Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/45

 

 

 

 

 

 2023            6            08                                                   2023/ДШМ/45

 

                                            Б.О-д холбогдох эрүүгийн

                                                хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Дэлгэрсүрэн,

Шүүгдэгч Б.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,

Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/191 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч Б.Б-гийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.О-д холбогдох эрүүгийн 2334001050096 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн С овогт Б О, Улаанбаатар хот, Налайх дүүрэгт 1987 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг, Чулуут гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,

Б.О нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 09 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар гуя” гэх газарт эхнэр О.Жын нүүр рүү гутал шидэж нүд, нүүрэн тус газар нь онож, мөн баруун шилбэ рүү өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч С овгийн Б О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч С овгийн Б О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С овгийн Б О-д шүүхээс оногдуулсан дөрвөн зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, ялыг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С овгийн Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун  хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч С овгийн Б.О-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн 2334001050096 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С овгийн Б.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч УР87060677 дугаарын регистртэй, С овгийн Б.О-өөс нийт 1.209.095 /нэг сая хоёр зуун есөн мянга ерэн тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч ЗП92110501 дугаартай регистртэй, Б овгийн О.Ж олгож,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С овгийн Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “ ...Шүүгдэгч Б.О-д холбогдох Эрүүгийн 2334001050096 дугаартай хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хянан шийдвэрлээд шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон түүнийг 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн байдаг.     Ийнхүү шийдвэрлэсэн шийдвэрийг өмгөөлөгчийн зүгээс дараах байдлаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхээр хуульчилсан байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Б.О хохирогч О.Ж нар нь гэр бүлийн гишүүд байх бөгөөд гэр бүлийн таарамжгүй харилцаатай хохирогч О.Ж хэрэг учрал гарах өдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч Б.О-ийн толгойн ар дагз хэсэгт гэрийн униар 2 удаа цохиж биед нь гэмтэл учруулсан нөхцөл байдал байна. Энэ нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 87 дугаартай тогтоол, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Энэ нь Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Шүүгдэгчийн зүгээс хэрэг бүртгэлтийн шатнаас өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэм буруугаа хүлээсэн байдаг.

2. Шүүгдэгч Б.О нь Төв аймгийн Эрдэнэ сумын 2-р багт эхнэр, хадам эх нарын хамт амьдарч байсан бөгөөд дээрх хэргээс хойш эхнэрийнх нь зүгээс Иргэний хэргийн шүүхээр гэрлэлтээ цуцлуулах хэрэг үүсгэн одоо ганцаараа амьдарч байгаа нь тус багийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 05/34 дугаартай албан тоотоор тогтоогдож байна. Мөн мал тооллогын 2023 оны 5 дугаар сарын 15-ны маягтаар адуу 16, үхэр 28, хонь 49, ямаа 52 нийт 155 тооны толгой мал малладаг болох нь тогтоогдож байна. Шүүгдэгчийн хувьд ганцаараа мал маллан амьдарч байгаа бөгөөд нийтэд тустай ажил хийх ялыг эдлэх нь ар гэр, ахуйн нөхцөлийн хувьд маш хүндрэлтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна" гэж заасан байдаг. Нөгөөтээгүүр МУ-ын Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино" гэж заасан байдаг. Иймд шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээс оногдуулсан ялтай дүйцүүлэн торгох, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийтгэж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Дэлгэрсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу шүүгдэгчид оногдуулсан ялыг өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгдэгчид оногдуулсан ялыг солих нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэрэг, гэм буруудаа маргадаггүй. Харин анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхэд хүндрэлтэй байгаа. Ийм учраас энэ ялтай дүйцүүлж торгох, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.О-д холбогдох хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч Б.О нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 09 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар гуя” гэх газарт О.Ж-ын нүүр рүү гутал шидэж нүд, нүүрэн тус газар нь онож, мөн баруун шилбэ рүү өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

Хохирогч О.Ж-ын: ” ...2023 оны 02 дугаар сарын 03-ны өглөө босоод малд өгөх өвснөөс болоод Обид 2 хэрэлдээд, ...газар хэвтэж байсан хар өнгийн түрүүтэй гутал байсныг аваад над руу далайхаар нь би арай шидчихгүй байх гэж бодтол над руу шидээд миний нүдийг оносон юм. ...Ямар нэгэн хүн гаднаас байгаагүй, Б.О эрүүл байсан...” /хх-н 8-9/ гэх,

Гэрч Л.О: “...2023 оны 02 дугаар сарын 03-ны өглөө гэртээ байхад ...Ж-ын нүд, хацар, шанаа нь хөхөрсөн байхыг би харсан. ...Тэгээд би гэрийн гадна байсан морийг унаад Ганаа ах айлынд очиж тэдний утсаар цагдаад дуудлага өгчхөөд 18 цагийн үед ...охины хамтаар гэртээ ороод дотроосоо түгжсэн юм...” /хх-н 52/ гэх,

Гэрч Б.Ганбатын: “...Манайхтай өвөлжих үед хэрүүл маргаан үүсэж байгаагүй. Гэр бүлийн шинжтэй үйлдэл хийсэн гэж сонсогддоггүй байсан. Онь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглээд байхгүй. Хааяа найз нөхөд болон баяр ёслолын үеэр л бага зэргийн уучихсан байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ элдэв янзын зан ааш гаргаад байдаггүй...” /хх-н 54/ гэх,

Гэрч Ш.Гэрэлсайханы: “...Намайг Оболон Ж нарын гэрт очих үед хоорондоо маргалдаж муудалцсан асуудал байдаггүй байсан. Харин сүүлд хоорондоо маргалдсан гэхийг сонсоод Оөөс асуухад хадам ээж ирснээс хойш бид хоёр бага зэргийн хэрүүл маргаантай болоод байгаа гэж ярьж байсан...” /хх-н 56/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 83 дугаартай шинжээчийн “...О.Жын биед баруун шилбэнд цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хх-н 35-36/ гэх дүгнэлт,

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 3-7/,

шүүгдэгч Б.О-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-н 70, 83-88/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж нь мөн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан байдаг бөгөөд Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн шүүгдэгч Б.Оөд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.О-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.О-ийн хохирогч О.Ж-ын нүүр руу гутал шидэж, нүд, нүүрэн тус газар нь онож, мөн баруун шилбэ рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн гэмт хэргийн талаар шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдалд хийсэн анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солихгүй.

Мөн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ял нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас хүнд байх тул давж заалдах шатны шүүх хуулиар олгогдоогүй эрх хэмжээг эдэлж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх боломжгүй юм. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.О-д хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангийн төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистойгоор нийцсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлагад нийцүүлэн ялыг зөв оногдуулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бгийн гаргасан “...анхан шатны шүүхээс оногдуулсан ялтай дүйцүүлэн торгох, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Мөн хохирогч О.Ж-ын: “...2023 оны 02 дугаар сарын 03-ны өглөө босоод малд өгөх өвснөөс болоод Обид 2 хэрэлдээд миний баруун нүд хэсэгт газар хэвтэж байсан хар өнгийн түрүүтэй гутал байсныг аваад над руу далайхаар нь би арай шидчихгүй байх гэж бодтол над руу шидээд миний нүдийг оносон юм. ... Миний баруун нүд хөхөрсөн.”/хх- 8-9/ гэх,

Гэрч Л.О: “...2023 оны 02 дугаар сарын 03-ны өглөө ...намайг харж байхад О нь малын хашаан дотор охин Жын хойноос нь сандал шидээд хөөгөөд байсан. ...Ж-ын нүд, хацар, шанаа нь хөхөрсөн байхыг би харсан. ...Маргааш нь болох 02 дугаар сарын 04-ний өглөө 08 цагийн үед ...охин О-ийг цааш түлхэх үед О нь намайг үсдээд ирээд гэрээс гаргах үед үүдний унь оочсон. Тэгээд гэрийн гадна намайг өшиглөх гэж байхад охин Ж нь миний ээжийг битгий алчхаарай гэж хэлээд гэрт дотор унасан униар Оийг цохиж байсан...” /хх-н 52/ гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хохирогч О.Ж-ын хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан үйлдсэн нь нотлогдохгүй, хохирогч О.Ж-ын  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гарсны маргааш өдөр нь шүүгдэгчийн толгойн ар дагз хэсэгт гэрийн униар 2 удаа цохиж биед нь гэмтэл учруулсан хохирогчийн үйлдэл нь  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-гийн давж заалдах гомдлын үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол тодорхойлох хэсэггүй бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэсэн шаардлагыг хангаж бичигдээгүйд дүгнэлт хийж цаашид дахин ийм төрлийн гаргахгүй байхад анхаарах шаардлагатайг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                  

 

                          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    З.ТҮВШИНТӨГС

 

                                 ШҮҮГЧИД                                    М.МӨНХДАВАА

 

                                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ