Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00401

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00400

 

 

 

Б.С-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/03005 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.С-ийн хариуцагч ЗТГ ОНӨААТҮГ--т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 330 695 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/19 тоот тушаалаар тус байгууллагад жолоочоор томилогдон ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, бусад холбогдох эрх зүйн актыг чанд мөрдөж, ажил үүргээ чанартай сайн гүйцэтгэж ирсэн бөгөөд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно. Гэтэл ЗТГ ОНӨААТҮГ--ын захирлын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/235 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн намайг жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэлээ зорчигчоос мөнгө авсан, жолоочийн кабинд хүн суулгасан, тамхи татсан гэж үзэн ажлаас халсныг зөвшөөрөхгүй. Хэрэгт баримтаар ирүүлсэн бичлэг хэзээ, хаана, ямар шугамд явах үед хийсэн болох нь тодорхойгүй, түүнчлэн форматалсан бичлэг гэж үзэж байна. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг гаргаагүй, зөрчлийг баримтаар эргэлзээгүй тогтоогоогүй, шалгаж тогтоосон үйл баримт бодитой бус байна. Хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг дотоод хяналт хийж тогтоогдсон гэж байгаа ч байгууллагын даргын хэзээний хэдэн тоот тушаалаар дотоод хяналт хийхээр болсон, шалгалтыг хэзээ хийсэн нь тодорхойгүй. Түүнчлэн нэхэмжлэгч ажлын бус цайны цагаар кабинд хүн суулгасан, эсхүл тамхи татсан байх боломжтой. Мөн түүнийг шалгасан тухайгаа нэхэмжлэгчид огт танилцуулаагүй, мэдэгдээгүй байдаг. Нөгөөтэйгүүр ажил олгогч ажилтнаас ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуух ажлыг шаардах ёстой. Нэхэмжлэгч ажлын чиг үүргийн хувьд жолоочоор ажилладаг. Гэтэл жолооч зорчигч тээвэрлэхээс гадна мөнгө төлж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүргийг хариуцахаар дүрэм, гэрээнд заасан нь өөрөө Хөдөлмөрийн тухай хууль, журамд нийцэх эсэх эргэлзээтэй. Захиргааны зүгээс нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн ажилд оролцсонтой холбоотой түүнийг ажлаас халсан гэж үзэж байна. Иймд зөрчил бүрэн тогтоогдоогүй тул Б.С-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, олговорт нэг өдрийн дундаж цалин хөлс 70 995 төгрөг, ажлаас халсан тушаал гарсан өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх ажлын 61 хоногоор тооцон 4 330 695 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.С-ь ЗТГ ОНӨААТҮГ--ын Тээвэрлэлт, үйлчилгээний хэлтэст нийтийн тээврийн автобусны жолоочоор ажиллаж байсан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Дотоод хяналт шалгалтын хэлтсийн шалгалтаар зорчигчоос бэлэн мөнгө гар дээр авсан, шугамын үйлчилгээ үзүүлж байхдаа тамхи татсан, жолоочийн кабинд гадны хүн суулгасан зэрэг ноцтой зөрчил гаргасан. Тэрээр 2020 оны 9 дүгээр сарын 12-ноос 17-ны өдрийн хооронд шугамын үйлчилгээнд явж байхдаа зорчигчоос бэлэн мөнгө авсан, жолоочийн кабинд гадны хүн суулгасан, тамхи татсан зэрэг зөрчлийг гаргасан болох нь дотоод хяналт шалгалтын хяналтын камерын бичлэгээр нотлогдож байгаа. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.3, 5.1.14-т зааснаар ноцтой зөрчил гаргасан гэж үзэн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/235 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болно. Нотлох баримтаар камерын бичлэгийг шүүхэд өгсөн. Уг бичлэгээс харахад зорчигч суулгаж байгаагаар нэхэмжлэгч шугамын үйлчилгээнд явж байсан, ажлын цаг болох нь харагдана. Түүнчлэн, бичлэгийг хяналтын камерын олон цагийн бичлэгээс хэрэгт хамааралтай хэсгийг тасалж шүүхэд баримтаар ирүүлсэн. Энэ талаар нэхэмжлэгч өнөөг болтол хүсэлт гаргаагүй атал шүүх хуралдаанд хуурамч гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Манай байгууллагад дотоод хяналт шалгалтын хэлтэс байнга ажиллаж байдаг тул даргын тушаалаар байгуулагдаж шалгалт хийдэггүй, тогтмол шалгалт явуулдаг болно. Мөн стандартчилал хэмжил зүйн газраас батлагдсан Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага буюу Монгол Улсын стандартад жолооч кабинд тамхи татах, хүн оруулахыг хориглодог. Тухайн асуудлаар нэхэмжлэгчтэй байгууллагын удирдлагууд уулзахад гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ЗТГ ОНӨААТҮГ--т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 330 695 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарласан гэж энэхүү гомдлыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдгийг Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.4.2-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж заасныг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хэдэн төгрөгийн ямар хохирол учруулсныг тогтоосон баримт байхгүй байхад ноцтой зөрчил гаргасан гэж үзсэнд гомдолтой байна. Түүнчлэн, анхан шатны шүүхээс Үйл явдал болсон дээрх 2020 оны 9 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд нэхэмжлэгч ээлжинд ажиллаж байсан үйл баримтад зохигчид маргаагүй гэж маргасан атал буруу дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.С-ь нь хариуцагч ЗТГ ОНӨААТҮГ--т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 330 695 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.С-ийг ажил олгогч ЗТГ ОНӨААТҮГ--ын захирлын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/235 тоот тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмын 7.18.11, 7.18.15, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.3, 5.1.14-т заасныг баримтлан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх 6, 18/

 

Ажил олгогч, ажилтан 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг харилцан тохиролцож, хугацаагүйгээр байгуулахдаа ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг гэрээний Тав дахь хэсэгт нэрлэн заасны дотор 5.1.14. автобусны жолооч нь зорчигчдоос бэлэн мөнгө гар дээр хураасан нь холбогдох баримтаар тогтоогдсон гэсэн, Б.С-ь нь уг гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан байна. /хх 7-9/

 

Түүнчлэн, Стандартчиллын үндэсний зөвлөлөөс батлагдсан Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага буюу Монгол улсын стандартын 8.2.10, 8.2.10.1-т нийтийн зорчигч тээврийн жолооч үйлчилгээний явцад жолоочийн бүхээгт хүн суулгах, тамхи татахыг хориглодог.

 

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.18-д хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцох үйлдэл, эс үйлдлийг заасны дотор 7.18.15. удирдах албан тушаалтны үүрэг даалгавар биелүүлээгүй, даган мөрдөхөөр тогтоосон журам, стандарт баримтлаагүй... гэжээ.

 

Хариуцагч тал дотоод хяналт шалгалтаар зорчигчдоос бэлэн мөнгө гар дээр авсан, мөн кабиндаа гадны хүн суулгасан, автобусанд удаа дараа тамхи татсан зөрчил гаргасан нь автобусанд байрлуулсан камерын бичлэгээр нотлогдсон гэж тайлбарласан бөгөөд шүүхэд гаргасан хүсэлтийг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч, бичлэгт үзлэг хийж, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт зааснаар тэмдэглэлээр баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан байна. /хх-72-88/

 

Үзлэгийн тэмдэглэлд ажилтан 2020 оны 9 дүгээр сарын 12, 14, 15, 16-ны өдрүүдэд ажиллахдаа зорчигчдоос бэлэн мөнгө удаа дараа хүлээн авсан, мөн оны 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд үйлчилгээнд явах үедээ жолоочийн бүхээгт тамхи татсан, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр жолоочийн бүхээгт гадны хүн суулгасан зэрэг нь бичигдсэн гэж тусгагджээ.

 

Нэхэмжлэгч нь камерын бичлэгийг ...эргэлзээтэй, зөрчил гаргасан нь бүрэн тогтоогдоогүй гэж тайлбарласан ч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, хариуцагчийн татгалзлыг баримтаар няцаагаагүй байна.

 

Иймд Б.С-ь нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд ээлжинд ажиллахдаа зорчигчоос бэлэн мөнгө авсан, жолоочийн кабинд тамхи татсан, гаднын хүн суулгасан буюу хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд ноцтой зөрчилд тооцож, гэрээ цуцлах үндэслэл болохоор заасан зөрчлүүдийг гаргасан нь тогтоогдсон байх бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 12.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг зөрчөөгүй байна.

 

Дээрхээс үзвэл хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ноцтой зөрчил гэдгийг буруу тайлбарласан гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/03005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ