Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/28

 

 

 

Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Г.Г /зайнаас цахимаар/,

Яллагдагч: Г,

Яллагдагчийн өмгөөлөгч: Э/зайнаас цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/168 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Згийн эсэргүүцлийг үндэслэн, яллагдагч Гт холбогдох 2320000000061 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Г, урьд

Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхээр 1994 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 87 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхээр 1997 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 239 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн сум дундын 3 дугаар шүүхээр 1999 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн шүүхээр 2001 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

Говьсүмбэр аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар 8 хоногийн хорих ялаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

 

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Яллагдагч Г нь 2022 оны 08 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 31-ний шилжих шөнө Дорноговь аймгийн *** хашааны авто машины гражаас том тэрэгний Kindun (кинду брэндийн) 180 ам хүчин чадалтай 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч иргэн Дид 812,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн ***од оршин суух Бгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Даюун маркийн хар өнгийн 2 ширхэг аккумляторыг хулгайлан 800,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Згаас яллагдагч Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

                                                                 

4. Анхан шатны шүүх: “... яллагдагчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэргийн өөр, өөр шинжийг агуулсан, гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн, хүнд хэргийн зүйл, хэсгээр буруутгаж байгаа атлаа ямар үндэслэлээр хүнд ял оногдуулж болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь тодорхойгүй, ... Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг зөрчсөн, ... Гын 2022 оны 08 сарын 30-аас 08 сарын 31-нд шилжих шөнө, 2022 оны 06 сарын 06-ны өдөр үйлдэгдсэн хулгайн үйлдлүүдэд тус тусад нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, эрүүгийн хэргийг нэгтгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2, 5 дугаар зүйлийг баримталж нэгтгэснийг хуулийг буруу хэрэглэсэн, ... оролцогчийн хуульд заасан эрхийг хангаж, хэргийн материалтай танилцуулах, 2023 оны 06 сарын 09-ний өдрийн 04 дугаартай “мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх” тухай прокурорын тогтоолын тогтоох” хэсгийн 1, 2 дахь хэсэгт байгаа хэргийн дугаар нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолтой зөрүүтэй, өөрөөр хэлбэл 2220001090048, 2320001090048 гэж бичигдсэн, хэргийг 2320000000061 дугаартай хэрэгт нэгтгэсэн атлаа 2320001090048 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгасан зэрэг алдааг засах шаардлагатай...” гэж, яллагдагч Гт холбогдох эрүүгийн 2320000000061 тоот хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,

 

хэргийг прокурорт очтол яллагдагч Гт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

 

5.  Прокурор З эсэргүүцэлдээ: “5.1. ... авто машины гражаас том тэрэгний 2 ширхэг аккумляторыг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д, яллагдагч Гын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан,

5.2. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 511 дугаартай тогтоолоор “Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэн...” гэж тайлбарласан байх тул яллагдагч Гыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзэх үндэслэлгүй,

5.3. ... Яллагдагч Гын хулгайн үйлдлүүдэд тус, тусад нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, эрүүгийн хэргийг нэгтгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.2 дугаар зүйлийн 2, 5 дугаар зүйлийг баримталж нэгтгэсэн нь бичиг техникийн алдаа гаргасан байх тул үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгүүлэх боломжтой бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болно.

5.4.  Хохирогч Б, Д нарт хэргийн материал танилцуулан гарын үсэг зуруулсан боловч танилцуулсан он, сар бичигдээгүй байгааг шүүх хуралдаанд хохирогч нарыг оролцуулан шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой бөгөөд анхан шатны шүүх захирамждаа “...хэдийгээр уг ажиллагаа Шүүхийн шатанд хийх боломжтой...” гэж дүгнэсэн байх тул хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах үндэслэлгүй байна. ... Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн материалыг 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр яллагдагч Гт танилцуулж гарын үсэг зуруулж, танилцуулсан талаар тэмдэглэл үйлдсэн нь хавтаст хэргийн 215 дугаар хуудсанд авагдсан, мөн яллагдагчид шүүхийн шатанд яллагдагч Гт хавтаст хэргийг дахин танилцуулах бүрэн боломжтой.

5.5. ... Прокурорын нэгтгэх тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд 2220001090048, 2320001090048 гэж бичигдсэн бичиг техникийн алдааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой энэ нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байна. Мөн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2023/Ш3/168 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үндэслэлийг удирдлага болгон захирамжилсан нь хуулийг буруу хэрэглэсэн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

6. Прокурор Г.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... Прокурор Згийн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна” гэв.

 

7. Яллагдагч Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... тайлбар, санал байхгүй” гэв.

8. Яллагдагчийн өмгөөлөгч Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Шүүхээс 4 үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байдаг. Нэг дэх үндэслэлд улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хүлээн зөвшөөрч байгаа. 3, 4 дүгээр зүйлд заасан үндэслэл нь нэг нь бичиг техникийн алдаатай нөгөө нь шүүх хуралдааны өмнөх шатанд хэргийг дахин гүйцэтгүүлэх боломжтой нөхцөл байдал тогтоогддог. Харин тухайн захирамжийн 2-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдэг үндэслэл бол шүүх хуралдаанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Тэгэхээр анхан шатны шүүхийн тухайн гаргасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл байхгүй, хэргийн үйл баримтад үнэн зөв үнэлэлт өгсөн гэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх, прокурор Згийн бичсэн эсэргүүцэлд  үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Згаас яллагдагч Гыг

 

2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн ***од оршин суух Бгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, Даюун маркийн хар өнгийн 2 ширхэг аккумляторыг хулгайлж, 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 08 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 31-ний шилжих шөнө Дорноговь аймгийн *** хашааны авто машины гражаас том тэрэгний Kindun (кинду брэндийн) 180 ам хүчин чадалтай 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч иргэн Дид 812,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

2. Анхан шатны шүүх өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, хэргийг хянан хэлэлцээд яллагдагч Гт холбогдох эрүүгийн 2320000000061 тоот хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт буцааж, шийдвэрлэжээ.

 

3. Шүүгчийн “Хэргийг прокурорт буцаах” тухай захирамжийг прокурор эс зөвшөөрч “...яллагдагч Гыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзэх үндэслэлгүй, яллагдагч Гын хулгайн үйлдэлд тус тусад нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, эрүүгийн хэргийг нэгтгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.2 дугаар зүйлийн 2, 5 дугаар зүйлийг баримталж нэгтгэсэн нь бичиг техникийн алдаа гаргасан тул үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгүүлэх боломжтой, хохирогч Б, Д нарт хэргийн материал танилцуулан гарын үсэг зуруулсан боловч танилцуулсан он, сар бичигдээгүй байгааг шүүх хуралдаанд хохирогч нарыг оролцуулан шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой, хэргийн материалыг яллагдагч Гт танилцуулж гарын үсэг зуруулж, танилцуулсан талаар тэмдэглэл үйлдсэн нь хавтаст хэргийн 215 дугаар хуудсанд авагдсан, мөн шүүхийн шатанд яллагдагч Гт хавтаст хэргийг дахин танилцуулах бүрэн боломжтой, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд 2220001090048, 2320001090048 гэж бичигдсэн бичиг техникийн алдааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой, “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үндэслэлийг удирдлага болгон захирамжилсан нь хуулийг буруу хэрэглэсэн учир шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг гаргасан байна.

 

4. Шүүх, прокурор, мөрдөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуулийн заалтыг чанд сахих нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцнэ.

 

Хуулийн энэхүү зохицуулалтад нийцүүлэн хэрэгт цугларсан нотлох баримтыг эх сурвалжийг магадлан тэдгээрийг харьцуулан үзэхэд “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжид дурдсан  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Энэхүү нөхцөл байдал нь яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн бодит байдлыг тогтоох прокурорын үүрэгт болон мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлууд болон хэргийн талаар  прокуророос гаргах шийдвэрт тус тус хамаарч байна.  

 

5. Гэхдээ анхан шатны шүүх энэ асуудлыг “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх” асуудлын хүрээнд шийдвэрлэлгүй “Хэргийг прокурорт буцаах” захирамж гаргасан нь үндэслэлгүй.

 

Учир нь анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулж, энэхүү хойшлуулсан хугацаанд шүүгчийн захирамжид дурдсан зөрчлийг шийдвэрлүүлэх боломжтой байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн  33.1 дүгээр зүйлийн 6.14-т заасан нөхцөл байдал тогтоогдож байх  байх тул шүүх хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах, прокурор нь шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлтэй болно.

 

  Иймд эдгээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг “Шүүх хуралдааныг хойшлуулах” гэж, захирамжийн тогтоох хэсэгт  “Яллагдагч Гт холбогдсон хэргийн зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг дахин гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгаж, шүүх хэргийг хянан хэлэлцэхийг 15 хоногийн хугацаагаар хойшлуулж” гэж өөрчлөлт оруулж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй учир прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/168 дугаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт удирдлага болгосон хуулийн зүйл заалтаас “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 ...” гэснийг хасч,  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7” гэж нэмж өөрчилж, захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтыг “Яллагдагч Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 15 хоногийн хугацаагаар хойшлуулж, яллагдагчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, хэргийн материалтай танилцах эрхийг хангах, яллах дүгнэлт дахин гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгасугай.” гэж,

 

3 дугаар заалтыг “Энэхүү шүүх хуралдаан хойшлуулсан шийдвэрт гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчлөн, шүүгчийн захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Згийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар яллагдагч Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                  Н.БОЛОРМАА