Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2025/0021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.А /РД:/,

Хариуцагч: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга

Хариуцагч: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Ёс зүйн дэд хороо хоорондын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус захиргааны актад тооцуулах, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/138 дугаар тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Ёс зүйн дэд хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Га, гэрч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Ааас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон тус газрын Ёс зүйн дэд хороонд холбогдуулан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус захиргааны актад тооцуулах, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/138 дугаар тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, тогтоогдсон үйл баримтууд:

2.1. Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд М ХХК-аас 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 102 дугаар албан бичгээр ...Эм Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт Зохицуулалтын Газрын ажилтан А нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчөөд байна гэж үзэж байна. Эм Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт Зохицуулалтын Газарт тогтмол хандах тул уг мэргэжилтнээс хамааран оношлуурын бүртгэл, сунгалтын асуудал доголдон компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрээд байгаа тул энэхүү асуудлыг шийдэж өгнө үү. гэх гомдол гаргасныг Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 24/87 дугаар албан бичгээр гомдлыг харьяаллын дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт харьяаллын дагуу шилжүүлсэн,

2.2. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргагчаас, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Э.Ааас тус тус тайлбар аван, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтээр Төрийн албан хаагч Э.Аын гаргасан үйлдлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-т заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 37.1.12-т заасан төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх, Төрийн албаны хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтуудаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд ёс зүйн зөрчил гаргасан болохыг тогтоож, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийг үндэслэн төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр дүгнэлтийг хүргүүлж байна гэж дүгнэсэн,

2.3. Тус дүгнэлтийг харгалзан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/138 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.12, 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Тус газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр дүгнэлт гарсны дагуу, Эмийн бүртгэлийн хэлтсийн Оношлуурын бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Эы Аыг ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай. гэж шийдвэрлэсэн,

2.4. Э.Ааас тус тушаалыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/1899 дугаар Чиглэл хүргүүлэх тухай албан бичгээр Эм, Эмнэлгийн Хэрэгсэл Хяналт Зохицуулалтын Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Э*******д ...Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр болон гүйцэтгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/138 дугаар тушаалаар Э.Ад сахилгын шийтгэл ногдуулахдаа "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-д зааснаар дотоод хяналт шалгалтын нэгж албан тушаалтан сахилгын зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгаж тогтоох ажиллагаа Хийж гүйцэтгээгүй гэж үзэхээр байна. Иймд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/138 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй. Цаашид захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг судлан тогтоож хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, хэрэгжилтийг хангаж ажиллахыг танд зөвлөж байна. гэх чиглэлийг хүргүүлж, мөн хувийг Э.Ад хүргүүлсэн байна.

3. Ингээд Э.А шүүхэд нэхэмжлэл гарган түүний үндэслэлдээ: Э овогтой А би Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, Эмнэлгийн Хэрэгсэл Хяналт Зохицуулалтын Газрын Эмийн бүртгэлийн хэлтэст Оношлуурын бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Эм, Эмнэлгийн хэрэгсэл, хяналт зохицуулалтын газарт 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/225 дугаар тушаалаар Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газрын Эмийн чанар, аюулгүй байдал, гаж нөлөөний бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Захиргаа удирдлагын газрын шийдвэрийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/140 дүгээр тушаалаар Эмийн бүртгэлийн хэлтсийн Импортын эмийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 26-нд Төрийн албаны тусгай шалгалт өгч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар Оношлуурын бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны албан хаагчаар ажилладаг.

Гэтэл байгууллагын ёс зүйн дэд хорооны 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №04 дүгээр дүгнэлтээр намайг ёс зүйн зөрчилтэйд тооцож илтэд үндэслэл муутай дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа буюу хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.09-ний өдрийн 128/ШЗ2024/7438 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон байх буюу хариуцагч нарыг зөв тодорхойлж ирүүлэх болон нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдөж байгаа нь тодорхойгүй гэх агуулга бүхий дүгнэлтээр хугацаа тогтоосон байна.

Учир нь, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын ёс зүйн дэд хорооны дүгнэлтээс үзэхэд надад холбогдуулан гомдол гаргасан гэх "М"ХХК-тай миний бие огт зан байдлын хувьд таарамжгүй харилцаа үүсгээгүй бөгөөд гагцхүү хууль, дүрэм, журамд заасан хууль ёсны шаардлагыг тавьж ажил үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсний төлөө сахилгын шийтгэл оногдуулах талаар дүгнэлт гаргах замаар захиргааны үйл ажиллагаа явуулсанд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл, "М ХХК нь материал хүлээж авах хугацаагаа хэтрүүлсэн тул танай материалыг хүлээн авах боломжгүй талаар тайлбарлаж өгснийхөө төлөө төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан хариуцлага хүлээх болсныг би огтхон ч зөвшөөрөхгүй.

Уг ёс зүйн дэд хорооны 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №04 дүгээр дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан захиргааны үйл ажиллагаанд хамаарч байгаа тул захиргааны актын шинжийг бүрэн агуулна. Энэхүү дүгнэлтийг гаргасан цаг үеэс эхлэн төрийн захиргааны албан хаагч миний хөдөлмөрлөх шууд зөрчигдсөн төдийгүй ёс зүйн дэд хороо хяналт шалгалт явуулах замаар нотлох баримт цуглуулж, нөхцөл байдлыг үнэлэх Захиргааны Ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг огт явуулаагүй атлаа миний хөдөлмөрлөх эрхэнд шууд халдсан.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, захиргааны акт илт хууль бус байх тохиолдлыг бий болгож байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарахаар заасан тул дээр дурьдсан захиргааны байгууллагаас гаргасан дүгнэлт, захиргааны үйл ажиллагаа нь илт хууль бус байна. Тухайлбал

Төрийн албаны тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.7 дэх хэсэгт: "...төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх хэмээн заасан аль хэсгийг миний бие ямар хэлбэрээр хэрхэн зөрчсөнийг яаж тогтоосон эсэх,

Төрийн албаны тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.12 дэх хэсэгт заасан: ...төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх..." аль хэсгийг хэрхэн ямар хэлбэрээр зөрчсөнийг шалган тогтоосон эсэх,

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8-р зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан иргэний хүсэлтэд анхааралтай хандаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгөх..." гэснийг яаж зөрчсөнг тогтоосон эсэх, Өөрөөр хэлбэл, намайг ажиллаж байх хугацаанд миний нэр дээр иргэн, хуулийн этгээдээс ирсэн хүсэлт байсан эсэх, байсан бол одоогийн эрхэлж байгаа ажил үүргийн хувьд иргэний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэдэг эсэх, ирсэн хэн гэж иргэний ямар хүсэлтэд анхааралтай хандаагүй, хариу өгөөгүйг шалган тогтоосон эсэх,

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8-р зүйлийн 8.1.4 дэх хэсэгт заасан бусдын ажил хэрэгч саналыг үл хайхрах, мушгин гуйвуулахгүй байх, худал мэдээллийг аливаа хэлбэрээр тараахгүй байх заалтын хувьд хэзээ хэн гэгч этгээдийн ямар ажил хэрэгч саналыг үйл хайхарсан нотолгоо, хэзээ ямар худал мэдээллийг ямар хэлбэрээр тарааснийг тогтоосон нотолгоо, эсэх үүссэн хор уршиг байгаа талаар манай байгууллагын ёс зүйн дэд хороо ямар нэгэн хяналт шалгалт явуулаагүй атлаа надад сахилгын арга хэмжээ оногдуулах талаар дүгнэлт гаргаж байгаа зэрэг нь илтэд үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Иймд ёс зүйн дэд хорооны 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №04 дүгээр дүгнэлт буюу захиргааны үйл ажиллагаа нь илт хууль бус байх тул хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Уг дүгнэлтийг илт хууль бус захиргааны актанд тооцсоноор миний хөдөлмөрлөх эрх сэргэнэ гэж үзэж байна.

Манай байгууллагаас дээрх ёс зүйн дэд хорооны илт хууль бус дүгнэлтийг үндэслэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар /цаашид ЭЭХХЗГ гэж товчлох/-ын даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/138 дугаар "Сахилгын шийтгэл оногдуулсан тухай" тушаал гарсныг ЭЭХХЗГ-ын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нийт албан хаагч нарын хуралд дүгнэлт болон тушаалыг нийтэд уншиж танилцуулан тушаалыг хүлээлгэн өгсөн. Ёс зүйн дэд хороо тухайн дүгнэлт тайлбарыг нотолгоо, болон холбогдох гэрчийн мэдүүлэг гаргуулан авч дүгнэлт хийсэн хэмээн танилцуулсан. Миний бие дээрхи дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ямар гэрч болон нотлох баримтад үндэслэж зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл оногдуулаад байгааг ойлгохгүй байна.

Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийн үндэслэлүүд нь ямар ч нотлох баримтаар нотлогдоогүй, тогтоогдоогүй бөгөөд Захиргааны хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан эрх зүйн үндэслэл байхгүй, мөн хуулийн 47.1.7-д зааснаар бодит байдалд биелүүлэх боломжгүй байх тул хуулийн хүрээнд чин шударгаар шийдвэрлүүлж, эрүүл мэнд, сэтгэл санаа, ажлын байрны аливаа хэлбэрийн дарамтгүй, нэр төрөө хамгаалуулан ажлын байрны хэвийн нөхцөлд төрийн албанд хуулийг дээдлэн, чин шударгаар үнэнчээр ажиллах боломжийг олгож өгнө үү.

Ёс зүйн дэд хорооны дүгнэлтдээ нэхэмжлэгч намайг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт "Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт заасныг зөрчсөн бол тухайн хуульд заасан хариуцлага хүлээнэ гэж заасан байх бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэвэл төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан ёс зүйн хариуцлага ногдуулахаар хуульчилсан байна.

Харин ЭЭХХЗГ-ын Даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/138 дугаар "Сахилгын шийтгэл оногдуулсан тухай" тушаалын 1 дэх хэсэгт "Тус газрын Ес зүйн дэд хорооны 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр дүгнэлт гарсны дагуу, Эмийн бүртгэлийн хэлтсийн Оношлуурын бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Эы Аыг ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай гэсэн тушаал гаргасан бөгөөд нэхэмжлэгч намайг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн хэрнээ сахилгын шийтгэл буюу Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд зааснаас өөр Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлагыг ногдуулсан нь тухайн захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг зөрчиж, сахилгын зөрчил ногдуулах үндэслэл бүрдээгүй байхад шийтгэл ногдуулсан тухайн захиргааны актыг хууль бус захиргааны акт гэж үзэхээс өөр аргагүй байгаа юм.

Ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчид ёс зүйн хариуцлагыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд зааснаар харин сахилгын зөрчил гаргасан тохиолдолд Төрийн албаны тухай хуулиар тус тус ногдуулахаар нарийвчлан хуульчилсан байхад илтэд үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан нь иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэхээр байна.

Илт хууль бус захиргааны үйл ажиллагааг үндэслэн надад 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/138 дугаар "Сахилгын шийтгэл оногдуулсан тухай тушаалаар сахилгын арга хэмжээ авсан нь хууль бус байх тул уг актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл мөн гаргаж байгаа болно. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд зааснаар арга хэмжээ авагдсан тохиолдолд шүүхэд хандахаар заасан тул нэхэмжлэлээ шууд шүүхэд гаргасан болно.

Мөн ёс зүйн дэд хорооны дүгнэлт болон маргаан бүхий Б/138 дугаар сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байсан тул Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасан ба хариуг бичгээр авсан болно. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахдаа нотариатаар гэрчлүүлсэн хувийг хавсаргав.

Уг захирамжийн дагуу хамтран хариуцагчаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын ёс зүйн дэд хороог хариуцагчаар татсан болон Э.Ад холбогдуулан захиргааны акт гарснаар түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа болохыг тодруулж захиргааны үйл ажиллагаа болон актыг хүчингүй болгосноор хөдөлмөрлөх эрх сэргэнэ гэж үзэж нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын ёс зүйн дэд хороонд холбогдуулж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын ёс зүйн дэд хорооны 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №04 дүгээр дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус захиргааны актад тооцуулах,

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт холбогдуулж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2024.07.24-ны өдрийн Б/138 дугаар тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус захиргааны актад тооцож, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2024.07.24-ны өдрийн Б/138 дугаар тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. гэжээ.

4. Хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Ёс зүйн дэд хорооноос шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...1. Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "Өргөдөл, гомдол шилжүүлэх тухай" 24/87 дугаар албан бичгээр, М ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн "Гомдол гаргах нь" 102 дугаар албан бичгээр хандсан гомдлыг манай газарт харьяаллын дагуу шилжүүлж ирүүлсэн.

Тус гомдлыг Ёс зүйн дэд хороо хүлээн авч танилцаад, Төрийн албан хаагчийн ес зүйн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол улсын Ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Ёс зүйн дэд хорооны ажиллах журам", холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу гомдлыг хянан шийдвэрлэсэн. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.6-т "бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах; заасны дагуу гомдол гаргагч М ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Оээс 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр, гомдол мэдээлэлд холбогдогч Э.Ааас 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр, гомдолтой холбогдуулан тус тус тайлбар мэдээллүүдийг авсан. Мөн, мэргэжилтэн Э.Атай холбоотой 2022 онд Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөр 3, Эрүүл мэндийн яамаар дамжин 1, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргад хандаж 9 аж ахуйн нэгжийн төлөөлөл нийт 13 гомдол бүртгэгдсэнийг байгууллагын өмнө ажиллаж байсан Ёс зүйн хорооны дарга, гишүүд болон бичиг хэрэг хариуцсан албан тушаалтнаас гаргуулан авсан ба тус гомдлын утга, агуулга нь бүгд тухайн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага, төрийн албан хаагчийн хүнд суртлын талаар дурдсан байсныг авч, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай бусад үндэслэлийг судалсан (Холбогдох баримтуудыг хавсаргав.)

2. Мэргэжилтэн Э.А нь гаргасан нэхэмжлэлдээ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг илтэд буруугаар ойлгож, нэхэмжлэлдээ дурдсан байна.

Ёс зүйн дэд хорооны 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр дүгнэлт нь Төрийн албан хаагч Э.Аын гаргасан үйлдлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-т "төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх", 37.1.12-т "төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх", Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр ёс зүйн зөрчил гаргасанд тооцож шийдвэрлэсэн.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т "Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, Авлигын эсрэг хуулийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараах нийтлэг үүргийг хүлээнэ, гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.Аыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.12-т заасныг тус тус зөрчсөн талаар 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Ёс зүйн дэд хорооны хурлаар хэлэлцэж, тус хорооны 04 дүгээр дүгнэлтийг гаргаж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу томилох эрх бүхий албан тушаалтан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид хүргүүлсэн.

Гэтэл нэхэмжлэгч Э.А нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэснийг Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт заасныг зөрчсөн гэж Ёс зүйн дэд хороо дүгнэлт гаргасан мэт нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан явдал нь огт үндэслэлгүй юм. Дээрх Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн албан тушаалтнуудад тус тусын хуулиар хариуцлага хүлээлгэхээр тодорхой заасан байдаг

Өөрөөр хэлбэл Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т "Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт заасныг зөрчсөн бол тухайн хуульд заасан хариуцлага хүлээнэ. гэж заасан ба тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:" гэж заасныг баримталж, Ёс зүйн дэд хорооноос нэхэмжлэгч Э.Аыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.12-т заасныг тус тус зөрчсөн талаарх дүгнэлтийг тушаалын захирамжлах хэсгийн 1,2-т дурдаж, тухайн хуульд заасан буюу Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т "нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;" сахилгын шийтгэлийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/138 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан явдал нь хууль тогтоомжид нийцсэн үндэслэл бүхий захиргааны шийдвэр юм.

Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй," гэж маргаж байгаа явдал нь үндэслэлгүй юм.

3. Нэхэмжлэгч Э.Аын хувийн зан харилцаа, гомдолтой холбоотой тайлбар өгч байгаа байдал, иргэн аж ахуйн нэгж байгууллагуудаас өмнө ирүүлсэн болон дахин ирүүлээд байгаа гомдлуудын талаар тодруулбал:

Гомдлын талаар тайлбар авахад нь гомдол гаргагчийг мэдэх гэж таамаг дэвшүүлж, гомдол гаргагчийн мэдээллийг мөшгөж олох гэж оролдсон. Мөн биеийн хэлэмжээрээ илт дургүйцсэн шинжтэй бөгөөд өөрийнхөө талаар өмнө гаргасан гомдлуудад дүгнэлт хийж ухамсарлаж буй хандлага огт байхгүй байсан. Ёс зүйн дэд хорооны гишүүдийг үл ойшоож, хүндэтгэлгүй хандаж байсан ба зан харилцаа, үг, үйлдэл хандлагаараа илэрхий ойлгомжтой илэрхийлж байсан. Энэ нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэж, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т "ард түмэнд үйлчлэх;" заасан зарчмын мөрдөж ажиллаагүй гэж дүгнэхээс өөр аргагүй байсан.

Тус хорооноос төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулахад үл ойшоож огт оролцдоггүй. Бусад хамтран ажиллагсад, нэгжийн даргаас нь Э.Аын зан харилцааны дутагдлын талаар аман байдлаар илэрхийлдэг, Төрийн албаны зөвлөлд таньдаг хүн ажилладаг зэргээр эрх бүхий байгууллагын нэрээр далайлгаж сүрдүүлэх гэж оролддог.

Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөр 3, Эрүүл мэндийн яамаар дамжин 1, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргад хандаж 9 аж ахуйн нэгжийн төлөөлөл нийт 13 гомдол бүртгэгдсэн. (Гомдлуудыг хавсаргав)

Мөн түүнчлэн нэхэмжлэгч Э.Ад дээрх шийтгэлийг ногдуулснаас хойш манай газраас төрийн үйлчилгээ авдаг аж, ахуйн нэгж байгууллагуудаас төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар гомдлууд ирсэн. Тодруулбал М ХХК-аас 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн "Гомдол гаргах нь" 131 дугаар албан бичгээр ирүүлсэн 1 гомдол, Монголын эм хангамжийн байгууллагын холбооны 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн "Гишүүн байгууллагын гомдлыг хүргүүлэх тухай" 02/16 дугаар албан бичгээр ирүүлсэн 1 гомдол, тус гомдлын хавсралтаар 2022 онд Төрийн албаны зөвлөлд хандсан 7 аж, ахуйн нэгж байгууллагуудын гомдол, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн "Өргөдөл, гомдол шилжүүлэх тухай" 24/106 дугаар 1 албан бичгийг тус тус манай газарт ирүүлээд байна.

Эцэст нь тус газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр дүгнэлт нь нэхэмжлэгч Э.Аын хөдөлмөрлөх эрхэд халдаагүй ба гагцхүү төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, төрийн үйлчилгээг иргэдэд соёлтой хүргэх талаар сануулж, цаашид энэ төрлийн зөрчил дутагдлыг гаргуулахгүй байх, бусад албан хаагчдадаа сөрөг үр нөлөө үзүүлэхгүй байхаас сэргийлж, түүнийг ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, дүгнэлт гаргасан болно.

Нөгөөтээгүүр зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага ногдуулах нь зайлшгүй тул Э.Аын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтийг илт хууль бус захиргааны актад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

5. Хариуцагч Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...1. Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "Өргөдөл, гомдол шилжүүлэх тухай" 24/87 дугаар албан бичгээр, М ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн "Гомдол гаргах нь" 102 дугаар албан бичгээр хандсан гомдлыг манай газарт ирүүлсэн ба тус гомдлыг харьяаллын дагуу байгууллагын Ёс зүйн дэд хороонд шилжүүлсэн.

Улмаар тус газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтийг ирүүлсэн ба тус дүгнэлтэд, Эмийн бүртгэлийн хэлтсийн Оношлуурын бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Аыг ёс зүйн зөрчил гаргасанд тооцож шийдвэрлэсэн байсан. Уг дүгнэлтийг харгалзан мэргэжилтэн Э.Ад 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/138 дугаар тушаалаар, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т "нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;" заасан сахилгын шийтгэл ногдуулсан.

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын талаар тодруулбал: Ёс зүйн дэд хорооны 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтэд мэргэжилтэн Э.Аыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-т "төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх", 37.1.12-т "төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх", Төрийн албаны хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр ёс зүйн зөрчил гаргасанд тооцож шийдвэрлэсэн байх ба 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/138 дугаар тушаалын тэмдэглэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:" гэж заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7. 37.1.12-т заасныг үндэслэж, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48 1.2-т "нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;" сахилгын шийтгэлийг ногдуулсан.

Мөн Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг тушаалын захирамжлах хэсгийн 1,2-т дурдаж шийдвэрлэсэн.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т *Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт заасныг зөрчсөн бол тухайн хуульд заасан хариуцлага хүлээнэ, гэж заасан өөрөөр хэлбэл тухайн хуульд буюу Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн.

Өөрөөр хэлбэл Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5.-т "хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах;" гэж заасан, агентлагийн удирдлагад хуулиар тусгайлан олгогдсон эрхийн хүрээнд шийдвэр гаргасан юм.

Нэхэмжлэгчийн маргаж байгаа "..... Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд зааснаас өөр Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлагыг ногдуулсан нь тухайн захиргааны акт гаргах Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6. дахь заалтыг зөрчиж, сахилгын зөрчил ногдуулах үндэслэл бүрдээгүй байхад шийтгэл ногдуулсан нь тухайн захиргааны актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэхээс өөр аргагүй байгаа юм." гэж маргаж байгаа явдал нь огт үндэслэлгүй юм.

2. Тус газарт Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн "Чиглэл хүргүүлэх тухай 01/1899 дүгээр албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичигтэй танилцаж үзэхэд, Э.Ааас "Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/138 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол, холбогдох баримтыг судалсан талаар дурдаад холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж, ажиллах, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/138 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжид нийцүүлэх нь зүйтэй. гэсэн агуулга бүхий албан бичгийг ирүүлсэн.

Гэтэл Э.А нь Төрийн албаны зөвлөлд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/138 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан гэх атлаа манай байгууллагаас огт тайлбар, баримт гаргуулж авалгүйгээр дүгнэлт хийж манай газарт албан бичиг ирүүлсэн.

Өөрөөр хэлбэл төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-т "Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ." гэж заасан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4.1-т "холбогдох этгээдээс тайлбар авах;" гэж тодорхой заасан байхад, манай газраас огт тайлбар, баримт гаргуулахгүйгээр шууд дүгнэлт хийсэн явдал нь өөрсдийн албан бичигт дурдсан хууль тогтоомжид нийцэхгүй, ойлгомжгүй байгаа юм.

Мөн Э А гаргасан нэхэмжлэлдээ Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй мэтээр дурдсан байх ба Захиргааны ерөнхий хуулийн 26,27 дугаар зүйлд заасны дагуу байгууллагын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн тушаалын төслийг танилцуулж, сонсох ажиллагааг хийсэн боловч "тушаалын төсөлтэй танилцахгүй, хуулийн зөвлөгөө авна гээд уурлаад хаалга саваад гараад явсан" байдаг.

3. Нэхэмжлэгч Э.Аын төрийн албанд биеэ авч яваа байдал, харилцаа, хандлагын асуудал, хамт ажиллагсдадаа сөрөг нөлөө үзүүлэх явдал хэрээс хэтэрсэн. Анх төрийн албан тушаалд түр томилогдсон байхад түүнтэй холбоотой олон удаагийн гомдол иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлж байсан. Тодруулбал: Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөр 3, Эрүүл мэндийн яамаар дамжин 1, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргад хандаж 9 аж ахуйн нэгжийн төлөөлөл нийт 13 гомдол ирүүлж байсан. Одоогоор буюу дээрх сахилгын шийтгэл ногдуулснаас хойш М ХХК-аас 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн "Гомдол гаргах нь" 131 дугаар албан бичгээр ирүүлсэн 1 гомдол, Монголын эм хангамжийн байгууллагын холбооны 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн "Гишүүн байгууллагын гомдлыг хүргүүлэх тухай" 02/16 дугаар албан бичгээр ирүүлсэн 1 гомдол, тус гомдлын хавсралтаар 2022 онд Төрийн албаны зөвлөлд хандсан 7 аж, ахуйн нэгж байгууллагуудын гомдол, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн "Өргөдөл, гомдол шилжүүлэх тухай" 24/106 дугаар 1 албан бичгийг тус тус манай газарт ирүүлсэн байна.

Түүний хөдөлмөрлөх эрхэнд байгууллага огт халдаагүй ба түүнийг анх төрийн албан тушаалд түр томилж, улмаар төрийн жинхэнэ албан хаагч болгож, Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т "тусгай шалгалт" өгүүлэхээр дэмжиж тусалж, хүнлэг хандаж, түүнд холбогдуулж ирүүлсэн гомдлуудыг танилцуулж анхааруулан цаашид сайн ажиллах талаар тусалж дэмжин ирсэн. Учир нь Э.Ад дээрх гомдлуудтай холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан тохиолдолд төрийн албаны тусгай шалгалт өгөх боломжгүй болох байсан юм.

Харамсалтай нь Э.А нь төрийн албаны тусгай шалгалт өгснөөс хойш байгууллагын удирдлага хамт олныг үл ойшоож, байгууллагаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд огт оролцохгүй, удирдлага хамт олонтойгоо мэндлэх хүндлэх ёс ч байхгүй, таагүй харилцааг үүсгэсээр байна.

Иймд Э.Аын хөдөлмөрлөх эрхэд халдаагүй ба гагцхүү төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, төрийн үйлчилгээг иргэдэд соёлтой хүргэх талаар сануулж, цаашид энэ төрлийн зөрчил дутагдлыг гаргуулахгүй байх, бусад албан хаагчдадаа сөрөг үр нөлөө үзүүлэхгүй байх шалтгаанаар 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/138 дугаар тушаалаар. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т "нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;" заасан сахилгын шийтгэл ногдуулсан болно. Эрхэм шүүгч танаас дээрх нөхцөл байдлуудыг судлан үзэж, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/138 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Э.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэг. Нэхэмжлэгчийн гаргасан, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус захиргааны актад тооцуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс ...Ёс зүйн дэд хорооноос холбогдох нотлох баримтгүйгээр дүгнэлт гаргаж сахилгын шийтгэл ногдуулсан, тайлбар гаргах боломж олгоогүй, шийдвэр гаргах журмаа зөрчсөн гэж, хариуцагчаас 2024 оны 07 дугаар сарын 17, 07 дугаар сарын 18-ны өдрүүдэд тодруулга мэдээлэл авсан, дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлан маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, М ХХК-аас 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 102 дугаар албан бичгээр Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд хандаж ...2023 оны 9 сараас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын оношлуурын шинэ бүртгэл, сунгалт тус бүрийг хариуцах мэргэжилтэн А...нь цахим шуудан, утасны дуудлагад огт хариу өгдөггүй, манай хурлын шийдвэрийг нэг ч удаа өгч байгаагүй, очоод уулзахаар биеийн хэлэмжээр дургүйцлээ илэрхийлдэг...нэг хавтастай баримт бичгийн бүрдлийг хүлээж авахын тулд 3-4 удаа буцаадаг, 2024 оны 03 сарын 26-ны өглөө 08.30-д хавтаст бичиг баримтыг хүлээлгэж өгөх гэтэл мөн л аваагүй, би мэдэхгүй гээд халгаагаагүй аргаа бараад өрөөнд нь үлдээгээд гарсан,...бичиг баримт хүргэсэн манай ажилтныг "Наад мангар юманд чинь хэлсэн" гэж хэл амаар доромжилсон, сунгалтын материалыг "хуулийн хугацаандаа л авна" гээд халгаагаагүй, маш бүдүүлэг, өширхдөг, өмнөх болсон зүйлийг нэхэн санаж ялархаж ажил хийдэг. харилцах боломжгүй...үйлчлүүлэхээр очиход "одоо юу гэж хэлж буцаах бол, ямар ааштай байх бол" гэсэн байнгын түгшүүртэй боллоо... гэх гомдол гаргасан, уг гомдлыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Өргөдөл, гомдол шилжүүлэх тухай 24/87 дугаар албан бичгээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжүүлснээр Ёс зүйн дэд хороо хүлээн авсан.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/12 дугаар тушаалаар Ёс зүйн дэд хороог 7 гишүүнтэй байхаар тогтоож, Ёс зүйн дэд хорооны даргаар Л.Б, Гишүүдэд мэргэжилтэн Н.М, улсын байцаагч Б.Т, мэргэжилтэн А.Н, ахлах шинжээч Д. Н, Нарийн бичгийн даргаар улсын ахлах байцаагч Г.Н, мэргэжилтэн Н.Га нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.

Тус хорооноос гомдолд дурдсан асуудлаар хяналт шалгалтыг Ёс зүйн дэд хорооны дарга Л.Б, гишүүд А.Н, Г.Н, Н.Га нар явуулж, гомдол гаргагч М ХХК-ийн гүйцэтгэх захирал М.О, мэргэжилтэн Э.А нараас тайлбар авч, улмаар Э.Ад холбогдуулан ирүүлсэн 2022 онд Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах-1111 төвөөр-3, Эрүүл мэндийн яамаар дамжин ирүүлсэн-1, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргад аж ахуйн нэгжүүдийн гаргасан-9, нийт-13 гомдлыг нотлох баримтаар цуглуулжээ.

Түүнчлэн Ёс зүйн дэд хорооны 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанд Э.Аын гаргасан зөрчлийг хэлэлцэн, ...М ХХК-ийн захирал М.Оийн бичсэн тэмдэглэлийг хуулбарлаж авсан, тус тэмдэглэл нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийнх бөгөөд төрийн албан хаагчийн гаргасан хүнд суртал, харилцаа хандлагын талаар бичсэн байсан,...Э.Ааас ирсэн гомдолтой холбоотой тайлбарыг авсан, хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн, "журмын дагуу ажлаа хийсэн" гэх хариулт өгсөн, зөрчил дутагдлаа ухамсарлаж буй хандлага огт байгаагүй болно, Э.Аыг ёс зүйн зөрчил гаргасанд тооцож шийдвэрлэв гээд Төрийн албан хаагч Э.Аын гаргасан үйлдлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-т заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 37.1.12-т заасан төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтуудаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд ёс зүйн зөрчил гаргасан болохыг тогтоож, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийг үндэслэн төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх дүгнэлт гаргасан байна.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, Авлигын эсрэг хуулийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараах нийтлэг үүргийг хүлээнэ: гэж, 13 дугаар зүйлийн 13.3-д Ёс зүйн дэд хороо төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар дараах бүрэн эрхтэй:, 13.3.1-д энэ хуулиар харьяалуулсан төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгаж, дүгнэлт гаргах, 13.3.2-д энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх;, 15 дугаар зүйлийн 15.1.1-д гомдол, мэдээлэл хүлээн авснаас хойш ажлын 3-5 өдрийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол эрх бүхий албан тушаалтны тогтоосон хугацаанд зөрчилд холбогдсон албан хаагчаас бичгээр, эсхүл цахим шуудангаар тайлбар авах, шаардлагатай тохиолдолд тухайн албан хаагчаас биечлэн тодруулга мэдээлэл авах;, 15.1.2-д шаардлагатай тохиолдолд гомдол, мэдээлэл гаргагчаас нэмэлт тайлбар, тодруулга, түүнчлэн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мэдээ, баримтыг гаргуулан авах;, 15.1.4-д цугларсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийх;, 15.1.5-д төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоон, дүгнэлт гаргах, үндэслэлийг тусгах гэж заасан.

Түүнчлэн Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Ёс зүйн дэд хорооны ажиллах журам-ын 5.9-д Дэд хороо ёс зүйн зөрчлийг хянан шалгаж, шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг харгалзана, 5.9.1-д зөрчил гаргасан тухайн нөхцөл байдлыг үнэн зөв тогтоох, 6.11-д Дэд хорооны шийдвэр нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасны дагуу дүгнэлт байна гэж тус тус заажээ.

Дээрхи хууль болон журмын заалтаас үзвэл хариуцагч Ёс зүйн дэд хороо нь ажилтны ёс зүйн талаархи гомдлыг хянан шалгаж, тухайн ажилтнаас тайлбар, тодруулга болон шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мэдээ, баримт гаргуулан авсны үндсэн дээр цугларсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт гаргахаар нарийвчлан зохицуулагдсан байна.

Гэтэл хариуцагч Ёс зүйн дэд хороо 04 дүгээр дүгнэлтийг гаргахдаа 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ...гомдол гаргагчаас авсан тайлбарын талаарх хурлын тэмдэглэл үйлдэж түүндээ гомдол гаргагч М.Оээс авсан тайлбарыг, мөн 7 дугаар сарын 18-ны өдөр ...төрийн албан хаагчаас авсан тайлбарын талаарх хурлын тэмдэглэл үйлдэж гомдол гаргагчийн нэрийг нууцалснаар түүнээс ...харьцаж байгаа ажилтанд арга зүйн зөвлөгөө өгдөггүй, мэдэхгүй гэж цааргалдаг, өширхдөг, үг хэлээр доромжилдог, биеийн хэлэмжээр дургүйцлээ илэрхийлдэг, хурлын материал авахгүй гэснээ ажлын цаг дууссанаас хойш авъя гэдэг, хурлаас гарсан шийдвэрийг танилцуулдаггүй гэх үйлдлүүдийн талаар асуусан, мөн 2022 оны 5 дугаар сарын 23-нд Н******* ХХК, А******* ХХК, Ч******* ХХК, Б******* ХХК, Т******* ХХК-ийн мэргэжилтэн Ч зэрэг 9 аж ахуйн нэгжийн төлөөллөөс, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б.М*******ийн, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Д.О*******ийн, 2022 оны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн П.Э*******гийн, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн С.Г*******гийн гаргасан гомдол гэх баримтуудыг цуглуулжээ.

Эдгээр баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийг ямар ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн нь тодорхойгүй, үүнийгээ дүгнэлтэд тодорхой нэг бүрчлэн зааж өгөөгүйгээс Э.Аыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.1-д заасан ямар чиг үүргийг яаж бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь огт ойлгомжгүй, гомдол гаргагч М.Оийн гаргасан гомдолд дурдсан ямар зөрчлийг Э.А нь гаргасан, ямар зөрчил нь нотлогдож, үгүйсгэгдэж байгаа, энэ нь ямар нотлох баримтаар хэрхэн тогтоогдож байгаа нь ойлгомжгүй байхад хариуцагч Ёс зүйн дэд хороо Э.Ад ёс зүйн хариуцлага хүлээлгэх дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Тодруулбал, Дүгнэлт-ийн 1-д Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтуудаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дурдсан атлаа чухам ямар үүргийг хэрхэн биелүүлээгүй, энэ нь сахилгын шийтгэл хүлээхүйц ямар үйлдэл болох, тухайн үйлдлийг ямар үндэслэлээр ёс зүйн зөрчил-д тооцсон нь ойлгомжгүй, хариуцагч нь зөрчил шалган тогтоох ажиллагааг журмын дагуу хэрэгжүүлээгүй байна.

Мөн М ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Оийн гаргасан, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн гомдолд дурдсан асуудлаар шалгалтын ажиллагааг эхлүүлсэн атлаа 2022 онд иргэн Б.М*******э, Д.О*******, С.Г*******, П.Э******* болон Н******* ХХК, А******* ХХК, Ч******* ХХК, Б******* ХХК, Т******* ХХК-ийн мэргэжилтэн Ч зэргээс ирүүлсэн гэх Э.Ад холбоотой гомдлуудыг нотлох баримтаар цуглуулан, улмаар тухайн гомдлуудыг шийдвэр гаргахдаа харгалзан үзсэнээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, эдгээр гомдлын талаарх шалгалтын ажиллагааг тухайн цаг хугацаанд хэрэгжүүлээгүй, холбогдогч этгээдээс тайлбар баримт гаргуулж аваагүй атлаа ийнхүү буруутгах талын баримт болгон тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй.

Учир нь, хариуцагч Ёс зүйн дэд хороо нь эдгээр гомдолд дурдагдсан асуудлыг тухайн цаг хугацаанд нь шалган тогтоох, зөрчил гаргасан нь тогтоогдоогүй тохиолдолд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан журмыг илт зөрчиж шалгалт явуулаагүй, шийдвэрлээгүй атлаа одоогийн маргаж буй захиргааны актын нэг үндэслэл болгон тайлбарлаж байгаа нь хууль бус, хариуцагчийн гаргасан уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: гэж, 47.1.5-д .хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй. гэж тус тус заасан ба нэхэмжлэгч Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг дээрхи заалтуудын дагуу илт хууль бусад тооцуулахаар шаардсан.

Хуулийн дээрхи заалтай холбон авч үзвэл хариуцагч Ёс зүйн дэд хорооноос нэхэмжлэгч Э.Аын гаргасан гэх ёс зүйн зөрчлийг зохих журмын дагуу хангалттай шалгаж бүрэн гүйцэд тогтоогоогүй атлаа түүнд ...ёс зүйн зөрчил гаргасан болохыг тогтоож Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийг үндэслэн төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх-ээр дүгнэлт гаргасан нь хуулийн 47.1.6-д заасанчлан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, энэ агуулгаараа илт хууль бус захиргааны актын шинжийг мөн агуулж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/138 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/138 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.12, 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Ёс зүйн дэд хорооны 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр дүгнэлт гарсны дагуу, Эмийн бүртгэлийн хэлтсийн Оношлуурын бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Аыг ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс Ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнээд сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн төдийгүй тухайн хууль зүйн үндэслэл нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй гэж, хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.12-т заасныг зөрчсөн гэж үзсэн учраас Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлан маргав.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5.1.2-т "төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил" гэж энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг; 5.1.3-д "төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлага" гэж энэ хуульд заасан ёс зүйн зөрчилд хүлээлгэх арга хэмжээг хэлэхээр, хуулийн 16.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна, 16.1.1-д гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох,, 16.1.2-д өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;, 16.1.3-д байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах;, 16.1.4-д Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах гэж заасан.

Хуулийн энэ заалтаас үзвэл төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд хариуцлага хүлээлгэх асуудлыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан ба тодруулбал, тухайн асуудлаар Ёс зүйн дэд хорооноос уг хуульд заасан журмын дагуу гаргасан, үндэслэл бүхий дүгнэлтийг үндэслэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга нь зөрчилд холбогдогч Э.Ад ёс зүйн хариуцлага ногдуулахаар байна.

Гэтэл хариуцагч нь шийдвэр гаргахдаа тус байгууллагын Ёс зүйн дэд хорооноос ирүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтийг үндэслэсэн, уг дүгнэлтэд ...Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийг үндэслэн төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх гэж заасан байхад маргаан бүхий 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/138 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасан нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах шийтгэлийг ногдуулсан нь илт хууль бус,

Түүнчлэн шүүхийн энэ шийдвэрээр маргаан бүхий тушаалын үндэслэл болсон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэсэн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. гэж заасан тул уг илт хууль бус захиргааны актад үндэслэн гарсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/138 дугаар тушаал мөн эрх зүйн үйлчлэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/138 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.2, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Аын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/138 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН