| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2025/00086/И |
| Дугаар | 192/ШШ2025/00737 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/00737
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.З-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэнээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.С*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
Хариуцагч Б.З*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.С******* нь хариуцагч Б.З*******т холбогдуулан өдөр өнжүүлэхийн төлбөр болох 500 000 төгрөг, охины цэцэрлэгийн төлбөр 500 000 төгрөгийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Би Б.З*******тай 2013 онд танилцаж, улмаар дотносож 2 хүүхэдтэй болсон. Одоо хүү 3.Т******* 9 настай, охин 3. Т******* 5 настай. Бид гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд хүүхдүүд эцгээрээ овоглодог болно. Хамтран амьдраад 10 гаран жил болж байна. Бид салж байгаа бөгөөд хүүхдүүд эхийн асран халамжинд үлдэж байгаа тул хүүгийн өдөр өнжүүлэхийн төлбөр болон охины цэцэрлэгийн төлбөр төлөхтэй холбогдуулан тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг Б.З*******т холбогдуулан гаргаж байна. Миний бие орон сууцны зээл, цалингийн зээл болон машины зээл төлдөг тул төрсөн хүү 3.Төгс-Эрдэний өдөр өнжүүлэхийн төлбөр болох 500 000 төгрөг, охины цэцэрлэгийн төлбөр болох 500 000 төгрөгийн хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Тус төлбөрийг Голомт банкны Э.С*******гийн 2515******* тоот харилцах дансанд сар бүрийн 5-ны өдрийн дотор шилжүүлэг хийхээр тохируулж өгнө үү гэсэн.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн тайлбартай холбогдуулаад өөрчилж байна. Учир нь хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа хүүхдийн тэтгэлийг хуульд зааснаар төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн байгаа тул миний бие хариуцагчаас хуульд зааснаар хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байна. Харин хүүхдүүдэд шаардлагатай үед гарах нэмэлт зардал болон сургалт, цэцэрлэг, өдөр өнжүүлэхийн төлбөрийг тухайн үед гаргуулах болно. Миний бие Б.З*******тай уулзаж үерхэж байгаад хүүхдүүдээ төрүүлсэн. 2024 оны 11 сараас салж тусдаа амьдарч байгаа юм. Бид харилцан тохиролцож хүүхдийн тэтгэмж өгөөд тусдаа амьдрахаар болсон боловч өгөөгүй учраас шүүхэд хандсан. Хуульд зааснаар хүүхдийн тэтгэлгийг тогтоолгоход татгалзах зүйлгүй. Хүүхдүүдийг аавтай нь сард 1 удаа уулзуулмаар байна, хариуцагч хүсэлтдээ сард 5 удаа уулзаж байна гэсэн боловч хүүхдүүд нас бага байгаа болохоор өссөн дассан орчинг нь байнга өөрчлөөд байх боломжгүй, мөн ханиад хүрээд өвдөөд байвал хүүхдүүдэд хэцүү байна. Түүнээс хүүхдүүдтэйгээ уулзах, утсаар ярих, баярын өдрүүдэд уулзах, эцэг байх үүргээ биелүүлэхэд нь татгалзах зүйлгүй гэв.
2.Хариуцагч Б.З******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч Б.З******* миний санхүүгийн орлого, зарлага амьдралын нөхцөл байдлыг харгалзан Монгол улсын Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу шүүхээс тэтгэлэг тогтоосон тохиолдолд татгалзах зүйлгүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хүүхдүүд эхийн асран халамжид үлдэж байгаа гэсэн бөгөөд уг шийдвэрийг нэхэмжлэгч Э.С******* өөрөө ганцаараа гаргасан шийдвэр юм. Хариуцагч Б.З******* миний бие хэрвээ хүүхдүүдээ харж асран халамжил гэвэл татгалзах зүйл огт байхгүй бөгөөд нэхэмжлэгч нь миний эцэг байх эрхийг хязгаарлаж хүүхдүүдтэй уулзуулахгүй, холбоо бариулахгүй, утсаар яриулахгүй байгаад гомдолтой байна. Иймд үр хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзаж, утсаар ярих эцэг байх үүргээ биелүүлэх хуульд заасан эрхтэйг шийдвэртээ тусгаж, тайлбарлаж өгнө үү.
Нэхэмжлэгч Э.С******* нь одоогийн нөхцөл байдлаар Б.З******* миний эцэг байх, үр хүүхэдтэйгээ уулзах эрхийг минь хязгаарладаг тул анхаарч өгнө үү. Иймд миний бие үр хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзаж байхыг хүсэж байна. Иймд сард 5 удаа уулзаж байх мөн баярын өдрүүдээр чөлөөтэй уулзаж байх. Иймд энэхүү хүсэлтийг минь харгалзан үзэхийг хүсэж байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Амгалан-ӨРӨХ ӨЭМТ-ийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн ******* хорооны тодорхойлолт, Ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн тодорхойлолт, Нийслэлийн 35 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, З.Т*******, З.Т******* нарын төрсний гэрчилгээ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хариу тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Дижитал зээлийн эрх нээх гэрээ, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Э.С******* нь хүү З.Т*******, охин З.Т******* нарыг өөрөө асран халамжилж өсгөн хүмүүжүүлж байгаа тул эцэг Б.З*******аас хүүхдийн тэтгэлгийг гаргуулахаар шаардсан.
3.Хариуцагч Б.З******* нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, өөрийн хүүхдүүд гэдгийг хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу төлөхөд татгалзахгүй, харин хүүхдүүдтэйгээ сард 5 удаа уулзаж байх, мөн баярын өдрүүдээр чөлөөтэй уулзаж байх хүсэлтэй байна гэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Э.С*******, Б.З******* нар нь 2013 онд танилцаж, тэдний дундаас 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү З.Т*******, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр охин З.Т******* нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар гэсэн бичгийн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 9-10-р хуудас/
4.2.Нэхэмжлэгч нь хүү З.Т*******, охин З.Т******* нарыг өөрийн асрамжид өсгөн хүмүүжүүлж байгаа гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь хүү З.Т*******, охин З.Т******* нарыг эхийн асрамжид үлдээхэд татгалзахгүй, хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар төлнө гэсэн.
4.3.Хариуцагч нь хүү З.Т*******, охин З.Т******* нарыг эхийн асрамжид үлдээхэд татгалзахгүй гэж тайлбарласан, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү З.Т*******, охин З.Т******* нарыг эх Э.С*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.
5.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдлэж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Э.С******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хариуцагч Б.З*******аас шаардах эрхтэй, хариуцагч Б.З******* нь хүү хүү З.Т*******, охин З.Т******* нарыг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
5.1.Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38.3-д эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасан, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу гаргуулахаар нэхэмжилсэн тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Б.З*******аас хүү З.Т*******, охин З.Т******* нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй байвал амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
6.Хариуцагч Б.З******* нь шүүхэд гаргасан тайлбартаа хүүхдүүдтэй сард 5 удаа уулзаж байх, мөн баярын өдрүүдээр уулзаж баймаар байна гэсэн бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасан.
6.1.Мөн Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар эцэг байх эрхийг шүүх хязгаарлаагүй тохиолдолд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд харин ч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ёстой.
6.2.Хэдийгээр талууд гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдарч байсан гэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг хэн аль нь хүлээх ёстой.
6.3.Хариуцагч нь хүүхдүүдтэйгээр сард 5 удаа уулзаж байх, мөн баярын өдрүүдээр уулзаж баймаар байна гэсэн бөгөөд нэхэмжлэгч нь хүүхдүүд бага насны учир байн байн өссөн дассан орчинг нь өөрчлөөд байх нь хүүхдүүдэд хүндрэлтэй тул сард 1 удаа уулзуулна гэсэн боловч хүү З.Т******* 9 настай, охин З.Т******* 5 настай, хариуцагчтай уулзах, утсаар ярих зэргээр эцэг байх эрхийг нь зөрчих, хязгаарлах үндэслэл тогтоогдохгүй байна.
6.4.Иймд хүү З.Т*******, охин З.Т******* нарын эцэг, эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхийг нь хангаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар сард 2 удаа хүү З.Т*******, охин З.Т******* нарыг эцэг Б.З*******тай нь уулзуулж байх, мөн баярын өдрүүдээр уулзуулж байхыг эх Э.С*******д даалгах нь зүйтэй гэж үзэв.
6.5.Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.З*******т, Б.З*******ын эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.С*******д даалгах нь зүйтэй гэж үзэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү З.Т*******, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин З.Т******* нарыг эх Э.С*******гийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү З.Т*******, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин З.Т******* нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй байвал амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.З*******аар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Э.С*******д даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Э.С******* нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.З*******т, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.С*******д тус тус даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар хүү З.Т*******, охин З.Т******* нарыг сард 2 удаа, мөн баярын өдрүүдээр эцэг Б.З*******тай нь уулзуулж байхыг эх Э.С*******д даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН