| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
| Хэргийн индекс | 118/2023/0025/З |
| Дугаар | 118/ШШ2025/0002 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 118/ШШ2025/0002
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Золбадрах, шүүгч Ч.Оюунсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х....... ХХК
Хариуцагч: Завхан аймгийн Засаг дарга
Хариуцагч: Завхан аймгийн Сонгино сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: Б......... ХХК нарын хоорондын төвлөрсөн дулаанаар хангахад хамтран ажиллах талаар байгуулсан захиргааны гэрээнүүдийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х............ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А......... /онлайнаар/, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б..........., Сонгино сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц.......... /онлайнаар/, түүний өмгөөлөгч Э.Б......... /онлайнаар/, гуравдагч этгээд Б........ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О.......... /онлайнаар/, иргэдийн төлөөлөгч Б.Ц.........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1 Үндсэн шаардлага: Завхан аймгийн Сонгино сумын Засаг даргаас Б.........д ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах тухай гэрээ”-г хүчингүй болгуулах.
2. Хэргийн нөхцөл байдал: Сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн Засаг даргаас “Завхан аймгийн Сонгино сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ”-г нэхэмжлэгч Х........ ХХК-тай 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр, Сонгино сумын Засаг даргаас “Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээ”-г гуравдагч этгээд Б........ ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, мөн Завхан аймгийн Засаг даргаас “Сонгино сумын төвд дулаан үйлдвэрлэлийн төв, дулааны шугам сүлжээг барьж байгуулах төр, хувийн хэвшлийн хамтран ажиллах тухай гэрээ”-г гуравдагч этгээд Б...... ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тус тус байгуулж, тэдгээр гэрээгээр Сонгино сумын төвд нэгдсэн дулааны шугам сүлжээг барьж байгуулан, төсвийн байгууллагууд болон шинэ хэрэглэгчдийг дулаанаар хангахаар тохирсон.
3. Маргаж буй үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч тал “...Сонгино сумын нэгдсэн халаалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу компанийн хувийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж, 30 жилийн хугацаатай урт хугацааны тогтмол гэрээ байгуулан сумын төсвийн байгууллагууд, хувийн хэвшил, айл өрхүүдийг дулаан, цэвэр усаар хангаж ирсэн бөгөөд уг гэрээ цуцлагдаагүй, хугацаа дуусаагүй байхад Сонгино сумын Засаг дарга түншлэлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж, бүрэн эрхээ хэтрүүлэн өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар Х........ ХХК-тай мөн адил нөхцөлөөр гэрээ байгуулсан нь илт хууль бус бөгөөд Б.......... ХХК-д давуу байдал бий болгосон нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн…” гэж,
3.2. Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын зүгээс “...Сонгино сумын уурын зуухны хүндрэлтэй байдал, халаалтын чадамжийнх нь асуудлаас шалтгаалж халаалтын хоёр дахь эх үүсвэрийг бий болгох шаардлагатай болсон, шинээр бий болж байгаа орон нутгийн төсөв болон улсын төсвөөр барьж байгаа барилгуудыг дулаанаар хангахад Х......... ХХК-ийн халаалтын хүчин чадал хүрэхгүй, хангалтгүй халааж байсан тул Б........ ХХК-тай дулаанаар хангах гэрээг нэмж байгуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй...” гэж,
3.3. Хариуцагч Сонгино сумын Засаг даргын зүгээс “Х.......... ХХК-ийн уурын зуухны хүчин чадал нь хүрэхгүй байгаа болохоор шинэ компанитай гэрээ байгуулсан, нэхэмжлэгч компанийн эрх ашгийг хөндөөд төсөвт байгууллагын холболтыг шууд Б...... ХХК-ийн дулааны шугамд холбох гэсэн асуудал байхгүй, хүчин чадлыг тэнцвэржүүлэх зорилгоор халаалтын хоёрдогч эх үүсвэрийг бий болгож, шинээр бий болсон болон Х......... ХХК-ийн дулааны шугам сүлжээнд холбогдоогүй бусад төсөвт байгууллагууд болон хэрэглэгчдийг холбох нөхцөлөөр Б.......... ХХК-тай гэрээ байгуулсан...” гэж,
3.4.Гуравдагч этгээд Б........ ХХК “...нэхэмжлэгч Х...... ХХК-ийн гэрээ цуцлагдаагүй тул эрх ашиг нь хөндөгдөөгүй, гэрээний агуулга адилхан гэх үндэслэлээр нэхэмжлэгч байгууллагын эрх ашгийг хөндсөн гэж үзэж болохгүй, хоёр компанийн дулаанаар хангах хэрэглэгчид давхцаагүй, манай компанийн тухайд дулаанд холбогдоогүй болон шинээр баригдсан барилгуудыг дулаанаар хангахаар үүргийг гэрээгээр хүлээсэн...” гэж тус тус тайлбарлан маргасан.
4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.......... ХХК нь 2019 оноос хойш Завхан аймгийн Сонгино сумын нэгдсэн халаалтыг төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу компанийн хувийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж, 30 жилийн хугацаатай урт хугацааны тогтмол гэрээ байгуулан ямар нэгэн зөрчил дутагдалгүй сумын төсвийн байгууллагууд, хувийн хэвшил, айл өрхүүдийг дулаан, цэвэр усаар хангаж ирсэн. Гэтэл манай компанийн гэрээ цуцлагдаагүй, хугацаа дуусаагүй байхад сумын Засаг дарга А.Х........ нь 2023 оны 4 сарын 10-нд Б......... ХХК-тай Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж, хамтран ажиллах гэрээ байгуулан түншлэлийн гэрээний үүргээ ноцтой зөрчин тухайн компанид давуу байдал бий болгож, сумын Засаг даргын бүрэн эрхээ хэтрүүлэн манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Тухайн гэрээг байгуулсныхаа дараа 2023 оны 05 сарын 25-ны өдөр 1/85 тоот албан бичгээр “орон нутгийн дулаан болон цэвэр усаар хангах ажлаа хангалтгүй биелүүлж байгаа учир гэрээгээ цуцалж бусдаар тухайн ажил үйлчилгээг гүйцэтгүүлэх нэн шаардлагатай байгаагаа үүгээр мэдэгдье” гэж мэдэгдэж ямар ч гэрээ дүгнээгүй, зөрчил дутагдал гаргаагүй байхад шууд мэдэгдэл өгч байна... Сонгино сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний ... 2.9-д “сумын Засаг дарга нь төсвийн байгууллага болон одоогийн хэрэглэгчдийг энэхүү гэрээний дагуу шинээр баригдсан төвлөрсөн халаалтын болон цэвэр усны системд холбуулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана”, 1 дүгээр зүйлийн 1.3-т “... өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулан 30 жилийн хугацааны дотор ашиглана...” гэсэн заалтыг тус тус ноцтой зөрчиж, нэгэнт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж Сонгино сумын төвийн нэгдсэн халаалтын шугам сүлжээг гүйцэтгүүлж, 30 жилийн тогтвортой дулаан авах, дулаанаар хангах, эцэст нь төрд шилжүүлэн өгөхөөр энэ шугам сүлжээ нь төрийн өмч болно. ...Гэтэл төрийн өмчид очихоор харилцан тохиролцож, гэрээ байгуулж, хувийн хөрөнгө оруулалтаар гэрээний дагуу дулаанаар ханган ажиллаж байхад шинээр сонгогдсон сумын Засаг дарга дур мэдэн гэрээний үүргээ ноцтой зөрчиж, өөр ямар ч зөвшөөрөлгүй компанид давуу эрх олгож адилхан утгатай гэрээ байгуулсан нь хууль бус гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь Сонгино суманд 2019 оноос хойш тухайн сумын нэгдсэн халаалтыг гүйцэтгэхээр аймгийн Засаг дарга болон Сонгино сумтай гэрээ байгуулсан. Гурван талт энэ гэрээний үндсэн дээр 30 жилийн хугацаатай тухайн сумын төсөвт байгууллагуудыг хангах ийм үүрэг аваад үүргийнхээ дагуу ажиллаж байгаа. Компанийн 100 хувийн өөрийн хөрөнгө оруулалтаар хийсэн уурын зуух байгаа. Бүтээн байгуулалтын зардлыг юунаас гаргах вэ? гэхээр төрөөс гаргах боломж байхгүй. Халаалтын орлогоос нөхөх гэрээ байгаа. Эцэс сүүлд нь 30 жилийн дараа төрд хүлээлгэн өгөх ийм гэрээ байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн өмч гэсэн үг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйл дээр заасан ийм гэрээ байгаа. 2014 онд Засгийн газраас аймгийн Засаг даргад эрх олгосон байгаа. Сумдыг нэгдсэн халаалтын системд холбох чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаатай холбоотой чиглэлээр байгуулсан бүрэн эрхийн гэрээ. Бүрэн эрхийн дагуу аймгийн Засаг дарга 2019 онд ийм гэрээ байгуулсан. Гэрээний агуулга нь тухайн сумын төсөвт байгууллагуудыг халаах юм. Манай аймгийн 24 сумын 22 суманд 2014 оноос хойш хийгдсэн гэрээ байна. Гэтэл манай компанитай зэрэгцээд Б.......... ХХК-тай сумын Засаг дарга гэрээ байгуулаад төсөвт байгууллагуудыг халаана гэсэн гэрээ байгуулаад явсан байгаа. Гэрээний дагуу яваад компанийн төсөвт байгууллагуудыг халаалгуулах хүрээнд гэрээ байгуулсан байгаа. Үйл ажиллагаа нь 2 жилийн хугацаанд явагдаж байна. Дараа нь анхан шатны шүүхээр ороод үндэслэлгүй гэж тогтоогдсон. Давж заалдах шатны шүүх дээр зөвхөн гэрээний эх хувь нь байхгүй байна гэдэг үүднээс процессын асуудлаар шийдвэр унасан байгаа. Сая хавтаст хэрэгт гэрээ нь зохих ёсоор авагдсан байна. Гэрээг тухайн үед гаргаж өгөөгүй. Шүүгч зөндөө шаардсан. Гуравдагч этгээд, хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх шаардахад гэрээг нэгэнт гаргаж өгөхгүй байсан учраас шүүхийн буруутай үйл ажиллагаа гэж үзэхгүй. Маргаан бүхий акт гарсан нь үнэн байна. Ямар нэгэн маргаан байхгүй байна. Аль аль тал нь зөвшөөрч байгаа учраас шүүх тухайн үед тэгж шийдсэн. Давах шатны шүүх дээр гэрээтэй холбоотой асуудлаар унасан байгаа. Аймгийн Засаг дарга яагаад ингээд 2 байгууллагатай адилхан гэрээ байгуулсан юм бэ? Энэ гэрээний дагуу одоогийн нөхцөл байдалд нийтдээ 8 байгууллага халаах ёстой байсан. Өнөөдөр 4 байгууллагыг халааж байгаа юм байна. Тал хувийг нь Б......... ХХК аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан нэрийдлээр бусад байгууллагыг бүгдийг нь тасалж холбосон ийм нөхцөл байдал байна. Энэ дээр ганц нэхэж байгаа зүйл нь юу вэ? гэхлээр энэ гэрээний агуулга нь маш чухал болчхоод байна. Гэрээний үндсэн зүйл нь халаалтын гэрээгээр өөрийнхөө хувь оруулалтыг нөхөх зорилгоор гэрээ байгуулагдсан. 30 жилийн хугацаанд нөхөх зорилготой. Гэтэл 2 жил ч өнгөрөөгүй байхад хажууд нь өөр байгууллагатай гэрээ байгуулсанд гомдолтой байна. Энэ аймгийн Засаг дарга болон Сонгино сумын Засаг даргатай Б......... ХХК-ийн байгуулсан 2 гэрээг хоёуланг хүчингүй болгох гэсэн шаардлага гаргасан байгаа...Манай гэрээний 2.9 дэх хэсэгт зааснаар сумын Засаг дарга нь төсвийн байгууллага, одоогийн хэрэглэгчдийг энэхүү гэрээний дагуу шинээр баригдсан төвлөрсөн халаалтын, цэвэр усны системд холбуулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана гэх агуулгатай гэрээ байгаа. Энэ гэрээ нь 30 жилийн хугацаатайгаар байгуулагдсан гэрээ. Гэтэл энэ гэрээний үүргээ зөрчөөд өөр байгууллагатай гэрээ байгуулж буй үйлдэл нь нэхэмжлэгч компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. ...2023 оны 4 дүгээр сарын 10-наас хойш юу болсон юм бэ? гэдэг асуудал дээр төвлөрөх ёстой. Би тэгж л харж байна. Энд төвлөрөхөөр нэгэнт дулаанаар хангах байгууллагыг сумын төсөвт байгууллага гэсэн, 330 сумын 1 сумын төсөвт байгууллагуудыг 30 жилийн гэрээ байгуулаад халаалтаар хангана гээд халаалтыг нь та нар хариуцаад орлого ол гээд манай хөрөнгө оруулалтыг татаад авцан байгаа. Тэгээд үнэхээр гэрээ асуудалтай байж болно тэр чинь харилцан тохирсон гэрээ байгаа юм чинь хөрөнгөө гаргаад халаалтаа өгөх үүрэгтэй. Дараа нь манайх мөнгө авах үүрэгтэй ийм гэрээ байгаа. Гэрээний дагуу хэрвээ энэ гэрээ болохгүй байна бүтэхгүй байна гэхийн бол анх гэрээ хийсэн 2 талыг оролцуулж байгаад мэдэгдлээ өгөөд бүх байгууллагуудыг оролцуулаад ингэж шийдэх ёстой. Ийм зүйл огт байхгүй. Гэрээний 4 дүгээр сарын 10-аас хойш ямар ч асуудал яригдахгүй байна. Шүүхээр үзлэг хийсэн ч гарч ирдэггүй. Тухайн байгууллагуудаас гарч ирсэн баримтыг ч гэсэн 4 дүгээр сарын 10-аас өмнө танай халаалт болохгүй байна гэсэн нэг ч чат, баримт бичиг юу ч байдаггүй. Анхан шатны шүүх анхаарч үзээсэй. Засаг дарга хувийн байгууллагаар халаалгана гэсэн шууд гүйцэтгүүлсэн асуудал байгаа. Ямар ч зөвшөөрөл байхгүй. Сумын Засаг дарга шийдвэр гаргасан байгаа. Хэрвээ эрхээ шилжүүлсэн тохиолдолд аймгийн Засаг дарга 2024 оны Концессын гэрээг үндэслэж байгаа Концессын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн концессын жагсаалтыг гаргах ёстой. Тийм жагсаалт юу ч байхгүй. Энэ концессын гэрээ одоо хүчин төгөлдөр байгаа юм уу, хүчингүй байгаа юм уу гэдгийг судалж байж засан сайжруулахгүй ийм юм яриад байна. Концессын агуулга сонгон шалгаруулалт явуулах ёстой гээд заасан байгаа. Сонгино суманд энэ байгууллага халаалт явуулах боломжгүй боллоо. Ийм баримтуудаар тогтоогдлоо хүчин чадал нь хүрэхгүй байна гээд сонгон шалгаруулалт явуулах ёстой. Нөхцөл байдлуудаа зайлшгүй судлах шаардлагатай байсан. Тэгэхээр аймгийн Засаг даргын гэрээ нь хүчин төгөлдөр гэж үзэх ямар ч боломжгүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй байна биелүүлсэн байна гэдэг асуудал ерөөсөө 2023 оны 4 дүгээр сарын 10-аас өмнө байх ёстой, гэтэл ийм юм байхгүй. Эцэст нь хэлэхэд аймгийн Засаг дарга 2019 онд гэрээ байгуулсан мөртлөө 2024 онд өөр компанитай адилхан гэрээ байгуулж байна. 2019 оны гэрээг болохгүй гэж дүгнээгүй мөртлөө дараагийн байгууллагатай яагаад гэрээ байгуулаад яваад байгаа юм бэ? Үнэхээр ойлгохгүй байна, байгууллагын юу нь доголдоод юун тэр ашиг харах үндсэн зардлаа ч гаргаж чадахгүй ийм үр дүн үүсээд байна. Үүнийг одоо ч мэргэжлийн байгууллагаар тогтоож болно. Хэрвээ мэргэжлийн байгууллагаар дүгнээд ийм шийдвэр гаргасан бол хамаа алга янз бүрийн юм ярихгүй. Иймд маргаан бүхий гэрээнүүдийг хүчингүй болгож өгнө үү... гэв.
5. Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг дарга амаар эрхээ шилжүүлээд Сонгино сумын Засаг дарга нь ...Х..... ХХК-тай 30 жилээр байгуулсан тэрбум гаран сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээг дуусгавар болгосон. Гэрээг хэрэгжүүлэх явцдаа төсөвт байгууллага болох сумын Засаг даргын тамгын газар, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв гэх мэт байгууллагуудыг халаагаад гэрээнд заасан үүргээрээ тухайн суманд байгаа улсын төсвийн орон нутгийн байгууллага буюу цэргийн анги, 325 агаарын цэргийн салбар, Онцгой байдлын аврах бүлэг, цагдаагийн байгууллага нийт төсөвт байгууллагуудыг холбоогүй, айл өрхүүдийг холбоогүй гэрээний үүрэг дээр заасан цэвэр усны дулааны шугамтай явагддаг цэвэр усны хангамжийг түгээдэггүй зөвхөн халаалтын горимд ажилладаг. Таван байгууллагын төсөвт авдаг зардлаа хангаад цаашид хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжгүйгээр байгуулагдсан гэж ойлгоод сум орон нутгийн удирдлагууд нь онцгой комиссын шийдвэрээр өвлийн нөхцөлд уурын зуухны доголдлын асуудлыг зохицуулах чадамжийг өсгөх, нэмэлт гэрээн дээр заасан үүргүүдийг хэрэгжүүлэх гэж олон удаа шаардлага гаргахад хангаагүй гэсэн дүгнэлтээр тухайн үеийн удирдлагууд хоёрдогч эх үүсвэрийг бий болгосон. Халаагаагүй буюу гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байгаа учраас сум орон нутгийн тэлж хөгжиж байгаа засмал замд орсон цаг хугацаанаас эхлээд шинээр хувийн аж ахуйн нэгжүүд, байгууллагууд байгуулагдаад хажуудаа уурын зуухтай болоод байгаа учраас энийг бий болгохгүйн тулд төвлөрсөн уурын зуухыг хоёрдогч эх үүсвэрийг өрсөлдөөн бий болгох үүднээс бий болгосон. Суманд дараагийн хоёрдогч эх үүсвэр бий болгох аж ахуйн нэгжийг бий болгосон. Сум бол доголдлоо, хөлдлөө гэдгээ бол мэдэгдээд байдаг. Аймгийн Засаг даргын баталсан гэрээг хууль зүйн хэлтсээс дуусгавар болгоё гэж ямар ч тийм гэрээ эрх зүйн харилцаа доголдуулсан гэсэн юм хийгдээгүй байгаа. Байгуулагдчихаад хуулиараа тухайн байгууллага буюу тамгын газрын дарга, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, соёлын төвийн эрхлэгч, нэгдсэн эмнэлгийн төвийн эрхлэгч нартай тухайн тухайн жилдээ гэрээгээ хийж халаалтын нөхцөл байдлаа гэрээлж явдаг. Гэрээ ерөөсөө байгуулагдаагүй байж байгаад маргаан гарснаас хойш, хоёрдогч эх үүсвэр бий болсноос хойш ........ гэдэг хүн 3-4 байгууллагатай гэрээ хийсэн байгаа. .........тай гэрээ хийчихлээ гээд байдаг. Энэ М........ чинь Х......... ХХК-тай хамаарал бүхий биш хүн байна, нийтийн албан тушаалтан байна би биш гээд бичгээр ирчхээд байна. Надад хамаа байхгүй гээд байна. Гэрээ хэвээрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Цаашид ч үргэлжилнэ. Яг ингээд харахаар Х......... ХХК-д нийгмийн даатгал төлдөг галч байна уу? Нягтлан байна уу? Гүйцэтгэх захирал нь нийгмийн даатгал төлж байна уу? Хариуцан ажиллаж байгаа хүндээ байгууллагын ажилтан гээд тушаал шийдвэр байна уу? Гаргасан шийдвэр байна уу? гэхээр байхгүй байна. Тухайн үеийн Х........ даргад хэлж байсан. Х........ дарга гэрээг байгуулснаасаа болоод эрүүгийн хэргийн шүүхэд эрүүгийн хэрэг үүсгэгдээд нийтийн албан тушаалтанд давуу байдал олголоо гээд нийтийн албаа 2 жил хасуулаад торгуулийн ял оногдоод дуусгавар болсон байгаа. Тэгээд хохирсон байгаа. Гэрээ захиргааны гэрээ байсан. Тэгээд тухайн нөхцөл байдал өөрийн эрх хэмжээний хувьд өөрийн нутаг дэвсгэр дээр захиргааны гэрээ байгуулаад, Х........ ХХК хүрэлцэхгүй дараагийн уурын зуухыг чи өөрөө байгуулаад яв гэсэн үгээр нь дараагийн байгууллагатай гэрээ байгуулсныхаа төлөө шүүхээр шийтгүүлсэн. Ийм гэрээ байна....Гэрээнд зааснаар 30 жилийн хугацаанд тухайн сумын Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Тамгын газрыг халаана гэх утгыг илэрхийлээгүй. Дулааны шугам сүлжээ түгээх газар доогуур инженерийн шугам сүлжээ, халаалтын шугам сүлжээнд холбогдсон нэгдсэн сүлжээгээрээ төсөвт байгууллагуудыг халаана гэдгээ илэрхийлсэн. Тухайн байгууллагууд Эрчим хүчний тухай хуульд зааснаар тухайн ондоо халаалт хийлгэх талаараа гэрээ байгуулж байгаа. Анх байгуулсан гэрээний тухайд Концессын гэрээг хорьсон үед хамтын ажиллагааны гэрээ хийгдээд, гэрээний төсөлд тухайн үеийн аймгийн Засаг дарга нар гарын үсгээ зурсан байдаг. 24 сумын гэрээ эх хувиараа байдаггүй. 10 сумын Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд гэрээ байгуулж ажилласан, бусад тохиолдолд аймгийн Засаг дарга гэрээ байгуулсан. Сонгино сумын уурын зуухны хүндрэлтэй байдал, халаалтын чадамжийнх нь асуудал дээр сумын удирдлага, сумын байгууллагын албан хаагч, иргэдийн хувьд гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлээд байгаа учраас шинээр бий болж байгаа орон нутгийн төсөвт, улсын төсвөөр барьж байгаа барилга байшингууд дээр Х.......... ХХК-ийн халаалтын хүчин чадал хүрэхгүй байгаа учир, дараагийн уурын зуухтай гэрээ байгуулсан. Энэ нь тухайн сумын төсвийн байгууллага үйл ажиллагаа явуулах нөхцөлтэй шууд холбогдож байна. Аймгийн дарга өөрийн эрх хэмжээний асуудал болох уурын зуух, эрчим хүчний асуудлыг Сонгино сумын Засаг даргад шилжүүлж дараагийн эх үүсвэрийг бий болгож, орон нутгийн халаалтын асуудлыг дахин уурын зуух барьж халаалтын доголдлоос гарах арга замыг бий болго гэж амаар өгсөн үүргийн дагуу Сонгино сумын Засаг дарга А.Х........ хоёрдогч халаалтын эх үүсвэрийг бий болгож ажилласан. Х......ХХК-ийн одоогийн байгаа үйл ажиллагаа буюу төсөвт байгууллагыг халаасан гэрээний зөрчлөөс үүдэн энэ компаниар халаалгахгүй гэрээг цуцлах талаар ямар нэгэн асуудал гаргаагүй. Тухайн компанийн халааж байгаа Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Цэргийн анги зэрэг халаалт авч байгаа байгууллагууд Х........ ХХК-аар халаалгахгүй гэсэн асуудал үүсээгүй. Одоог хүртэлх хугацаанд Х...... ХХК-ийн үйл ажиллагаанд доголдол үүсгэж, халдсан тохиолдол байхгүй. Аймгийн хэмжээнд нийт 24 сумд хийгдсэн нэгдсэн халаалтын гэрээний хувьд нэг уурын зуух монопол эрхтэйгээр манайх халаах ёстой гэж гэрээнд туссан гээд байгаа боловч Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуульд зааснаар өрсөлдөөнийг зохицуулна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр аль нэг байгууллагад давуу байдал олгосон зүйл байхгүй. Шинэ бүтээн байгуулалт хийгдэж байгаа тохиолдолд Улиастай, Тосонцэнгэл сумдын жишгээр тухайн сумд 2 дахь халаалтын эх үүсвэрийг бий болгох боломжтой... Давуу байдлаар бий болсон уурын зуухнууд урт хугацаанд гэрээ хийсэн байна гэх дүгнэлт гарч байгаа. Тухайн үед Засаг даргатай гэрээ хийсэн компани урт хугацаанд төрд алдагдалтай гэрээ байгуулж байгаа. Нүүрсний үнэ ханш, тээвэр, шатахууны зардлаа тухайн үед үнийг нь өсгөж авч байгаа. Доголдолтой уурын зуухны тухайд шинээр уурын зуухыг бий болгох нь зүйтэй. Тухайн байгууллагадаа халаалтынх нь үнийн саналаа өгөх сонголттой боломжийг бүрдүүлэхийн тулд суманд 2 дахь уурын зуухыг бий болгохыг тухайн үеийн аймгийн Засаг дарга нар зөвшөөрөөд халаалтын 2 дахь эх үүсвэрийг бий болгож, доголдлыг залруул гэж үүрэг даалгавар өгсний хүрээнд Сонгино суманд 2 дахь үүсвэрийг бий болгож ажилласан тул нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй... гэв.
6. Хариуцагч Сонгино сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ Х......... даргатай гэрээ байгуулсан. Өдөрт 3 удаа жижүүр гаргадаг байсан. Ажилчид бол ийм газар ажиллаж чадахгүй гээд байсан. Хариуцах хүнгүй болсон байсан. Эмнэлэгт ажиллаж байгаа эмч нар эмнэлэг хөлдөх гээд байна. Хоёр давхрын палатны хүмүүс даараад байна. Сургуулийн хүүхдүүд гадуур хувцастайгаа сууж байна гээд ийм нөхцөл байдлууд үүсээд удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн. Тэгээд Б....... ХХК-д хүсэлт өгсөн байгаа. Аймгийн Засаг даргад, Улсын Их хурлын гишүүдэд манайх халаалтын тухайд асуудалтай байна. Сумын иргэдийг хангахгүй байна. Аймгийн дарга амаараа дараагийн уурын зуух оруулах тал дээр анхаарч ажилла гэсэн. Тэрнээс үүдээд Б..... ХХК-тай 2023 онд гэрээ байгуулсан байгаа. Сумын Засаг дарга Х...... Б........ ХХК-тай гэрээ байгуулсан. Гэр хорооллын халаалтын асуудлыг шийдэх болсон. Х...... ХХК цэвэр устай холбоотой асуудлыг шийд гэдэг асуудлыг бол удаа дараа тавьж байгаа. Аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарыг хэлсэн учраас би иймэрхүү нөхцөл байдлын талаар товчхон хэлж байна. Нэмэгдүүлсэн шаардлага болон гэрээ цуцлах шаардлагыг хүлээн авах боломжгүй байна... 2022 оны сонгуулийн дараа улс төрийн албан тушаалтнууд шинээр томилогдсон. Тухайн үед 2019 онд Ц......... гэдэг хүнтэй Төрийн хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ гээд Концессын гэрээгээр эрчим хүчний үйл ажиллагааг хангаж байсан. Тухайн үед хүйтэн гэдэг талаар бол хэлж байсан. Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. 2023 онд гэрээнээс өмнө ёстой юм байхгүй гэж тэр үед чинь энэ компанийг төлөөлж буй эрх бүхий этгээд Сонгино сумд Ц.......... гэдэг хүн байсан. Тэр хүнийг хурал болгон дээр дуудаж энийгээ тэг, тэрийгээ тэг, манай сум ойн сангийн нөөц багатай учраас жилд 20-30 айл гээд жил болгон нэмж холбож оруул гээд хэлдэг байсан. Ц......... зөвшөөрч гарын үсгээ зураад ярилцаад явдаг байсан. Түүнээс 2023 оны гэрээний өмнө нэг ч шаардлага байхгүй гэдэг худлаа шүү. Тэгээд Ц......... гэдэг хүн 2022 оны сүүлээр яваад 2023 онд эзэн биегүй болоод хэн байгаа нь мэдэгдэхгүй бичиг тоот явуулах гэхээр хашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчхоод байсан. Аймаг руу энэ Х........ ХХК-ийг мэргэжлийн байгууллага ирээд дүгнээд өгөөч гэхээр бас байхгүй болсон. Тэгээд сүүлд О......... гэдэг хүн томилогдсон энэ хүн өөрөө ирээгүй. Нийтийн эрх ашиг маш их хөндөгдсөн. Нийтийн ашиг хөндөгдсөн талаар аймгийн Засаг даргад хэлэхэд аймгийн Засаг дарга амаар эрхээ шилжүүлсэн. Харин энэ нэг авдаг зүйл нь А......... гэдэг залуу уурын зуухыг хариуцаж орсноос хойш байдал өөрчлөгдсөн сайжирсан. 2023 оноос өмнө албан бичиг зөндөө өгсөн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
7. Хариуцагч Сонгино сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х....... ХХК нь Сонгино сумын хэрэглэгчдийг халаалтаар хэвийн найдвартай хангана гэдэг ийм зорилготой гэрээг байгуулсан байгаа. Гэтэл компани нь гэрээний зорилгоо бүрэн хангаж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Одоо нэхэмжлэгч компани шүүхэд нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий 2 гэрээний улмаас өөрсдийнхөө эрх ашгийг зөрчигдсөн гэж үзээд байгаа. Энэ яг ямар эрх ашиг зөрчигдсөн юм бэ? гэдэг нь тогтоогдож нотлогдохгүй байгаа. Харин эсрэгээрээ нэхэмжлэгч компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчлүүд гарч ирснээр хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Энэ талаар байгууллагын төлөөлөгч нар тайлбарласан. Ингээд хэрэглэгчдээс удаа дараа гомдол гарсан байдаг. Эдгээр зөрчлийг арилгах талаар Сонгино сумын Засаг даргын тамгын газар болон бусад төвийн байгууллагууд өөрсдөө боломж бололцоогоороо дэмжиж байсан байдаг. Гэвч нэхэмжлэгч компани зөрчлөө арилгахгүй байсан учраас нийтийн ашиг сонирхлын төлөө хариуцагч байгууллага болоод Х...... ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийг бусдаар гүйцэтгүүлэхээс өөр аргагүй ийм нөхцөл байдалд орсон. Бодит байдал дээр ийм байсан. Гэтэл одоо Х............ ХХК болохоор манай эрх ашгийг хөндөж Б.......... ХХК-ийн талбай дээр гэрээ байгууллаа гэдэг байдлаар хандаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Х....... ХХК гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй гэрээ нь цуцлагдаагүй үйл ажиллагаа явуулсан хэвээрээ байгаа. Гол нь хариуцагч Сонгино сумын Засаг даргаас ямар зарчим баримталж байгаа вэ? гэхээр хэрэглэгчийг найдвартай дулааны эрчим хүчээр хангах шаардлагыг л тавьж байгаа. Шаардлагын үүднээс үнэхээр өөрсдийнх хүчин чадал хүрэхгүй байгаа. Нийтийн эрх ашгийг хохироогоод зөвхөн Х........ ХХК-д бүх зүйлээ даатгаад суугаад байх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас Б....... ХХК-тай гэрээ байгуулах ийм шаардлага үүссэн байгаа… Сонгино сумын Засаг даргатай байгуулсан гэрээнд аймгийн Засаг дарга 2024 оны 4 сард өөрчлөлт оруулсан байгаа. Тиймээс өмнөх Сонгино сумын Засаг даргын гэрээ бол эрх зүйн үр дагаваргүй гэж үзэж байна. Эрх зүйн үр дагаваргүй байсан учраас үндсэн нэхэмжлэлд холбогдох, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг тухайд болохоор аймгийн Засаг даргатай байгуулсан. 2024 оны 4 дүгээр сарын 29-ний гэрээг хүчингүй болгуулах гэсэн байсан. Гэвч нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байна. Захиргааны гэрээг захиргааны акттай бол шууд адилтгаж үзэх боломжгүй гэж үзэж байна. Тийм учраас захиргааны гэрээ илт хууль бусад тооцогдох нөхцөл байдал байгаагаас бусад нөхцөлд бол тухайн гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй байна. Эсвэл тухайн салбарын хууль тогтоомжид гэрээг хүчингүй болгох тусгайлан заасан тийм үндэслэл байхгүй байна. Мөн гэрээгээр халаалт холбогдоогүй байгууллагуудыг халаалтад холбоно гэсэн байгаа сүүлийн нэмэлт өөрчлөлт дээр, тэгэхээр халаалтад холбогдоогүй байгууллагуудыг халааж байгаа Б......... ХХК-ийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэв.
8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сонгино сумын хувьд онцлог сум, давуу талтай. Төв зам дамжин өнгөрдөг учраас хөгжих боломжтой сум гэж миний үйлчлүүлэгчийн тухайд ярьсан. Ийм учраас Б..... ХХК тухайн уурын зуухыг барьсан. Барьсан нь хэн нэгний эрх ашгийг ямар нэгэн байдлаар одоогоор хөндсөн зүйл байхгүй. Хоёрдугаарт, тухайн гэрээг түрүүнд Б...... төлөөлөгч ярьж байх шиг байна. Анх нэхэмжлэлийн үндсэн шаардлага дээр байгаа гэрээ нь хүчин төгөлдөр бус болсон. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй болчихлоо. Сая өмгөөлөгч бас хэлж байна. Энэ Х........ ХХК-ийн эрх ашиг өнөөдөр тэр компанийн нэг хүний эрх ашиг. Нийтийн эрх ашигтай холбоотой асуудал өөрөө хөндөгдсөн учраас нийтийн эрх ашигтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд тэр гэрээг анх байгуулсан. Байгуулахдаа одоо Х...... ХХК дээр холбоотой бүх дулааныг тастаад, дулааныг ямар нэг байдлаар тастаад төлбөрийг өгөхгүй байх ийм арга хэмжээ авсан зүйл байхгүй. Х........ ХХК-ийн хувьд тухайн гэрээгээр хоёрдогч эх үүсвэрийг бий болгохгүй гэсэн заалт байхгүй. Нийтийн эрх ашиг буюу сургуулийн хүүхдийн сурах эрхийг хангах боломж байхгүй байна. Өглөө эрт сургууль эхэлдэг учраас хүүхдүүд гадуур хувцастайгаа хичээлдээ суудаг. Гомдол хэрэгт авагдсан, ирж гэрчээр мэдүүлэг өгсөн. Б........... ХХК-тай байгуулсан гэрээг Х........... ХХК-ийн аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний аль заалтыг, аль эрх ашгийг, ямар байдлаар хөндсөн талаар ямар ч эрх зүйн акт, бичиг баримт энэ хэрэгт байдаггүй. Нийтийн эрх ашгийг удирдаж байгаа байгууллага тухайн хүмүүс шийдвэр гаргаад бид нарт дулаанаар хангах талаар хүсэлт тавьсны үндсэн дээр Б......... ХХК халаагаад явж байгаа. Маргаан үүсэж эхлэх үед бол манайх ямар нэгэн байдлаар тухайн Х...... ХХК-ийн халааж байсан газрыг бол шууд тастаж ямар нэгэн байдлаар өөрсдийнхөө халаалттай холбосон зүйл байхгүй. Б..... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсанаар хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй. Х....... ХХК-ийн хувьд хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнчлэн халаалгаж байгаа байгууллагаас халаалт цуцлуулах талаар ямар нэгэн өргөдөл гаргаагүй. Гэрээ цуцлах үйлдэл хийгдээгүй байна. Энэ гэрээ цуцлах асуудал нь Х....... ХХК буюу Засаг даргын Тамгын газартай шууд хамааралтай асуудал. Манай компани өөрийн хөрөнгөөрөө уурын зуух барьсан. Б........ ХХК-ийн захирал нь Сонгино сумын иргэн байдаг. Өөрийн сумын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор хөрөнгө оруулалт хэлбэрээр сумандаа уурын зуух барьсан байдаг. Уурын зуухтай холбоотой асуудал дээр одоогоор манай Б....... ХХК-ийн зүгээс Х.......... ХХК-ийн ямар нэгэн эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй. Сонгино сумын Тамгын газраас хөрөнгө авсан зүйл байхгүй... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан үндсэн шаардлагатай холбоотой асуудал дээр тэр гэрээ контрактын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Хоёрдугаарт, Концессын гэрээтэй аж ахуй нэгж нь концессын гэрээ байгуулснаар бидний эрх ашиг хөндөөд байна гэж байгаа боловч өнөөдрийг хүртэл өөрсдөө эрх зүйн акт бүхий тийм яг хөндөгдсөн ямар байгууллагыг өөрсдийн нэр дээр шилжүүлж аваад ямар эдийн засгийн, санхүүгийн ямар хор хохирол учруулаад байгаа нь энэ хуралдаан дээр, энэ хэрэг маргаан үүссэнээс хойш нэг ч үйл баримтаар тогтоогдоогүй. Манайх ингээд хохирчхоод байна гээд байдаг. Гэхдээ энэ гэрээний аль заалт нь хөндөөд байгаа нь тодорхойгүй. Өөрсдөө нэг ч үүргээ гүйцэтгэсэн зүйл байхгүй. Үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа албан бичиг явж байхад ямар нэгэн байдлаар арга хэмжээ авсан зүйл байхгүй. Тэгсэн мөртлөө бид нарын эрх ашиг хөндөгдөөд байна. Үндсэн гэрээ байгуулчихлаа хэлж байгаа боловч өөрөө бас түрүүнд хэлсэн. Аль эрх чинь хөндөгдөөд байна вэ? гэдэг дээр тийм юм байхгүй гэж хэлж байгаа. Нэхэмжлэгч тал хувийн эрх ашиг сонирхлоо, нийтийн эрх ашиг сонирхлоос илүүд тавиад байна гэсэн байдал ажиглагдаж байна. Бусад хариуцагч нарын гаргаж байгаа саналыг дэмжээд, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
9. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Х........ ХХК, Б........ ХХК хоёрын хоорондын зөрчилдөөн гараад байгаа юм байна гэж ойлгож байна. Х..... бол 30 жилийн гэрээ хийсэн, гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудад үндэслэн, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт тулгуурлан нэхэмжлэгч Х...... ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах байдлаар шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х....... ХХК-ийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу Завхан аймгийн Сонгино сумын Засаг дарга болон Б...... ХХК-ийн хооронд 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээ”-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээрх маргаан бүхий гэрээг илт хууль бус болохыг тогтоож, нэмэгдүүлсэн шаардлага буюу Завхан аймгийн Засаг дарга болон Б........ ХХК-ийн хооронд 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан “Сонгино сумын төвд дулаан үйлдвэрлэлийн төв, дулааны шугам сүлжээг барьж байгуулах төр, хувийн хэвшлийн хамтран ажиллах тухай гэрээ”-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Маргаан бүхий эхний гэрээ болох Сонгино сумын Засаг даргаас гуравдагч этгээд Б........ ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Завхан аймгийн Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээ”-г илт хууль бусад тооцсон тухайд:
3.1. Монгол Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор “Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого” гэх эрх зүйн баримт бичгийг Монгол Улсын хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах, бүх талын түншлэлийг хөхүүлэн дэмжих замаар Монгол Улсын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх түлхэц болох зорилгоор баталсан байна.
3.2. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн “Зарим аймгийн дулаан хангамжийг сайжруулах төслийг эрчимжүүлэх тухай” 29 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төв, суурин газрын дулаан хангамжийг сайжруулах зорилтыг богино хугацаанд шийдвэрлэх, төрийн хөрөнгө оруулалтыг багасгах, хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “...сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл, арга хэмжээний ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулагчийг сонгон шууд гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэх...”-ийг Эрчим хүчний сайд болон холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасан байна.
3.3. Эдгээр бодлогын баримт бичгүүдийг үндэслэн Завхан аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Х........ ХХК-тай “Сонгино сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ”-г Завхан аймгийн Сонгино суманд шинээр төвлөрсөн халаалтын систем, цэвэр усны шугам, сүлжээ бий болгох ажлын хүрээнд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих, төвлөрсөн дулаан хангамжаар хангах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор 30 жилийн хугацаагаар 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан байх ба гэрээнд заасан ажлыг Х......... ХХК нь 1 100 621 186 /нэг тэрбум нэг зуун сая зургаан зуун хорин нэгэн мянга нэг зуун наян зургаа/ төгрөгийн үнийн дүн бүхий өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохиролцжээ. /1 дэх хавтаст хэргийн 6-10 дугаар хуудсанд/
3.4. Гэрээнд зааснаар захиалагч тал /аймгийн Засаг дарга/ нь “...Сонгино сумын төсвийн байгууллага болон одоогийн болон шинэ хэрэглэгчдийг энэхүү төсөлд бүрэн хамруулах, нэмж хэрэглэгч холбоход хөрөнгө гаргах, техникийн нөхцөл, газар олголт, бусад чиглэлээр аливаа асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллах...” гэх зэрэг үүргийг, түнш буюу ******* ХХК нь “...Сонгино сумын төвд эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийн халаалтын зуух, дулаан болон цэвэр усны шугам сүлжээний зураг төсөл, төсвийн стандарт, норм, дүрэм, холбогдох бусад баримт бичгийн дагуу боловсруулан улсын экспертизээр баталгаажуулж, батлагдсан зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулж, цаашид засвар үйлчилгээ, шинэчлэлтийг зохистой хэмжээнд хийж, тоног төхөөрөмжийн хүчин чадал, техникийн үзүүлэлтийг хэрэглэгчдийн ачаалалд нийцүүлэн үйлчилгээний чанарыг алдагдуулахгүй байх...” гэх зэрэг үүргийг тус тус хүлээсэн бөгөөд нэхэмжлэгч Х........ ХХК Сонгино сумыг дулаанаар хангах үйл ажиллагааг эрхэлсээр ирсэн нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогдож байна.
/Хэргийн 1 дэх хуудасны 30-36, 50-57, 225-227, 2 дахь хавтасны 15-69, 182-211, 3 дахь хавтасны 41-56 дугаар хуудсанд/
3.5. Дээрх гэрээг хүчин төгөлдөр үйлчилж байхад буюу 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Завхан аймгийн Сонгино сумын Засаг даргаас гуравдагч этгээд Б........ ХХК-тай “Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээ”-г мөн адил Сонгино сумын төвд төсвийн байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдийн дулаан хангамжийн системийг боловсронгуй болгох чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийн халаалтын тогоог суурилуулж, инженерийн шугам сүлжээ, түүний ашиглалт засвар үйлчилгээний чанарыг сайжруулан хүйтний улиралд дулаанаар хэвийн найдвартай хангах зорилгоор 20 жилийн хугацаагаар байгуулж, тухайн ажлыг Б....... ХХК нь 1 150 000 000 /нэг тэрбум нэг зуун тавин сая/ төгрөгөөр санхүүжүүлэхээр тохиролцжээ. /Хэргийн 2 дахь хавтасны 137-140 дүгээр хуудсанд/
3.6. Энэ гэрээг байгуулсны дараа Сонгино сумын Засаг дарга “...орон нутгийн дулаан болон цэвэр усаар хангах ажлаа хангалтгүй биелүүлж байгаа үндэслэлээр гэрээг цуцалж бусдаар тухайн ажил үйлчилгээг гүйцэтгүүлэх нэн шаардлагатай байгаа...” талаар 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/85 дугаар албан бичгээр Х......... ХХК-д мэдэгдсэн боловч тус компанитай 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан тухайн гэрээг цуцлаагүй, дуусгавар болгоогүй байна.
3.7. Агуулгаас нь харахад дээрх гэрээнүүд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “барих-өмчлөх-ашиглах” төрлийн концессын гэрээ буюу Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасан захиргааны гэрээнд хамаарахаар байна.
3.8. Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1."концесс" гэж төрийн, эсхүл орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрхийг; 3.1.2."концессын зүйл" гэж Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгасан зүйлийг; 3.1.3.."концессын гэрээ" гэж концессыг хэрэгжүүлэхээр эрх бүхий этгээд, концесс эзэмшигч нарын хооронд бичгээр байгуулсан гэрээг; 3.1.4.."концесс эзэмшигч" гэж энэ хуульд заасан журмын дагуу концесс авсан Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг; 4 дүгээр зүйлийн 4.1-д “Концесс нь дараахь төрөлтэй байж болно: …4.1.3.."Барих-өмчлөх-ашиглах"-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр өмчлөх, ашиглах эрх эдэлж, үүрэг хүлээх…”, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж заасныг үндэслэн дүгнэхэд дулаанаар хангах дэд бүтэцтэй холбоотой төслийг хэрэгжүүлэхээр захиргааны байгууллагаас хувийн хэвшлийн түншлэгчтэй бичгээр байгуулсан гэрээг нийтийн эрх зүйн хүрээн дэх концессын гэрээ гэж үзэхээр байна.
3.9. Монгол Улсын Их Хурлаас Концессын тухай хуулийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосноор, уг хуулиар зохицуулж байсан харилцааг мөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулах болсон байна.
3.10. Учир нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшил эрсдэлийн оновчтой удирдлагад суурилан түншлэлийн гэрээний дагуу урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах болон санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх түншлэлийн төслийг төлөвлөх, боловсруулах, үнэлэх, судлан шинжилсний үндсэн дээр төслийг сонгох, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, түншлэлийн гэрээг байгуулах болон хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцаанд үйлчилнэ” гэж заасан.
3.11. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Концессын тухай хуулийн дагуу байгуулагдсан концессын гэрээ болон бусад дагалдах гэрээний нөхцөл нь хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаас үзэхэд Завхан аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Х......... ХХК-тай 2019 онд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд уг гэрээ болон хариуцагч Сонгино сумын Засаг даргаас Б......... ХХК-тай 2023 онд байгуулсан гэрээнүүдийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө байгуулсан учир тэдгээр гэрээнүүдтэй холбоотой маргаанд Концессын тухай хуулийг хэрэглэхээр байна.
3.13. Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын болон Сонгино сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх гэрээнүүдээр тохирсон нөхцөл өөр, Б......... ХХК-тай байгуулсан гэрээгээр төвлөрсөн хангамжийн 2 дахь эх үүсвэрийг бий болгож, шинэ хэрэглэгчдийг холбох нөхцөлөөр гэрээг байгуулсан, Х........ ХХК-ийн дулаанд холбосон хэрэглэгч нар давхцахгүй гэх боловч тухайн гэрээнд “Х........ ХХК-ийн ашиглаж буй дулааны шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчдээс бусад хэрэглэгчдийг шинээр холбох” тухай тодруулсан заалт байхгүй тул гэрээний зүйлүүдийг адилхан гэж үзэхээр байна.
3.14. Мөн Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д "эрх бүхий этгээд" орон нутгийн өмчийн концессын зүйлийн хувьд аймаг, нийслэлийн Засаг даргыг” ойлгохоор, 19 дүгээр зүйлийн 19.3-д “…аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэрээ байгуулах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг даргад олгоно”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Дараах этгээд концессын гэрээний тал байна: 20.1.1. ...орон нутгийн өмчийн зүйлийн концессын гэрээний хувьд аймаг, ...ийн Засаг дарга” гэж зааснаас дүгнэхэд орон нутгийн өмчтэй холбоотой концессын гэрээг байгуулах эрх сумын Засаг даргад олгогдоогүй, зөвхөн аймаг, нийслэлийн Засаг даргад олгогдсон бөгөөд тухайн эрхийг бусдад шилжүүлэх талаар хуульд тусгайлан заагаагүй /хуулиар зөвшөөрөөгүй/ тул хариуцагч Сонгино сумын Засаг даргаас “Сонгино сумын төвийг төвлөрсөн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээ”-г Б......... ХХК-тай 2023 онд байгуулсан нь дээрх хуульд заасантай нийцэхгүй байна.
3.15. 2023 онд Б...... ХХК-тай гэрээ байгуулах эрхийг Завхан аймгийн Засаг даргаас Сонгино сумын Засаг даргад /ам зөвшөөрөл/ олгосон хэмээн хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч энэ талаар шүүхэд баримтаар нотолж чадахгүйн зэрэгцээ Концессын тухай хуулиар концессын гэрээ байгуулах эрхийг бусдад шилжүүлэх талаар тусгайлан зохицуулаагүй, өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргад хуулиар шилжүүлэх эрх олгогдоогүй тул Сонгино сумын Засаг даргаас Б........ ХХК-тай 2023 онд байгуулсан гэрээ илт хууль бус байна.
3.16. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна:...55.1.4 “захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан” гэж заасан тул захиргааны байгууллага, албан тушаалтан өөрт нь хуулиар тусгайлан эрх олгоогүй асуудлаар байгуулсан гэрээг илт хууль бус гэж үзэхээр байх ба энэ маргааны тухайд хариуцагч Сонгино сумын Засаг даргаас өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар Б........... ХХК-тай 2023 онд байгуулсан гэрээ нь тухайн гэрээний оролцогчдод шаардах эрх, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, гэрээний нөхцөлүүд хэрэгжих боломжгүй, илт хууль бус болох үндэслэлд хамаарч байна.
3.17. Нэхэмжлэгч Х........ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч Сонгино сумын Засаг даргаас Б...... ХХК-тай 2023 онд байгуулсан гэрээг “хүчингүй болгуулах” хэмээн тодорхойлсон хэдий ч уг гэрээ нь хуульд заасан “илт хууль бус”-д тооцогдох гэрээ байх тул шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий гэрээг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байх ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан гэх нөхцөлд хамаарахгүй юм.
3.18. Нэхэмжлэгч захиргааны гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч тухайн гэрээ илт хууль бусад тооцогдох агуулга, хэлбэртэй байх тохиолдолд нэхэмжлэгчийн эцсийн зорилго нь маргаан бүхий захиргааны гэрээг өөрт нь сөрөг нөлөөлөл, үйлчлэлгүй болгосноор хөндөгдсөн эрхээ сэргээлгэх боломжтой байдаг тул шүүхээс уг гэрээг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
3.19. Хариуцагч Сонгино сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс нэхэмжлэгч Х..... ХХК нь Завхан аймгийн Засаг даргатай 2019 онд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн, гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тайлбарлаж, энэ талаарх баримтууд хэрэгт авагдаж, хэргийн оролцогч, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх боловч Завхан аймгийн Засаг дарга болон Сонгино сумын Засаг даргаас нэхэмжлэгч Х........ ХХК-ийн гэрээний биелэлтийг албан ёсоор дүгнээгүй, ажлын хэсэг ажиллуулаагүй ба энэ нь Сонгино сумын Засаг даргаас Б....... ХХК-тай шууд гэрээ байгуулах үндэслэл, эрх олгохгүй болохыг дурдах нь зүйтэй байна. /Хэргийн 1 дэх хавтасны 30-36, 46-55, 225, 2 дахь хавтасны 198-203 дугаар хуудсанд/
3.20. Түүнчлэн хариуцагч Сонгино сумын Засаг даргаас 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Б........ ХХК-тай гэрээ байгуулсны дараа 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Х......... ХХК-д гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгч байсан, мөн аймгийн Засаг даргад хандан Х......... ХХК-тай байгуулсан гэрээг цуцлуулахаар удаа дараа буюу 2023 оны 6, 7 дугаар сард албан бичгээр хандаж байсан, Б...... ХХК нь Х....... ХХК-ийн халааж буй төсвийн байгууллагууд руу өөрийн дулааны шугамыг холбоход бэлэн болгосон нь шүүхийн үзлэгээр тогтоосон зэргээс үзэхэд Сонгино сумын Засаг даргаас Б..... ХХК-тай 2023 онд байгуулсан гэрээг нэхэмжлэгч Х......... ХХК-д хамааралгүй, энэ гэрээний талаар маргах эрхгүй гэж үзэх үндэслэлгүйг мөн дурдах нь зүйтэй. /Хэргийн 1 дэх хавтасны 46-49, 2 дахь хавтасны 182 дугаар хуудсанд/
3.21. Хариуцагч Сонгино сумын Засаг дарга хуулиар өөрт нь эрх олгогдоогүй байхад 2023 онд Б...... ХХК-тай маргаан бүхий гэрээг байгуулсны дээр Сонгино сумын төвд зайлшгүй нэмж дулааны төв барьж байгуулах хэрэгцээ шаардлага байгааг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, нэхэмжлэгч Х..........ХХК-ийн дулааны систем Сонгино сумын шинээр нэмэгдэх хэрэглэгчдийг дулаанаар хангах хүчин чадалтай эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, баримтаар нотлоогүй, түүнчлэн концессын гэрээ байгуулах компанийг хэрхэн сонгон шалгаруулсан нь тодорхойгүй, Б........ ХХК-тай шууд гэрээ байгуулахдаа дүгнэлт гаргаагүй зэрэг нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Концессын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “концессын зүйлийн талаар судалгаа хийх, санал боловсруулах”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “...концессыг төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын аргаар олгоно”, 17 дугаар зүйлийн 17.2-т “Шууд гэрээ байгуулах дүгнэлтийг эрх бүхий этгээд гаргаж Засгийн газар, эсхүл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн тул шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “Х......... ХХК 30 жилийн хугацаагаар байгуулсан гэрээний үүргийг биелүүлээгүй” гэж дүгнэсэн дүгнэлтийг зөвтгөх үндэслэлгүй болно.
4. Хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас Б....... ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан “Сонгино сумын төвд дулаан үйлдвэрлэлийн төв, дулааны шугам сүлжээг барьж байгуулах төр, хувийн хэвшлийн хамтран ажиллах тухай гэрээ”-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухайд:
4.1. Завхан аймгийн Сонгино сумын Засаг дарга Б........ ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах тухай гэрээ”-ний талаар нэхэмжлэгч Х.......... ХХК-аас “тус захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсгэн, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед буюу 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч Завхан аймгийн Засаг дарга “Завхан аймгийн Сонгино сумын төвд дулаан үйлдвэрлэлийн төв, дулааны шугам сүлжээг барьж байгуулах төр, хувийн хэвшлийн хамтран ажиллах гэрээ”-г мөн гуравдагч этгээд Б....... ХХК-тай 20 жилийн хугацаагаар байгуулсан байх ба нэхэмжлэгч Х......... ХХК дээрх гэрээг хүчингүй болгуулахаар 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. /2 дахь хавтаст хэргийн 241, 249 дүгээр хуудсанд/
4.2. Хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас 2024 онд Б........ ХХК-тай байгуулсан дээрх маргаан бүхий гэрээнд Концессын тухай хууль, Иргэний хууль, Төсвийн тухай хууль, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиуд /нарийвчилсан тодорхой зүйл, хэсэг, заалтыг дурдалгүйгээр ерөнхий байдлаар/-ыг үндэслэснээс гадна “Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг баталсан Монгол Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоол, “Зарим аймгийн дулаан хангамжийг сайжруулах төслийг эрчимжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр тогтоолуудыг мөн үндэслэн Завхан аймгийн Сонгино сумын төвд “Дулаан үйлдвэрлэлийн төвийг байгуулж, дулааны шугам сүлжээ”-г шинэчлэн, төвлөрсөн халаалтын систем бий болгож, цэвэр ус, дулаанаар хангах үйлчилгээ үзүүлэх талаар хамтран ажиллах нөхцөлөөр гэрээг байгуулж, уг ажлыг Б....... ХХК өөрийн 1 500 000 000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохиролцжээ.
4.3. Энэ гэрээний 1.1-д “Төр хувийн хэвшлийн түншлэлийн төрөөс баримтлах бодлого-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төсвийн төвийн халаалтад холбогдоогүй зарим байгууллага, аж ахуйн нэгж, орон сууц, хувийн сууц болон үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд халаалтыг боловсронгуй болгох чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, шинэ техник технологи нэвтрүүлэн ажилтан ажиллагсад, иргэдийн ая тухтай байдлыг хангасан эдийн засгийн хэмнэлттэй агаарын бохирдлыг хянах стандартад нийцсэн зуух суурилуулж инженерийн шугам сүлжээ, тэдгээрийн ашиглалт, засвар үйлчилгээний чанарыг сайжруулан дулаанаар хэвийн найдвартай хангахад талуудын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхтэй холбоотой харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино” гэж тодорхойлсон байна.
4.4. Гэрээг талууд Концессын тухай хуулийг хүчингүй болгосноос хойш буюу 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан мөртлөө уг гэрээнд дээрх үйлчлэлгүй болсон хуулийг баримталсан байна.
4.5. Концессын тухай хууль нь Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдөр /2023 оны 12 дугаар сарын дүгээр сарын 31-ний өдөр/-өөс хүчингүй болсон бөгөөд Концессын хуулиар зохицуулагдаж байсан харилцаа шинээр батлагдсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулагдах болсон байна.
4.6. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: ...5.1.8."нийтийн зориулалттай дэд бүтэц" гэж нийтэд зориулсан ...бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, ...байгууламжийг; ...5.1.11."төр, хувийн хэвшлийн түншлэл" гэж хувийн хэвшлийн түншлэгч нь төрийн түншлэгчтэй байгуулсан түншлэлийн гэрээний дагуу нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээг олон нийтэд, төрийн түншлэгчид урт хугацаанд үзүүлэх, түншлэгч талууд эрсдэлийг оновчтой хуваарилах, түншлэлийн төлбөрийг түншлэлийн төрлөөс хамаарч санхүүжүүлэн хэрэгжүүлэх замаар төслийг урт хугацаанд тогтвортой, үр ашигтай хэрэгжүүлэх хамтын ажиллагааг; 5.1.12."төрийн түншлэгч" гэж түншлэлийн гэрээг хэрэгжүүлэх ...аймаг, нийслэлийн Засаг дарга ...; 5.1.20."түншлэлийн гэрээ" гэж төрийн болон хувийн хэвшлийн түншлэгч талуудын хооронд түншлэлийн төслийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, талуудын эрх, үүрэг болон холбогдох бусад асуудлыг тодорхойлж байгуулсан иргэний эрх зүйн гэрээг; 5.1.21."түншлэлийн зүйл" гэж түншлэлийн гэрээнд хамаарах эд хөрөнгийн эрх, ажил, үйлчилгээний үр дүн, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг; 5.1.22."түншлэлийн төсөл" гэж нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт нийтийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хувийн хэвшлийн түншлэгч хөрөнгө оруулалт хийх, зураг төсөл боловсруулах, дэд бүтцийн барилга, байгууламжийг барих, санхүүжүүлэх, сэргээн босгох, сайжруулах, засвар арчлалт хийх, төрийн үйлчилгээг үзүүлэх, төрийн үйлчилгээний удирдлагыг хариуцах зэрэг үйл ажиллагааг багтаасан нийтэд чиглэсэн төслийг” хэлнэ гэж тус тус заасан байна.
4.7. Хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас Б.......... ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний нийтлэг үндэслэл, зорилго, талуудын эрх, үүргээс харахад уг гэрээний зүйл нь “Нийтийн зориулалттай дэд бүтэц болох Сонгино сумын дулаан үйлдвэрлэлийн төвийг байгуулж, дулааны шугам сүлжээг шинэчлэн, төвлөрсөн халаалтын систем бий болгож, дулаан болон цэвэр усны шугамд холбогдоогүй төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн барилга, байгууламжийг холбож, дулаанаар найдвартай хэвийн хангах ажил, үйлчилгээ” байна.
4.8. Иймд хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас 2024 онд Б.......... ХХК-тай байгуулсан маргаан бүхий гэрээ нь “нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх түншлэлийн төслийг төлөвлөж, боловсруулж, үнэлж, судлан шинжилсний үндсэн дээр төслийг сонгох, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, түншлэлийн гэрээг байгуулах, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцаа”-г зохицуулсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулагдах түншлэлийн гэрээ байна.
4.9. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Түншлэлийн гэрээ болон түүнийг дагалдан байгуулах гэрээнүүд нь тэгш эрхийн зарчимд суурилсан иргэний эрх зүйн гэрээ байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтад үл хамаарна” гэж зааснаар дээрх маргаан бүхий түншлэлийн гэрээ нь иргэний эрх зүйн гэрээнд хамаарахаар болсон байх тул уг гэрээтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байх тул Завхан аймгийн Засаг даргаас 2024 онд Б............ ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.......... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.10. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагатай холбогдуулан хэрэгт авагдсан баримтуудыг шүүх үнэлэх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.
4.11. Хариуцагч Завхан аймгийн Засаг дарга болон Сонгино сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дээрх гэрээг Сонгино сумын Засаг даргаас Б........ ХХК-тай 2023 онд байгуулсан гэрээний үргэлжлэл болох нэмэлт гэрээ гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй, дээрх гэрээнүүдийн нэг тал болох төрийг төлөөлсөн гэх эрх бүхий этгээд /аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга нар/ нь бие даасан тус тусдаа эрх, үүрэг хариуцлага бүхий захиргааны байгууллагын албан тушаалтан байгаагийн дээр уг 2024 оны гэрээнд “өмнөх гэрээний үргэлжлэл, эсхүл нэмэлт гэрээ” болох талаар агуулга байхгүй тул нэмэлт гэрээ гэж үзэх үндэслэлгүй юм.
4.12. Шүүх хуралдааны өмнөх өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс Завхан аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/15 дугаартай, Б........... ХХК-ийн захирал Ч.Н........ хаягласан, “Гэрээ цуцлах санал хүргүүлэх тухай” албан бичгийг шүүхэд гаргаж өгсөн ба уг баримтыг үнэн зөв эсэхийг үнэлэх боломжгүй хэмээн гуравдагч этгээдийн төлөөлөгч тайлбарлан маргасан. /Хэргийн 3 дахь хавтасны 74 дүгээр хуудсанд/
4.13. Дээрх баримт нь нэхэмжлэгч Х...... ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлага болох Завхан аймгийн Засаг даргаас Б......... ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан “Сумдын төвлөрсөн хангамжийг шинэчлэн сайжруулах арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн Сонгино сумын төвд дулаан үйлдвэрлэлийн төв, дулааны шугам сүлжээг барьж байгуулах төр, хувийн хэвшлийн хамтран ажиллах гэрээ”-г хүчингүй болгуулах шаардлагад хамаарах баримт байх ба шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлагыг нэгэнт хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул тухайн баримтыг үнэлээгүй болохыг тодруулан дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.7, 19 дүгээр зүйлийн 19.3, 20 дугаар зүйлийн 20.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 55 дүгээр зүйлийн 55.1.4 дэх хэсгүүдийг баримтлан Завхан аймгийн Сонгино сумын Засаг даргаас Б......... ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Завхан аймгийн Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.12, 5.1.20, 11 дүгээр зүйлийн 11.2.6, 16 дугаар зүйлийн 16.1.2, 33 дугаар зүйлийн 33.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Х........ ХХК-ийн гаргасан “Завхан аймгийн Засаг дарга болон Б.......... ХХК-ийн хооронд 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан “Сонгино сумын төвд дулаан үйлдвэрлэлийн төв, дулааны шугам сүлжээг барьж байгуулах төр, хувийн хэвшлийн хамтран ажиллах тухай гэрээ”-г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х....... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Сонгино сумын Засаг даргаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х........... ХХК-д олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ
ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН