| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2234000000380 |
| Дугаар | 2023/ДШМ/46 |
| Огноо | 2023-06-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2023/ДШМ/46
2023 6 08 2023/ДШМ/46
А.Э-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Л.Наранхүү,
Хохирогч К.Ж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,
Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч К.Ж-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч А.Э-д холбогдох эрүүгийн 2234000000380 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн А овгийн А*ийн Э, Төв аймгийн Эрдэнэ суманд 1992 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч А.Э нь 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Хөөрөг” гэх газарт иргэн К.Жтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар давсаг тус газарт нь өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Төв аймгийн прокурорын газраас А.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч А овгийн Аийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч А овгийн Аийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А овгийн Аийн Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч А овгийн Аийн Эад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн 2234000000380 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А овгийн Аийн Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А овгийн Аийн Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хохирогч К.Ж гаргасан давж заалдах гомдолдоо: “ ...Миний бие К.Ж нь 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Төв аймаг Эрдэнэ сум 4 дүгээр баг Хөөрөг гэдэг газарт Аь гэдэг айлд очих үед Аийн Э нь ирж миний биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулж бие мах бодь болон сэтгэл санаагаар гүн хямралд оруулж хохироосон. Энэ хэрэг нь 2023 оны 4 дүгээр сарын 19-нд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хэрэг нь шийдэгдэж Аийн Эад 700,000 төгрөгийн торгуулийн ял оноосон. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн боловч 2023 оны 5 дугаар сарын 03-ны шуудангаар явуулсан. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол унших үед үйл явдлын баримт болон А.Э, гэрч аав нь болох Аь, ээж болох Хаянжамаал нарын мэдүүлэг тайлбар нь тухайн өдрийн үйл явдал, хэрэгт хэлсэн үг нь илт худал өөр байна. Иймд Монгол Улсын хууль, дүрэм, эрх үүрэг, үл хүндэтгэн худал мэдүүлэг өгсөнд маш их гомдолтой байна. Аийн Эыг дахин шалгаж өгнө үү. Тухайн үед миний бие 2022 оны 7 дугаар сарын 29-нд Аь гэдэг айлд очиход А.Э байгаагүй бөгөөд тун удалгүй ирээд хэл амаар намайг доромжилж, айлган танхайрч газарт байсан хутгыг авч чамайг ална гэж ахин дахин дайрч алаад хаячхаад шоронд орно гээд дайрах үед Аь болон аав нь тэвэрч авч хориглож улмаар хутга барьсан гар нь хүрээгүйн улмаас миний эмзэг эрхтэн болох баруун төмсөг рүү өшиглөж санаатай гэмтэл учруулсан. Энэ хэргийн талаар Аийн Э нь мэдүүлэг болон байцаалтын явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, худал мэдүүлэг өгсөн нь намайг гүтгэн доромжилсон болно. Миний бие Монгол Улсын хууль дүрмийг хүндэтгэн тухайн үед болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Гэвч Аийн Э нь 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Аь, Бүжинлхам, Хаянжамаал, Бүлзига нарын хамтаар гэрээ буулгаад ханаа үдэж байхад манайд 12 цагийн үед Жамбал ирээд хэрүүл хийгээд байхаар нь би түүнтэй хэрэлдээгүй зүгээр явчих гэж түүнд хэлсэн. Тэгээд удалгүй хэрүүл хийж байгаад намайг болон манай гэр бүлийг доромжлоод байхаар нь Жамбал руу дөхөж очоод 1 удаа өшиглөсөн чинь аав болох Абзал дундуур орж ирэн бид хоёрыг салгаж хамаатнууд хоорондоо маргалдаад гээд загнаад гэсэн утгатай мэдүүлэг нь огт худал болно. Мөн Жамбал ирээд 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр би Дорнод аймаг руу нүүх гээд гэрийнхээ ханийг үдэж байхад Жамбал нь ирээд би болон манай эхнэрийг эрлийз, хурлийз хүүхэдтэй, халх хүүхэнтэй суусан, тэр халхуудтайгаа авсандаа орж үхээрэй гэж хэлэхэд нь миний уур хүрээд Жамбалыг нэг удаа өшиглөсөн гэсэн утгатай худал мэдүүлэг өгч хүн чанар болон Монгол Улсын хууль дүрмийг үл хүндэтгэсэнд гомдолтой байна. Миний бие Аь Э болон эхнэр Бүжинлхамд нь хүнлэг бус зан гаргаж байгаагүй, бэр дүү гэж хүндэлж харьцаж явдаг байсан. Хүүхэдтэй болоход нь чихэр болон гарын бэлэгтэй очиж байсан. Эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж байсан удаатай. Бүжинлхам надтай Жамбал ах гэж хүндэтгэн харьцаж явдаг байсан. Очиход хүндэтгэдэг байсан. Иймд миний бие 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн гэмт хэргийн талаар Аийн Э нь хийсэн хэрэгтээ гэмшихгүй, худал мэдүүлэг өгч, мөн миний хэлээгүй үг, үйлдлийг хэлсэн болгож, гүтгэн доромжилж, худал мэдүүлэг байцаалт өгсөнд гомдолтой байна. Аав нь болох Аь ээж болох Хаянжамаал нар нь Монгол Улсын хууль дүрмийг үл хүндэтгэж худал мэдүүлэг өгсөн. Мөн тухайн үед байсан Э болон эхнэр Бүжинлхам, Аккиз, Бүлзига, Жайпар нараас тухайн үеийн хэргийн талаар үнэн зөв хэргийн мэдүүлэг авч өгнө үү. 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэрийн дараа 17 цагийн орчим Аь, Э нар над руу залгаж гэрт чинь очиж уучлалт гуйж уулзъя гэсэн. Ирэхдээ согтуу ирж намайг хэл амаар доромжилж гүтгэн, цагдаа нар чинь хэдэн сар шалгалаа юу ч гарсангүй гэсэн утгатай юм ярьж хийсэн хэрэгтээ гэмшихгүй, шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн үр хүүхдүүд рүү минь гараараа чичилж айлган сүрдүүлж, согтуу ирж явсан болно. Иймд миний бие маш их гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж байна. Энэхүү өргөдөл гомдлыг минь шийдэж өгнө үү. Эын өгсөн мэдүүлэг байцаалтыг дахин шалгаж, үнэн зөв шийдэж өгнө үү” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэрч нарыг худал мэдүүлэг өгсөн гэж үзвэл хохирогч гомдол гаргах эрхтэй. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ийм гомдол гаргаж байгаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гарсан байх тул хэвээр үлдээж, хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч К.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э болон гэрч Аь, Хаянжамал нар ашиг сонирхлын зөрчилтэй мэдүүлэг өгсөн. Хөндлөнгийн гэрч нар мэдүүлэг өгөөгүй. Анхан шатны шүүх хуралдааны дараа Э, Аь нар манайд ирээд хэл амаар доромжилж байгаад явсан гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн давж заалдах гомдлын шаардлага тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Э-ад холбогдох хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хохирогч К.Жын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.
Шүүгдэгч А.Э нь 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Хөөрөг” гэх газарт иргэн К.Жтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний давсаг тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь
Хохирогч К.Жын: “...2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ...Төв аймгийн Эрдэнэ сумын Хушанга 4 дүгээр багийн Хөөрөг гэх газар зусдаг ...Аь ахынд 12 цагийн үед ...очиж түүнээс мөнгөнийхөө оронд авах хонио авах талаар яриад хонио барих гээд явах гэтэл түүний хүү болох Э ирээд над руу дайрч танхайран, томорч, хутга аван чамайг ална гэж над руу дайрахад аав нь түүнийг хорьсон. Тэгээд ...гэнэт хөлөөрөө миний бэлэг эрхтэн рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд маш ихээр өвдөж босож суугаад арай гайгүй болоод Аь ах хүү болох Эыг цааш авч яваад над дээр буцаж ирээд Аь ахын хамтаар хонь байсан газар руу хамтдаа явж хонио барих гээд байж байхад Э ирэн хонь барьж өгөөд тэгээд би хонио аваад гэр рүү явсан...” /хх-н 5/ гэх,
гэрч З.Хаянжамалын: ”... Тухайн өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг 4 дүгээр багт байх хөдөө гэртээ өглөө босоод цайгаа уучхаад хүү болох Эын гэрийг буулгаад ханыг нь үдэж байхад ...Жамбал хонь авах гээд манайд ирсэн. Тэгээд би илүү гэртээ хоол унд хийж байхад гадна хүмүүс маргалдаад байхаар гэрээс гарч харахад Э, Жамбал хоёр хоорондоо маргалдаж байхад хүү болох Э Жамбалыг нэг удаа гуя хэсэг рүү өшиглөхөөр Аь Жамбалыг аваад цааш явсан...” /хх-н 7, 104/ гэх,
гэрч Б.Аийн: “...Тухайн үед Э нь гэрийнхээ ханыг үдэж байсан учраас гартаа хутга барьсан байсан. Харин барсан хутгаараа Жамбалыг ална гэж хэл амаар доромжилж дайраагүй. Тухайн гэрийн ханийг үдэж хийхэд шөвөг болон хутга ашигладаг юм. Тухайн өдөр би гэртээ байхад Жамбал нь манайхаар орж ирчхээд хажуу талд байх хүргэн Аказынд орохоор явсан. Тэгээд Э нь хажуу талд байх Аказынд орчихоод буцаж орж ирээд Жамбал Налайх дүүрэг рүү явах болоогүй гэж байна гээд мотоциклоо унаад Налайх дүүргээс эхнэр хүүхдээ явахаар явсан. Тэгээд би малдаа яваад ирсэн чинь Жамбал нь миний машины дугуй хагарчихсан байна Э хагалаад явчихлаа гэхээр юу гэж хагалах билээ дээ эхнэр хүүхдээ авах гээд мотоциклтой Налайх дүүрэг рүү явсан шүү дээ гэж хэлээд Жамбалд чи Э хагалахыг харсан юм уу гэхэд хараагүй гэж хэлэхээр нь би гэр рүүгээ орсон...” /хх-н 102/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 441 дугаартай шинжээчийн “...К.Жын биед баруун төмсөгт зөөлөн эдийн няцралт, хуухнагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-н 13-14/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 07/46 дугаартай шинжээчийн “...Зах зээлийн хандлагаар нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ үнэлгээний өдрөөр 90.000 /ерэн мянга/ төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна...” /хх-н 115-123/ гэх дүгнэлтүүд,
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 1/, шүүгдэгч А.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-н 27-39/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийг нь түр хугацаагаар алдагдуулах үр дагаварт хүргэсэн байдлаар илрэх бөгөөд Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн шүүгдэгч А.Эад холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч А.Эад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч А.Эын хохирогч К.Жтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар давсаг тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна.
Хохирогч К.Ж “хэргийн талаар А.Э, гэрч Б.Аь, З.Хаянжамал нар худал мэдүүлэг өгсөн тул хэргийг дахин шалгаж, үнэн зөв шийдэж өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14-т зааснаар Монгол Улсын иргэн нь “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” үндсэн эрхийг баталгаатай эдэлдэг.
Мөрдөн шалгаж ажиллагааны шатанд мөрдөгчөөс гэрч Б.Аь, З.Хаянжамал нараас мэдүүлэг авахдаа хуульд заасан эрхийг нь тайлбарлаж, мэдүүлэг өгөхийг зөвшөөрсний үндсэн дээр мэдүүлэг авсан байна. Шүүх тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх гэрч нарын мэдүүлгийг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх талаар хянаж үзсэний үндсэн дээр бүхэлд нь үнэлж хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Иймд хохирогч К.Жын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхойлох хэсэггүй бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэсэн шаардлагыг хангаагүй байгаад дүгнэлт хийж цаашид дахин ийм төрлийн алдаа гаргахгүй байхад анхаарах шаардлагатайг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч К.Жын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ