Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 56

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал,

хохирогч Я.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Н.Арвинтариа,

           насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Ариунгоо,

            гэрч Б.Мөнхбаяр,

            шинжээч И.Базаррагчаа,

           шүүгдэгч Ц, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л Ц, Б М нарт холбогдох эрүүгийн 201619000245 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хаувираа ажилтай мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй Долоон ноёд овогт Л Ц гэв.

 

Монгол улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч-цагдаагийн ажилтан мэргэжилтэй, хувираа ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй Гөрөөчин овогт Б М гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар /

Шүүгдэгч Ц 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 20 цаг 37 минутын үед Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Бяцхан сүүжийн овоотой хөтөл гэх газарт Тоёото Ланд-70 маркийн 97-98 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт “энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй машин, ..-ыг” ашиглахыг хориглоно” 3.5-д заасан “нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтыг зөрчсөнөөс Бын жолоодож явсан Nissan Wingroad маркийн 58-28 ДАР улсын дугаартай, Л.Жамбалын жолоодож явсан Nissan Tiida маркийн 86-98 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж зорчигч М.Ундрам, М.Саруул, Б.Нарангоо, Э.Ариунгоо, жолооч Б нарын бие махбодид хөнгөн, зорчигч Я.Мөнхжаргалын бие махбодид хүнд гэмтэл тус тус учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг,  

Шүүгдэгч Б нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 20 цаг 37 минутын үед Төв аймгийн Баянчандмань сумын нутаг, Бяцхан сүүжийн овоотой хөтөл гэх газарт Nissan Wingroad маркийн 58-28 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасан гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдолд е/эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт”, 2.20-д заасан “гүйцэж түрүүлэх хориотой” цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 7.1-т заасан “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, мөн хавсралтын 25-д заасан “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс Ц нь Бын жолоодож явсан Nissan Wingroad маркийн 58-28 ДАР  улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Л.Жамбалын жолоодож явсан Nissan Tiida маркийн 86-98 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй тус тус мөргөлдөж зорчигч М.Ундрам, М.Саруул, Б.Нарангоо, Э.Ариунгоо нарын бие махбодид хөнгөн, Я.Мөнхжаргалын бие махбодид хүнд гэмтэл тус тус учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт:

          Шүүгдэгч Б: "2016 оны 03 дугаар сарын 31-ний орой өөрийнхөө машинтай Улаабаатар хотоос Дархан чиглэлд явж байсан. Тэгээд 20 цаг 20 минутын үед миний урд явж байсан машин удаан яваад байхаар нь би гүйцэт түрүүлэх үйлдэл хийхэд Ц өөдөөс гарч ирээд мөргөсөн. Тэгээд Ц өөрөө гүйж ирээд гулгачихлаа гээд ирсэн. Гэрч Жамбал бол анх гүйцэд түрүүлэх үйлдэл хийсэн гэж мэдүүлэг өгдөг боловч сүүлд нүүрэлдүүлэн байцаахад хэлдэг байгаа. Гүйцэд түрүүлэх үйлдэл төгсөөд би даваа нь дээр гарсаны дараа осол болсон... Зам огцом өгсүүр тэмдэг тэмдэглэгээг харсан. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлсөн.” гэв.

 

Шүүгдэгч Ц: “2016 оны 03 сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу явж байсан. Тухайн үед орой үзэгдэх орчин байхгүй болсон тул би гэрлээ асаасан байгаа. Оройны 20 цаг өнгөрч байхад би даваа өөдөө өгсөж явж байхад миний өөдөөс 4 гэрэл гараад ирээд ирэхээр нь би тормоз гишгээд Мын машинтай мөргөлдсөн. Эсрэг урсгалаас М гарч ирээгүй бол би мөргөлдөхгүй байсан. Даваа нь дээр зэрэгцээд гараад ирсэн байгаа. М гэрлээ асаагаагүй үзэгдэх орчин хангалттай байсан гэдэг хэрвээ тийм байсан бол бид нар энд зогсоохгүй л байх байсан байх. М гүйцэд түрүүлэх үйлдэл хийгээгүй бол бид нар энд зогсож байхгүй байсан байх. Би хөндөлсөөд байж байхад М мөргөөд л миний машин 3 эргэсэн байгаа. М намайг мөргөсөн гээд байгаа. Би бол мөргөөгүй үүнийг гэрчүүд хэлдэг. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч хохирогч нарын хохирол барагдуулсан”гэв.

 

Хохирогч Я.Мөнхжаргал: “Баянмандмань өнгөрөөд явж байхад нэг хөх жийп мөн араас нь 1 портер явж байсан. Тэгтэл өөдөөс гэнэт ороод ирсэн тэгээд би тэр машины жолоочийг согтуу юм уу, эсвэл унтчихсан юм болов уу гэж бодсон. Тэгээд гүйж ирээд халтирчихлаа л гэж байсан. Би дэлүүгээ авахуулсан мөн 11 хавирга хугарсан байгаа. Би 6.517.503 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Сүүлд эмчилгээ хийлгээд 1.600.000 төгрөг болсон байгаа. Өмгөөлөгчийн хөлс 1.200.000 төгрөг, Нийт хохиролд 7.717.503 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч нар хохирол барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй.”гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ариунгоо: “6 өнгөрч байхад Улаанбаатар хотоос гарсан. Тухайн үед 7 цаг 20 минут болж байсан бид нар ямар нэгэн гүйцэд түрүүлэх үйлдэл хийгээд дуусчихсаны дараа бид нар шулуун эгнээндээ ороод явж байхад өөдөөс 2 машин ирж явж харагдаж байсан. Бага зэрэг бүрэнхий болж байсан. Цасан шуурга болоогүй, харагдах орчин чөлөөтэй байсан. Өөдөөс хар бараан өнгийн том жийп машин ирж байснаа өөдөөс дигналдаад ороод ирэхэд М яаж байнаа гээд замын хөвөө рүү дарсан. Тэгээд миний талаас хүчтэй мөргөлт ирж мөргөсөн байгаа. Ц шууд ирээд чигээрээ мөргөсөн байгаа. Харин бид нар зайлж өгсөн хөвөөн дээр нэг шороо байсан. Бид нарыг мөргөчихөөд арын машиныг дахиж очиж мөргөсөн байгаа. Их хурдтай явж байсан. Цонх хагарсан байсан хүүхэд уйлаад ээж орилоод байсан. Тэгээд М буугаад явахад Ц халтирчихлаа гэж хэлж байсан. Хохирлын хувьд бол манай бага хүүхдийн хөл хугарсан. Том охины толгой дээр цусан хураа үүссэн байгаа. Миний зүүн талын түнх болон биед зөөлөн эдийн гэмтэл авсан байгаа. Тэгээд бид 3-ын эмчилгээний зардалд 3.000.000 гаран төгрөг болсон. Сүүлд гарсан эмчлгээний зардал байгаа баримтаа авчираагүй байна” гэв.

 

Гэрч Б.Мөнхбаяр: “Анх 2004 онд гүйцэж түрүүлэх хориотой тэмдэгийг тавьсан байсан. Тэгээд сүүлд 2016 оны 12 сарын 04-ний өдөр хуулгыг нь солиод байрлуулсан.” гэв.

Шинжээч Б.Базаррагчаа: “Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй.... үзлэгийн үед М нь “огцом өгсүүр” тэмдэг тэмдэглэгээг хараад дүрэм зөрчихгүй байх боломжтой байсан.”гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Үүнд:  

Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос 19 цаг 30 минутын үед хүү Жамбалаар өөрийн эзэмшлийн Ниссан Тида маркийн 86-98 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодуулаад Сэлэнгэ аймаг орохоор явж байсан юм. Тухайн үед би жолоочийн хажуу талын зүүн урд талын суудалд сууж явсан. Тэгээд Төв аймгийн Баянчандмань сумын төв нэлээд өнгөрөөд явж байхад би унтаад өгсөн. Харин манай хүү Жамбал гэнэт “яажийнаа гээд” чанга орилсон. Тэгээд би яг сэрээд харахад манай зорчиж явсан эгнээний урд талд хар өнгийн Вингрөүд маркийн автомашиныг Жип маркийн машин хөндөлсөж ирээд мөргөөд манай машины зүүн хэсэгт мөргөөд өнгөрч зогссон. Тухайн үед хар машиныг мөргөх үед манай хүү машинаа зогсоосон байсан юм. Тэгээд тус машинаас хүмүүс бууж ирээд цагдаа болон эмнэлэг рүү дуудлага өгсөн. Би гүйцэж түрүүлэхийг хараагүй гэхдээ тухайн үед манай хүү болон Вингрөүд, Тоёото-Ланд-70 маркийн автомашины жолооч нар гүйцэж түрүүлэх үйлдэл даваан дээр хийлээ гэж маргалдаад байсан. Тус осол маш хурдан болоод өнгөрсөн.” гэх мэдүүлэг /хх-56 тал/,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Зулцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Манай хүүхэд тухай үед хадам ээж Мөнхжаргалын хамтаар М ахын жолоодож явсан Ниссан Вингрөүд маркийн 58-28 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зорчиж явсан юм. Миний хувьд байгаагүй тул ослын талаар мэдэхгүй. Би гомдолтой байна ослын улмаас манай хүүхэд Нарангоогийн биед баруун ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, духанд зулгаралт, түнхний зөөлөн эдийн няцрал гэмтэл авч бие махбодид нь шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Гэхдээ манай хүүхэд одоо ч гэсэн зүүн хөл нь доголоод урьдных шигээ гүйж харайж чадахгүй байгаа. Би эмчилгээ хийлгэж байгаа тул одоогоор нэхэмжлэх үнийн дүнг тодорхой хэлэх боломжгүй байна. Толгойндоо гэмтэл авч хөнгөн зэргийн гэмтсэн. Тээврийн хэрэгсэлд 1868000 төгрөгийн хохирол учирсан байсан. Би бүх зардлаа баримтаар гаргаж нэхэмжилнэ одоохондоо тодорхой хэлэх боломжгүй байна” гэх мэдүүлэг /хх-69 тал/,

 

гэрч Л.Жамбал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос 19 цаг 30 минутанд хөдлөөд Сэлэнгэ аймаг орохоор өөрийн төрсөн ээж Эрдэнэчимэгийн эзэмшлийн Ниссан тида маркийн 86-98 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм. Ээж миний хажууд буюу зүүн урд талын суудалд сууж явсан юм. Тэгээд Баянчандмань сум өнгөрөөд осол болсон давааг наад талаас нь зөөлөн өгсөж явтал нэг Вингрөүд маркийн хар өнгийн машин гүйцэж түрүүлж орж ирсэн. Тэр машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд зэрэгцээд давааны ороон дээр гарч ирээд явж байхад урдаас эсрэг урсгалд нэг машин гараад ирсэн. Би тухайн үед 50км/цаг хурдтай явсан ба тухайн үед хурдаа хасаад тооромз гишгэсэн Вингрөүд миний урдуур орох үед тэр жип автомашин тооромзлоод гулгаад хөндөлсөж манай зорчиж яваа эгнээ рүү орж ирээд хар өнгийн Вингрөүд маркийн автомашиныг зүүн гар талаас нь мөргөж нэг бүтэн эргэж ирээд миний автомашины зүүн хажуу хэсэгт мөргөж зам тээврийн осол гаргасан юм. Хар өнгийн Вингрөүд маркийн автомашиныг мөргөх үед би автомашинаа бүрэн зогсоосон байсан юм. Жип машин намайг мөргөчихөөд эрчиндээ хойшоо эргэлдээд яваад зогссон. Өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг /хх-73 тал/, ... Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Бяцхан сүүжийн даваа руу өгсөж байх үед миний тээврийн хэрэгслийн хажуугаар хар өнгийн Ниссан Вингрөүд маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх гэж орж ирсэн бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн хамар хэсэг нь миний тээврийн хэрэгслийн хамарнаас үл ялих илүү гарч явсаар даваа орой хэсэг рүү гараад ирсэн. Тухайн үед урдаас гэнэт машины гэрэл тусаад нэг том оврын жип автомашин гараад ирсэн. Миний хажуухан явж байсан хар өнгийн Ниссан Вингрөүд маркийн тээврийн хэрэгсэл миний урд тал буюу баруун тал руу огцом дарж өөрийн явж байсан замын урсгал руу орж ирэх үед эсрэг урсгалаас ирсэн жип автомашин тухайн тээврийн хэрэгслийн зүүн талаас мөргөсөн. Жип машин Ниссан Вингрөүд маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас Ниссан Вингрөүд маркийн тээврийн хэрэгсэл бүтэн эргэж миний тээврийн хэрэгслийн зүүн талаас мөргөж гулссаар миний тээврийн хэрэгслийн хойно эсрэг урсгалын хөвөө хэсэг дээр гарч зогссон” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-135 тал/,  

 

гэрч Л.Дарьсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Манай гэр бүлийн хүн Л 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нас барсан юм. Тэгээд хүү бид хоёр 49 хоногийг нь дайруулж 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл орох замдаа чандар үнсийг нь нутагт нь хийсгэсэн юм. Тэгээд Их-Уул сумандаа хоночоод 2016 оны 03 дугаар сарын 31-ний 10-11 цагийн үед Улаанбаатар хот орохоор гарсан юм. Би нарыг Төв аймгийн Баянчандмань сумын нутагт даваа өөд өгсөөд явж байхад өөдөөс 2 жижиг тэрэгний 4 гэрэл зэрэгцээд гараад ирсэн. Би хүүдээ хандаж “хүүе хүү минь олон гэрэл вэ” гэж хэлэхийн зайгүй осол болоод өнгөрсөн.” гэх мэдүүлэг /хх-78 тал/,

 

гэрч Л.Лхагва-Очирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Бид нарыг Төв аймгийн Баянчандмань сумын нутагт даваа өөд өгсөөд явж байхад өөдөөс 2 жижиг автомашины 4 гэрэл зэрэгцээд гараад ирсэн. Нэг машин нь манай явж байгаа эгнээг урсгал сөрөөд гараад ирсэн юм. Тэгээд тэр үед манай жолооч Ц тооромз гишгэх арга хэмжээ автал автомашин нь эргэлдээд эсрэг урсгал руу орж гүйцэж түрүүлж орж ирсэн хар өнгийн автомашиныг зүүн хажуу хэсэгт нь эхэлж мөргөөд дахин бүтэн эргэлдэж хойд талд нь явж байсан улаан өнгийн Тида маркийн автомашиныг мөргөж дахин 2 удаа эргээд зогссон. Тухайн үед зам маш их гулгаатай байсан. Уг осол маш хурдан хоромхон зуур болоод өнгөрсөн юм.” гэх мэдүүлэг /хх-83 тал/,

 

гэрч О.Халиуны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Осол болсон газраас урд зүгт 400-500 метрийн зайд огцом өгсүүр гэсэн тэмдэг байсан. Тухайн үед цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж зургийг нь аваагүй, үзлэгийн тэмдэглэлд тусгаагүй юм. Гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн тэмдэг бол осол гарсан газраас урд зүгт 1.7 километр орчим зайд байсан байна. Үзлэгийг хэрэг гарсан газрын ойр орчимд хийсэн болохоор хол байгаа замын тэмдэг тэмдэглэгээг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгаагүй. Тухайн нөхцөл байдалд бид өөрсдөө осол аваарт орчих боломжтой, цасан шуургатай байсан тул осол гарсан газраас хол зайд байсан тэмдэг тэмдэглэгээг хэргийн газрын үзлэгт тусгаагүй тусгах боломж байгаагүй” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-44 тал/,

 

гэрч Ж.Баттогоогийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий  аймгаас Улаанбаатар хот руу буцаж явах замд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт эхлээд нэг даваа уруудаад явж байхад Ланд Прадо маркийн саарал өнгийн жип автомашин намайг гүйцэж түрүүлээд яваад өгсөн. Тэгээд би түүний хойноос тогтмол хурдтай өөр нэг даваа өөд асфальтан замаар өгсөж явах үед буюу 21-22 цагийн үед санагдаж байна. Тэр үед урд талаас 2 машины 4 гэрэл давааны цаанаас гэнэт гараад ирсэн юм. Тэр үед миний урд талд явж байсан машин гулсаад нөгөө эгнээнд явж байсан хар өнгөтэй машиныг эхэлж мөргөөд дараа нь улаан өнгөтэй автомашиныг мөргөөд доороо 2-3 удаа эргээд зогссон. Харин удаагүй автомашины жолооч нар нь гарч ирээд 2 эрэгтэй жолооч нь бие биенийгээ чиний буруу гээд маргаад байсан. Өөр зүйл болоогүй. Тухайн үед цас орж шуурсан маш хүйтэн байсан ба замын гулгаанаас болсон байх гэж бодож байна. Мөн давааны яг орой дээр 2 машины 4 гэрэл гэнэт гарч ирсэн Тухайн жип машин болон түүний өөдөөс нь эсрэг урсгалаас гарч ирсэн 2 автомашин хоорондын зай ойролцоо, осол маш хурдан болоод өнгөрсөн.” гэх мэдүүлэг /хх-87 тал/,

 

гэрч Э.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Миний хувьд зам тээврийн осол болох үед унтаж байсан тул мэдэх зүйл алга. Хөвсгөл аймгийн Их-Уул сумаас 2016 оны 03 дугаар сарын 31-ний өглөө 10 цагийн үед Улаанбаатар хот орохоор гарсан юм. Тухайн үед Ц ах өөрийн эзэмшлийн Ланд-70 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Намайг нэг сэрэхэд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт даваа дээр гараад осол болчихсон манай машинаас гадна 2 машин осолд орсон байсан.  Би ослын үед түс тас хийсэн дуу чимээ сонсоод сэрсэн. Өөр зүйл мэдээгүй. Жолооч Ц хэлэхдээ “өөдөөс 2 жижиг автомашины 4 гэрэл зэрэгцээд гараад ирсэн нэг нь гүйцэт түрүүлээд ирсэн,би тоормоз гишгэтэл гулгаад жолооны удирдлагагүй болсон” гэж байсан” гэх мэдүүлэг /хх-91 тал/,

 

гэрч С.Батболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Ц, М нараар анх мөргөлдсөн гэх газрыг заалгаж схем зураг үйлдсэн. А цэгийг Цаар заалгахад замын зорчих хэсгийн үргэлжилсэн шугамын ертөнцийн зүгээр зүүн талд асфальтан дээр мөргөлдсөн гэж заасан. Мын хувьд асфальтан замын үргэлжилсэн шугамын ертөнцийн зүгээр зүүн талын шороон хөвөөн дээр гэж заасан. Би тухайн жолооч нарын өөрсдийн заасан А цэгийг хоёр тусад нь тэмдэглэж фото зургаар бэхжүүлсэн. Тэрнээс энэ жолооч нь А цэгийг нэг газарт зааж чадахгүй өөрсдийнхөөрөө заагаад байсан. Нөхөн үзлэг хийж байхад осол болсон зам дээр ямар нэгэн тээврийн хэрэгслийн дугуй болон өөр ул мөр үлдээгүй байсан. Уг зам нь хоёр талаасаа замын үзэгдэх орчин хязгаарлагдмал бүхий даваа байсан. Осол нь уг давааны орой хэсэгт болсон. Яг осол болсон А цэг нь давааны ертөнцийн зүгээр үл ялиг хойд хэсэгт болсон байсан. Зам нь асфальтан хучилттай, эсрэг урсгалтай хоёр эгнээ замыг тусгаарласан  үргэлжилсэн цагаан  шугамтай, замын хашлагагүй хоёр талаараа шороон хөвөөтэй тийм зам байсан. Нөхөн үзлэг хийж байхад Цаар А цэгийг заалгахад ертөнцийн зүгээр замын тусгаарлах  үргэлжилсэн цагаан шугамын зүүн талд шороон хөвөөн дээр биш асфальтан зам дээр зааж байсан. Тэгээд өөрөөр нь заалгаж фото зургаар бэхжүүлсэн. Давааны эхлэх хэсэгт огцом өгсүүр гэсэн анхааруулах тэмдэг, мөн үргэлжилсэн цагаан шугамын тэмдэглэгээ, 79 дугаартай километрийн заалт, анхны үзлэгт үл хөдлөх цэгийг ертөнцийн зүгээр баруун талд босгосон төмөр самбараар тогтоосон байсан. Өөр ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. Нөхөн үзлэг дээр Ц нь ертөнцийн зүгээр замын зүүн талын асфальтан хэсэг дээр зааж байсан. Гэхдээ яг тодорхой цэг дээр зааж чадахгүй баримжаагаар зааж байсан” гэх мэдүүлэг /хх-134 тал/,

 

шинжээч Г.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Тухайн ослын үеэр тээврийн хэрэгслүүдэд учирсан эвдрэл гэмтлүүдээр анх мөргөлдсөн А цэгийг тогтоох боломжгүй. Яагаад гэвэл хавтаст хэргийн материал дээр анх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл дээр А цэгийг жолооч нараар заалгаж тэмдэглэсэн байна. А цэгийн хүрээн дотор тээврийн хэрэгслүүдийг мөргөлтөөс үүссэн тоосон мөр мөн тээврийн хэрэгслүүдийн шарвалтын мөр болох дугуйн мөр, мөргөлтүүдээс үүссэн тээврийн хэрэгслүүдийн эвдрэлтээс үүссэн эвдэрсэн эд ангиудыг хүрээ бүрэн тусгагдаагүй учир А цэгийг тогтоох боломжгүй болж байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийн тооромсны системийн жигд бус ажиллагаа буюу тухайн тээврийн хэрэгслийн дугуйнууд өрөөлдөж барих, замын гадаргуу хэвгий, дугуйны хээ, гүний хэмжээ, хээний төрөл, хурднаас болж шарвалт үүснэ. Дээрх шалтгаанаас болж осол болох нөхцөл бүрдэнэ” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-149 тал/, 

 

гэрч С.Эрдэнэбилэг мөрддөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэгийг осол гарсан газар дээр очиж зохицуулагч цагдаагийн ахмад С.Батболд, жолооч Ц, М нарыг байлцуулан хийсэн Тус үзлэгээр осол болсон газраас урд зүгт “огцом өгсүүр”-ийг заасан тэмдэг, тэмдэглэгээ байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгаж гэрэл зургаар баримтжуулсан” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-47 тал/,

 

гэрч Б.Мөнхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Улаанбаатар хот талаасаа Бяцхан сүүжийн давааны наад талд 78 дахь км-т байрлуулсан “гүйцэж түрүүлэхийг хориглосон” тэмдэг нь 2006 оноос өмнө байсан. Огцом өгсүүр гэсэн тэмдэг нь 79 дэх км-т байдаг. Мөн цаад Дархан талаас ирэхээр бяцхан сүүжийн даваанд ойртоход “огцом өгсүүр” гэсэн тэмдэг байдаг. Даваан дээр гүйцэж түрүүлэх хориотой, яагаад гэхээр үзэгдэх орчин хягзаарлагдана. Улаанбаатар талаас 78 дахь км-т тавигдсан гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэг нь давааны цаад талд гараад аюулгүй болсон зам хүртэл буюу 87 дахь км хүртэл үйлчилнэ. 87 дахь км-т “гүйцэж түрүүлэх хориотой тэмдэгийн төгсгөл” нь байдаг. Бяцхан сүүжийн давааг Улаанбаатар талаасаа даваад цаашаагаа үзэгдэх орчин хязгаарлагдсан огцом эргэлтүүд байдаг юм. Огцом өгсүүр гэсэн тэмдэг нь 2 талаасаа даваад уруудах хүртэл үйлчилнэ. 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 78 дахь км-т байрлуулсан гүйцэж түрүүлэхийг хориглосон хуучин тэмдэгийн хуулгыг сольж шинэчилсэн. Энэ талаар фото зургаар баримтжуулсан баримтыг би өөрийн мэдүүлэгтээ хавсаргуулая. Хавсаргаж байгаа материалын 4 дэх хүснэгтэнд байгаа нь хуучин “гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэг” харин 5 дахь хүснэгт хуулгыг засаж байгаа процесс, мөн 6 дахь хүснэгтэд хуулгыг сольсоны дараах байдлыг харуулсан байгаа юм” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-57 тал/,

         

            гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас х-02/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хавтас х-12/,

осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, тухайн байцаан шийтгэх ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас х-13-18/,

зам тээврийн осол дээр тогтоосон акт / 1-р хавтас х-19/,

хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн байцаан шийтгэх ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас х-20, 22-27/,

осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, /1-р хавтас х-21,

автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас х-28, 36, 44 тал/,

гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 30-35, 38-42, 45/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №4586 тоот шинжээчийн:

 “1. Мөнхжаргалын биед дэлүүний няцрал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт /1000мл/, баруун талын 6,7, зүүн талын 8,9,10,11-р хавирганы хугарал, цээжний хөндийд хий хуралдалт, баруун нүдний зовхи, зүүн гуя, баруун, зүүн шилбэний цус хуралт, дух, баруун чихний дэлбэн, эрүүний шарх, дух, баруун хацар, зүүн алга, баруун шилбэний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-94 тал/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №4776тоот шинжээчийн дүгнэлт /хх-96 тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-98 тал/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №4775 тоот шинжээчийн шинжээчийн дүгнэлт /хх-103 тал/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №4777 тоот шинжээчийн дүгнэлт /хх-105 тал/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №4696 тоот дүгнэлт /хх-107 тал/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №4695 тоот дүгнэлт /хх-110 тал/,

“Итгэлт Эстимэйт” ХХК-ийн гаргасан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-115 тал/,

”Бэст Эстимэйт” ХХК-ийн Автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-118 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №2890 тоот шинжээчийн:

 “1.Toyota Landcruiser Prado-70 маркийн 97-98 УБЕ улсын дугаартай автомашины осол хэргийн материал ирүүлээгүй, эвдрэл гэмтлийн чиглэл, байрлал өөр байх тул анх аль талаараа мөргөлдсөнийг тогтоох боломжгүй байна.

2.Баруун, зүүн лонжерон гулзайсан, урд хөндөл төмрүүд нугарч, гулзайсан, доод хөмсөг нугарч гулзайсан, баруун их гэрэл, дохионы гэрэл, урд бамбай, нүүр байхгүй, зүүн талын их гэрэл, дохионы гэрлийн гэр байхгүй, баруун, зүүн далбаа, агаар шүүрийн хуванцар хоолой, капот, хөргөлтийн радиатор зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй байна.

3.Жолооны механизмын эд ангиуд бүрэн, урд дугуйнууд залагдаж байх тул ажиллагаатай байна. Хуурай бетон зам дээр тоормослож шалгахад баруун хойд дугуйн чирэгдсэн мөр үүсэхгүй байх тул тооромсны ажиллагаа жигд бус, зориулалтын багажгүй тул тоормосны хүч, идэвхижилтийн үзүүлэлтийг тогтоох боломжгүй.

4.Техник бүрэн бус.

5.Зүүн урд дугуйн хээний гүн, нэг тэнхлэгт өөр өөр маркийн дугуй тавьсан тул техникийн шаардлага хангахгүй.

6.Баруунаас зүүн тийш, урдаас хойш чиглэлүүдэд хатуу хар, саарал өнгийн зүйлтэй нэгээс дээш удаа харилцан үйлчлэхэд автомашины урд хэсэгт эвдрэл гэмтлүүд үүссэн байна” гэх дүгнэлт /хх-131 тал/,

 

орон нутгийн үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-142, 144 тал /,

Я.Мөнхжаргалын өвчний түүхийн хуулбар, албулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-222-241 тал/,

Бын албулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх- 245-247 тал/,

М.Саруулын албулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх- 248-250 тал/,

Э.Ариунгоогийн албулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /2-р хавтас хх-06-09 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №7201 тоот шинжээчийн:

1. “Nissan Wingroud” маркийн 58-28ДАР улсын дугаартай автомашин зүүн талаараа урдаасаа хойш чигтэй, Toyota Landcruiser Prado маркийн 97-98 УБЕ улсын дугаартай автомашин урд талаараа баруунаас зүүн гар тал руу чигтэй хурц болон босоо өнцөг үүсгэж мөргөлдсөн байх үндэслэлтэй байна.

2. Баруун, зүүн лонжерон гулзайсан, урд хөндөл төмрүүд нугарч, гулзайсан, доод хөмсөг  нугарч гулзайсан, баруун их гэрэл, дохионы гэрэл, урд бамбай, нүүр байхгүй, зүүн талын их гэрэл, дохионы гэрлийн гэр байхгүй, баруун, зүүн далбаа, агаар шүүрийн хуванцар хоолой, капот, хөргөлтийн радиатор зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй байна” гэх дүгнэлт /2-р хавтас хх-73 тал/,

хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, уг байцаан шийтгэх ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт  /2-р хавтас хх-119-121, 124-126 тал/,

зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /2-р хавтас хх-122 тал/,

 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 00000025 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-127 тал/,

 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 00000039 тоот 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт  /1-р хавтас хх-140 тал/,

 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №375 тоот 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-201-204 тал/,

             2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №11/03 тоот 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /2-р хавтас хх-49-51 тал/,

 

 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №107 тоот шинжээчийн:

“а. Хавтаст хэрэгт авагдсан материалыг судлахад ослын газрын анхны үзлэгийн тэмдэглэлд “А” цэгийг ямар үндэслэлээр авсан нь тодорхойгүй, жолоочийн зааснаар авсан /хавтаст хэргийн 12-р хуудас/, гэж тэмдэглэсэн боловч холбогдогсдын мэдүүлгээр үгүйсгэгддэг. Тээврийн хэрэгслийн дугуйн мөр, мөргөлтөөс унасан шороо, автомашины будагны хэлтэрхий, тос, бусад шингэний асгарсан байдлыг үндэслэн анх мөргөлдсөн цэгийг тогтоодог бөгөөд нөхөн үзлэгээр тогтоох боломжгүй.

б. Тоормосны мөр, дугуйн мөрийг бэхжүүлж хэмжээгүй нөхцөлд хурдыг тодорхойлох боломжгүй.

в. 2017 оны 03 дугаар сарын 16-ны нөхөн үзлэг хийсэн зам тээврийн ослын газрын үзлэгийн хэмжилтийн бүдүүвч болон фото зурагаас харахад анхааруулах тэмдэг 1.11 “огцом өгсүүр”, хориглох тэмдэг 2.20 “гүйцэж түрүүлэх хориотой” гэсэн тэмдэгүүдийн үйлчлэх хүрээнд уг зам тээврийн осол болсон гэж үзэж байна. Тэмдэг,тэмдэглэлийн хаана байсан асуудлыг үзлэг хийсэн субъектээс лавлах нь зүйтэй.

 г. Шүүх шинжилгээний үндэсний төвөөс гаргасан 2016 оны 05 сарын 05-ны өдрийн 2890 тоот дүгнэлтэнд “Тоёото Ланд-70” маркийн 97-98 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл марк, хээ өөр дугуй тавьсан /х.х-ийн 131-р хуудас/ талаар тодорхойлсон байна. Нэг тэнхлэгт марк, хээ өөр дугуй тавьсанаар уг автомашин тооромслох үед шарвалт үүсэх аюултай байдаг учраас Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтанд “ энэ хавсралтанд заагдсан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикль, мопед трактор болон өөрөө явдаг машин, мехинзмыг ашиглахыг хориглоно. 3.5:Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

 д. “ниссан вингриуд” маркийн 58-28 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.6. гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: е/эсрэг урсгал сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэл хягзаарлагдмал хэсэгт” Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт “2.20 “гүйцэж түрүүлэх хориотой” цагт 30 км бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно: Замын тэмдэглэл 7.1-хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгааралах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ. 25. 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а, б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн жолооч Б нь “Огцом өгсүүр” анхааруулах тэмдэгийг хараад дүрэм зөрчихгүй байх боломжтой байсан.

е. Хавтаст хэргийн материалыг судалахад “ниссан Тида” маркийн 86-98 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Л.Жамбал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

ё. Зам тээврийн осол гарсан гол шалтгаан нь жолооч Б Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнөөс бий болсон бөгөөд жолооч Ц нь ашиглахыг хориглосон гэмтэлтэй автомашин унаж явсан нь осол гарахад нөлөөлсөн.

ж. Дээрх асуултуудад хариулагдсан.

3. Замын тэмдэг, тэмдэглэлийн талаар бүдүүвч зураг болон үзлэгийн тэмдэглэлд тусгаагүй байсан тул үндэслэлтэй дүгнэлт гаргах боломж муутай байсан гэж үзэж байна.

И. Дахин асуух шаардлагагүй “б”-д хариулсан.

Й.Тогтоолд дурьдаагүй шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдвол, дүгнэлтэд тусгах” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хавтас хх-144-146 тал/,

 2016 оны 06 сарын 09-ний өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” /1-р хавтас хх-46 тал/,

 2016 оны 06 сарын 17-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” /1-р хавтас хх-48 тал/,

 

Шүүгдэгч Ц, Б нарын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 20 цаг 37 минутын үед Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Бяцхан сүүжийн овоотой хөтөл гэх газарт Тоёото Ланд-70 маркийн 97-98 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт “энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй машин, ..-ыг” ашиглахыг хориглоно” 3.5-д заасан “нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтыг зөрчсөнөөс Бын жолоодож явсан Nissan Wingroad маркийн 58-28 ДАР улсын дугаартай, Л.Жамбалын жолоодож явсан Nissan Tiida маркийн 86-98 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж зорчигч М.Ундрам, М.Саруул, Б.Нарангоо, Э.Ариунгоо, жолооч Б нарын бие махбодид хөнгөн, зорчигч Я.Мөнхжаргалын бие махбодид хүнд хохирол учруулсан гэм буруутай, 

Шүүгдэгч Б нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 20 цаг 37 минутын үед Төв аймгийн Баянчандмань сумын нутаг, Бяцхан сүүжийн овоотой хөтөл гэх газарт Nissan Wingroad маркийн 58-28 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасан гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдолд е/эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт”, 2.20-д заасан “гүйцэж түрүүлэх хориотой” цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 7.1-т заасан “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, мөн хавсралтын 25-д заасан “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс Ц нь Бын жолоодож явсан Nissan Wingroad маркийн 58-28 ДАР  улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Л.Жамбалын жолоодож явсан Nissan Tiida маркийн 86-98 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй тус тус мөргөлдөж зорчигч М.Ундрам, М.Саруул, Б.Нарангоо, Э.Ариунгоо нарын бие махбодид хөнгөн, Я.Мөнхжаргалын бие махбодид хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь:

 Гэрч Л.Жамбалын “...осол болох шалтгаан Вингрөүд маркийн машин нь давааны орой дээр үзэгдэх орчин хязгаарлагдмал, гулгаатай үед гүйцэт түрүүлэх үйлдэл хийсэн. Үүнээс болж өөдөөс ирж явсан жип маркийн машин даваан дээр яг тулгарснаас болж зогсоох арга хэмжээ аваад эсрэг урсгал руу орж ирээд зам тээврийн осол гарсан...”гэх мэдүүлэг /хх74 тал/,

Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд /хх-75 тал/,

Хохирогч Б.Эрдэнэчимэгийн “...Манай хүү болон Вингрөүд, Тоёото Ланд-70 маркийн машины жолооч нар гүйцэт түрүүлэх үйлдэл даваан дээр хийлээ гээд маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-76 тал/,

 Цын “...Даваа өгсөөд явж байхад өөдөөс 2 жижиг тэрэгний 4 гэрэл зэрэгцээд гараад ирсэн. Тэгээд би шууд автомашинаа зогсоох арга хэмжээ авч тормоз гишгэсэн. Гэтэл миний машин хөндөлдөж гүйцэт түрүүлж орж ирсэн М гэх залуугийн жолоодож явсан Ниссан вингрөүд маркийн 58-28 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн зүүн хажуу хэсэгт нь урд талаараа мөргөж дахин бүтэн эргээд түүний хойд талд явж байсан Жамбал гэх залуугийн машины зүүн хажуу талд нь мөргөж 2 удаа эргээд зогссон...” гэх мэдүүлэг /хх-72 тал/,

 Гэрч Л.Дарьсүрэнгийн “...даваа өөд өгсөөд явж байхад өөдөөс 2 тэрэгний 4 гэрэл зэрэгцээд гараад ирсэн. Хүүе яасан олон гэрэл бэ гэхийн зайгүй осол болсон...” гэх мэдүүлэг /хх-78 тал/,

Гэрч О.Халиуны “...замын нөхцөл байдал хүнд асфальтан хучилттай даваан дээрээ хэсэг газраа мөстсөн цаг агаарын хувьд их салхитай хүйтэн байсан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Мын хувьд “би урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлэх үйлдэл хийж дуусаад буцаад эгнээндээ ороод явж байхад өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэл мөргөсөн гэж, Цын хувьд “даваа өгсөөд явж байтал хоёр автомашины 4 гэрэл зэрэгцээд гараад ирэхээр нь би тормозоо гишгэсэн боловч зам дээр гулгаад урдаас ирж явсан машиныг мөргөсөн.”гэж тайлбар өгсөн...” гэх мэдүүлэг /хх-86 тал/,

 гэрч Ж.Баттогоогийн “...даваа уруудаад явж байхад Ланд Прадо маркийн саарал өнгийн жип автомашин намайг гүйцэж түрүүлээд яваад өгсөн. Тэгээд би түүний хойноос тогтмол хурдтай өөр нэг даваа өөд асфальтан замаар өгсөж явах үед буюу 21-22 цагийн үед санагдаж байна. Тэр үед урд талаас 2 машины 4 гэрэл давааны цаанаас гэнэт гараад ирсэн юм. Тэр үед миний урд талд явж байсан машин гулсаад нөгөө эгнээнд явж байсан хар өнгөтэй машиныг эхэлж мөргөөд дараа нь улаан өнгөтэй автомашиныг мөргөөд доороо 2-3 удаа эргээд зогссон. Харин удаагүй автомашины жолооч нар нь гарч ирээд 2 эрэгтэй жолооч нь бие биенийгээ чиний буруу гээд маргаад байсан. Тухайн үед цас ороод шуурсан маш хүйтэн байсан...” гэх мэдүүлэг /хх-87-88тал/,

гэрч С.Батболд, Н.Эрдэнэтунагалаг /хх-140-141/, Д.Золжаргал /3 хавтас хх-49 тал/, Б.Мөнхбаяр /хх-57 тал/ мэдүүлэгүүд,

2016 оны 3 сарын 31-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-12-19 тал/,

2016 оны 5 сарын 18-ны өдөр хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-20-27 тал/,

2017 оны 3 сарын 16-ны өдрийн хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, схем бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-119-126 тал/,

 Хохирогч Мөнхжаргалын биед учирсан гэмтлийг тогтоосон шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4586 дугаартай дүгнэлтэд: “...Мөнхжаргалын биед дэлүүний няцрал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт /1000мл/, баруун талын 6,7, зүүн талын 8,9,10,11-р хавирганы хугарал, цээжний хөндийд хий хуралдалт, баруун нүдний зовхи, зүүн гуя, баруун, зүүн шилбэний цус хуралт, дух, баруун чихний дэлбэн, эрүүний шарх, дух, баруун хацар, зүүн алга, баруун шилбэний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-94 тал/,

”шинжээчийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 7201 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх2хх-72-75 тал/,

шинжээчийн 2017 оны 3 сарын 26-ны өдрийн 107 дугаартай дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-144-146тал/,

  автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-28-35 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн сулагдсан гэрч Б.Мөнхбаяр, шинжээч И.Базаррагчаа нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл дээрх зам тээврийн осол нь “огцом өгсүүр”, “гүйцэт түрүүлэх хориотой” тэмдэгүүдийн үйлчлэх хүрээнд зам тээврийн осол гарсан бөгөөд шүүгдэгч Б нь анхааруулах тэмдэг харсан атлаа үзэгдэх орчин хязгаарлагдмал хэсэгт гүйцэт түрүүлэх үйлдэл хийсэн, /Шүүх хуралдааны явцад хийсэн үзлэгээр “огцом өгсүүр”, “гүйцэж түрүүлэх хориотой” тэмдэг тэмдэглэгээний хорионы төгсгөл хэрэг учрал гарсан газраас цаашаа 86 км хүртэл цуцлагдаагүй байсан болно. Хурлын тэмдэглэлд тусгагдсанаар/

шүүгдэгч Ц нь ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй тээврийн хэрэгсэл унаж явсанаас осол гарч нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Ц, Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2016 оны 03 сарын 31-ны өдрийн 20 цагийн орчим Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Бяцхан сүүжийн Овоотой хөтөл гэх газарт гарсан байна.

 

Тээврийн Прокурорын газраас  шүүгдэгч Ц, Б нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйл, хэсэг тохирсон байх боловч 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн болон хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн байна.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт “ ...бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан... бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гураваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ” гэж,

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дах хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байна.

2002 оны Эрүүгийн хуулийн хорих ялын доод хэмжээг 1 жил гэж тогтоосон байх ба Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд баривчлах ял хуульчлагдаагүй бөгөөд хорих ялын доод хэмжээг 6 сараас эхэлсэн байх тул шүүх шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дэрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Ц, Б нарыг Тээврийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дэх хэсэг болгон өөрчилж, Ц, Б нарыг “хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлын төлбөрт хохирогч Я.Мөнхжаргалд 3259000 /гурван сая хоёр зуун тавин есөн мянга/-н төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Ариунгоод 1793000 /нэг сая долоон зуун ерөн гурван  мянга/-н төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Зулцэцэгт  25800 / хорин таван мянга/-н төгрөг, иргэний  нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгт 225000 төгрөг тус тус нөхөн төлсөн,

Шүүгдэгч Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлын төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Зулцэцэгт 26000 /хорин зургаан мянга/-н төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгт 225000 /хоёр зуун хорин таван мянга/-н төгрөг тус тус нөхөн төлсөн байна.

Хохирогч Я.Мөнхжаргал нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

            Харин хохирогч Я.Мөнхжаргалын нэхэмжилсэн хууль зүйн үйлчилгээний төлбөр 1200000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулсан боловч мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “өмгөөлөгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж тус тус заасан байх бөгөөд Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно гэж заасан байх тул хохирогчийн өмгөөлөгчид эрх зүйн туслалцаа үзүүлсэний хөлсийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

           

Шүүхийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Бын өмгөөлөгч П.Батжаргал нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэх тухай хүсэлтдээ “нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж биелэгдээгүй, 78 км дахь “гүйцэт түрүүлэх хориотой” тэмдэг хэрэг учрал гарах үед байсан эсэх нь эргэлзээтэй, түүнийг сольсон Б.Мөнхбаярын гаргаж өгсөн зураг эргэлзээтэй, нотлох баримтыг харьцуулах, эх сурвалжийг магадлахын тулд тэмдэг тэмдэглэгээ байгаа газарт үзлэг хийх,

Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах 2017 оны 03 сарын 20-ны өдрийн шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлд заасныг зөрчсөн тул  2017 оны 3 сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх.” тухай хүсэлт /хх-114 тал/ гаргасны дагуу шүүх 2018 оны 1 сарын 02-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж өмгөөлөгчийн хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлгээр хянан шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар гэрч Б.Мөнхбаяр, Л.Жамбал, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг, хохирогч Э.Анунгоо, шинжээч И.Базаррагчаа, Г.Цэндсүрэн нарыг оролцуулж,  “гүйцэт түрүүлэхийг хориглох” тэмдэг тэмдэглэгээ болон хэргийн газар үргэлжилсэн болон тасархай зураас байгаа эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.22 дугаар зүйлд заасны дагуу нэр бүхий оролцогчдыг шүүх хуралд оролцуулан улмаар хэргийн газарт үзлэг хийснээр өмгөөлөгчийн хүсэлтийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг зарласан байна.

Анхан шатны шүүх хуралдааны ирц танилцуулахад хүсэлт гаргасан тал гэрч Л.Жамбал, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг, шинжээч Г.Цэндсүрэн нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Бын өмгөөлөгч П.Батжаргал нь “78 км дахь “гүйцэт түрүүлэх хориотой” тэмдэг хэрэг учрал гарах үед байсан эсэх нь эргэлзээтэй, нотлох баримтыг харьцуулах, эх сурвалжийг магадлахын тулд тэмдэг тэмдэглэгээ байгаа газарт үзлэг хийх,

Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах 2017 оны 03 сарын 20-ны өдрийн шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлд заасныг зөрчсөн тул  2017 оны 03 сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх.” тухай хүсэлтээ дахин гаргасныг шүүх хүлээн авах үндэсгүй байна.

Учир нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудыг оролцуулан хэргийн газарт хийсэн үзлэгээр хэрэг учрал болсон газар нь өгсүүр байх ба “гүйцэт түрүүлэх хориотой” тэмдэгийн байрлал эсрэг байх боловч тухайн тэмдэгээс цааш даваа өөд өгсөхөд “огцом өгсүүр” тэмдэг байсан ба дээрх тэмдэгийг шүүгдэгч Б “хэрэг учрал гарахын өмнө харсан энэ тэмдэг байсан, түүнийг харсан” гэж мэдүүлсэн ба “огцом өгсүүр” анхааруулах тэмдэг байсан талаар хэргийн оролцогч нарын аль нэг маргаагүй бөгөөд дээрх тэмдэг нь анхны хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас хх-22 тал /гэрэл зургийн 2,3-т, нөхөн үзлэгийн 2016 оны 5 сарын 18-ны өдрийн /1 хавтас хх-22 тал/ 125 гэрэл зургийн үзүүлэлт 1,2,3-т, нөхөн үзлэгийн 2017 оны 3 сарын 16-ны өдрийн /хх-125 ар тал, 126 тал/ гэрэл зургийн үзүүлэлт 8-д тус тус тусгагдсан хэрэг учралын газарт хийсэн үзлэг болон нөхөн үзлэгт шүүгдэгч Б болон түүний өмгөөлөгч оролцсон байна.

Иймд өмгөөлөгчийн “огцом өгсүүр”, “гүйцэт түрүүлэх” тэмдэг тэмдэг байсан эсэх нь эргэлзээтэй, хэрэгт огт дурдагдаагүй гэсэн нь үндэсгүй байна.

Дээрх нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Б нь огцом өгсүүр газарт /Даваа өөд/ анхааруулах тэмдэг тэмдэглэгээг харсан атлаа гүйцэт түрүүлэх үйлдэл хийсэн нь нотлогдсон байна.

Түүнчлэн 2017 оны 03 сарын 16-ны өдрийн хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийхэд Б түүний өмгөөлөгч нар оролцож, санал хүсэлтгүй гэж гарын үсэг зурсан /хх-121 тал/ үүний дараа 2017 оны 3 сарын 20-ны өдөр бүрэлдэхүүнтэй шинжээч томилох тогтоол үйлдэж түүнийг Б түүний өмгөөлөгч нарт танилцуулахаар мэдэгдсэн боловч ажилтай гэх шалтгаанаар ирээгүй талаар мөрдөгч тэмдэглэл үйлдсэн байна /2 хавтас хх-143, 179 тал/

мөн гэрч Б.Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт “гүйцэт түрүүлэх хориотой” тэмдэгийг сольж тавьсан талаар гэрчлэн мэдүүлсэн байх тул өмгөөлөгчийн 2017 оны 03 сарын 20-ны өдрийн шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлд заасныг зөрчсөн тул  2017 оны 03 сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлтийг хүлээж авах боломжгүй бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Түүнчлэн 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шүүх буцаан хэрэглэх боломжгүй юм.

Эрүүгийн 201619000245 дугаартай хэрэгт осол гарсан шалтгааныг тогтоохоор хэрэгт 2016 оны 4 сарын 30-ны өдрийн 25 дугаартай, 2016 оны 5 сарын 30-ны өдрийн 39 дугаартай, 2016 оны 7 сарын 26-ны өдрийн 375 дугаартай, 2016 оны 10 срын 6-ны өдрийн 11/03 дугаартай, 2017 оны 3 сарын 26-гны өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд тус гарч 3 удаа хэрэг учралын газарт үзлэг хийсэн байна.

Хэдийгээр шинжээчийн 25, 39 дугаартай дүгнэлтүүд нь хэрэг авагдсан тэмдэг тэмдэглээ болон хэргийн газарт үзлэгийг бүрэн хийгээгүй боловч анхны хэрэг учралын үзлэгээр тогтоосон “А” цэг үндэслэлтэй, 25, 39 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон 107 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлсэн.

Харин шинжээчийн 375, 11/03 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэг учралын газарт нөхөн үзлэгийн хэмжилтийн бүдүүвч зураг болон фото зургуудад тусгагдсан анхааруулах тэмдэг 1.11 “огцом өгсүүр”, хориглох тэмдэг, 2.20 “гүйцэж түрүүлэх хориотой” гэсэн тэмдэгүүдийн үйлчлэх хүрээнд осол гарсан байхад дээрх дээрх анхааруулах тэмдэг тэмдэглэгээний талаар шинжээчийн дүгнэлтүүддээ тусгаагүй нь 375, 11/03 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд эргэлзээтэй байх тул шүүх нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлээгүй болно.

          Түүнчлэн шүүгдэгч Бын хэрэгт хавсаргасан гэрэл зураг хэрэг гарсан газрын байдлыг өөрөө бэхжүүлж бичсэн гэх СИДИ, гэрэл зургийн үзүүлэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан нотлох баримт биш байх тул шүүх шинжлэн  судлаж, нотлох баримтын хэмжээнд үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна.

 

             Хоёр: Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

             Шүүх шүүгдэгч Ц, Б нарыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 Шүүгдэгч Ц, Б нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1.1, 1.1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 Шүүх шүүгдэгч Ц, Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал,  Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дэх хэсэгт зааснаар Б, Ц нарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар тус тус хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

 

             Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газрын нөхөн үзлэгийн явцыг дүрс бичлэгээр бэхжүүлсэн сиди 1 ширхэг, Бын гаргаж өгсөн сиди 3 ширхэг зэргийг хэрэг  хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирол нөхөн төлөгдсөн байх тул мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор Цын эзэмшлийн Тоёото Ланд-70 маркийн 97-98 УБЕ улсын дугаартай автомашин 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 06 сарын 09-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Бын эзэмшлийн Ниссан Вингрөүд маркийн 58-28 ДАР улсын дугаартай автомашин 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 06 сарын 17-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болголоо.

 

            Эрүүгийн 201619000245 тоот хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.2015 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ц, Б нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Долоон ноёд овогт Л Ц, Гөрөөчин овогт Б М нарыг хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц, Б нарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц, Б нар нь шүүхээс тэнссэн 1 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Л.М, Ц нарын жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.

6.Шүүгдэгч Ц, Б нар нь энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй, хохирогч Я.Мөнхжаргал нь мөн цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц, Б нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Я.Мөнхжаргалын өмгөөлөлийн төлбөрт нэхэмжилсэн 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газрын нөхөн үзлэгийн явцыг дүрс бичлэгээр бэхжүүлсэн сиди 1 ширхэг, Бын гаргаж өгсөн сиди 3 ширхэг зэргийг хэрэг  хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

         8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор Цын эзэмшлийн Тоёото Ланд-70 маркийн 97-98 УБЕ улсын дугаартай автомашин 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 06 сарын 09-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Бын эзэмшлийн Ниссан Вингрөүд маркийн 58-28 ДАР улсын дугаартай автомашин 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 06 сарын 17-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

          9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

          10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц, Б нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ