2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/00733

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: С.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Г-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэнээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Н*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А*******,

Хариуцагч Г.Г*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Н******* нь хариуцагч Г.Г*******д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.С.Н******* би Г.Г*******тэй 2013 онд танилцаж хамтран амьдарсан бөгөөд бидний дундаас 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүү Г.М*******, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин Г.А******* нар төрсөн. Г.Г******* хамтран амьдрах хугацаанд гэр бүлдээ анхаарал хандуулахгүй, намайг байнга хэл амаар доромжилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан бөгөөд цагдаад өгснөөс хойш гар хүрэхээ байсан. Г.Г******* нь одоо үргэлж чамаас сална гэж хэлдэг болсон бөгөөд гэртээ бараг ирэхээ байсан. Иймээс би Г*******тэй дахин цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Г*******гийн М*******, Г*******гийн А******* нарт хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү гэсэн.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие Г.Г*******тэй хамт амьдарч байсан, бид дундаасаа 2 хүүхэдтэй. Бид дахин хамтран амьдрах боломжгүй тул хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээж, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 2.Хариуцагч Г.Г******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр ойлголцохгүй байгаа тул хамтран амьдрах боломжгүй гэдгийг зөвшөөрч байна. Тиймээс хоёр хүүхдийн асрамжийн талаар маргахгүй, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлгийг төлнө гэв.

 3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.М*******, Г.А******* нарын төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс насанд хүрээгүй хүүхэд Г.М*******, Г.А******* нарын саналыг асууж тэмдэглэлийг хэрэгт хавсаргаж баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч С.Н******* нь хүү Г.М*******, охин Г.А******* нарыг өөрөө асран халамжилж өсгөн хүмүүжүүлж байгаа тул хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч Г.Г******* нь хүү Г.М*******, охин Г.А******* нарыг өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.С.Н*******, Г.Г******* нар нь 2013 онд танилцаж, тэдний дундаас 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүү Г.М*******, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин Г.А******* нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 3-4-р хуудас/

4.2.Нэхэмжлэгч нь хүү Г.М*******, охин Г.А******* нарыг өөрийн асрамжид өсгөн хүмүүжүүлж байгаа гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь хүү Г.М*******, охин Г.А******* нарыг өөрийн хүүхэд мөн эсэх талаар маргаагүй, эхийн асрамжид үлдээхэд татгалзахгүй гэсэн.

4.3.Иймд хариуцагч нь хүү Г.М*******, охин Г.А******* нарыг эхийн асрамжид үлдээхэд татгалзахгүй гэж тайлбарласан, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Г.М*******, охин Г.А******* нарыг эх С.Н*******ын асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.

5.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдлэж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч С.Н******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хариуцагч Г.Г*******гээс шаардах эрхтэй, хариуцагч Г.Г******* нь хүү Г.М*******, охин Г.А******* нарыг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

5.1.Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38.3-д эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасан, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу гаргуулахаар нэхэмжилсэн тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Г.Г*******гээс хүү Г.М*******, охин Г.А******* нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй байвал амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

6.Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар эцэг байх эрхийг шүүх хязгаарлаагүй тохиолдолд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд харин ч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ёстой.

6.1.Хэдийгээр талууд гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдраагүй гэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг хэн аль нь хүлээх ёстой.

6.2.Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Г.Г*******д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх С.Н******* нарт тус тус даалгах нь зүйтэй гэж үзэв.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Г.М*******, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Г.А******* нарыг эх С.Н*******ын асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Г.М*******, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Г.А******* нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй байвал амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Г.Г*******гээр тэжээн тэтгүүлсүгэй

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх С.Н*******д даалгасугай.

 4.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч С.Н******* нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Г.Г*******д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх С.Н******* тус тус даалгасугай.

 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН