| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/07625/И |
| Дугаар | 192/ШШ2025/00831 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/00831
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Х холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 50,380,783 төгрөг гаргуулах, хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох ******* дугаар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д*******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд болон шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: “... А.Х******* нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувийн хүүтэйгээр 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож ЗГ/21/ тоот Зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг зээлж, ******* гар утасны дугаар барьцаалан зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ бүрэн төлөөгүй. Гэрээ байгуулсан өдрөөс өнөөдрийн хүртэл зээлэнд нийт 6,721,000 төгрөг төлсөн ба 2022 оны 5 дугаар сард эргэн төлөлт хийснээс хойш өнөөдрийг хүртэл дахиж төлөлт хийгээгүй 892 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Өмнө шүүхэд хандаж байсан ч хаяг дээр байдаггүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Манай зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож зээлийн төлбөрийн үлдэгдлийг “Зээл, зээлийн хүү төлөлтийн хуваарийн дагуу яаралтай төлөхийг шаардсан ч төлбөр төлөөгүй. Иймд 2024 оны 11 сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөг, үндсэн хүүний өр 22,313,788 төгрөг, хүүгийн торгууль 3,016,995 төгрөг, нийт 50,330,783 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаатай холбогдуулан хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж шаардсан бөгөөд хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаасаа татгалзаж, зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөг, үндсэн хүүгийн өр 22,313,788 төгрөг, хүүгийн торгууль 3,016,995 төгрөг, нийт 50,330,783 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч А.Х*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбараа дэмжиж байна. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн гэрээний зүйл 25,000,000 төгрөг авсан талаар маргахгүй. Зээлийн хүүгийн тооцоолол дээр тодорхой дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны 4 сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт 41,986,140 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа шаардлагын хэмжээ 8,344,643 төгрөг болно. Учир нь талууд зээлийн гэрээг нэг жилийн хугацаатай хүүг жилийн 36 хувийн хүүтэйгээр тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 4 сарын 01-ний өдөр байгуулагдаад 2023 оны 4 сарын 01-ний өдөр дуусгавар болсон. Зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш талууд гэрээг сунгаагүй. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний хугацаанд 6,721,000 төгрөг төлсөн. Эхний ээлжийн төлбөрийг 2022 оны 5 сарын 04-ний өдөр 721,000 төгрөг төлсөн. Энэ дүнгийн тодорхой хувь нь үндсэн зээлийн хүү үлдсэн нь нэмэгдүүлсэн хүүнд тооцогдсон. Өөрөөр хэлбэл 2022 оны эхний сарын хүүгийн төлөлт төлөгдсөн. Хариуцагч талаас гаргаж өгсөн санхүүгийн программ дээр гаргаж ирсэн тооцоолол болоод зээлийн хуулга зэрэг баримтуудаар нотлогдоно. Хоёрдох зээлийн төлөлт 2024 оны 01 сарын 17-ны өдөр 6,000,000 төгрөгийн төлөлт хийсэн. Энэ төлөлт нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсны дараагаар хийсэн төлөлт юм. Уг төлбөрийг нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн үүрэгт тооцсон нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн гэж үзэж маргаж байна. Улсын дээд шүүхийн 2021 оны 5 сарын 12-ны өдрийн 151 тогтоолоор Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэг буюу энэ дарааллыг шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох үүднээс улсын дээд шүүх тогтоолоороо энэ маргааныг шийдвэрлэхээр тогтоосон. Үүнд үүрэг гүйцэтгэх хугацаа, болсон өр төлбөрийг гүйцэтгэхэд эхний ээлжид шүүхийн зардал, үндсэн үүрэг, нэмэгдэл үүрэг буюу хүү нэмэгдүүлсэн хүү гэх дарааллаар төлнө гэж тайлбарласан. Энэ үндэслэлээр 2024 оны 01 сарын 17-ны өдөр хариуцагчийн төлсөн 6,000,000 төгрөг тооцогдох ёстой. Гэтэл нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү гэсэн дарааллаар төлбөрийг тооцсон. Иймээс үндсэн зээлийн төлбөр 25,000,000 төгрөгөөс хасагдаад үндсэн зээлийн төлбөр 19,000,000 төгрөг болж багасах хуулийн зохицуулалттай. Энэ үндэслэлээр бид тооцооллыг гаргахад гэрээний төлбөрт 41,986,140.46 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,344,643 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ/21/ дугаар зээлийн гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга,
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Б нь зээл гэрээний үндсэн үүрэг 25,000,000 төгрөг, хүү 22,313,788 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,016,995 төгрөг нийт 50,380,783 төгрөг гаргуулах, хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох ******* дугаар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Х*******д холбогдуулан тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч З.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох ******* дугаар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зээл гэрээний үндсэн үүрэг 25,000,000 төгрөг, хүү 22,313,788 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,016,995 төгрөг нийт 50,380,783 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
З.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А/ дугаар итгэмжлэлийг Н.М*******, Х.М*******, Ц.Д******* нарт олгосон ба итгэмжлэлд “.../ анхан, давж заалдах,.../ шатны шүүхэд нэхэмжлэгчийн эдэлдэг бүх эрхийг эдэлж, ... нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, ...” бүрэн эрхийг олгожээ. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох ******* дугаар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эрхтэй байна. /х.х-ийн 4 хуудас/
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
1. З.Б нь А.Х*******тай 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ/21/ тоот Зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг, жилийн 36 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож Зээлийн гэрээ байгуулжээ.
1.1. Хариуцагч А.Х*******, нэхэмжлэгч З.Б нар 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ/21/ дугаар зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч А.Х*******д 25,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч А.Х******* нь 25,000,000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, мөн уг гэрээний дагуу хариуцагч зээлийн эргэн төлөлтөд нийт 6,721,000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн талаар тус тус маргаагүй байна.
1.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулагджээ.
2. Харин хариуцагч А.Х******* зээлийн гэрээний үүрэг тооцох дарааллыг хуульд зааснаар тооцоогүй, уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 8,344,643 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “ Энэ хуулийн зорилт нь санхүүгийн зах зээлийн зохистой хөгжлийг дэмжих хүрээнд банк, эрх бүхий хуулийн этгээдээс иргэн, хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээдэд үзүүлэх мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-т “Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ” гэж тус тус заажээ.
2.2. Хариуцагч А.Х*******, нэхэмжлэгч З.Б нарын хооронд байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ/21/ дугаар зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2-т “ Зээл, зээлийн хүү төлөх хуваариас урьдчилан эсхүл илүү дүнгээр төлсөн тохиолдолд зээлийн төлбөр төлсөн өдөр хүртэл хуримтлагдсан хүүг төлүүлж үлдсэн дүнгээр үндсэн зээлээс төлүүлнэ” гэж гэрээний талууд тохиролцжээ. /х.х-ийн 8 дах хуудас ар талын нүүр/
2.3. Дээрх гэрээний зохицуулалтаас дүгнэвэл талууд хуримтлагдсан хүү, үлдсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлэхээр зээлийн гэрээний үүрэг тооцох дарааллыг тохиролцсон байна. Гэтэл нэхэмжлэгч зээлдэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 6,000,000 төгрөгөөс үндсэн хүүгийн билл гэж үүсгэн 840,020 төгрөгийг, 283 дугаарт- 2,579,989.97 төгрөг “гүйлгээний төрөл нэмэгдүүлсэн хүү” , 285 дугаарт -2,579,989.97 төгрөг “гүйлгээний төрөл нэмэгдүүлсэн хүү” гэж тус тус тооцож үүрэг тооцсон байна. /х.х-23 хуудасны ар тал/
2.4. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, мөн хуулийн 198.1-т “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус заажээ. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хуримтлагдсан хүү гэх үүрэгт гэрээний үндсэн хүү төлөх үүрэг багтах утгыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл нэмэгдүүлсэн хүүгийн талаарх үг, утгыг илэрхийлээгүй байх ба гэрээний уг зохицуулалтыг шүүх дэлгэрүүлэн тайлбарлах үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагааг дагнан явуулж байгаа хуулийн этгээд, зах зээлд гаргаж байгаа үйлчилгээгээ ойлгомжтой танилцуулж, Зээлдэгчийн биелүүлэх үүрэг тодорхой, салаа утгагүй зээлийн гэрээг байгуулах ёстой.
2.5. Иймээс хариуцагчийн төлсөн 6,000,000 төгрөгөөс үндсэн хүүгийн билл гэж үүсгэн 840,020 төгрөгийн үүрэг тооцсон нь үндэслэлтэй. Харин 283 дугаарт бүртгэсэн гүйлгээ - 2,579,989.97 төгрөг, 285 дугаарт бүртгэсэн гүйлгээ -2,579,989.97 төгрөг нийт 5,159,979 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн үүрэгт тооцсоныг шүүх үндэслэлгүй гэж үзэн зээлийн гэрээний үндсэн хүүгийн үүрэгт шаардсан 22,313,788 төгрөгөөс 5,159,979 төгрөгийг хасаж, энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2.6. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заажээ. Уг зохицуулалт нь гэрээний үүрэг тооцох ерөнхий зохицуулалт тул уг маргаанд хэрэглэх үндэслэлгүй юм. Учир нь талуудын хооронд банк санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргаан тул тухайн гэрээний харилцааг нарийвчлан зохицуулдаг Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэж, шүүх маргааныг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагчийн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан татгалзал үндэслэлгүй байх тул шүүх уг үндэслэлээр татгалзлыг хүлээн авахгүй.
2.7. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
2.8. Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний үндсэн үүрэгт 25,000,000 төгрөг, хүү 17,153,809 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,016,995 төгрөг нийт 45,170,804 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 5,159,979 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч А.Х*******гаас нийт 45,170,804 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Зөгий санхүүгийн групп ББСБ ХХК -д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч З.Б нь хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох ******* дугаар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479,804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 383,804 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ