2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/00581

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Н******* ХХК /РД:*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын гэрээний үүрэгт 49 765 000 төгрөг, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний үүрэгт 8 150 000 төгрөг, нийт 57 915 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П.Д******* нь хариуцагч Н******* ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 49 765 000 төгрөг, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний үүрэгт 8 150 000 төгрөг, нийт 57 915 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. П.Д******* миний бие, Мercedes Benz загварын G500 маркийн, улсын дугаар *******, арлын дугаар WD*******3236******* тээврийн хэрэгслийн өмчлөгч бөгөөд уг тээврийн хэрэгслээ барьцааж 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б******* ББСБ ХХК-аас 50 000 000 төгрөгийн зээл авч, тээврийн хэрэгслээ Б******* ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Ийнхүү, уг тээврийн хэрэгслээ унаж явах нөхцөлтэйгөөр зээл авсан учир тээврийн хэрэгслээ даатгуулахаар 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Н******* ХХК-тай баталгааны 0321748 дугаар Тэгш 4 Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, 231159 дугаар Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг тус тус байгуулж, миний зүгээс гэрээний дагуу даатгалын хураамжид 1 200 000 төгрөгийг, 77 220 төгрөгийг төлсөн байдаг. Миний бие 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн өмчлөлийн улсын дугаар ******* тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, 120 мянгатын уулзварт хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио /шон/-г мөргөж зам тээврийн осол гаргасан байдаг. Зам тээврийн осол гарах үед, би ганцаараа тээврийн хэрэгслээ жолоодож явсан бөгөөд ослын улмаас гэмтэл авч хөлний өвдөг хэсэгт зүсэгдэж цус алдаад, мөн цээжээ хөндүүрлэж өвдөөд амьсгалахад маш хүндрэлтэй байсан тул 103-р залгаж дуудлага өгтөл дуудлага ачаалалтай байгаа, жаахан хүлээхээр байна, боломжтой бол өөрөө шууд гэмтэлрүү яваад очоорой гэсэн, ингээд би такси бариад шууд гэмтлийн эмнэлэг явсан. Тухайн үед даатгалын гэрээ машинд үлдсэн болохоор даатгалын компанийн мэдээлэл байхгүй тэгээд шууд миний эрүүл мэндэд эрсдэлтэй нөхцөл байдалтай, цус алдаад тогтохгүй байсан тул шууд гэмтлийн эмнэлэг явсан. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үдээс хойш машинаа журмын хашаанаас гаргах зөвшөөрлийг цагдаагаас өгч, би машинаа авсан бөгөөд машин дотор байсан даатгалын гэрээнээс Н*******ын 18002888 дугаарт залгаж ослын талаар мэдээлал өгсөн, улмаар даатгалаас цагдаагийн баримт бичиг, гэрээ болон бусад баримтаа аваад өгөөрэй гэсний дагуу хохирлын үнэлгээний тайлан болон холбогдох бусад бичиг баримтаа бүрдүүлэн нөхөн төлбөрөө авахаар 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн байдаг. Гэтэл Н******* ХХК Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.5, Авто тээврийн хэрэгслийн даатгалын 0321748 дугаар гэрээний даатгалд хамрагдахгүй нөхцөлүүд хэсгийг 4.19, 4.21 дэх заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна. Миний зүгээс энэхүү Н******* ХХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар энэхүү нахэмжлэлийг гаргаж байна. Даатгалын байгууллагын нөхөн төлбөр олгохоос татгалзсан шалтгаан нь намайг ослын газрыг орхисон, энэ нь ослын бодит шалтгааныг тогтоох боломжгүй нөхцөл байдал бүрдүүлсэн байх бөгөөд Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах, авто тээврийн хэрэгслийн даатгалын 0321748 дугаар гэрээний 5.11-т заасан мэдэгдэх үүргээ тус тус биелүүлээгүй байна гэжээ. Миний бие, зам тээврийн осол гарах үед эрүүл мэндийн тусламж авах зайлшгүй шаардлагатай байсан учраас ослын газрын орхин явсан бөгөөд осол гарсан талаар тэр дор нь даатгалын компанид мэдэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь миний цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасаар нотлогдоно. Гэтэл, даатгалын байгууллагаас миний энэхүү нөхцөл байдлыг судалж үзэлгүйгээр дан ганц Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дүгнэлтийг үндэслэсэн байна. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэгдэлд зам тээврийн ослын газрыг яагаад орхиж явсан талаар мэдүүлсэн бөгөөд уг тэмдэгдлэлд миний өвдөг зүсэгдэж цээж энэ тэр өвдөөд яаралтай гэмтлийн эмнэлэг явсан гэж мэдүүлдэг. Гэтэл, даатгалын байгууллагаас ослын газрыг орхисон болох нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дүгнэлтээр тогтоогдож байна гэх боловч энэ талаарх цагдаагийн байгууллагын хэзээний, ямар дүгнэлтээр тогтоогдсон талаар нотолж чадахгүй байна. Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т даатгуулагч энэ хуулийн 13.1, 13.4-т заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг даатгуулагч өөрөө хариуцна гэж заасан. Гэтэл, даатгуулагч миний зүгээс зам тээврийн осол гарах үед эрүүл мэндийн тусламж авах зайлшгүй шаардлагатай байсан буюу даатгалын байгууллагад мэдэгдэх боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүссэн байдаг. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0759194 дугаар Шийтгэлийн хуудсаар намайг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5 тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослын гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах", мөн дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэж заасныг зөрчсөн болохыг тогтоосон буюу зам тээврийн ослын бодит шалтгааныг тогтоосон байдаг. Ийнхүү, зам тээврийн ослын улмаас миний машинд Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1161 дугаар Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар 99 530 000 төгрөгийн, мөн гэрлэн дохионы шонд учруулсан хохиролд мөн компанийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Үнэлгээний тайлангаар 4 520 000 төгрөгийн тус тус хохирлын үнэлгээ гарсан бөгөөд миний бие 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионд учруулсан гэмтлийн актаар гарсан 8 150 000 төгрөгийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвд төлсөн. Иймд, Баталгааны 0321748 дугаар Тэгш 4 Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.18-т дараах үндэслэл тогтоогдсон тохиолдолд олговол зохих нөхөн төлбөрийг 50% хязгаарлах буюу хасаж олгоно, 4.18.1-т Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг зөрчсөний улмаас учирсан хохирол гэж заасны дагуу миний машин учирсан хохирлын 99 530 000 төгрөгийн үнэлгээг 50%-р тооцож 49 765 000 төгрөгийг, мөн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионд учруулсан гэмтлийн актаар гэрлийн шонд 8 150 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд миний бие уг 8 150 000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Н******* ХХК-ийн өмнөөс тус байгууллагад төлж хохирлыг нь барагдуулсан тул 8 150 000 төгрөгийг нийт 57 915 000 төгрөгийг Н******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манайх даатгалын гэрээний дагуу учирсан хохирол болон жолоочийн гэрээний дагуу учирсан хохирлыг буюу гэрээний үүргийг шаардаж байгаа. П.Д******* өмчлөгч байгаа, уг тээврийн хэрэгслийг ББСБ-с барьцаанд тавиад маргаан бүхий даатгалын гэрээг Н*******тай байгуулсан, даатгалын төлбөрийг төлсөн, иж бүрэн даатгуулсан. 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр осол гарсан, 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Н******* ХХК-иас шаардсан. Гэрээний ослын газрыг орхисон гээд нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Гэтэл замын тэмдэглэл, гэмтлийн эмнэлгийн баримтаар даатгалын тохиолдол үүссэнийг мэдэгдэх боломжгүй байсан, 5 дахь өдөр байсан, 1 өдөр журамласан, мэдүүлэг авсан, тухайн үед машинд даатгалын гэрээ байсан, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4,11-д зааснаар, Албан журмын даатгалын гэрээний дагуу нийт 57 915 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа гэв.

 2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр жолоодож яваад осол гаргасан байдаг. Зам тээврийн осол гаргасан бол мэдэгдэх, хурд хасах гэснийг зөрчиж, ослын газрыг орхин зугтсан болох нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээс харагдана. Ослын газрыг орхин явсан болохыг асуухад таксинд суугаад эмнэлэгт үзүүлсэн гэдэг, үүрээр 03 цаг гарсан болох нь харагдана. Гэмтлийн эмнэлэгт 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 57 минут гэж тэмдэглэсэн, 11 цагийн дараа эмнэлэгт үзүүлсэн. Энэ нь орхин зугтсан гэдэг нь даатгалын гэрээнд заасан зохицуулалтыг зөрчсөн. Жолооч гэрээний 13.5-д заасан үүргээ биелүүлээгүй бол хохирлыг хариуцана гэж заасныг зөрчсөн. Иймд нөхөн төлбөр олгох үндэслэлгүй байна гэв.

 3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Авто тээврийн хэрэгслийн даатгал, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, П.Д*******ын дансны хуулга, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Тээврийн хэрэгсэ, жолоочийн даатгалын нөхөн төлбөрийн мэдүүлэг, жолоодох эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, хүсэлт, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын 2023.10.23-ны өдрийн 03/909 тоот албан бичиг, Ашид билгүүн ХХК-ийн дүгнэлт, Н******* ХХК-д гаргасан гомдол, Санхүүгийн зохицуулах хорооны 2023.12.22-ны өдрийн 9/4860 тоот албан бичиг, Хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионд учруулсан гэмтлийн акт, шилжүүлгийн баримт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баримт, Зам тээврийн ослын акт, 2023.10.09-ний өдрийн Зээлийн гэрээ, зээлийн хуваарь, Б******* ББСБ ХХК-ийн 2024.01.11-ний өдрийн 24/130-03 тоот албан бичиг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хэргийн 3-48, 52-р хуудас/ гэсэн баримтуудыг,

 Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, дансны хуулга, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, дансны хуулга /хэргийн 54, 60-67, 77- 161-р хуудас гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс №360 дугаар Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж шийтгэл оногдуулсан материал, албан бичиг /хэргийн 177-199, 212-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч П.Д*******ын нэхэмжлэлээс 54 765 000 төгрөгийг хангаж, үлдэх 3 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол үүссэн тул тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний үүрэгт 49 765 000 төгрөг, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний үүрэгт 8 150 000 төгрөг буюу нийт 57 915 000 төгрөгийг нөхөн төлбөрт гаргуулахаар хариуцагч Н******* ХХК-иас шаардсан.  

3.Хариуцагч нь нэхэмжлэгч П.Д******* нь даатгалын тохиолдол үүссэн талаараа мэдэгдээгүй, осол болсон газрыг орхин зугтаасан болох нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр тогтоогдоно, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул хохирлыг хариуцахгүй, нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Даатгалын гэрээний зүйл болох Mercedes Benz загварын G500 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Б******* ББСБ ХХК нь тээврийн хэрэгслийн гэрчилгээнд бүртгэлтэй боловч нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б******* ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн №04853708 дугаартай гэрчилгээ, зээлийн гэрээ, Б******* ББСБ ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 24/130-03 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийн эзэмшилд байсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй.

4.2.Нэхэмжлэгч П.Д******* нь хариуцагч Н******* ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаатай “Тэгш 4” тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, гэрээгээр Mercedes Benz загварын G500 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн 100 000 000 төгрөгөөр үнэлж, эрсдлийг “Түвшин” тогтоож, хураамжид 1 200 000 төгрөгийг төлж даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд даатгуулагч П.Д*******ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд даатгалын нөхөн төлбөрийг даатгагч Н******* ХХК нь төлөхөөр харилцан тохиролцжээ.

4.3.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай №231159 дугаартай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртлэх хугацаатай байгуулжээ.

4.4.Нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ******* тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 120 мянгатын уулзварт хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио /шон/-г мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийвэрлэж шийтгэл оногдуулсан материал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

4.5.Уг ослын улмаас нэхэмжлэгч П.Д*******ын даатгалын гэрээнд хамрагдсан тээврийн хэрэгсэл болох Mercedes Benz загварын G500 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 99 530 000 төгрөгийг хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан №1161 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио эвдэрч гэмтсэн, уг гэмтсэн байгууламжийн үнэ 8 150 000 төгрөг болох нь Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨРТҮГ-ын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 03/909 дугаартай албан бичиг, Хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионд учруулсан гэмтлийн актаар нотлогдож байна.

5.Талууд гэрээ байгуулсан, даатгалын зүйлд хохирол учирсан талаар маргаагүй, даатгалын тохиролцсон болзол бүрдсэн эсэх талаар маргаж байна.

6.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

6.1.Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4."даатгалын тохиолдол" гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг; хэлнэ гэж заасан байна.

6.2.Зохигч талуудын хооронд байгуулагдсан Тэгш4 тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4 дүгээр зүйлд даатгалд хамрагдахгүй нөхцлүүд 4.21-д “цагдаагийн байгууллагад зам тээврийн осол, хулгайн талаар газар дээр нь мэдэгдэж үзлэг шалгалт хийлгэн акт дүгнэлт гаргуулаагүй, гэрээнд заасан хугацаанд даатгагчид мэдэгдэж, хохиролтой холбоотой материалтыг даатгагчид ирүүлээгүй”, 4.18-д дараах үндэслэл тогтоогдсон тохиолдолд олговол зохих нөхөн төлбөрийн 50 хувийг хязгаарлах буюу хасаж олгоно, 4.18.1-д “замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг зөрчсөний улмаас учирсан хохирол”, 5.11-д “даатгуулагч замын хөдөлгөөн оролцож байх үед гарсан даатгалын тохиолдлыг газар дээрээс нь мэдэгдэж бусад тохиолдлын талаар даатгагчид хот дотор 24 цаг, хөдөө орон нутагт 72 цагийн дотор …утсуудаар мэдэгдэх” гэж заасан.

6.3.Мөн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 9.1-д “даатгагч даатгалын тохиолдлын дуудлага хүлээн авч шалгахдаа Жолоочийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасныг үндэслэнэ”, 9.2-д “хохирогчийн амь нас эрүүл мэнд эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээ тодорхойлоход Жолоочийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд даатгагч нь хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож, нөхөн төлбөр олгохдоо тус хуулийн 19 дүгээр зүйлд заасныг үндэслэнэ”, 10.1.4-д “даатгуулагч нь даатгалын тохиолдол болсон газраас зугтаасан бол тухайн даатгуулагчаас” нөхөн төлбөрийг буцаан нэхэмжилнэ гэж заажээ.

 7.Хариуцагч нь нэхэмжлэгчийг зам тээврийн осол болоход цагдаагийн байгууллагад мэдэгдэх, хурд хасах гэснийг зөрчиж, ослын газрыг орхин зугтсан болох нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр нотлогдоно, гэмтэл авсны улмаас яаралтай эмнэлэгт үзүүлсэн гэсэн боловч осол үүрээр 03 цагт гарсан байхад гэмтлийн эмнэлэгт 11 цагийн дараа буюу 2023 оны 10 дүгээр сарын 14-ний 14 цаг 57 минутад үзүүлсэн гэж тэмдэглэгдсэн, осол гарсан шалтгаан нөхцөл нь согтууруулах ундаа хэрэглэсэн байх боломжтой тул тохиролцсон болзол бүрдээгүй гэсэн.

7.1.Талуудын хооронд байгуулагдсан Тэгш4 тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 5.10-д зааснаар даатгуулагч буюу нэхэмжлэгч нь “даатгалын тохиолдол гарсан даруйд Замын цагдаагийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэн акт, дүгнэлт гаргуулах”, 5.11-д “даатгуулагч замын хөдөлгөөн оролцож байх үед гарсан даатгалын тохиролдлыг газар дээрээс нь мэдэгдэх бусад тохиолдлын талаар даатгагчид хот дотор 24 цаг, хөдөө орон нутагт 72 цагийн дотор утсуудаар мэдэгдэх” үүргийг хүлээсэн бөгөөд уг үүргийнхээ дагуу нэхэмжлэгч нь холбогдох байгууллагад мэдэгдсэн болох нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл, жолоочийн даатгалын нөхөн төлбөрийн мэдүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагчид гаргасан байна.  

7.2.Мөн хэрэгт авагдсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас”-д П.Д******* 15.Гэмтсэн 2023/10/14 05.00, 16.Үзүүлсэн 2023/10/14/ 14.57 гэсэн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг осол гарсан даруй үзүүлээгүй, дараа нь тодорхойлолт авахын тулд үзүүлсэн гэх боловч нэхэмжлэгч нь осол болсны дараа гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ хийлгэж, зөвлөмж авсан болох нь тогтоогдож байх бөгөөд осол, гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуусанд “…А12.Гэмтэл авах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэх: үгүй” гэсэн байх тул осол болох үед согтууруулах ундаа хэрэглэсэн байх боломжтой гэсэн хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна гэж үзэв.

 

7.3.Мөн хэрэгт авагдсан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0759194 тоот шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч нь  Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.5/а/ зөрчсөн болох нь тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4 дүгээр зүйлд даатгалд хамрагдахгүй нөхцлүүд болох 4.21-д заасан цагдаагийн байгууллагад зам тээврийн осол, хулгайн талаар газар дээр нь мэдэгдэж үзлэг шалгалт хийлгэн акт дүгнэлт гаргуулаагүй гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

7.4.Иймд нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4.18.1-д замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг зөрчсөний улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн 50 хувийг хязгаарлах буюу хасаж олгоно гэж зааснаар ослын улмаас автомашинд учирсан хохирол 99 530 000 төгрөгний 49 765 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

8.Харин  нэхэмжлэгч нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний үүрэгт 8 150 000 төгрөгийг нэхэмжилж, Хаан банкны шилжүүлгийн баримтаар 8 150 000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдоно гэсэн боловч талуудын хооронд байгуулагдсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 3.1.3-д жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол В ангилалын тээврийн хэрэгсэл, даатгалын үнэлгээ буюу нэг удаа олгох нөхөн төлбөрийн хэмжээ 5 сая хүртэл гэжээ

8.1.Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “жолоочийн даатгалын тохиолдол /цаашид "даатгалын тохиолдол" гэх/" гэж жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг”, 9.1-д “жолоочийн даатгалын үнэлгээний хэмжээ буюу даатгалын тохиолдол бүрд 1 удаа олгох нөхөн төлбөр нь дараах хэмжээтэй байна, 9.1.1-д “энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.5-д заасан тээврийн хэрэгслийн хувьд таван сая төгрөг хүртэл”, 10.1.2-д "B" ангиллын тээврийн хэрэгсэлд суурь хураамж 33 000 төгрөг” гэж заасан байна.

8.2.Иймд хариуцагч Н******* ХХК-иас ослын улмаас автомашинд учирсан хохиролд 49 765 000 төгрөг, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөр 5 000 000 төгрөг, нийт 54 765 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Д*******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

9.Хэрэгт авагдсан баримтаар нөхөн төлбөр олгохоос татгалзсан татгалзлыг нэхэмжлэгч эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/4860 дугаартай албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооноос “…даатгуулагч осол болсон даруйд эрх бүхий байгууллагад мэдэгдэж, ослын шалтгааныг тогтоолгож холбогдох баримт материалуудыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу бүрдүүлэн өгсөн байх тул Жолоочийн хариуцлагын албан журмын болон авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж үзлээ” гэсэн байх бөгөөд Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно” гэж заасан боловч хариуцагч нь уг шийдвэрийг эс зөвшөөрч холбогдох байгууллагад гомдлоо гаргаагүй байна.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447 525 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 431 775 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч Н******* ХХК-иас даатгалын гэрээний үүрэгт нийт 54 765 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 3 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447 525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  431 775 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН

 

 

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Н******* ХХК-тай авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулсан боловч хариуцагч гэрээнд заасны нөхөн төлбөр олгоогүй тул 57 915 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч П.Д******* даатгалын гэрээний үүргээ биелүүлээгүй үүргээ зөрчиж ослын газрыг зугтсан тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж маргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

.1.Нэхэмжлэгч П.Д******* нь хариуцагч Н******* ХХК -тай 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Н******* ХХК-тай баталгааны 0321748 дугаар Тэгш 4 Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, 231159 дугаар Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаатай даатгуулж, даатгалын хураамжид 1 200 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

4.2.Хэрэгт авагдсан Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тухай тэмдэглэлд ...2023 оны 10 дугаар сарын 14-ний шөнө 03 цаг 25 минутийн үед тус дүүргийн нутаг 15 дугаар хороо 120 мянгатын уулдварын хойд замд Мерседес бенз маркийн УЕС дугаарын автомашины жолооч Пгийн Д******* МУ-ын ЗХД-ийн 3.5 г /тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах мөн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчиж гэрлийн шүн бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь зам тээврийн ослын акт, үзлэгийн тэмдэглэл, фото зураг, холбогдогч нарын хүсэлт зэргээс тогтоогдож байна. Иймд холбогдогч УИ00212719 регистрийн дугаартай, Г овогт Пгийн Д*******ыг гаргасан зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 18, 51-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч Н******* ХХК-иас даатгалын гэрээний үүрэгт нийт 54 765 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Д*******т олгож, нэхэмжлэлээс 3 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447 525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 431 775 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН