| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/08576/И |
| Дугаар | 192/шш2025/01593 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 192/шш2025/01593
| 2025 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 192/ШШ2025/01593 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******-д холбогдох
Гэрээнд заасан алданги болон торгуульд 38 220 147 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энхбаатар,
хариуцагчийн өмгөөлөгч Б.Жавхланбаяр,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч хариуцагч -д холбогдуулан Гэрээнд заасан алданги болон торгуульд 38 220 147 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч -ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банк 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч байгууллагатай төрийн банкны Архангай аймгийн харьяа салбарын барилга угсралтын ажил гүйцэтгэх 02/290 дугаар гэрээний дагуу барилга угсралтын ажил гүйцэтгэх 169 506 070 төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Санхүүжилтийг гэрээний хавсралтаар тохиролцсон. Энэ графикийн дагуу 1 дүгээр шатны санхүүжилт 50 851 821 төгрөгийг барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд хүргэж доорх ажлыг хийхэд зарцуулахаар буюу тухайлбал барилга угсралтын ажлын материалын татан авалт, дулаам шугамнууд, барилгын ажил эхлэх зөвшөөрлийг холбогдох байгууллагаас авах, газар шорооны ажилд тус тус бүрэн гүйцэт зарцуулахаар заасан. 2 дугаар шатны санхүүжилтийн хувьд мөн адил 50 851 821 төгрөгийг барилгын ажлын гүйцэтгэлийг 75 хувьд хүргэсний дараа буюу үүнд барилгын угсралтын ажил, барилгын дүүргэлт, дотор хананы угсралт, дотор заслын ажил дотор дулааны тоног төхөөрөмжийн угсратын ажилд зориулахаар заасан. 3 дугаар шатны санхүүжилт болох 42 376 517 төгрөгийг барилга угсралтын ажлыг 100 хувьд хийж далд монтаж болон далд тоног төхөөрөмж суурилуулах, барилгын гадна заслын ажил, гадна инженерийн ажил зэрэг гадна тохижилтын ажлыг гүйцэтгэж улсын комисс ажиллуулахаар заасан. 4 дүгээр шатанд 16 950 000 төгрөгийг байнгын ашиглалтад хүлээлгэхээр заасан. 5 дугаар шатанд улсын комиссын акт баталгаажсанаас хойш 1 жилийн хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар тохирч 8 475 303 төгрөгийг санхүүжүүлэхээр тус тус тохирсон байдаг. Энэхүү гэрээгээр тооцооны төвийн барилга угсралтын ажлыг урьдчилгаа төлбөр шилжсэнээс хойш 60 хоногийн хугацаанд чанарын шаардлага хангаж, хүлээлгэн өгөхөөр үүрэг хүлээсэн. Гэрээний үнийн дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар, ажиллах хүчний зардал, материалын зардал, тээврийн зардал, машин техникийн зардал мөн компанитай холбоотой бусад татварын зардлууд багтсан байдаг. Хариуцагч байгууллага бодит ажлыг 83 хувьтай гүйцэтгэсэн гэж Төрийн банк үзэж байгаа. 83 хувийн гүйцэтгэлтэй ажил дээрээ 85 хувийн санхүүжилт авсан байдаг. Гэрээний 1.4-т гэрээний гүйцэтгэлийн хугацаанд төсөвт өртгийн нэгж үнэд өөрчлөлт орох, төгрөгийн үнэ өөрчлөгдөх зэрэг нь гэрээний үнийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж заасан. Гэрээний 6.10-т заасны дагуу Цар тахалтай холбоотой асуудлыг заасан. Нэхэмжлэгч байгууллага яагаад нэхэмжилж байгаагаа тайлбарлая. Гэрээ 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 60 хоногийн хугацаатай байгуулсан боловч байгууллагын зүгээс ажлыг цэвдэгтэй газар хийж байсан. Өөр нөхцөл байдал үүссэн учраас талууд тодорхойгүй хугацаагаар гэрээг сунгасан байдаг. Энэ хугацаанд цар тахалтай холбоотой хөл хорио тогтоож, ажил гэрээнд заасан нөхцөлийн дагуу явагдах боломж бүрдээгүй. Энэ бүхнийг харгалзан үзэж Төрийн банкны гүйцэтгэх захирлын зөвшөөрлийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл барилгын ажлыг алданги, хариуцлага тооцохгүйгээр ажлыг зогсоосон. 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш барилгын ажлыг дуусгах шаардлагыг удаа дараа өгсөн. Барилгын ажил 83 хувьд хүрсний дараа нэхэмжлэгч байгууллагаас гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдсэн. 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 16/5727 дугаар албан тоотоор мэдэгдэж гэрээг цуцалсан. 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захиралыг зөвшөөрлийн дагуу талууд харилцан тохирч байсан учраас 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүртэл нийт 605 өдөр гэж тооцож нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Энэ хугацаандаа хохирсон хохирлыг хариуцагч талаас гаргуулахаар тооцсон байдаг. Гэрээ болон Иргэний хуульд заасны дагуу алдангийг 0.5 хувиар тооцож бодсон. 75 хувийн гүйцэтгэл гэж яригдахдаа барилгын гадна заслын ажил, дотор дулаан тоног төхөөрөмжийн угсралтын ажлаас бусад нь хийгдсэн талаар хэрэгт авагдсан нотлох баримт буюу барилгын ажил хүлээлцэх акт дээр туссан. Тийм учраас энэ ажлуудыг хийх тооцооллыг хариуцагч байгууллагын тендерт оролцоод ялсан тендерийн материалд байгаа барилгын гадна заслын ажил, дотор дулааны ажил, материалын зардал, өөрсдийнх нь ирүүлсэн материалаас нь түүгээд материалын зардал нь 4 616 283 төгрөг, тээврийн зардал 272 709 төгрөг, халаалтын материалын зардал 2 069 436 төгрөг, тээврийн зардал 72 825 төгрөг гэж нийт 7 031 253 төгрөг гэж гарсан. Үүнийг хоногийн 0.5 хувийн хүүгээр тооцож, 605 хоногтоо үржүүлэхэд 21 269 540 төгрөг гэж тооцож гаргасан. Цахилгаан ашигласны төлбөрт 540 000 төгрөгийг хариуцагч төлөөгүй хаяж явсан. Гэхдээ энэ мөнгийг нэхэмжлэгч талаас эрсдэлийн зардлаас гаргаад төлчихсөн. Тиймээс энэ төлбөрийг нэхэмжлээгүй гэдгийг дурдаж байна. Мөн гэрээний 6.9-д зааснаар 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг төлнө гэж талууд харилцан тохирсон. Энэ нь гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх ба гэрээний нийт үнэ нь 169 506 000 төгрөг байгаа бөгөөд үүний 10 хувь нь 16 950 600 төгрөг болно. Яагаад алданги болон торгууль давхцаж байна вэ гэж бодож байж магадгүй. Гэтэл гэрээний чөлөөт байдал яригдах ёстой. Нэхэмжлэгч байгууллагын хувьд тооцоо буюу төрийн дэд бүтцийг хариуцаж байдаг. 500 салбар нэг, тооцооны төвийн 300 гаран нь ямар ч ашиггүй ажиллаж байдаг. Өөрөөр хэлбэл цэвэр зардал гэсэн үг. Гэтэл энэ барилга ашиглалтад ороогүйн улмаас нэхэмжлэг байгууллагын хувьд түрээсээр байр ашиглаж байсан. Энэ хооронд ашиглаж байсан түрээсийн гэрээ, цахилгаан тог гэх зэрэг төлбөрийг манай талаас нэхэмжлээгүй. Харин үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ажил гүйцэтгэх гэрээний 6.9-д заасан гэрээний үнийг дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг төлнө гэж оруулж өгсөн. Ингээд нийтдээ гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж банкыг хохироосон хариуцагч байгууллагаас 38 220 147 төгрөгийг гэрээний үүрэгт, мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгөний хамт гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг уншиж хэрэгт тусгуулъя. тус тендертэй холбоотой гэрээг байгуулсан ба тус барилга нь мөнх цэвдэгтэй газар баригдах болсон тул 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлсэн. Ажил хэвийн явагдаж байсан боловч цар тахал гарсан учраас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс нэхэмжлэгч талтай тохирч барилгын ажлыг зогсоосон. Төрийн банкнаас ажлыг зогсоох шийдвэр 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ирсэн. 2021 оны 4 дүгээр сараас ажил эхлэх гэсэн боловч цар тахлын сэжигтэй тохиолдол илэрч байсан учраас ажлыг 2-3 удаа зогсоож байсан. Нэхэмжлэлд барилгыг хугацаандаа өгөөгүй хэмээн алданги болон торгуулийг нэхэмжилсэн байна. Барилгыг хугацаандаа өгөөгүй асуудал нь манай байгууллагаас шалтгаалаагүй. Харин ч манай байгууллагын зүгээс маш хүндрэлтэй нөхцөлд буюу цэвдэгтэй газарт барилгын суурийг зардал гаргаж богино хугацаанд хийж гүйцэтгэсэн. Тус барилгын ажлыг дуусгаж гүйцэтгэх хүсэлтэй байна. Материал болон тээврийн зардлын үнийн зөрүүг өнөөдрийн бодит байдалд тохируулж нэмж олгоно уу гэх хүсэлтийг гаргасан боловч нэхэмжлэгч тал хүлээж аваагүй. Тухайн үеийн цар тахалтай холбоотой барилгын ажил гүйцэтгэж байсан байгууллагуудад материал болон тээврийн зардлыг олгох тухай засгийн газрын тогтоол гарсан байдаг. Цар тахалтай холбоотойгоор ажлыг зогсоосон боловч ажлын гэрээг шинэчлэн байгуулах, хугацааг тохирох ямар нэгэн гэрээ хийгдээгүй. Гэрээг цуцлах хүсэлтийг манай тал гаргаагүй бөгөөд гэрээг цуцлах мэдэгдлийг хүлээж аваагүй. Бид уг барилгын ажлыг гүйцэтгэхдээ захиалагч болох -ийг хохироогоогүй болно. Тус дутуу баригдсан барилгын ажилд нэмэлт хөрөнгө гарган өөр байгууллагаар гүйцэтгүүлж барилгыг ашиглалтад оруулсан байсан. Ингэхдээ манай талаас ямар нэгэн санал аваагүй. Санхүүгийн хувьд төвөгтэй ажлыг манай талаас гүйцэтгүүлээд өртгийг нэмэхгүй гэж байсан ч төсөвт өртгийг нэмэгдүүлэн өөр байгууллагаар гүйцэтгүүлсэн болно гэж байна. 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр болон Цехт ХХК нар барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу гэрээний хавсралтад заасан барилгыг гэрээний урьдчилгаа төлбөр шилжсэнээс хойш 60 хоногийн хугацаанд барих талаар заасан. Гэрээний нийт үнийн дүн 169 506 070 төгрөг болсон. Гэрээний урьдчилгаа төлбөр 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр шилжиж орсон байдаг. Хариуцагч байгууллагын гаргасан тайлбараас үзэх юм бол хариуцагч байгууллагаас 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тооцооны төвийн ажлыг эхлүүлсэн байдаг. Удалгүй Монгол улс даяар бүх нийтийн хөл хорио тавигдсан байдаг ба 2021 оны 5 дугаар сар хүртэл үргэлжилсэн. Үүнтэй холбоотой баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Цехт ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл тасралтгүй барьсан. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өрлөгийн ажлыг хийх гэсэн боловч маргааш нь хөл хорио тогтоосон учраас хийх боломжгүй болсон. Нэхэмжлэгч байгууллагаас 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг дуусах хүртэл тухайн ажлыг зогсоох талаар албан мэдэгдлийг ирүүлсэн. Үүний дагуу барилгын ажил зогссон байдаг. 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Цехт ХХК тухайн бүс нутаг руу явж барилгын ажлаа гүйцэтгэх арга хэмжээг авах гэсэн боловч 2-3 удаа буцсан. Учир нь нэг аймгаас нөгөө аймаг руу шилжих хооронд шинжилгээний хариу өгөх шаардлагатай байсан. Энэ шалтгаанаар тухайн барилгын ажлыг гүйцэтгэх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2021 оны 8 дугаар сард тухайн барилга дээр очиж дотор заслын ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэгч талд барилга 75 хувьтай болсон гэж үзээд санхүүжилт авах талаас хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Үүний дагуу 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр уг санхүүжилтийг олгосон байдаг. Тухайн олгосон санхүүжилтээр гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэж, дараа дараагийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг татан авсан байдаг. Бараа материал татан авсантай холбоотой баримтууд нь хэрэгт барилгыг хүлээлцэх тэмдэглэлд тусгагдсан байгаа. Нэхэмжлэгч байгууллагаас гэрээг цуцлах талаар албан бичиг ирсэн гэж байна. Цехт ХХК-ийн хувьд тухайн мэдэгдлийн цахимаар болон албан бичгээр хүлээж авсан зүйл байхгүй. Гэрээг цуцлагдсан байна гэдгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр барилгын ажлыг хүлээж авах учраас ирж хүлээлгэж өг гэдэг асуудлыг хэлсэн. Үүний дагуу тухайн барилгын ажилд инженерээр ажиллаж байсан хүн Цехт ХХК-ийг төлөөлж хүлээлгэж өгсөн байгаа. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс гэрээний хариуцлагатай холбоотой алданги нэхэмжилж байгаа юм байна. Мөн гэрээний 6.10-т заасантай холбоотой торгуулийг нэхэмжилж байна. Алдангийн асуудлыг нэхэмжлэхдээ нэхэмжлэгч 83 хувийг гүйцэтгэсэн ба үлдэх 17 хувийн гүйцэтгэлийн бараа материалаас тооцсон гэж тайлбарлаж байх шиг байна. 7 031 253 төгрөгөөс алдангийг тооцож байна гэж ойлгож байна. Гэтэл алдангийг 605 хоногоор тооцсон асуудал байна. Гэхдээ талууд гэрээгээр гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгээс 0.5 хувь гэж алдангийг тохирсон. Гэхдээ гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгээс алдангийг тооцохдоо хуульд заасан олонхын хэмжээгээр гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн асуудлыг огт тооцоололгүйгээр шууд гарч ирсэн дүнгээр нэхэмжилсэн байна. Тиймээс алдангийн асуудлыг хуульд нийцээгүй байна гэж үзэж байна. Алданги нэхэмжлэх эрх -д үүсээгүй гэж үзэж байна. Уг гэрээ хариуцагч байгууллагын буруугаас болж цуцлагдаагүй. Цар тахалтай холбоотойгоор ажил удааширсан. Гэрээ байгуулсантай холбоотой 169 000 000 төгрөгийн хэмжээнд ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болсон. Мөн өртгийн талаар нэмж өгнө үү гэж -д санал хүргүүлж байсан. Нэхэмжлэгч талаас энэ асуудалд ямар нэгэн арга хэмжээ огт аваагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 4 дүгээр сараас хойш гэрээний үүргээ удаа дараа хүргүүлж байсан гэж тайлбарлаж байна. Ийм шаардлага огт хүргүүлж байгаагүй. Хүргүүлж байсан гэсэн хугацаа нь Цехт ХХК өөрийн боломж бололцоогоороо барилгын ажлыг хэвийн явуулж байсан. Төрийн банкнаас олгож байсан баримтаар энэ талаар тодорхой тогтоогдоно гэж үзэж байна. Торгуулийн талаар ярьж байна. Байгуулсан гэрээний 6.9-д гүйцэтгэгч нь гэрээ байгуулсны дараа аливаа үндсэн шалтгаанаар гэрээнээс татгалзаж, ажлын бүрэн болон хэсэгчлэн гүйцэтгээгүй тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 10 хувийн төлбөрийн нэхэмжлэгч байгууллагад төлнө гэж байгаа. Гүйцэтгэгчид ямар нэгэн үндэслэлгүйгээр гэрээний үүргээ биелүүлэхээс өөрөө татгалзаж эсхүл гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж хаяж явсан тохиолдолд уг гэрээний торгуультай холбоотой асуудал яригдах боломжтой. Төсөвт өртгийн хэмжээнд өөрчлөлт оруулахгүй гэр байдлаар нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээний нэг заалтаа уг гэрээнд ингэж тусгасан юм шиг байна. Зээлийн гэрээний асуудал тусдаа асуудал. Ажил гүйцэтгэх гэрээний асуудал чинь тусдаа шүү дээ. Зээлийг цар тахлын өмнө олгосон учраас төлөхгүй байх үндэслэл болохгүй гэх агуулгатай заалт байна. Харин барилгын ажлыг барь гэж шаардаж байгаа юм шиг уг заалтыг хэрэглэж болохгүй. Тиймээс нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2020.06.10-ны өдрийн 02д/290 дугаар Архангай салбарын харьяа Өндөр-Улаан тооцооны төвийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, санхүүжилтийн график, техникийн тодорхойлолт, ажлын даалгавар, ажлын тоо хэмжээ, -ийн 2022.12.08-ны өдрийн 16/5727 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021.08.09-ний өдрийн 28 дугаар Төрийн банкны барилга угсралтын ажлыг хүлээн авах комиссын акт, мөнгөн шилжүүлэгийн баримт, төлбөрийн нэхэмжлэл, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Төрийн банкны тооцооны төвийн барилга угсралтын ажлын төсөв, харилцах дансны харилцагчийн хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, фото зураг зэргийг ирүүлсэн. /хх-ийн 4-62/,
4. Хариуцагч талаас хавтаст хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар, Төрийн банкны 2020.12.09-ний өдрийн 02д/6921 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021.01.15-ны өдрийн 235 дугаар мэдэгдэл, 2020.10.08-ны өдрийн 16/6111 дугаар мэдэгдэл, 2020.05.27-ны өдрийн 02д/3591 дүгээр гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг, Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай 220.04.29-ний өдрийн 147 дугаар Засгийн газрын тогтоол, 2020.11.11-ний өдрийн 178 дугаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоол, 2020.11.15-ны зэргийг ирүүлсэн. /хх-ийн 89-99/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “...гэрээний үүргээ хугацаандаа бүрэн биелүүлээгүй тул гэрээний 5.1.7-д заасан “ ...хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5%-иар алданги тооцно. ...” гэж, мөн гэрээний 6.9-т “Гүйцэтгэгч нь гэрээ байгуулагдсны дараа аливаа үндэслэл шалтгаанаар гэрээнээс татгалзаж, ажлыг бүрэн болон хэсэгчлэн гүйцэтгээгүй тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг төлнө гэж талууд харилцан тохирсон. Иймд алдангид 21 269 540 төгрөг, торгууль 16 950 600 төгрөг болно. Нийтдээ гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж банкыг хохироосон хариуцагч байгууллагаас 38 220 147 төгрөгийг гэрээний үүрэгт, мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгөний хамт гаргуулж өгнө үү” гэж тайлбарлажээ.
3. Хариуцагчийн өмгөөлөгч татгалзлын үндэслэлээ “... тус тендертэй холбоотой гэрээг байгуулсан ба тус барилга нь мөнх цэвдэгтэй газар баригдах болсон тул 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлсэн. Ажил хэвийн явагдаж байсан боловч цар тахал гарсан учраас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс нэхэмжлэгч талтай тохирч барилгын ажлыг зогсоосон. Төрийн банкнаас ажлыг зогсоох шийдвэр 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ирсэн. 2021 оны 4 дүгээр сараас ажил эхлэх гэсэн боловч цар тахлын сэжигтэй тохиолдол илэрч байсан учраас ажлыг 2-3 удаа зогсоож байсан. Барилгыг хугацаандаа өгөөгүй асуудал нь манай байгууллагаас шалтгаалаагүй. Цар тахалтай холбоотойгоор ажлыг зогсоосон боловч ажлын гэрээг шинэчлэн байгуулах, хугацааг тохирох ямар нэгэн гэрээ хийгдээгүй. Гэрээг цуцлах хүсэлтийг манай тал гаргаагүй бөгөөд гэрээг цуцлах мэдэгдлийг хүлээж аваагүй. Тиймээс нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.
4.1 Талуудын хооронд 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 02д/290 дугаар Архангай салбарын харьяа Өндөр-Улаан тооцооны төвийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр банкны Архангай салбарын Өндөр-Улаан тооцооны төвийн 1 давхар, 10,0м х 9,0м хэмжээтэй барилга угсралтын ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ажлын нийт төсөвт өртөг нь 169 506 070 төгрөг, гэрээний үнийн дүнгийн 30 хувь болох 50 851 821 төгрөгийг гэрээ байгуулсны дараа, гэрээний үнийн дүнгийн 30 хувь болох 50 851 821 төгрөгийг төсөвт ажлын 30 хувийг хийж гүйцэтгэсний дараа, 25 хувь болох 42 376 517.5 төгрөгийг төсөвт ажлын 75 хувийг хийж гүйцэтгэсний дараа, 10 хувь болох 16 950 607 төгрөгийг улсын комиссын акт болон банк хүлээж авсан акт үйлдсэний дараа, 5 хувь буюу 8 475 303.5 төгрөгийг улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 1 жилийн дараа тус тус төлөхөөр тохирчээ. /хх-ийн 6-9/
4.2 Дээрх гэрээний дагуу талууд 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 28 дугаар Төрийн банкны барилга угсралтын ажлыг хүлээн авах комиссын акт үйлдсэн ба хариуцагч нь барилга угсралтын ажлын нийт 75 хувийг хийж гүйцэтгэсэн байна. /хх-ийн 16/
4.3 Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч -ийн 343200519641 тоо данс руу 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 50 851 821 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 50 851 821 төгрөгийг, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 42 376 517.5 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. /хх-ийн 51-53/
4.4 Талууд дээрх гэрээний дагуу барилга угсралтын ажлыг 75 хувийн гүйцэтгэлтэй гүйцэтгэж, гэрээнд зааснаар төлбөрийг авсан асуудлаар маргаагүй боловч хариуцагч нь барилгын ажлыг хийж гүйцэтгэж дуусгаагүйн улмаас маргаан үүссэн байна.
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр тохирсон.
6. Иргэний хуулийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.”, 355.2-т “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй.” гэж заажээ.
Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалж, ажлаа хугацаандаа хийж гүйцэтгээгүй хоног тутамд алданги тооцож, торгууль гаргуулна гэснийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар шаардлага гаргасан гэж үзэхээр байна.
7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ “...Төрийн банкны гүйцэтгэх захирлын зөвшөөрлийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл барилгын ажлыг алданги, хариуцлага тооцохгүйгээр ажлыг зогсоосон. 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш барилгын ажлыг дуусгах шаардлагыг удаа дараа өгсөн. Барилгын ажил 83 хувьд хүрсний дараа нэхэмжлэгч байгууллагаас гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдсэн. 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 16/5727 дугаар албан тоотоор мэдэгдэж гэрээг цуцалсан...” гэж тайлбарлаж, холбогдох баримтуудыг ирүүлсэн байна.
7.1 Хэргийн баримтад нэхэмжлэгч талаас ...2022.12.23-ны өдөр Барилгын дутуу ажлыг хүлээлцсэн тухай тэмдэглэлийг ирүүлсэн байх ба уг тэмдэглэлд Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэгч компанид 2022 оны 12 сарын 08-ны өдөр 16/5727 тоот бичгийг хүргүүлсэн талаар дурдаж, үүний дагуу барилга хүлээлцэх үеийн нөхцөл байдлын талаар дурдаж, ажлыг хүлээж авсан талаар талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна./хх-ийн 17/
7.2 Дээрх ажил хүлээлцсэн акт бүхий тэмдэглэлд нэхэмжлэгч нь хариуцагч -ийг гэрээнд заасан ажлыг гүйцэтэд хийгээгүй, түүнчлэн хугацаа хэтрүүлсэн талаар дүгнээгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлснийг хүлээн зөвшөөрч ажлыг хүлээн авсан байх ба энэ нь Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлсон гэж үзэхээр байна.
8. Нэхэмжлэгч тал гэрээний 5.1.7-д заасан “ ...хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5%-иар алданги тооцно. ...” гэж, мөн гэрээний 6.9-т “Гүйцэтгэгч нь гэрээ байгуулагдсны дараа аливаа үндэслэл шалтгаанаар гэрээнээс татгалзаж, ажлыг бүрэн болон хэсэгчлэн гүйцэтгээгүй тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг төлнө.” гэж шаардлагаа тодорхойлж байгаа нь дараах үндэслэлгүй.
Тодруулбал, талуудын байгуулсан гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан тохиолдолд алданги шаардсан нь үндэслэлгүй байх ба талуудын байгуулсан гэрээний 6.9-т гэрээг гүйцэтгэгч талыг гэрээнээс татгалзсан гэх үндэслэлгүй тул торгууль шаардсан нь үндэслэлгүй.
9. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
10. Нөгөөтээгүүр, хариуцагч нь ажлын талаарх бичлэг байгаа гэж тайлбарлаж байх хэдий ч хариуцагчийн өмгөөлөгч нь уг бичлэг нь нотлох баримтын шаардлага хангах хэмжээнд биш бөгөөд уг бичлэгээс зургийг буулгаж ирүүлсэн гэж тайлбарласныг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч -аас 38 220 147 төгрөг гаргуулах нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349 051 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ