын /ТӨААТҮГ/ захирлын ажилд эгүүлэн томилохыг ажил олгогч ТӨБЗГ-т даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан. Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 101/ШТ2020/00172 дугаартай тогтоолыг гаргаж нэхэмжлэгч Б.Б ыг Б ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тогтоосон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4139 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа, тус шийдвэрийг хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар биелүүлээгүй байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4139 дугаартай шийдвэрийг хариуцагч ТӨБЗГ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр холбогдох байгууллагад хандах эрхтэй гэж дүгнээд, миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд дээрх шийдвэрийн дагуу миний бие НШШГГ-т шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлт гарган хандсан боловч тус газар нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02/85 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа А.Намсамандад гомдол гаргасан боловч адилхан хүлээж авах боломжгүй гэсэн хариуг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гарсныг 2020 оны 6 дугаар сарын 22-нд хүлээж авлаа. Ийм учраас шүүхэд гомдол гаргаж байна. Иргэний хувьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хоёрын дунд асар ихээр хохирч байна. Монгол Улсын 3 шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр хэвээрээ байгаа тухай, энэ шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй байна гэж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 101/ШТ2020/00172 дугаартай тогтоолоор дүгнэсэн, энэ тогтоол хүчин төгөлдөр байна. Ийм учраас шийдвэр гүйцэтгэл нь дутуу болсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02/85 дугаар тогтоолыг хүчингүй болгож, намайг өмнө эрхэлж байсан Б ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн томилохыг НШШГГ-т даалгаж, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4139 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаар тогтоолоор хариуцагч Төрийн өмчийн хорооноос Б.Б ыг Б ТӨААТҮГ-ын захирлын ажилд эргүүлэх тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 910 000 төгрөг гаргуулан Б.Б од олгож, Б.Б болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Биокомбинат ТӨААТҮГ-т даатгаж, Төрийн өмчийн хорооны 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Сонгон шалгаруулалт зарлах тухай 81 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Төрийн өмчийн хорооноос улсын тэмдэгтийн хураамжид 157 510 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэсэн. Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас шүүхийн шийдвэрийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б.Б ыг үүрэгт ажилд нь буцаан томилох тухай 415 дугаар тогтоол, 2017 оны А/160 дугаар тушаалын дагуу Төрийн өмчийн хорооны ажил хүлээлцэх үүрэг бүхий ажлын хэсэгтэй хамтран 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б ТӨААТҮГ-ын захирлын ажлыг хүлээлцүүлж, ажил хүлээн авсан тухай Б.Б-ын ажил хүлээн авсан гомдол саналгүй тухай тодорхойлолтыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02/85 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөр авагчийн тодорхойлолтыг үндэслэн дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан тогтоогдохгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02/85 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан урьд эрхэлж байсан Б ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн томилохыг даалгах тухай Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4139 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаар тогтоолоор хариуцагч Төрийн өмчийн хорооноос Б.Б ыг Биокомбинат ТӨААТҮГазрын захирлын ажилд эргүүлэх тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 910 000 төгрөг гаргуулан Б.Б од олгож, Б.Б болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Биокомбинат ТӨААТҮГазарт даатгаж, Төрийн өмчийн хорооны 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Сонгон шалгаруулалт зарлах тухай 81 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Төрийн өмчийн хорооноос улсын тэмдэгтийн хураамжид 157 510 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэсэн. Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас шүүхийн шийдвэрийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б.Б ыг үүрэгт ажилд нь буцаан томилох тухай 415 дугаар тогтоол, 2017 оны А/160 дугаар тушаалын дагуу Төрийн өмчийн хорооны ажил хүлээлцэх үүрэг бүхий ажпын хэсэгтэй хамтран 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Биокомбинат ТӨААТҮГазарын захиралын ажпыг хүлээлцүүлж, ажил хүлээн авсан тухай Б.Б-ын ажил хүлээн авсан гомдол саналгүй тухай тодорхойлолтыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02/85 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заалтыг үндэслэн бүрэн дуусгавар болгосон бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 02121 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1681 дүгээр магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01890 дугаар тогтоол нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн дууссаны дараа гарсан. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөр авагчийн тодорхойлолтыг үндэслэн дуусгавар болгосон, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь заалтын дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02/85 дугаар тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн томилохыг даалгуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Б.Б ыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 684 дүгээр тогтоолоор захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлснийг шүүх үндэслэлгүй гэж үзэж, Б ТӨААТҮГ-ын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, шийдвэрлэсэн үйл баримт хүчин төгөлдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4139 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаартай тогтоолоор тогтоогдсон. /хх-84-97, 98-109, 112-119/

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүхийн захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагджээ. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хариуцагч байгууллага дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг зөрчөөгүй байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилох тухай 415 дугаар тогтоол гаргаж, улмаар ажлыг хүлээлцүүлсний дараа Б.Б оос 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б ТӨААТҮГ-ын захирлын тамга тэмдэг, хөрөнгийн гэрчилгээ, эд хөрөнгийг жагсаалтаар хүлээн авлаа, ямар нэг гомдолгүй гэсэн хүсэлт гаргасныг үндэслэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/85 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байна. /хх121-125/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосны дараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Б.Б ыг ажилд томилсон 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолоор түдгэлзүүлсэн боловч уг тогтоолыг нэхэмжлэгч Б.Б эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Үүний дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02121 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1681 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2018/01890 дугаартай тогтоолоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хх15-23, 24-30, 31-35/ Дээрх шийдвэртэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй байна.

Ажил олгогч байгууллага буюу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нэхэмжлэгч Б.Б-ын ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байсны улмаас тэрээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болгосон 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн дахин урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Уг нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2020/03323 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн үндэслэл арилж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал нь сэргэсэн, дахин урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулах шаардлагыг гаргах үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх12-14/

Мөн нэхэмжлэгч Б.Б нь дээрх захирамжийг эс зөвшөөрч, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2020/03323 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид гомдол гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШТ2020/00172 дугаар тогтоолоор Б.Б ыг Б ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тогтоосон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4139 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна гэж дүгнээд тус шийдвэрийг хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар биелүүлээгүй байна. Шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр холбогдох байгууллагад хандах эрхтэй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /хх9-10/

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02121 дүгээр шийдвэрийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь нэхэмжлэгч Б.Б-ын ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2020/03323 дугаар захирамжаар түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл, Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4139 дүгээр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж биелэгдсэнээр дуусгавар болжээ. Харин Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02121 дугаар шийдвэртэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй байна.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй, шийдвэртэй холбоотойгоор өмнөх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбарын хүрээнд дүгнэлт хийж анхан шатны шүүхийн энэхүү алдааг залруулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02/85 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Б-ын ажил үүргийг гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт ажилд эгүүлэн томилуулах шаардлагыг гаргаагүй байжээ. Үүнтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсоныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд урьд эрхэлж байсан Б ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага хамаарахгүй гэж анхан шатны шүүх дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02171 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02/85 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ