| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/07354/И |
| Дугаар | 192/ШШ2025/00828 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/00828
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 43,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Б.М*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М******* нь зээлийн гэрээний үүрэгт 43,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б******* холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Б.М******* миний бие 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Б.М хүсэлтээр зээлийн гэрээ байгуулж 47,000,000 төгрөгийг 4,000,000 төгрөгийн хүүтэйгээр 3 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээг 1 хувь үйлдэж, зургийн дарж баталгаажуулсан. Зээлийн гэрээ байгуулсан өдөр миний бие х.б интернэт банкаар 47,000,000 төгрөгийг Б.Б х.б ******* тоот дансанд шилжүүлсэн. Зээлдэгч заасан хугацаанаас хэтэрч олон удаа худлаа хэлж явсаар утасны дугаараа унтрааж холбоо барихгүй алга болсон. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 47,000,000 төгрөг, зээлийн хүү 4,000,000 төгрөг, нийт 51,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргасны дараа надад 8,000,000 төгрөгийн үнэ бүхий лацтай утас өгсөн байдаг. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 8,000,000 төгрөгийг хасахад татгалзах зүйлгүй. Хариуцагч Б.Б******* үлдэгдэл мөнгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримт гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М******* зээлийн гэрээний үүрэгт 51,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б******* 8,000,000 төгрөгийн эд зүйлийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөрийг 8,000,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 43,000,000 төгрөгийг гаргуулахаар хариуцагч Б.Б******* холбогдуулан шаардаж байна.
Хариуцагч Б.Б******* 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эдлэх эрх, үүрэгтэй танилцан нэхэмжлэлийн хувийг гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй тул түүнийг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч Б.Б******* 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг түүний дугаарын утас руу залгаж мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, үүнтэй холбоотой холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шүүх хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б.М******* нь Б.Б*******эй 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 47,000,000 төгрөгийг, 4,000,000 төгрөгийн хүүтэй, 3 хоногийн хугацаатай байхаар харилцан тохиролцож, гэрээний зүйл болох 47,000,000 төгрөгийг Б.Б******* шилжүүлсэн нь Х.Б 2024 оны журналын ******* дугаартай шилжүүлгийн баримтууд тус тус хэрэгт авагджээ. /х.х-ийн 5, 7 тал/
Хариуцагч Б.Б******* 47,000,000 төгрөг зээлэх хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч Б.М******* хүлээн авч, түүнд 47,000,000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай, 4,000,000 төгрөгийн хүүтэйгээр зээлүүлэх хүсэл зоригийг хариуцагч Б.Б******* хүлээн зөвшөөрч, хэлцлийн дагуу гэрээний зүйл болох 47,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний шинжийг илэрхийлсэн, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд зээлийн гэрээгээр талууд 4,000,000 төгрөгийн хүү тооцохоор гэрээг бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгч гэрээний дагуу хариуцагчаас хүү шаардах эрхтэй.
Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үлдэх үүрэгт нийт 43,000,000 төгрөг шаардсан нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 412,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б******* 43,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 412,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ