2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/00826

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Б/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Э-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.Б*******,

Хариуцагч Б.Э*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч А.Б******* нь хариуцагч Б.Э*******од холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: А.Б******* миний бие нь 2014 онд Б.Э*******той танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр охин Б.А******* төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид зан харилцааны таагүй байдал, гэр бүлээс гадуурх харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2024 оны 5 дугаар сараас тус тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш охин минь миний асрамжид өсөж байна. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Э.А******* охинд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Э******* миний бие 2014 онд А.Б*******тай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2018 оны 01 сарын 26-ны өдөр охин Б.А******* төрсөн. 2018 оны 10 дугаар сараас ажлын хүнтэйгээ уулзах болсон. 2019-2020 онуудын хооронд зөвхөн утсаар ярьдаг байж байгаад салсан. Одоо ямар нэгэн өөр хүнтэй үргэлжилж байгаа харилцаа байхгүй.  Хүүхдийн тэтгэлэг төлнө. Одоо бол хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзаж чадахгүй байгаа. Цаашид охинтойгоо уулзахгүй байх вий гэхээс айж байгаа тул салах бодолгүй байгаа гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн тодорхойлолт, А.Б*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Э.А*******гийн төрсний гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б******* нь хариуцагч Б.Э*******од холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар А.Б*******, Б.Э******* нар нь албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй гэж тайлбарлаж байх ба, тэдний хамтын амьдралын дундаас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр охин Э.А******* төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

 

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Э.А******* эх А.Б*******гийн асрамжид үлдээхийг талууд зөвшөөрч байх тул эхийн асрамжид үлдээв.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсгийг баримтлан охин Э.А******* 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Б.Э*******оор сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,41 дүгээр зүйлийн 41.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31,233 төгрөгийг  гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Э.А*******г эх А.Б*******гийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Э.А*******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг Б.Э*******оор тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар охин Э.А*******г эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Б.Э*******, эх А.Б******* нарын үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41 дүгээр зүйлийн 41.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31,233 төгрөгийг  гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Ц.ОЮУНБИЛЭГ