2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/00329

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч:  Б******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:  Н******* /РД:*******/-т холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү*******ид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлт, санал ирүүлээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б******* ХХК нь хариуцагч Н*******т холбогдуулан Үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1887 дугаар захирамжаар манай байгууллагаас 706 568 510 төгрөгийг М******* ХК-д олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад Н******* нь хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн Б******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Г*******ийн өмчлөлийн тоот болон ,, тоот өмлөх эрхийн бүртгэл бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгохдоо үл хөдлөх эд хөрөнгийн үнийг үндэслэлгүй тогтоосон ба хөрөнгийг үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий буюу эрх бүхий этгээдээр тогтоолгоогүй байна. Иймд Н*******т тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдэд дахин шинжээч томилж үнэлгээг бодитоор гаргуулахыг даалгаж хариуцагчаас 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4-190/3030 тоот албан бичгээр мэдэгдсэн хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн.

 

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан байгаа, төлбөрөө төлөөгүй учраас үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Д.Г*******ид мэдэгдэж түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хөндлөнгийн шинжээч томилж, талуудад мэдэгдсэн боловч үнэлгээг зөвшөөрөхгүй гээд гомдлоо гаргасан. Мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо шүүхэд гаргаагүй, учир нь мэдэгдлийг 2024.02.02-ны өдөр гардуулсан байна. Гэтэл 1 сарын хугацаа өнгөрсөн байхад гомдлоо шүүхэд гаргасан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.02.02-ны өдрийн 4-190/3030 тоот албан бичиг, хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн дүрэм, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, /хэргийн 2-8-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, 2018.09.24-ний өдрийн 183/ГХ2018/01040 дүгээр Гүйцэтгэх хуудас, 2018.09.24-ний өдрийн 183/ШЗ2018/11044 дүгээр захирамж, 2018.08.20-ны өдрийн 183/ШШ2018/01887 дугаар захирамж, М ХК-ийн 2018.10.08-ны өдрийн 363 тоот албан бичиг, Б******* ХХК-ийн албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.04.18-ны өдрийн Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.08.17-ны өдрийн 2-190/14975 тоот албан бичиг, М ХК-ийн 2022.08.22-ны өдрийн 269 тоот албан бичиг, Б******* ХХК-ийн хүсэлт, Д.Г*******, Б.Амарбаясгалан нарын хүсэлт, 01/24 тоот Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид хууль тайлбарласан баримтууд, Итгэл-Эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2024.01.22-ны өдрийн 1/25 тоот Шинжээч томилох тухай тогтоол, Хаан үнэлгээ ХХК-ийнй 2024.01.22-ны өдрийн 10 тоот Шинжээч томилох тухай тушаал, Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт, Хаан-Үнэлгээ ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.02.02-ны өдрийн 4-190/3030 тоот албан бичиг, 2024.02.27-ны өдрийн 3/55 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024.02.27-ны өдрийн 4-190/4900 тоот мэдэгдэл, 2024.03.01-ний өдрийн 4-190/5273 тоот мэдэгдэл, 2024.03.01-ний өдрийн 4-190/5275 тоот мэдэгдэл, 2024.03.01-ний өдрийн 4-190/5276 тоот мэдэгдэл, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01887 дугаар захирамж /хэргийн 17-54-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ тогтоолгохдоо үнийг үндэслэлгүй тогтоосон ба хөрөнгийн үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий буюу эрх бүхий этгээдээр тогтоолгоогүй гэж үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй тул үнэлгээ хийсэн, шинжээчийн дүгнэлтийг хуульд зааснаар нэхэмжлэгч Б******* ХХК-нд танилцуулсан боловч хугацаа хэтрүүлж шүүхэд гомдол гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхүй үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01887 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 854 144 175 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн /үүнээс 150 000 000 төгрөг төлөгдсөн/ байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.2.Н******* нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01887 дугаар шийдвэр, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 183/ШЗ2018/11044 дүгээр шүүгчийн захирамж, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ГХ2018/01040 дүгээр гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

5.Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, эд хөрөнгүүдийг битүүмжлэн хураан авсан талаар маргаагүй, төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийн үнэлгээг хийхдээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, үнэлгээг хийхдээ хууль зөрчсөн, тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий этгээдээр тогтоолгоогүй гэж маргаж байна.

 

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө, 55 дугаар зүйлийн 55.2.2үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заажээ.

 

6.1.Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэж, Б******* ХХК-иас үнийн санал ирүүлсэн боловч талууд харилцан тохиролцоогүй тул Б******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Г*******ийн өмчлөлийн ** тоотод байрлах 82,57 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын Ү-2205 дугаарт бүртгэлтэй тус хаягт байрлах зоорийн давхарын В1-б тоот хаягт байрлах 72,5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр Э.Гыг 2024 оны 1 дугаар сарын 22-ны өдрийн №1/24 дугаар тогтоолоор, ** тоот хаягт байрлах 206,7 м.кв талбайтай дугаарт бүртгэлтэй хувийн сууц граж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй тус хаягт байрлах 576 м.кв талбайтай газрыг үнэлгээ хийлгэхээр Д.Гыг 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн №1/25 дугаар тогтоолоор тус тус шинжээчээр томилсон болох нь тогтоогдож байна.

 

6.2.Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зааснаар хураагдсан хөрөнгийг шинжээчээр үнэлүүлснийг буруутгах үндэслэлгүй, хууль зөрчөөгүй байна.

6.3.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д заасан "үнэлгээний хуулийн этгээд" гэж хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг, 3.1.11-д заасан "үнэлгээчин" гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг, 15.1-д хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага энэ хуулийн 14.1-д заасны дагуу шалгалтын дүнг үндэслэн үнэлгээчний эрхийг иргэнд гурван жилийн хугацаагаар олгоно гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн №1/24 дүгээр Шинжээч томилох тухай тогтоолоор, 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэлээр шинжээчээр Итгэлт эстимэйт үнэлгээ ХХК, түүний үнэлгээчин Э.Гыг, 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн №1/25 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор, Хаан үнэлгээ ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалаар үнэлгээчин Д.Гыг томилж, шинжээчид Шүүх шинжилгээний тухай хуулийн 9, 17, 18, 19, 49 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг танилцуулж, хууль сануулан 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэлээр шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар тодруулжээ.

6.4.Мөн Итгэлт эстимэйт үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлгээг гүйцэтгэж, тайлан бичсэн мэргэшсэн үнэлгээчин Э.Г гэсэн байх ба Хөрөнгийн үнэлгээний тайланд ...гүйцэтгэгч Итгэлт эстимэйт үнэлгээ ХХК, мэргэшсэн үнэлгээчин Э.Г үнэлгээ хийх эрхийн 140600038 тоот тусгай зөвшөөрөлтэй, Хаан үнэлгээ ХХК-ийн Шинжээч томилох тушаалд ...үнэлгээчнээр 15012092 тусгай зөвшөөрлийн дугаартай Д.Гыг томилсугай гэсэн байх тул нэхэмжлэгчийн үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий этгээдээр тогтоолгоогүй байна гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

7.Хариуцагч нь шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдөр төлбөр төлөгч буюу хөрөнгийн өмчлөгч Д.Г*******ид, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2024 оны 2 дугаар сарын 28-нд тус тус мэдэгдсэн байхад хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлаж, хэрэгт нотлох баримтаар 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 4-190/3030 дугаар Хөрөнгийн үнэлгээ мэдэгдэж, тайлан танилцуулах тухай албан бичгийг ирүүлсэн.

7.1.Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Д.Г******* нь тус дүүргийн шүүхэд 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Н*******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин шинжээч томилохыг даалгах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийг тус дүүргийн шүүхээс 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн №183/ШЗ2024/04442 дугаар захирамжаар хүлээн авахаар татгалзсан, мөн 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 4-190/3030 дугаар уг албан бичигт хүлээн авсан, и/т С.Ү*******, 2024-02-28 гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч үнэлгээний тайлантай 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үнэлгээний тайлантай 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр тус тус танилцсан болох нь тогтоогдож байна.

7.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд үнэлгээний талаарх гомдол буюу нэхэмжлэлээ 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр, 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус тус гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үнэлгээг хийхдээ үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг үндэслэлгүй тогтоосон тул бодитоор гаргуулахыг даалгаж өгнө үү гэсэн боловч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

8.1.Хэрэгт авагдсан Итгэлт эстимэйт үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайланд ...*** тоотод байрлах 82,57 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын Ү-2205 дугаарт бүртгэлтэй тус хаягт байрлах зоорийн давхарын В1-б тоот хаягт байрлах 72,5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 360 244 700 төгрөгөөр, Хаан үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайланд ...*** тоот хаягт байрлах 206,7 м.кв талбайтай дугаарт бүртгэлтэй хувийн сууц граж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй тус хаягт байрлах 576 м.кв талбайтай газрыг 69 140 000 төгрөгөөр тус тус үнэлсэн болох нь тогтоогдож байна.

8.2.Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшаар хэдэн төгрөг болох, уг үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгүүд нь зах зээлд хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа талаарх мэдээллийг болон үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур буюу үнэгүйдүүлсэн болох талаар баримтаар нотлоогүй тул шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.

8.3.Иймд нэхэмжлэгч Б******* ХХК-ийн хариуцагч Н*******т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус дүүргийн шүүхэд 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2024/06424 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн. Мөн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарч шүүх хуралдааныг 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 30 минутаас товлон зарлаж, талуудад мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүрэлцэн ирээгүй тул түүнийг албадан ирүүлэхээр шийдвэрлэж, 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааныг мэдэгдсэн боловч эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй гэсэн тул түүнийг биечлэн оролцох эрхийг нь хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Улмаар шүүх хуралдааныг 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цаг 00 минутаас товлон зарлаж, хуралдааны товыг 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр түүний утсаар нь мэдэгдэж, мессеж үлдээсэн байна.

9.1.Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх хуралдааныг нээхэд ямар нэгэн хүсэлт санал ирүүлээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

9.2.Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох, Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 25.2.3-д заасан шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй болно.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Б******* ХХК-ийн хариуцагч Н*******т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Б******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН