| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/01869/И |
| Дугаар | 192/ШШ2025/00843 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/00843
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г******* ХХК /РД:*******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хятад хэлний орчуулагчийн ажилд эргүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, дутуу орсон цалин хөлс болох 3 135 449 төгрөг гаргуулах, 12 сарын хугацаанд илүү цагаар ажилласны нэмэгдэл 39 866 680 төгрөг гаргуулах, ээлжийн амралтын цалин 3 380 000 төгрөг гаргуулах, 2023 оны 1, 2 сарын утасны төлбөр 200 000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.А*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******,
Гэрч Н.Ө*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.А******* нь хариуцагч Г******* ХХК-д холбогдуулан хятад хэлний орчуулагчийн ажилд эргүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, дутуу орсон цалин хөлс болох 3 135 449 төгрөг гаргуулах, 12 сарын хугацаанд илүү цагаар ажилласны нэмэгдэл 39 866 680 төгрөг гаргуулах, ээлжийн амралтын цалин 3 380 000 төгрөг гаргуулах, утасны 2023 оны 1, 2 сарын төлбөр 200 000 төгрөг гаргуулах буюу ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б******* овогтой А******* би 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хариуцагч компанид Хятад хэлний орчуулагч албан тушаалд ажилласан бөгөөд үндсэн цалинг 7 000 юаниар тохирч, цалин хөлсийг шилжүүлэх өдрийн Монгол банкны ханшаар тооцож олгохоор тохирсон болно. Ажилд анх ороход л хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулья гэхэд бүх ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байгаа, хуульчаас хөдөлмөрийн гэрээний төсөл бэлэн болохоор гэрээг чинь байгуулна гэж хэлээд өдийг хүртэл хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байсан. Үндсэн цалинг 2022 оны 7 дугаар сараас эхлэн дутуу тооцож олгосон богоод дутуу олгосон цалин хөлс нийт 2 014 600 төгрөг, мөн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг олгоогүй байна. Компани хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчиж, ажилд орсон хугацаанаас эхлэн буюу 10 сарын хугацаанд 12-14 цагаар буюу өдөр дор хаяж 4 цагаар илүү ажилладаг байсан. Илүү цагаар ажилласан тохиолдолд нөхөж амраадаггүй, илүү цагийн холсийг бодож олгодоггүй байсан. Илүү цагаар ажилласны нэмэгдэл нийт 39 899 680 (сард 136 цаг, 1 сард 3 989 968, нийт 10 сар ажилласан) төгрөг гаргуулах ёстой байна. Мөн ээлжийн амралтыг эдлээгүй, ээлжийн амралтын цалинг (нэг сарын дундаж цалин хөлс 3 305 360 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс 73 895 төгрөг, 15 хоног) бодож олгоогүй. Хариуцагч компани өөрийн ажлыг хийлгэхээс гадна өөрийн хамаарал бүхий Н******* ХХК (рд:*******), И ХХК (рд:), Г ХХК (рд:), И ХХК (рд: )-д цалин хөлсгүйгээр худалдан авалт, хангамжийн ажлыг хийлгэдэг байсан. Эхнэр П.Н, П.Н нартай холбогдуулан дарамталж, Гүйцэтгэх захирал Y 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажлаас хөөж, ажлын болон ажлын автомашины түлхүүрийг хураан авсан, ажлаас халсан тушаал, шийдвэрээ танилцуулаагүй, бичгээр өгөөгүй болно. Уг асуудлаар 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ажил олгогч Г******* ХХК-д холбогдуулан гомдол гаргасан. Улмаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 57 дугаар бүхий хуралдааны тэмдэглэл үйлдэж, Хуралдааны тэмдэглэлийн VI-р хэсэгт ажил олгогч Г******* ХХК-нд Хятад хэлний орчуулагчийн ажилд эргүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгах, 2022 оны 7 сараас хойш дутуу орсон цалин хѳлс болох 2 014 600 төгрөгийг гаргуулах, 12 сарын хугацаанд илүү цагаар ажилласны нэмэгдэл 39 866 680 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан 1 сарын хугацааны цалин холс болох 7 000 юаныг гаргуулах, ээлжийн амралтын цалин 3 380 000 төгрөг гаргуулах, утасны төлбөр 1, 2 сарын төлбөр 200 000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч компани тус шийдвэрийн дагуу ажилтны гомдлыг сайн дураар шийдвэрлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154.11 дэх заалт. Монгол улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор батлагдсан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрмийн 3.15-д заасан журмын дагуу Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 57 тоот хуралдааны тэмдэглэлийг баталгаажуулах хүсэлтийг тус шүүхэд гаргасан болохыг дурдаж байна. Иймд хариуцагч компанид холбогдуулан Хятад хэлний орчуулагчийн ажилд эргүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгах, ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулах, дутуу орсон цалин хөлс болох 3 135 449 төгрөг гаргуулах, 12 сарын хугацаанд илуу цагаар ажилласны нэмэгдэл 39 866 680 төгрөгийг гаргуулах, ээлжийн амралтын цалин 3 380 000 төгрөгийг гаргуулах, утасны 2023 оны 1, 2 сарын төлбөр 200 000 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэсэн.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр захирлын орчуулагчаар ажилд орсон, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ажлаас халагдах талаар амаар хэлсэн. Би 2023 оны 3 дугаар сард Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд гомдол гаргасан боловч хариуцагч биелүүлээгүй буюу зөвшөөрөөгүй тул шүүхэд гомдлоо гаргасан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Миний цалин дансны хуулгаар 7000 юань байсан гэдэг нь тогтоогдоно. Надад 2-3 сая төгрөг ордог байсан. Би ажилгүйдлийн тэтгэмж авдаг байсан учраас нийгмийн даатгалын шимтгэл хэд төлж байгааг мэдээгүй. /2022.05.09-ноос 2022.09.30 хүртлэх НДШ төлөгдөөгүй байсан/ Харин 10 сараас ажилд орсон гэсэн тушаал гарснаас хойш л нийгмийн даатгалын шимтгэлд цалин 800 000 төгрөг гэсэн байхаар асуусан чинь угаасаа ингэж төлдөг юм гэсэн. Илүү цаг тухайн үед захирлууд дансаар олгодог байсан болохоор энэ талаар гомдол гаргаагүй байсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг үндэслэн дурдсан нэхэмжлэлийн шаардлагуудаас ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, ажилгүй байсан хугацааны олговор 29 795 220 төгрөгийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нэг талын санаачилгаар, үндэслэлгүйгээр цуцалсан 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж буй 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 9 сар ажилгүй байсан байна. Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалин нь 7000 (долоон мянга) юань ба үүнийг Монголбанкнаас зарласан 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 472.94 ханшаар тооцвол нэг сарын үндсэн цалин 3 310 580 төгрөг болж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно., 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор, мөн журмын 1.6-т заасан журмын дагуу нэг сарын дундаж ажлын өдрийг 21 хоног, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож, нэг сар, нэг өдөр, нэг цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо журмын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3-ыг баримтлан тооцоолсон болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл,нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан. Нэг сарын дундаж цалин хөлс = 3 310 580 төгрөг (7000 х 472.94), нэг өдрийн дундаж цапин хөлс = 157 646 төгрөг (3 310 580 төгрөг /21 хоног), нэг цагийн дундаж цалин хөлс = 19 705 төгрөг (157 646 төгрөг/8 цаг), 8 сарын дундаж цалин хөлс = 29 795 220 төгрөг (3 310 580 төгрөг х9 сар). Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговор 29 795 220 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмж гаргаж байна гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Компанид нэхэмжлэгч нь хятад хэлний орчуулагчаар ажилд орсон, сарын цалин нь 800 000 төгрөг байсан. Мөн хөдөлмөрийн гэрээг танилцуулсан байдаг. Өөрөө ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа учраас хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэсэн. Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.4.5-д шалтгаангүйгээр 4 дээш хоног тасалсан бол ноцтой зөрчилд тооцогдоно гэж заасан. Нэхэмжлэгч 4 хоног ажилдаа огт ирээгүй, байгууллагын машиныг 7.1.4.4-д заасныг зөрчиж авч явсан байдаг. 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д зааснаар гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Иймд тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн цалин нь 800 000 төгрөг байсан гэдэг нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар тогтоогдоно. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс томилсон тушаал дээр ч 800 000 төгрөгөөр цалинг тогтоосон байдаг. Илүү цалин өгдөг байсан учраас дансны гүйлгээгээр тогтоогдоно гээд байгаа боловч дансны гүйлгээ дээрх Г цалин гэсэн нь түүний цалинд шилжүүлсэн, бусдыг нь бол мэдэхгүй. Хятад захирлууд өөрсдөө мөнгө шилжүүлсэн нь компанийн цалинтай хамааралгүй. Мөн илүү цагийн мөнгө, дутуу олгосон цалин гээд байгаа боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Хэрэв эрх нь зөрчигдсан цаг хугацаандаа цалин хөлсийг олгоогүй гэж үзэж байсан юм бол хугацаандаа гомдлоо гаргаагүй. Мөн ээлжийн амралтын мөнгийг тооцон шилжүүлсэн гэсэн, мөн утасны төлбөрт нэмэлтээр төлбөр төлнө гэсэн тохиролцоо бол хийгээгүй, энэ талаарх баримт байхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №57 дугаар Хуралдааны тэмдэглэл, дансны хуулга, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс Y-тай харилцсан зурвасыг орчуулсан бичвэр, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШЗ2023/06297 дугаар Хүсэлт хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж, шүүхэд гаргасан хүсэлт, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №57 дугаар Хуралдааны тэмдэглэл, /хэргийн 2-20, 92, 201-250-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хуулийн этгээдийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, Г******* ХХКийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №22/03 тоот Журам батлах тухай тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, Г******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №23/1-1 тоот Захиралын тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, Ажилтан сонгон шалгаруулж, ажилд авах тухай журам, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №22-10/01 тот Цагаан хад салбар, Г******* ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Захиралын тушаал, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Зөрчлийн бүртгэлийн хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/139 дүгээр Шийтгэх тогтоол /хэргийн 25-28, 52-69, 74, 120-121, 129-134, 138-139, 194-198-р хуудас гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Хил хамгаалах ерөнхий газраас БНХАУ-ын иргэн Y-гийн 2023, 2024 онд Монгол улсын хилээр орсон, гарсан талаарх лавлагааг /хэргийн 136, 142-143-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь Г******* ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул хятад хэлний орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр гаргуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, дутуу олгогдсон цалин хөлс 3 135 449 төгрөг, илүү цагаар ажилласан нэмэгдэл 39 866 680 төгрөг, ээлжийн амралтын цалин 3 380 000 төгрөг, 2023 оны 1, 2 сарын утасны төлбөр 200 000 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Б.А*******ыг ажлын байранд 4 өдөр дараалан ирээгүй ажил тасалсан, компанийн эзэмшлийн автомашины түлхүүрийг авч явж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, хөдөлмөрийн гэрээг байгуулсан, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулсан, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй тул ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах үндэслэлгүй, цалин дутуу олгогдоогүй, илүү цаг ажилласан нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалинг шаардах хуульд заасан хугацаа хэтэрсэн, утасны төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцоогүй гэж үгүйсгэсэн.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч Б.А******* нь Г ХХК-нд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орчуулагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан болох нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын №61/22 дугаартай тушаал, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.
4.2.Хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №22-10/01 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /Цагаан хад салбар/-нд Б.А*******ыг орчуулагчийн ажлын байранд орон нутагт уртын ээлжээр 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хугацаагүй байгуулсан боловч уг гэрээнд талууд гарын үсэг зураагүй байна.
4.3 Г******* ХХК-ийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 37/23-Б/ч дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Г ХХК-ийн Дотоод журмын холбогдох зүйл заалтыг үндэслэн ажилтан Б.А******* нь 2022.3.1-ний өдрөөс эхлэн ажлын байранд 4 хоног дараалан ирээгүй нь Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан байх тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлжээ.
4.4.Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тухай 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №37/23-Б/ч дугаартай тушаалыг хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж зааснаар маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан болох нь 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны №57 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд талууд харилцан тохиролцоогүй тул мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан тухай гомдлоо шүүхэд гаргасан байна.
5.Талуудын маргааны зүйл нь ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, цалин хөлстэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагч компанид орчуулагчаар ажиллаж байсан талаараа маргаагүй болно.
6.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр цуцласан байх бөгөөд нэхэмжлэгчийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын байранд 4 хоног дараалан ирээгүй, компанийн эзэмшлийн автомашины түлхүүрийг авч яваад хүлээлгэн өгөөгүйгээс ажил тасалдаж, хохирол учирсан ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно гэсэн.
6.1.Г ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн №22/03 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалын хавсралт 2-р Хөдөлмөрийн дотоод журмыг, 2023 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн №23/1-1 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмыг №2-р хавсралтаар тус тус баталсан байх бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.4.5-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын дараалсан 3 /гурав/ хоног эсхүл сард 3 /гурав/ хоног, түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор заажээ.
6.2.Хариуцагч нь нэхэмжлэгч Б.А*******ыг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан буюу 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 4 хоног ажил тасалсан болох нь хэрэгт авагдсан зөрчил бүртгэлийн хуудас, цагийн бүртгэл, гэрч Б.С, С.Ренчиндолгор нарын мэдүүлгээр тогтоогдоно гэсэн.
6.3.Хэрэгт авагдсан Г ХХК-ийн Зөрчил бүртгэлийн хуудсаар ...зөрчил гаргасан огноо: 2023.03.01, гаргасан зөрчлийн тухай дэлгэрэнгүй тэмдэглэл: ажилтан Б.А******* нь 2023 оны 3 сарын 01-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй, Компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн түлхүүр авч яваад өгөөгүй, хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох ямар журмыг зөрчсөн эсэх: Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.4.5-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын дараалсан 3 хоног ба түүнээс дээш тасалсан гэжээ.
6.4.Мөн Г ХХК-ийн 2023 оны 3-р сарын цагийн бүртгэлд Б.А******* 3 сарын 1-31 хүртэл Т гэж бүртгэсэн, цагийн бүртгэл гаргасан хүний нөөцийн менежер Б.С гэсэн байна.
6.5.Гэвч хариуцагчийн тайлбарт болон зөрчил бүртгэлийн хуудсанд дурдсан компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн түлхүүр авч яваад өгөөгүй гэсэн нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №37/23-Б/ч дугаартай тушаалд дурдагдаагүй байх тул энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
6.6.Мөн хэрэгт авагдсан Г ХХК-ийн 2023 оны 3-р сарын цагийн бүртгэлийг хүний нөөцийн менежер Б.С бүргэсэн гэсэн боловч шүүх хуралдаанд гэрч С.Р ...оффис дээр сууж бол огт ажиллаж байгаагүй. Харин гадуур ажилладаг байсан. Ингэхдээ компанийн машиныг унаж дарга нарыг хүргэх ажилтай явж байсан, Б.С нь ...бүртгэлээ эксел дээр бүртгээд явдаг, би бүртгэж явдаг байсан. Тэгээд Б.г гарах үед нь би эмнэлэгт хэвтэж байсан учраас намайг орлож байсан Б.Б хөтлөөд явж байсан гэж мэдүүлсэн байх бөгөөд хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн цагийн бүртгэлийг Б.С бүртгэсэн гэсэн нь зөрүүтэй, нэхэмжлэгч нь орчуулагчаар оффис дээр суудаггүй, гадуур ажиллаж байсан гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг нь баримтаар тогтоогдсонгүй гэж үзэж, түүнийг орчуулагчийн ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.
6.7.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-д ажил олгогч энэ хуульд заасны дагуу хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид ажлын байраар хангах, 48 дугаар зүйлийн 48.1-д ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагчид хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгах нь зүйтэй гэж үзэв.
7.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заажээ.
7.1.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн дундаж цалинг 7000 юанаар харилцан тохиролцож, цалинг олгож байсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, гэрч Н.Ө*******ийн мэдүүлэг, 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн №2024/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоолоор нотлогдоно гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дундаж цалин 800 000 төгрөг болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт, дансны хуулгаар цалин гэсэн баримтуудаар тогтоогдоно гэж мэтгэлцсэн.
7.2.Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтаар даатгуулагчийн цалин 800 000 төгрөг гэсэн боловч нэхэмжлэгчийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2022 оны 10 сарын 01-нд 3 248 000 төгрөг, 2022 оны 11 сарын 02-нд gh гүйлгээний утгатайгаар 1 638 833 төгрөг, Г ОУТ ХХК-аас цалин 655 200 төгрөг, gh гүйлгээний утгатайгаар 159 300 төгрөг, 2022 оны 11 сарын 06-нд Y гүйлгээний утгатайгаар 766 666 төгрөг, 2022 оны 12 сарын 03-нд gh гүйлгээний утгатайгаар 3 220 000 төгрөг, 2022 оны 12 сарын 27-нд Г ОУТ цалин 655 200 төгрөг, Y гүйлгээний утгатайгаар 2 564 800 төгрөг, 2023 оны 1 сарын 31-нд Y гүйлгээний утгатайгаар 3 220 000 төгрөг, 2023 оны 2 сарын 17-нд Y гүйлгээний утгатайгаар 1 610 000 төгрөг, 2023 оны 3 сарын 01-нд Y гүйлгээний утгатайгаар 1 610 000 төгрөг тус тус шилжин орсон байна.
7.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх Г ОУТ цалин гэсэн нь цалинд тооцогдоно, бусад нь компаниас олгогдсон цалинд хамаарахгүй гэсэн боловч нэхэмжлэгч нь Y гэдэг нь Цагаан хад салбарын захирал гэж тайлбарласан, гэрч С.Р, Н.Ө******* нар шүүхэд мэдүүлэхдээ хятад захирлаас илүү цагийн мөнгө ордог, тухайн орсон мөнгө нийт цалин гэж мэдүүлсэн.
7.4.Мөн хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолоор БНХАУ-ын иргэн Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн удирдах гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
7.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийтгэх тогтоол нь хэрэгт хамааралгүй гэсэн боловч БНХАУ-ын иргэн Я /Ya/ нь Г ГХО ХХК-ийн удирдах буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа 2021 онд 1326 даатгуулагч, 2022 оны 2510 даатгуулагч, 2023 оны 4 дүгээр сарын байдлаар 1874 даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг худал мэдүүлсэн талаар дүгнэсэн байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн цалинг 7000 юань гэж тооцсон нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
7.6.Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийг хүртлэх 1 жил 10 сар 17 хоногийн хугацааны дундаж цалинг 7000 юань буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д заасан гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэснээр 1 юанийг 472,94 төгрөгөөр тооцож, 75 390 920 /7000 юань х 472,94 төгрөг =3 310 580 төгрөг, 12сар х 3 310 580=39 726 960 төгрөг, 10сар х 33 105 800 төгрөг, 1хоног 150 480 төгрөг, 17хоног х 150 480=2 558 160 төгрөг, 39 726 960+33 105 800+2 558 160=75 390 920 төгрөг/ төгрөгийн олговрыг хариуцагч Г ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
8.Нэхэмжлэгч нь дутуу олгогдсон цалин хөлс 3 135 449 төгрөг, илүү цагаар ажилласан нэмэгдэл 39 866 680 төгрөг, ээлжийн амралтын цалин 3 380 000 төгрөг, 2023 оны 1, 2 сарын утасны төлбөр 200 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, цалин хөлсийг дутуу олгосон, илүү цагаар ажиллуулж байсан болох нь Б.А*******ын Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Ятай харилцсан гэх ажлын чатад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно гэсэн.
8.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.2-д энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь 2022 оны 7 сараас эхлэн үндсэн цалинг дутуу олгосон, илүү цагаар ажиллуулсан, ээлжийн амралтыг эдлүүлээгүй гэсэн боловч хуульд заасан хугацаанд эрхээ хамгаалуулахаар хандаж байгаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбар үндэслэлтэй байна.
8.2.Мөн нэхэмжлэгч нь 2023 оны 1, 2 сарын утасны төлбөр 200 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч талууд утасны төлбөрийг төлөх талаарх харилцан тохиролцсон эсэх талаарх баримтгүй, мөн 2023 оны 1, 2 сарын утасны төлбөр хэдэн төгрөг болсон талаарх төлбөрийн баримтыг ирүүлээгүй тул хариуцагчаас утасны төлбөр 200 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
9.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж зааснаар хариуцагч Гуо Хуй олон улсын тээвэр ХХК-нд нэхэмжлэгч Б.А*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зөрүүг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.А******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 805 006 төгрөгийг /357 283+69 030+6 650+65 117+306 926/ улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Г******* ХХК-иас 534 904 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.3, 43.2.7, 154 дүгээр зүйлийн 154.2.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.А*******ыг Г ХХК-ийн орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Г ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 75 390 920 төгрөгийг гаргуулж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрын тодорхойлолтыг бичгээр байгуулах, ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж, дутуу орсон цалин хөлс болох 3 135 449 төгрөг, 12 сарын хугацаанд илүү цагаар ажилласны нэмэгдэл 39 866 680 төгрөг, ээлжийн амралтын цалин 3 380 000 төгрөг, 2023 оны 1, 2 сарын утасны төлбөр 200 000 төгрөг гаргуулахыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.А******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 805 006 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Г******* ХХК-иас 534 904 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН