| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/01396/И |
| Дугаар | 192/ШШ2025/01057 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/01057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н******* газар /РД:*******/,
Гуравдагч этгээд: Т******* ХК /РД:*******/-д тус тус холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т*******,
Хариуцагч Н******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М*******,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Н.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н******* ХХК нь хариуцагч Н******* газарт холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Т******* ХХК нь Н******* ХХК-д холбогдуулан Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Тус хэргийг Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 183/ШШ2020/000058 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 0 сарын 20-ны өдрийн дугаар 640 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 12 дүгээр сарын 09-ны өдрийн дугаар 001/ХТ2021/01513 тоот тогтоолоор хэргийн шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Н******* газарт явагдаж байна. Шүүхийн шийдвэрийн явцад Улаанбаатар хот, ** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206 дугаартай, 156.24 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улаанбаатар хот, **тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206 дугаартай, 156.24 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улаанбаатар хот, ***тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206 дугаартай, 156.24 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улаанбаатар хот, *** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-22060 дугаартай, 156.24 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн. Н******* ХХК-ийн зүгээс уг ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдах шаардлагатай. Төлбөр төлөгч этгээд нь шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөртэй этгээд мөн боловч тухайн этгээдийн эрхэнд хуульд заасан хязгаар , хүрээний хэмжээнд эрхэнд нь халдах, албадлагын арга хэмжээг эрх бүхий этгээдэд хэрэгжүүлэх үүрэгтэй байхаар хуульчилсан. Иймээс эрх бүхий этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хуулиар өөрт олгосон эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн эсхүл хууль бус ажиллагаа явуулсан бол эрх зөрчигдсөн этгээд шүүхэд хандаж хууль бус ажиллагааны талаар шүүхэд хандаж ажиллагааг хүчингүй болгуулж эрхээ хамгаалуулах нь шударга ёсонд нийцэх юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах зайлшгүй нөхцөлүүдийг нэг бүрчлэн заасан байдаг. Хөндлөнгийн гэрч нь нэг талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх бүхий этгээдээс төлбөр төлөгчид хууль бус шаардлага тавихгүй байх, нөгөө тадаас төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хууль бус шаардлага тавьсан бол түүнийг баримтжуулах чиг үүрэгтэй оролцохоор хуульд заасан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 01 дугаар сарын 25-ны өдөр эд хөрөнгүүдэд нэвтрэн орсон боловч хуульд заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийн битүүмжлэхийн өмнө төлбөр төлөгчид төлбөрөө талаарх мэдэгдэл хүргүүлэх, хөрөнгийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийхээр хуульд заасан. Гэтэл уг ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй байдаг. Тухайлбал: Төлбөр төлөгч Н******* ХХК-д 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу мөнгө төлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч уг хугацаанд төлбөр төлөх боломж олгохгүйгээр 2023 оны 01 сарын 25-ны өдөр 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжилсэн байдаг. Энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Нөгөөтэйгүүр төлбөрөө төлөх хугацааг тогтоосон боловч тухайн хугацаанд төлбөр төлөх бүрэн боломжийг олголгүй эд хөрөнгийг битүүмжилсэн нь хууль нийцэхгүй байна. Логик дарааллын хувьд ч алдаатай байна. Н******* газар нь 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн талаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан тул 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Н******* газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гомдлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэх хуудсаар хариуг өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийг дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан тул 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гомдлыг шийдвэрлэж хариуг бичгээр өгсөн. Дээр дурдсанаар хуулийн хугацаанд гомдлыг гаргаж урьдчилан шийдвэрлүүлсний дараагаар уг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана гэж заасан байна. Иймээс Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэлийг гаргаж байна гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. 2023 оны 1 сарын 25-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулсан. 2020 оны 1 сарын 07-ны өдрийн шийдвэрийг биелүүлж байна гээд 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн. Уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасныг зөрчсөн. Учир нь орон байранд нэвтрэх ажиллагаа хийх тохиолдолд 2 хөндлөнгийн гэрчийг оролцуулна гэж хуульд заасан, мөн хууль сануулах ажиллагаа хийгээгүй, мөн явцын талаар тэмдэглэл хөтлөнө гэсэн /нэг юм үйлдсэн байдаг боловч журмын дагуу үйлдэгдээгүй/. Өөрөөр хэлбэл уг тэмдэглэл нь хуульд заагдсанаар хийгдээгүй, мөн хүчингүй болгох шаардлага нь энэ ажиллагаа дээр үндэслээд дараагийн үйл ажиллагаа хийгдэх тул уг ажиллагаа нь хууль бус болсон гэж үзэж байна. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Банкны төлбөр барагдуулах газарт шилжүүлсэн, уг баримтыг тийш нь шилжүүлээд тэндээс төлөөлөгч төлөөлж орж ирэх байсан гэж үзэж байна. Битүүмжлэх ажиллагааг хийхэд орон байранд нэвтэрнэ, нэвтрэх тохиолдолд заавал хөндлөнгийн гэрчийг оролцуулна. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41.1-д заасан агуулгад хамаарч байна. Мөн хуулийн 13.2.1-д тэмдэглэлийг үйлдэхийг заасан байгаа. Эдгээрийг бүгдийг зөрчсөн тул уг ажиллагаа нь хууль бус явагдсан, тиймээс эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагч Н******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 1 сарын шийдвэрийн дагуу Т*******инд мөнгө гаргуулан олгохоор шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаалсан, үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр барьцаа хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явагдсан, уг ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах хуулийн зохицуулалт байхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ямар ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг оролцуулахаар заасан байдаг. Мөн Ерөнхий газрын даргын тушаал байгаа, банкны нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичгүүдийг 2024 оны 3, 4 сараас хойш Банкны төлбөр барагдуулах албанд шилжүүлсэн нь үнэн, энэ нэхэмжлэл нь уг албыг байгуулагдахаас өмнө шүүхэд ирсэн нэхэмжлэл, тиймээс заавал Банкны төлбөр барагдуулах албанаас төлөөлөгч оролцуулах шаардлагагүй гэв.
3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байгаа. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 5 жилийн хугацаанд энэ маргааныг шийдвэрлэж чадахгүй байгаа нь манай банкны эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн төлбөр төлөгч нь төлбөрөө төлөхгүй гээд санаатайгаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулж байна гэж үзэж байгаа. Учир нь бүтэн 2 жилийн хугацаанд төлбөрөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй, зөвхөн шүүхээр л яваад байгаа гэв.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00058 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 0 сарын 20-ны өдрийн 640 магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/01513 тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/01 Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4/154 дугаар Н******* газар хариу мэдэгдэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 03/528 дугаар албан бичиг, Н******* ХХК-ийн У.Т*******д олгосон итгэмжлэл /хх-ийн 4-21-р хуудас/,
хариуцагчаас Д.М, Ч.Н нарт олгосон итгэмжлэл, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ГХ2022/0148 дугаартай гүйцэтгэх хуудас, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШЗ2022/14835 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00058 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 0 сарын 20-ны өдрийн 640 магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/01513 тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл, Н******* газраас Д.М, П.М******* нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 25, 36-59, 69-70-р хуудас/,
бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т******* ХК-иас Н.Б*******, М.Б нарт олгосон итгэмжлэл, Т******* ХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 78, 81-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагааг хийхдээ хууль зөрчиж, эрх хэмжээгээ хэтрүүлж хууль бус ажиллагаа явуулсан, хөндлөнгийн гэрч нарыг оролцуулаагүй, төлбөр төлөх талаарх мэдэгдлийг хүргүүлээгүй буюу дараалал зөрчсөн, мөн хууль сануулах ажиллагаа хийгээгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцын талаарх тэмдэглэлийг хуульд зааснаар хөтлөөгүй тул 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч Н******* ХХК-нд төлбөр төлөх талаар мэдэгдсэн, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг хийхдээ хөндлөнгийн гэрчийг заавал оролцуулах хуулийн шаардлага тавигдаагүй, тэмдэглэлийг хуулийн дагуу үйлдэж танилцуулсан тул Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол хууль зөрчөөгүй гэж үгүйсгэсэн.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, шийдвэр гүйцэтгэлйн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулж төлбөрөө огт төлөхгүй, иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа удааширч байгаа нь төлбөр авагчийн эрх ашгийг зөрчиж байна гэж тайлбарласан.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00058 дугаар шийдвэрээр Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н******* ХХК-нд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 455 947 268 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 45 зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зохигчийн хоорондын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 106300140344 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, хариуцагч Н******* ХХК-иас 1 455 947 268 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХХК-нд олгож, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн бүртгэлийн Ү-2206, Ү-2206, Ү-22060 дугаарт бүртгэлтэй хороо, ажилчдын гудамж тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай хөрөнгө, т байрлах нэгж талбарын 1864030 дугаартай аж ахуйн зориулалттай 1135 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Н******* газарт даалгажээ.
5.2.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны сарын 20-ны өдрийн 640 дүгээр магадлалаар хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00058 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
5.3.Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/0151 тогтоолоор хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцээд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 0 сарын 20-ны өдрийн 640 дүгээр магадлалаар Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00058 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...зохигчдын хоорондын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 106300140344 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж... гэснийг хасч, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээжээ.
5.4.Н******* газар нь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 сарын 09-ний өдрийн 183/ШЗ2022/14835 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ГХ2022/0148 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №22410848 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.
6.Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, эд хөрөнгүүдийг битүүмжлэн хураан авсан талаар маргаагүй, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн гэж маргаж байна.
7.Нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хууль зөрчиж гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж, хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 41 дүгээр зүйлийн 41.1д зааснаар орон байранд нэвтрэн орж байгаа тохиолдолд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, мөн хуулийн 1 зүйлд зааснаар тэмдэглэлийг зохих ёсоор үйлдээгүй гэсэн.
7.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 41 дүгээр зүйлийн 41.1-д төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна, 41.2-д шаардлагатай бол энэ хуулийн 41.1-д зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно гэж заажээ.
7.2.Хэрэгт авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор эд хөрөнгө битүүмжлэх ажилллагаанд төлбөр төлөгч Н******* ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Өнөрцэнгэлийг оролцуулан хороо, ажилчин гудамж тоот хаягт байршилтай Ү-2206 дугаарт бүртгэлтэй 156.24 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай 1 дүгээр давхарын үл хөдлөх эд хөрөнгө, хороо, гудамж тоот хаягт 2 давхарт байршилтай Ү-2206 дугаартай 156.24 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө, хороо, гудамж тоот хаягт 3 давхарт байршилтай, Ү-2206 дугаарт бүртгэлтэй 156.24 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, хороо, гудамж тоот хаягт 4 давхарт байршилтай Ү-22060 дугаарт бүртгэлтэй 156.24 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг битүүмжилж, төлбөр төлөгч Н******* ХХК-нд шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дотор биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан ажиллагаа явуулахыг мэдэгдэж, гарын үсгийг нь зуруулсан байна.
7.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно гэж заажээ.
7.4.Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй хууль зөрчсөн, төлбөрийг төлөх талаар мэдэгдэж байгаагүй, дараалал зөрчсөн гэсэн боловч иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үүсгэж, 2023 оны 1 сарын 12-ны өдөр 221/01 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдлийг хүргүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлбөр төлөгч Н******* ХХК-ийн захирал Б.Өнөрцэнгэлд төлбөр төлөх талаар мэдэгдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул төлбөр төлөх талаар мэдэгдэж байгаагүй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.
7.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна, 41.4-д иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэхийн өмнө шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчид түүний эрх, үүргийг тайлбарлаж өгнө гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг үл хөдлөх эд хөрөнгүүдэд битүүмжлэх ажиллагааг явуулахдаа үл хөдлөх эд хөрөнгөд нэвтэрсэн тул хөндлөнгийн гэрчийг заавал оролцуулахаар хуульд заасан гэж тайлбарласан.
7.6.Гэвч хариуцагч нь иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчийн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж захиран зарцуулах, эзэмших, ашиглах эрхийг нь хязгаарлах ажиллагааг явуулахдаа түүнийг байлцуулж мэдэгдсэн болох нь Эд хөрөнгө битүүмжлэх тухай №221/01 дугаартай тогтоолоор тогтоогдож байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг зөрчөөгүй, 41 дүгээр зүйлийн 41.1-д битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг зайлшгүй оролцуулахаар заагаагүй, харин 41.2-д шаардлагатай бол энэ хуулийн 41.1-д зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно гэж заасан байна гэж үзэв.
7.7.Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийн хэмжээ, тэдгээрийн үнэлгээ, үнэлгээнд нөлөөлөхүйц шинж чанарыг тогтоох зорилгоор өөрт нь болон бусдын эзэмшилд байгаа түүний өмчлөлийн эд хөрөнгөд нэг бүрчлэн үзлэг хийх, тээврийн хэрэгсэл, ажлын байр, агуулах сав, эзэмшил газарт нэвтрэн орж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг гаргуулан авах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр бусдын орон байранд нэвтрэн орох эрхтэй, 48 дугаар зүйлийн 48.4-д төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх ажиллагааг явуулахад энэ хуулийн 41.1-д заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулна гэж заасан бөгөөд битүүмжлэх ажиллагааг явуулахад хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй нь хууль зөрчөөгүй, мөн 48.6-д зааснаар төлбөр төлөгч нь хуулийн этгээд бол уг хуулийн этгээдийн төлөөлөгчийг байлцуулна гэж зааснаар төлбөр төлөгчийн төлөөлөгч уг ажиллагаанд байлцсан талаар маргаагүй болно.
8.Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 зүйлд зааснаар тэмдэглэлийг зохих ёсоор үйлдээгүй гэсэн боловч энэ үндэслэлээр 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан талаара шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн, тэмдэглэлтэй төлбөр төлөгч танилцаж гарын үсгээ зурсан, уг тэмдэглэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 зүйлийн 13.2-д заасан шаардлагыг хангасан байна гэж үзэв.
9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь банкны өр төлбөртэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Банкны төлбөр барагдуулах алба хариуцаж байгаа тул уг алба төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох байсан, хууль зөрчиж байна гэсэн боловч нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Н******* газарт холбогдуулан гаргасан, Н******* газрын тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан бөгөөд уг газрын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд гомдол гаргасан тул хууль зөрчсөн гэж үзэхгүй.
10.Иймд нэхэмжлэгч Н******* ХХК-ийн хариуцагч Н******* газарт холбогдуулан гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч Н******* ХХК-ийн хариуцагч Н******* газарт холбогдуулан гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН