Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/47

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2023       6           08                                             2023/ДШМ/47                      

 

 

 

                                  Д.М, М.Ё, Б.Л нарт

                                                холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Л.Наранхүү,

            Шүүгдэгч Б.Лгийн өмгөөлөгч Т.Баярцэцэг,

            Шүүгдэгч Б.Л

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Лгийн өмгөөлөгч Т.Баярцэцэгийн давж заалдах гомдлоор Д.М, М.Ё, Б.Л нарт холбогдох эрүүгийн 2134002550141 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О М овогт Дгийн М, 1995 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, малчин, ам бүл 4, Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багт түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Ц овогт Мын Ё, 1999 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Завхан Мандал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, малчин, ам бүл 5, Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багт түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Х овогт Бийн Л, 2001 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж 2 дугаар багт оршин суух хаягтай, одоо Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багт түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

Д.М нь согтуугаар 2021 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Зөөхий” гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Лтэй маргалдан зодолдож, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, баруун бугалга, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

М.Ё нь согтуугаар 2021 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Зөөхий” гэх газар Цэрэнпунцагтай зодолдож байх үед салгах гэж байсан иргэн Б.Цэрмааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Б.Л нь согтуугаар 2021 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Зөөхий” гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Мтэй маргалдан зодолдож, улмаар Б.Мийг зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар цээж, хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар, М.Ёад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар, Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч О М овогт Дгийн Мийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц овогт Мын Ёыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Х овогт Бийн Лг “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч М.Ёыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгж буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900,000 төгрөгийг торгох ялыг, шүүгдэгч М.Ёад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,500,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Д.М, М.Ё нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж,

Шүүгдэгч Д.М, М.Ё, Б.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн модон бариултай хутга нэг ширхэг, 85 см урттай нэг ширхэг модыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М, М.Ё нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Лгийн өмгөөлөгч Т.Баярцэцэг давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 20 өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Б.Лгийн өмгөөлөгч Т.Баярцэцэг би эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар Бийн Лг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дгийн М. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мын Ё нарыг гэм буруутайд тооцож ял халдаан шийдвэрлэсэн.

Б.Лгийн хувьд Д.Мийн биед хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөг. Харин өмгөөлөгчийн зүгээс Б.Лгийн үйлдлийг хүний биед хүнд гэмтэл учруулсан боловч хэргийн зүйлчлэлийг тохироогүй гэж үзэж гомдол гаргаж байна.

Хэргийн талаар товчхон дурдахад 2021 оны 8 дугаар сарын 14-ны орой Төв аймгийн Жаргалант суманд Тулга гэх айлд Ё, М, Л, Энхтуяа, Болороо гэх хэсэг хүмүүс нийлж архи ууцгаасан байдаг. М нь бие заслаа хэмээн хэлээд гэрээс гарч яваад буцаж орж ирж ариун цэврийн цаас асуухад Л нь наад шүүгээн дээр байгаа гэж хэлэхэд ололгүй Лг чи гараад миний бөгсийг долоогоод өгөх юм уу гэж олон хүний дэргэд доромжлон дорд байдлаар харьцсан байдаг. Л нь би яахаараа долоодог юм гэж хэлээд өнгөрсөн. Ингээд М нь гарч яваад буцаж орж ирэхдээ Энхтуяа, Л нар зэрэгцээд сууж байхад нь хоёуланг нь шанаа руу нь ташраар нь цохьж авсан болох нь бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог бөгөөд шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан. Л М нар барьцалдан авч гэрээс гарсан байдаг. Ингээд гадаа гарч барьцалдан авсан байхад Ё нь салгасан. Гэтэл М нь Ёыг хазсан тул Ё, М нар зодолдож улмаар М нь Лгийн хамар руу маш хүчтэй цохисон байдаг бөгөөд хамар нь хугарч хамраас нь цус гарсан, ингээд л хохирогчийг хутгалсан байдаг. Үйл явдал гэрийн хажууд л болдог бөгөөд тийм их цаг хугацаанд болоогүйг гэрч Энхтуяагийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн мэдүүлэгт тодорхой байдаг. Энэ цаг үед Лгийн сэтгэцийн хэвийн байдал алдагдсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Гэтэл анхан шатны шүүх уг үйлдлийг “...Энэ үйл баримтаас харахад шүүгдэгч Лгийн зүгээс хүндээр доромжлогдсон, нэр хүнд нь гутаагдсан, сэтгэл зүйн эмгэг байдалд орсон гэх хууль бус үйлдлүүд хохирогч Мийн зүгээс үүсгээгүй тул хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан бий болж түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм” гэжээ.

Хохирогч М нь ариун цэврийн цаасаа олохгүй болохоороо Лг бөгс долоогоод өгөх юм уу гэж гэж хэлж доромжлох, бие засаж орж ирээд эгчийнх нь хамт цохиж авах, улмаар хамрыг нь хугартал цохиж цус гаргах зэргийг хохирогчийн зүй бус үйлдэл биш гэж байгаа нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хэргийн материалаас харахад М нь хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн мэдүүлдэггүй өөрийгөө зөвтгөж, архи согтууруулах ундаа уугаагүй, унтаж байсан гэдэг боловч дараа дараагийн мэдүүлгээрээ архи уусан, цохисон зэргээ мэдүүлдэг.

Мийн Лг доромжилсон байдал, биед нь халдсан байдал, гэмтэл учруулсан байдал зэрэг үйлдлүүдэд "санаа сэтгэл" тайван амгалан байх, хэвийн байдаг, хүмүүсийн хоорондын тогтсон харилцаа гэж үзэх боломжгүй. Анхнаасаа энэ олон хүн гэмтэж, бэртэж гэмт хэрэгт гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч М анх эхэлж хэрүүл маргаан зодооныг эхлүүлсэн түүний зүй бус үйлдлээс болсон болох нь хэргийн материалаас харагддаг.

Шүүгдэгч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн зүй бус үйлдлийн талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлсэн бөгөөд тааламжгүй доромжилсон байдалтай харьцсан, цохисон талаар мэдүүлэгтээ хэлдэг. Энэхүү сэтгэл зүйн хувьд хохирогчийн зүй бус үйлдлийг өөрт нь хэрхэн туссаныг Б.Л мэдэхээс бусад хамт байсан хүмүүс мэдэх аргагүй юм.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 192 дугаар тогтоолд: Санаа сэтгэлийн хүчтэй цочрол, давчдал нь хохирогчийн нэг бус удаагийн хууль бус үйлдлийн хариу болж үүсэж, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэл болох бөгөөд хохирогчийн хууль бус үйлдэл нь гэмт этгээдийн хувьд хүлээгээгүй нөхцөл байдалд, түргэн зуур болдог онцлогтойгоос гадна гэмт этгээдийн санаа шууд болон шууд бус хэлбэрээр илэрч болохыг анхаарвал зохино гэжээ.

Мөн Монгол улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 525 дугаартай тогтоолд Эрүүгийн эрх зүйн "санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан" гэх ойлголтыг тодорхойлоход зөвхөн анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгт тулгуурладаггүй бөгөөд хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл, түүний үр дагавар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэхүйд хэрхэн хортойгоор нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт юм гэжээ.

Түүнчлэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгт байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээдийн сэтгэл зүй тодорхой цаг хугацаанд тэсэрч, сэтгэл санааны хүчтэй цочролд орж, улмаар хүнийг алах, хүнд гэмтэл учруулахад хүргэдгээрээ "хүнийг алах" буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс ялгагддаг болно гэж Монгол улсын дээд шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 360 дугаартай тогтоолд тайлбарлажээ.

Б.Лгийн хувьд бага насанд нь эцэг нь өөд болсон, ээж дүү нарын хамт мал маллаж амьдардаг, өрх гэрээ авч яваа эд цэл залуу насандаа байгаа залуу бөгөөд өөрийн хийсэн үйлдэлдээ чин санаасаа гэмшиж, хохирогчид гэмт хэрэг үйлдсэн үеэсээ тусалж эдгээх гэж эрмэлзэж байсан болно. Иймд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэргийн зүйлчлэлийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан байна. Б.Лгийн хувьд гэрээсээ хутга авч гараад Д.Мийг 5 удаа хутгалсан байдаг. Иймд зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Лгийн өмгөөлөгч Т.Баярцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч Д.Мийн буруутай үйлдлийн улмаас Б.Лгийн санаа сэтгэл нь цочрон давчдаж түүний биед хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал байдаг. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.М, М.Ё, Б.Л нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч Б.Лгийн өмгөөлөгч Т.Баярцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2021 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Зөөхий гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Лтэй маргалдан зодолдож, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, баруун бугалга, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол,

Шүүгдэгч М.Ё нь согтуугаар 2021 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Зөөхий гэх газар Цэрэнпунцагтай зодолдож байх үед салгах гэж байсан иргэн Б.Цэрмааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол,

Шүүгдэгч Б.Л нь согтуугаар 2021 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Зөөхий гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Мтэй маргалдан зодолдож, улмаар Б.Мийг зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар цээж, хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн үйл баримт нь дараах хавтаст хэрэгт авагдаж, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар судлагдсан

Хохирогч Б.Лгийн: "...М буцаж орж ирээд Энхтуяа эгч бид хоёрыг зүүн орон дээр сууж байсан чинь ...ташраар нь шанаа руу цохиод авсан. Би яагаад байна гээд Мийг бариад автал хоорондоо хэд хэд цохилцоод гэрийн гадаа үүдэнд гараад цохилцоод эхэлсэн. Тэгсэн М миний хамар руу цохиод авсан... хэсэг зодолдоод дууссаны дараа миний гарт хутга байсан. Хутгаа гэрийн баруун талын поошигны  ард шидээд дээгүүрээ өмсөж явсан хүрмээ гэрийн хойно тайлаад шидсэн" /1хх-н 39-41/ гэх,

Хохирогч Б.Цэрмаагийн: "... би Ёыг араас нь очоод цээжээр нь тэврээд авсан чинь Ё гараа арагш нь савлаж миний толгой руу хэсэг цохисон.         ...Баруун гар луу хөлөөрөө өшиглөж хугалсан, зүүн гараас нь хазсан, толгой руу 2-3 удаа гараараа цохисон, зүүн талын нүд тухайн үедээ хөхөрсөн байсан, би маш их гомдолтой байна..." /1хх-н 24-27, 36/ гэх,

Хохирогч Д.Мийн: "2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ...би гэрт жоохон сууж байгаад Ёыг явъя гэсэн чинь байж бай пивоо уучхаад явна гэсэн. Лхагваа намайг байж бай гээд байхаар нь би Лг нэг удаа алгадаад гэрээс гарсан. Л намайг түлхэж гаргаад, Лг цааш нь түлхээд газар унагаасан, цаанаас Ё гэрээс гараад ирсэн. Ёыг явъя гээд хувцаснаас нь татсан чинь Ё намайг хөлөөрөө дэгээдээд дээр дараад унасан. Ё миний дээрээс дараад зууралдаж байхад Л миний хажуу руу цохих шиг болсон, гараараа дараад үзтэл цус гарч байсан. ...Лг чи намайг хутгалчихлаа гээд доошоо хараад хэвтсэн. Тэгэхэд Энхтуяа, Болороо хоёр гарч ирээд Ё, Л хоёрыг салгаад би зугтаагаад цааш гэрийн гадаа байсан машин доогуур мөлхөж орж нуугдсан юм..." /1хх-н 14-20, 209/ гэх,

Хохирогч М.Ёын: "...М гэрээс гараад бие засаад орж ирээд шууд Лг цохиод авсан. Тэгээд энэ хоёр гэрээс барилцаад гарсан. Би араас нь гарахад гэрийн баруун хаяанд хоёулаа зууралдаад зогсож байхаар нь хоёр тийш салгахаар буцаж зууралдаад байсан. ...М миний гарыг хазаад авсан. Мийг цааш нь салгаад дагуулаад явж байтал Л алга болсон байсан тэр үед л хутга аваад гэрээс гараад ирсэн юм шиг байна лээ..." /1хх-н 31-35, 56/ гэх,

Гэрч Б.Болормаагийн: "...М гэрээс гараад пизда би алхаад явчих юм уу гээд гэрээс гарсан юм. Удалгүй буцаж орж ирээд Л, Энхтуяа хоёрыг ташраар нь цохиод авсан, Л босож ирээд Мтэй зууралдаад гэрээс гараад зодолдсон. ...Энхтуяа бид хоёр Ё М, Л нарыг дийлэхгүй байсан... " /хх-н 46-47/ гэх,

Гэрч Б.Энхтуяагийн: "...М гаднаас орж ирээд Л бид хоёрыг ташраар нь цохиод авсан юм. Л намайг цохичихлоо гэж бодоод өө яаж байна гээд Мтэй барилцаад авсан. Бие биеэ цохиод л ноцолдоод эхлэхээр нь би та нар гэрт зодолдоод гадаа гарч зодолд гээд түлхээд гэрээс гаргасан. Араас нь Ё, Болороо эгч бид хэд салгах гээд үзтэл салгаж чадахгүй байсан юм..." /1хх-н 50-52/ гэх,

Гэрч М.Ёын: "...М гэрээс гарч яваад буцаж орж ирээд Лг орон дээр сууж байхад нь шууд орж ирээд цохиод авсан. Тэгээд Л, М хоёр гэрээс гараад зууралдаад ноцолдоод эхэлсэн..." /1хх-н 56/ гэх,

Насанд хүрээгүй гэрч Д.Цэрэнпунцагийн: "...Ёыг ээж согтуу байхаар нь дээрээс нь дараад газар хэвтсэн чинь манай ээжийн нүүр рүү 2 цохиод, гарыг нь хазаад авсан..." /1хх-н 48/ гэх,

Гэрч Б.Энхтуяагийн: "...Цэрмаа эгч Ёыг дараад унасан юм. Тэгсэн Цэрмаа эгчийг нүүр рүү нь цохиж авсан. Би энэ үед чи болиоч ээ, Цэрмаа эгчийг цохиод байхдаа яах вэ дээ гэж хэлээд Ёыг татаад авах гэтэл Ё Цэрмаа эгчийн баруун гарыг нь хазаад авсан. ...Ё, М, Л нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ...Тэгэхэд Ё доороос нь гараараа нүүр, шанаа руу нь цохиж байсан. ...Ё, М, Л гурав зодолдоод М рүү нөгөө хоёр нь нийлээд зодоод эхэлсэн. М Ётай зодолдож байх үед Л гэр рүү гүйгээд хутга аваад Мийн хутгалсан байх гэж бодож байгаа..." /1хх-н 51-52, 58-59/ гэх,

Гэрч Б.Лгийн: “...М ах гэрт буцаж орж ирээд Энхтуяа эгчийг орж шууд цохиод авсан. Би М ахыг бариад авсан. М намайг цохиод гэрийн гадаа гараад М бид хоёр гарч зодолдоод дээр доороо ороод л зодолдоод байсан. Миний хамар руу М цохиж аваад хамраас цус гарсан. Цусаа тогтоох гээд байж байтал Ё намайг өмөөрөөд Мтэй ноцолдоод байсан. Би гэрт ороод цусаа тогтоочхоод гэрээс гарахдаа уурандаа хутга авч гараад Мийн хажуу талаас хутгаар 4-5 удаа хатгаад гэрийн баруун талд цэнхэр поошигны араар хутгаа шидчихээд гэрт ороод араас Ё орж ирээд бид хоёрыг гэрээс гаргахгүй гээд Энхтуяа эгч хорьсон...” /1хх-н 43-44/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 7738 дугаартай шинжээчийн “Б.Лгийн биед хамар ясны далд хугарал, баруун бугалга, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." /1хх-н 92-93/ гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 7762 дугаартай шинжээчийн “...Б.Цэрмаагийн биед зүүн 3 дугаар хавирганы зөрүүтэй, 4,5-р хавирганы зөрүүгүй далд хугарал, баруун шуу, бугуйн үений зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." /1хх-н 76-77/ гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 7795 дугаартай шинжээчийн “...Д.Мийн биед баруун 4,5-р хавирганы түвшин дэх цээжний баруун хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, уушгины авчилт, цээжний хөндийн цусан хураа, хэвлийн баруун хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтэрч бөөр гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." /1хх-н 86-88/ гэх дүгнэлтүүд зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ё, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Л нарт яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Д.М, М.Ё, Б.Л нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Д.М, М.Ё, Б.Л нарын  үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч М.Ёыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Лгийн өмгөөлөгч Т.Баярцэцэг “...хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.2 дугаар 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг нь хохирогчийн зүгээс хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж доромжлох зэргээр гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж хохирогчийн биед гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс  яллагддаг.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах нөхцөл байдал нь сэтгэцийн өндөр зэргийн тэсрэлтээр илэрнэ. Энэ нь тухайн хүний сэтгэцийг ердийн байдлаас гаргаж, ухамсарт оюун санааны үйл ажиллагааг сааруулж, зан үйлийн сэдээлт, өдөөлтийн үед сонголт хийх боломжийг хязгаарлаж, өөрийгөө хянах, өөрийн үйл ажиллагааг зөв үнэлэх зэрэг байдлыг алдагдуулж, өөрийн зан үйлийн үр дагаврыг үнэлж цэгнэх боломжгүй болгодог.

Д.Мийн хохирогчоор өгсөн: “...Ёыг явъя гээд хувцаснаас нь татсан чинь Ё намайг хөлөөрөө дэгээдээд дээр дараад унасан. Ё миний дээрээс дараад зууралдаж байхад Л миний хажуу руу цохих шиг болсон, гараараа дараад үзтэл цус гарч байсан. Тэгэхэд Лгийн гарт хутга байсан. Лг чи намайг хутгалчихлаа гээд доошоо хараад хэвтсэн. тэгэхэд Энхтуяа, Болороо хоёр гарч ирээд Ё, Л хоёрыг салгаад би зугтаагаад цааш гэрийн гадаа байсан машин доогуур мөлхөж орж нуугдсан юм..." /1хх-н 14-20/ гэх,

Б.Лгийн гэрчээр өгсөн: “...гэрийн гадаа гараад М бид хоёр ...зодолдоод дээр доороо ороод л зодолдоод байсан. Миний  хамар руу М цохиж аваад хамраас цус гарсан цусаа тогтоох гээд байж байтал Ё намайг өмөөрөөд Мтэй ноцолдоод байсан. Би гэрт ороод цусаа тогтоочхоод гэрээс гарахдаа уурандаа хутга авч гараад Мийн хажуу талаас хутгаар 4-5 удаа хатгаад гэрийн баруун талд цэнхэр поошигны араар хутгаа шидчихээд гэрт ороод араас Ё орж ирээд бид хоёрыг гэрээс гаргахгүй гээд Энхтуяа эгч хорьсон...” /1хх-н 43-44/ гэх мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар хэрэг учрал болох үед хохирогч Д.Мийн зүгээс хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж доромжлох зэргээр гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсан гэх нөхцөл байдал байгаагүй, шүүгдэгч болон хохирогч нар архидан согтуурч хоорондоо маргалдсаны улмаас харилцан зодолдож нэг нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Лгийн санаа сэтгэл цочрон давчидсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Лгийн өмгөөлөгч Т.Баярцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Лгийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 48 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Т.Баярцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Лгийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 48/дөчин найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    М.МӨНХДАВАА                                      

 

                              ШҮҮГЧИД                                     З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ