2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/00323

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч:  И******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Ё******* /РД:*******/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1 900 629 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ө*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

Хариуцагч Н.Ё*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч И******* ХХК нь хариуцагч Н.Ё*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 900 629 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Зээлдэгч Н.Ё******* нь манай компанитай 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1.07800146 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Н.Ё*******ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 78038 дугаартай зээлийн дансны дугаартай, 450 000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5076******* банкны тоот дансанд, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 780380 дугаартай зээлийн дансны дугаартай, 450 000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5076******* банкны тоот дансанд, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 7803277156 дугаартай зээлийн дансны дугаартай, 490 000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5076******* банкны тоот дансанд, 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 78032******* дугаартай зээлийн дансны дугаартай, 190 000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5076******* банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биөлүүлэлгүй өнөөдрийг хүрч, үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Н.Ё*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 1 900 629 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Зээлдэгч Н.Ё******* нь 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд Покет аппликейшнээс 2023 оны 03 сарын 10-ны 450 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатайгаар олгосон, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөн 450 000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 490 000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 190 000 төгрөгийг тус тус зээлсэн. Гэвч дээрх зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн болно. Иймд зээлийн гэрээний үүрэгт 588 929 төгрөг, 588 929 төгрөг, 575 512 төгрөг, 139 757 төгрөг, нийт 1 900 626 төгрөг болно. Үүнийг гаргуулж өгнө үү, нотариатын зардал 7 500 төгрөгийг хамт гаргуулж өгнө үү гэв.

 

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, зээлийн дансны хуулга, харилцагчтай холбогдсон бүртгэлийн баримт /хэргийн 4-21-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Ё*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1 893 127 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гаргасан зардал 7 500 төгрөг, нийт 1 900 629 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч Н.Ё******* нь 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч И******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч И******* ХХК нь хариуцагч Н.Ё*******тай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 190 000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 490 000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 450 000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 450 000 төгрөг, нийт 1 580 000 төгрөгийг түүний дансанд шилжүүлж, хариуцагч нь дээрх зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаанд эргү******* төлөхөөр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, цахим гүйлгээний дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.

 

4.2.Хариуцагч Н.Ё******* нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэсэн үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна гэж үзэв.

 

4.3.Иймд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451.2-т зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар нэхэмжлэгч И******* ХХК нь цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж нийт 1 580 000 төгрөгийг хариуцагч Н.Ё*******т шилжүүлсэн ба зээлдэгч нь харилцан тохиролцсон хугацаанд мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

5.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Н.Ё******* нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 190 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 139 372 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 320.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64.15 төгрөг, нийт 139 757 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 490 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 391 998 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 183 333.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 186.42 төгрөг, нийт 575 512 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 450 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 404 999 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 183 743.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 186.42 төгрөг, нийт 588 929 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 450 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 404 999 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 183 743.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 186.42 төгрөг, нийт 588 929 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байна.

 

6.Хариуцагч Н.Ё******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авч эрх үүрэгтэйгээ танилцаж баримтад гарын үсгээ зурсан боловч хариу тайлбараа болон татгалзлын үндэслэл нотлох баримтаа хуульд заасан хугацааны дотор ирүүлээгүй, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй хуульд заасан үүргээ биелүүлээгүй болно.

 

7.Иймд хариуцагч Н.Ё*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 1 900 629 төгрөгийг /588 929+588 929+575 512+139 757=1 893 127/ гаргуулж, нэхэмжлэгч И******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.

7.1.Нэхэмжлэгчээс хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдон гарсан зардал буюу нотариатын зардалд 7 500 төгрөгийг гаргуулахаар шаардаж, төлбөрийн баримтыг ирүүлсэн тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар хариуцагчаас нотариатын зардалд 7 500 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

7.2.Хариуцагч Н.Ё*******аас зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 1 900 629 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И******* ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

8.Хариуцагч Н.Ё*******т шүүх хуралдааны товыг түүний 80983975 дугаарын утсаар нь мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг нээхэд ямар нэгэн хүсэлт санал ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ё*******аас 45 360 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И******* ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг зааснаар хариуцагч Н.Ё*******аас зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 1 900 629 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И******* ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ёёч*******аас 45 360 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН