Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00351

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00351

 

 

С.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 103/ШШ2020/00660 дугаар шийдвэртэй

С.Оийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Ч, М.Н нарт холбогдох

зээлийн гэрээний үүргийн биелэлт 3 086 360 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүй төлсөн 5 740 369 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, хариуцагч нарын өмгөөлөгч ......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Н, Л.Ч нартай сайн танилууд, М.Нг надад мөнгө хэрэгтэй байна гээд ярихаар нь би тухай бүрт нь хүссэн хэмжээгээр нь 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдэг байсан. 2019.2.7-ны өдөр 150 000 төгрөг, 2019.02.13-ны өдөр 400 000 төгрөг, 2019.02.18-ны өдөр 250 000 төгрөг, 2019.02.21-ний өдөр 200 000 төгрөг, 2019.02.27-ны өдөр 400 000 төгрөг, 2019.03.09-ний өдөр 550 000 төгрөг, 2019.03.17-ны өдөр 150 000 төгрөг, 2019.03.21-ний өдөр 100 000 төгрөг, 2019.03.28-ны өдөр 150 000 төгрөг, 2019.04.05-ны өдөр 350 000 төгрөг, 2019.04.11-ний өдөр 150 000 төгрөг, 2019.04.18-ны өдөр 150 000 төгрөг М.Нд бэлнээр, 2019.05.03-ны өдөр 150 000 төгрөг, 2019.05.09-ний өдөр 550 000 төгрөгийг М.Нямүрэнд бэлнээр, 2019.05.24-ний өдөр 400 000 төгрөг, 2019.05.29-ний өдөр 300 000 М.Нд бэлнээр, 2019.06.04-ний өдөр 150 000 төгрөг, 2019.06.17-ны өдөр 500 000 төгрөгийг М.Нд бэлнээр, 2019.07.01-ний өдөр 100 000 төгрөг, 2019.07.07-ны өдөр 200 000 төгрөгийг тус тус 20 удаагийн үйлдлээр нийт 5 350 000 төгрөг өгсөн. Үүнээс 1 850 000 төгрөгийг М.Нд бэлнээр, 3 500 000 төгрөгийг түүний нөхөр Л.Чомбын Хаан банкны 5750036139 тоот дансанд шилжүүлсэн. Бид албан ёсоор зээлийн гэрээ хийж байгаагүй бөгөөд би тэдэнд өгсөн зээлээ тэмдэглэдэг, М.Н орж ирэхээрээ гарын үсэг зурдаг байсан. Тэд элдэв шалтаг тоочсоор зээл болон зээлийн хүүг төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Хүү Ч.Баттулга нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээл болон зээлийн хүүнээс 2 798 640 төгрөгийг төлсөн. Би найз гэдэг утгаараа тэдэнд мөнгө зээлсэн. Тийм ч учраас гэрээ байгуулж, гарын үсэг зуруулаагүй юм. Энэ мөнгө зээлэх харилцаа олон жилийн турш үргэлжилсэн. Н сүүлд буюу 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 20 удаагийн үйлдлээр надаас нийт 5 350 000 төгрөгийг зээлсэн. Одоо үүсээд буй маргаан нь үүнтэй холбоотой. Тэд өмнө нь надаас мөнгө зээлдэг байхдаа дандаа хүүтэй зээлдэг байсан. Хариуцагч нар ч хүүтэй зээлдэг байснаа сайн мэдэж байгаа. Эхэндээ би хариуцагч нар руу залгаж мөнгө өгөхийг шаарддаг байсан, тэд сүүлдээ залгахаар утсаа авахаа больсон болохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч сүүлд зээлсэн мөнгийг өмнөх зээлсэн мөнгөөс салгаж аваад сүүлийн мөнгийг нэхэмжлээд байна гэж тайлбарлаж байна. Би зээлүүдийг салгаж хүү тооцоогүй, М.Н мөнгөний боломжгүй үедээ шаардлагатай байгаа мөнгөө надаас зээлж аваад нөхрийнхөө буюу Чомбын цалинг буухаар буцааж төлдөг байсан өөрөөр хэлбэл зээлүүд тухайн тухайн үедээ тооцоод дуусгавар болдог байсан. Тэгэхээр хариуцагч нарын надаас зээлсэн өмнөх бүх зээл дуусчихсан, одоо хамгийн сүүлд зээлсэн мөнгөө төлөөгүй болохоор нэхэмжлэл гаргасан. М.Н, Л.Ч нараас зээлийн үлдэгдэл төлбөр 2 551 360 төгрөг, үндсэн зээлийн нэг сарын хүү 535 000 төгрөг нийт 3 086 360 төгрөгийг Л.Ч, М.Н нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар маань 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 5 350 000 төгрөгийг нэхэмжлэгч С.Оээс зээлсэн нь үнэн боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид яагаад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна вэ гэвэл нэхэмжлэгч сүүлд авсан буюу дээр дурдсан хугацааны зээлийг өмнөх зээлээс тусад нь салгаж аваад түүндээ хүү тооцоод байгаа болохоор зөвшөөрөхгүй байгаа. 2014 оноос эхлээд талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн бөгөөд тэд нэхэмжлэлд дурдсан байгаа шиг бага хэмжээгээр, олон удаагийн үйлдлээр мөнгө зээлж, буцааж хүүтэй төлдөг байсан. 2014 оноос 2019 оныг хүртэлх хугацаанд хариуцагч нараас нэхэмжлэгчид өгсөн мөнгө нь тэдний нэхэмжлэгчээс авсан мөнгөнөөс их байгаа болохоор одоо нэхэмжлэгчид мөнгө төлөхгүй харин ч илүү төлсөн мөнгөө авъя гээд шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд үүссэн зээлийн харилцаа нь нэхэмжлэлд дурдсанаар зөвхөн 2019 оны 2 дугаар сараас эхлээгүй, 2014 оноос эхлэн хариуцагч нар нь нэхэмжлэгчээс мөнгө зээлж байсан. 2017 он хүртэл бичгээр байгуулсан зээлийн гэрээгүй ч зээлийн хүүд үндсэн зээлийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө төлж, хариуцагч тал хохирч байсан. Энэ үеийн зээл, хүүд төлөх төлөлтүүд ихэнхдээ бэлнээр хийгддэг байсан. 2017 оноос 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд авсан нийт зээл 11 380 000 төгрөг болно. 11 380 000 төгрөгийн зээлийн төлөлтөд 15 199 783 төгрөг төлүүлсэн. Эдгээр зээлийн гэрээг бичгээр хийгээгүй. Иймд хүүд тооцож төлүүлсэн 15 199 783 төгрөгөөс 11 380 000 төгрөгийг хасаад 3 819 783 төгрөг, бэлнээр авсан мөнгөний хүүд төлсөн 1 920 586 төгрөгийг нэмээд нийт 5 740 369 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндэслэлгүй авсан байна. Сөрөг нэхэмжлэлийг 2017 оноос 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх тооцоог хамруулж гаргасан. Иймд С.Оээс үндэслэлгүй авсан 5 740 369 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч С.О шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би М.Н, Л.Ч нартай найзууд болохоор л 2014, 2015 оноос хойш мөнгө зээлсэн. Тэрнээс биш найзууд биш байсан бол би ингэж мөнгө зээлэхгүй байсан. Би найз гэж итгэсэндээ 4, 5 сая төгрөг зээлж байсан. М.Н нь намайг 8 хувийн хүүтэй мөнгө зээлдгийг мэддэг байсан, хугацаа нь болохоор өөрөө бодоод миний данс руу шилжүүлдэг байсан, тэгээд над руу залгаад мөнгө нь таарч байна уу тааруулаад аваарай гэж хэлдэг байсан. Миний хувьд хариуцагч нараас нэг ч төгрөг бэлнээр авч байгаагүй, дандаа дансаар авдаг байсан. Хүнд юу гэж хугацаагүй мөнгө зээлэх билээ дээ, мэдээж хугацаатай мөнгөө зээлдэг байсан. Бидний хооронд мөнгө авч, өгөх удаан хугацааны харилцаа байдаг болохоор хугацааг нь бичиж байгаагүй нь магадгүй миний алдаа байх. Хүүг сар болгон өгөх ёстой байдаг, Нгийн мөнгө төлөх хугацаа нь тогтмол биш болохоор тэр мөнгө авсан өдрийг дэвтэр дээрээ бичээд явдаг байсан. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч . овогт .Ч, Турсага овогт . Н нараас 2 551 360 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх зээлийн хүү 535 000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 5 740 369 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 55 722 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.От олгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 106.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч М.Н, хариуцагч Л. итгэмжлэгдсэн төлөөлөгч . нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Л.Ч М.Н нарт 2019 онд 5 350 000 төгрөг зээлдүүлсэн гэж тайлбарлаж төлөгдөөгүй зээл болон хүүнд 3 086 360 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч нар 2019 онд авсан зээлээс гадна өмнө нь 2017 оноос хойш нэхэмжлэгчээс авсан нийт зээлийн асуудлаар маргасан байхад шүүх хэт нэг талыг баримталж, 2019 оны 02 дугаар сараас хойш авсан зээлд 2019 онд төлсөн зээлийн хүү хамааралгүй гэж хэтэрхий өнгөж дүгнэсэнд гомдолтой байна. Хариуцагч Л.Ч М.Н нар нь 2017 оноос эхэлж тооцож 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 11 380 000 төгрөгийг зээлж авсан байдаг ба үүнд 5 740 369 төгрөгийн хүү төлөх хуулийн үндэслэл байхгүй байсан гэж нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч тал энэ талаар тайлбараа гарган оролцсон байхад сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлд хамаарахгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагч нарт 2017-2019 онд хэдэн удаа, ямар хэлбэрээр, хэдэн төгрөг зээлдүүлсэн, хариуцагч нар нэхэмжлэгчид буцааж хэдэн удаа, ямар хэлбэрээр нийт хэдэн төгрөг төлсөн зэрэг асуудлыг огт дүгнээгүй улмаас Иргэний хуульд энэ нь хэрхэн нийцэж байгаа талаар огт дүгнэлт өгөөгүй зэргээр шүүх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч С.Оийн мөнгө хүүлэх зорилгоор 2017-2019 оны хүүтэй зээл олгосон 11 380 000 төгрөгийн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч бидэнд 5 740 369 төгрөгийг буцаан олгох нь үндэслэлтэй болохыг тогтоолгохыг шүүхээс хүсч байна. Шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалт нь хүүг хүлээн зөвшөөрч төлсөн зээлдэгчийн эрхэд хамааралгүй зээлийн тохирсон хүүгийн хамт зөвшөөрч төлсөн тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний хоорондох харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.3 дахь хэсэг гэсэн тусгайлсан заалтууд байхад анхан шатны шүүх тухайн харилцаанд ямар ч хамааралгүй 199 дүгээр зүйлийн 199.3 дахь заалтыг хэрэглэж, хуулийн илэрхий тодорхой заалтыг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь бүрэн дүүрэн бүх талаас нь дүгнэж чадаагүй гэж үзэж гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч С.О нь М.Н, Л.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 3 086 360 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч үндэслэлгүй төлсөн 5 740 369 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч нарт 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 20 удаагийн үйлдлээр 5 350 000 төгрөг зээлүүлснээс 2 798 640 төгрөг буцаан төлсөн, үлдэх мөнгөө төлөөгүй гэж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...5 350 000 төгрөгийг өмнөх зээлийн мөнгөнөөс тусад нь авч үзэх боломжгүй, 2017-2019 оны хооронд нийт 11 380 000 төгрөг зээлж авсан, зээлийн төлөлтөд 15 199 783 төгрөг төлсөн тул илүү төлөлттэй байна гэж тус тус тайлбарлажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Талууд 2019 оноос өмнө мөнгө зээлж байсан болохоо хэн аль нь үгүйсгээгүй боловч зээлийн тооцооны асуудлаар маргаж, нэхэмжлэгч С.О ...хариуцагч нар өмнө авч байсан зээлийн мөнгийг хүүтэй нь эргүүлж төлсөн гэж, хариуцагч М.Н, Л.Ч нар ...дурьдсан хугацааны зээлийг өмнөх зээлээс тусад нь салгаж аваад нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэсэн зөрүүтэй тайлбаруудыг гаргажээ.

Мөн хэрэгт авагдсан С.О, хариуцагч Л.Ч нарын дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч С.О нь 2017-2019 оны хооронд хариуцагч Л.Чомбын дансанд нийт 9 530 000 төгрөгийг шилжүүлсэн, мөн бэлнээр 1 850 000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч нар нийт 11 380 000 төгрөг авсан талаар маргаагүй. Хариуцагч Л.Ч нэхэмжлэгч С.Оийн данс руу 2017-2019 оны хооронд нийт 12 402 143 төгрөгийг буцаан шилжүүлсэн, мөн 2 798 640 төгрөгийг 2019 онд төлсөн нийт 15 200 783 төгрөг шилжүүлсэн бичгийн баримт авагдсан . /хх.5-14, 28-50/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ зохигчид зээлийн гэрээний дагуу зээлийн хүү төлж байсан эсэх, зээлийн гэрээний дагуу хариуцагч нарт ямар үүрэг үүссэн, уг гэрээний үүргийг хэрхэн биелүүлсэн, 2019 оны зээлийг тусад нь авч үзэх үндэслэлтэй эсэх талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй, хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзэхээргүй байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 103/ШШ2020/00660 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 148 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ц.ИЧИНХОРЛОО