Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

иргэний нэхэмжлэгч Б.Батхүү, иргэний хариуцагч Х.Давааням нарын өмгөөлөгч Э.Шинэцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярцэнгэл,

шүүгдэгч З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зт холбогдох 201719000027 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний  өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, Монгол овогт Б.З гэв.

 

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

            Шүүгдэгч З нь "Монгол эксперсс" ХХК-ийн жолоочоор ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутаг "Самбартай хөтөл" гэх газар Улаанбаатар хот-Мандалговь чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай замд 82-54 УНР улсын дугаартай "Норд бенз" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас чиргүүл нь онхолдож, уг чиргүүл дээр тээвэрлэгдэж явсан "Моннис" ХХК-ийн өмчлөлийн LR-1300 маркийн краны их бие эвдэрч, “Моннис” ХХК-д 2.598.773.807 /хоёр тэрбум таван зуун ерэн найман сая долоон зуун далан гурван мянга найман зуун долоон/ төгрөгийн, “Монгол Эксперсс” ХХК-д 2.454.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 2.601.227.807 /хоёр тэрбум зургаан зуун нэг сая хоёр зуун хорин долоон мянга найман зуун долоон/ төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Төв аймгийн Прокурорын газраас Зт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:

1.Шүүгдэгч З шүүхийн хэлэлцүүлэгт “2016 оны 12 сарын эхээр кран ачиж Өмнөговь руу 8 машин явсан. Тэгээд “Довын гуанз” дээр хоол идээд цаана хоносон. Тэгсэн чинь машины халуун тогоо ажиллахгүй байсан болохоор унтаж амарсан болж чадахгүй байсан. Яагаад гэхээр машины халуун тогоо нь зогсоод нормаалдахаар халахгүй явахаар халдаг юм. Тэгээд даарч байхаар гээд цаашаа явж хөдөлж байж халаах санаатай явж байгаад осолд орсон. Урьд нь би энэ халуун тогоог янзалж өгөөч гэж байгууллагад хэлж байсан. Тэгэхэд байгууллагаас захиалсан байгаа гэж хэлдэг байсан. Тэгээд машины бүрэн бүтэн байдлыг хангаж өгөөгүй. ..Миний буруугаас осол гарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас

1.Иргэний нэхэмжлэгч Т.Хонгор мөрдөн байцаалтын шатанд: “Уг LR-1300 маркийн краныг манай компани 2016 оны 10 дугаар сард Австри улсын LIEBHEER компианаас 1 сая 98 мянган евроогоор худалдаж авсан. Уг краны жин нь 320 тонн бөгөөд 8 воганаар уг краныг тээвэрлэн Монголд оруулж ирсэн. Краныг Өмнөговь аймагт Оюу толгойд ашиглах зориулалттай оруулж ирсэн учир уг газарт хүргэхээр “Монгол Экспресс” ХХК-тай тээвэрлэх гэрээ байгуулан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тухайн компанийн 9 тээврийн хэрэгсэлд хуваан ачиж явуулсан ба уг краны их биеийг ачиж явсан автомашин замын хажуу руу онхолдсоны улмаас краны их бие, удирдлага хэсэгт эвдрэл гэмтэл гарсан. Тухайн ослын дараа манай компани худалдаж авсан газраасаа 2 мэргэжилтэнг авчран краны их биенд нарийвчилсан шинжилгээ хийлгэж ямар ямар эд анги эвдэрсэн байгааг тогтоолгосон ба тэр хүмүүсийн гаргасан дүгнэлтээр их биеийг тэр чигээр нь ашиглах боломжгүй, үйлдвэрт нь буцаан аваачиж сэргээн засварлуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Буцаан тээвэрлүүлээд засварлуулж авч ирэхэд мөн худалдаж авсантайгаа адил хэмжээний буюу 1 сая 98 мянган еврогийн төлбөр гарах тооцоог үйлдвэрээс ирүүлсэн байгаа. Энэ мөнгө нь дүнг манай компани зүгээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-78 тал/, ... Манай “Моннис Интернэйшнэл” ХХК нь “Монгол Экспресс” ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хохирол барагдуулах тухай гэрээ хийсэн ба уг гэрээгээр манай компанид “Монгол Эксперсс” ХХК-аас 895.247 /найман зуун ерэн таван мянга хоёр зуун дөчин долоо/ еврог хохиролд нөхөн төлөхөөс одоо 20000 /хоёр мянга/-н евро монгол мөнгөөр 55.000.000 /тавин таван сая/ төгрөгийн хохирол үлдэж байгаа ба уг хохирлоо тус компани 2017 ондоо багтааж төлнө гэсэн. Гэрээнд зааснаар 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хохирлыг төлж дуусгах ёстой байсан боловч “Монгол Эксперсс” ХХК нь гэрээнд зааснаас өмнө хугацаанд хохирлоо төлж барагдуулах гэж байгаа. Одоо манай компани үлдэгдэл төлбөрөө авах юм бол ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-218 тал/, .. Манай “Моннис Интернейшнэл” ХХК-аас тухайн кранд улсын дугаар аваагүй, мөн даатгуулсан асуудал байхгүй. Харин Австри улсын үйлдвэрлэгч компани нь тухайн краныг Улаанбаатар хот хүртэл ачаа тээврийн даатгалаар хариуцан авчирсан байгаа. “Монгол Эксперсс” ХХК нь манай компанитай гэрээ байгуулан “Миг” даатгалаар тус краныг даатгуулсан ба даатгалын хугацаанд зам тээврийн осол болж тус кран эвдэрсэн байгаа. Эвдэрсэн краныг буцаан Австри улс руу буцааж харин өөр шинэ краныг Австри улсаас  “Монгол Экспресс” ХХК нь авчирч бидэнд хүлээлгэн өгсөн байгаа. Уг хэрэгт холбогдуулан манай “Моннис Интернэйшнэл” ХХК-аас ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-51 тал/,

 

2.Иргэний нэхэмжлэгч Б.Батхүү мөрдөн байцаалтын шатанд: “Би үнэлгээтэй танилцсан ба үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй ба автомашин чиргүүлд учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Харин нэмж нэхэмжлэх зүйл гэвэл тээврийн хэрэгсэл дээр тээвэрлэж явсан “Моннис” ХХК-ийн эзэмшлийн LR-1300 маркийн краны их биед учирсан хохирлыг компани зүгээс төлөхөөр гэрээ хийгдэж байгаа ба уг краны их биед учирсан хохирлын үнэлгээ гаргахаар тэр хохирлыг Заас нэхэмжилнэ. .... Хөдөлмөр хамгаалалын инженер Алтангэрэл, механик Отгонбат нар шалгаж зааварчилгаа өгч гаргадаг. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг механик шалгаад гарын үсэг зуруулдаг, ХАБ-ын инженер бол аюулгүй ажиллагааны талаас нь зааварчилгаа өгөөд тэгээд тээвэрт гаргадаг. З халуун тогоо ажиллахгүй байсны улмаас шөнө унтаагүй явсанаас үүрэглэж осол болсон талаар З ярьсан ба энэ талаар тайлбар хэлэхэд З нь өөрөө урд өмнө нь тухайн машинд суурилагдсан байсан халуун тогоог аваад өөр хүнд зарчихсан байсан. Тэрийг Отгонбат болон баазын жолооч нар ярьдаг. Тийм учраас Зын өөрийн буруугаас болж осол гарсан. Компани зүгээс ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй, мөн зааварчилгаан дээр ажил гүйцэтгэх хугацаа, амрах хугацааг зааж өгөөд гаргасан байхад тэр хугацаанаас өмнө үүргээ гүйцэтгэж эхэлсэн нь тухайн жолоочийн өөрийн буруутай үйл ажиллагаа юм гэж үзэж байгаа учир Заас машинд учирсан хохирол болон Моннист учирсан хохирлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-82 тал/,  ... Уг хэрэгт холбогдуулан манай компани “Моннис Интернейшнэл” ХХК-д 895.247 еврогоор краны шинэ их бие худалдаж авч өгсөн ба хуучин их биеийг Герман улс руу буцаах, шинэ их биеийг Монгол Улс руу оруулж ирэх тээврийн зардал мөн гаалийн татварт зарцуулагдсан мөнгөн төлбөрийг Заас нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-219 тал/,

 

3.Иргэний хариуцагч Х.Давааням мөрдөн байцаалтын шатанд “Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, халуун тогоог ажиллаагүй, хувиарт заагдсан цаг хугацаанд цаг хугацаанд амраагүй гэдэг шалтгаанаар иргэний хариуцагчаар татагдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь жолооч Зын өгч байгаа тайлбараар бол халуун ажиллаагүй учир амарч чадаагүй гэсэн ба халуун тогоо нь хүйтэн нөхцөлд хөдөлгүүрийг асаах зориулалттай болохоос автомашины кабиныг халаах зориулалтгүй юм. Мөн З болон бусад тухайн үед хамт явсан жолооч нарт өгч амраах болон хөдлөх цагийг тусгасан зааварчилгаа өгч гарын үсэг зуруулан цуваанд оруулан гаргасан байгаа. Жолооч З нь энэ зааварчилгааг дагаж мөрдөөгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг бол Алтангэрэл гээд ХАБ-ын инженер өгсөн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг Отгонбат гээд механик үзэж шалгасан байгаа. Зааварчилгааг ажилд гарахын өмнө зааварчилгаа өгөөд гарын үсэг зуруулдаг байгаа. Манай компани зүгээс Моннис ХХК-тай удаа дараагийн уулзалт хийж, хохирол хэрхэн барагдуулах талаар гэрээ хийхээр тохиролцож байгаа манайхаас гэрээний саналаа явуулсан байгаа ба хохирол гэдэг нь шууд ачаанд учирсан хохирлыг төлөхөөр гэрээ хийх, хохирлыг багасгах талаар Моннис ХХК-тай харилцан ярилцаж байгаа” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-86 тал/, .. Манай компани “Моннис Интернейшнэл” ХХК-ийн уурхай дээр Лиебхерр LR-1300 маркийн краны 138381 серийн дугаартай шинэ их биеийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн байгаа. Одоо манай компани зүгээс 2017 оны 10 дугаар сард үлдэгдэл мөнгийг нь “Моннис Интернэйшнэл” ХХК-д шилжүүлэн өр барагдах болно” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-220 тал/,

 

            4.Гэрч С.Ганбатын мөрдөн байцаалты шатанд: “...Яг ослын талаар бол хараагүй. Бид нар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос гараад Өмнөговь аймаг явж байсан юм. Тэгээд шөнө 23 цагийн орчим Самбартай гуанзан дээр хоносон тэгээд бид нарыг өглөө босоход түрүүлээд хөдлөөд явчихсан байсан ба бид нар унтсан газраасаа хөдлөөд 20 орчим км газар явсан чинь чиргүүл нь уначихсан байсан. Тэрийг би мэдэхгүй байна. Осол болсоны дараа бид нарыг очиход шөнө даараад тэгээд машинаа халаангаа зам дөхөж байя гэж бодоод хөдөлсөн, тэгээд үүрэглээд замын хажуу руу орчихлоо гэж  хэлж байсан. Тэгээд даараад хөдөлчихсөн юм шиг байна лээ. Цувааг Батжаргал гээд жолооч ахалж байсан юм. .. З болон бусад жолооч нарын зүгээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байхгүй. Манай Алтангэрэл гээд хөдөлмөр хамгаалалын инженер зааварчилгааг амаар өгсөн. Зааварчилгааг өгөхдөө дүрэмд заасан хурднаас хэтрэхгүй яваарай, цаг агаарын нөхцөлд хурдаа тохируулж яваарай, зогсохдоо бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар зогсоолын байршилаа харж зогсож байгаарай гэх мэтээр зааварчилгаа өгсөн. Тэрнээс яг тэдэн километр яваад амраарай, тэдэн цагт амраарай гэсэн талаар зааварчилгаа өгөөгүй. З машиндаа ганцаараа явсан, ер нь манай бүх жолооч нар ганцаараа явж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-87 тал/,

 

5.Гэрч Л.Батжаргал мөрдөн байцаалтын шатанд: 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн орчим Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг Оюу толгой чиглэлд Моннис ХХК-ийн ачааг хүргэж өгөхөөр манай компанийн 9 ширхэг Норт бенз маркийн тээврийн хэрэгсэл ачааг хувааж ачаад гарцгаасан. Тэгээд Хөшигийн хөндийн харалдаа манай цувааны эхэнд явж байсан  Ганбатын машины трупп хөлдөөд байхаар нь цуварч зогсоод байж байтал хамгийн сүүлд З ирсэн, тэгэхээр нь чи хүнд ачаатай юм чинь явж байгаад Довын гуанзан дээр түрүүлж очооод байж бай гээд түрүүлээд явуулсан тэгээд араас нь яваад довын гуанзан дээр очоод хоол цай идчихээд тэгээд хөдлөх гэсэн хоёр машины дугуй хагарчихсан байсныг нөхөөд тэгээд хөдлөөд Самбартай хөтөлийн гуанзан дээр очоод машинаа парклаад амрахаар болцгоогоод тэгээд кабин кабиндаа ороод амарцгаасан. Тэгээд өглөө 7 цагийн үед босоод хөдлөх гэсэн чинь миний машины нэг дугуй хагарчихсан байсан тэрийгээ нөхөж байхад З хөдлөөд явчихсан байна гэж нэг нь хэлсэн тэгэхээр нь тухайн үед юм ч бодоогүй, хүнд ачаатай юм чинь зам дөхөж байгаа юм байх гэж бодсон. Тэгтэл унтсан газраас 20 орчим километр яваад З замын хажуу руу ороод тэгээд чиргүүл нь хажуугаараа хагарчихсан байсан очоод яагаад ийм юм болчихвоо гэхэд өглөө даараад байхаар нь жаахан машинаа халаангаа зам дөхөж байя гэсэн чинь үүрэглээд ийм юм болчихлоо гэж хэлж байсан. Тэгээд цагдаа дуудсан. Зын машин дээр бид нарын зөөвөрлөж явсан краны их биеийг ачиж явсан ба 40 гаран тонн гэж хэлж байсан. З хамгийн ард явсан болохоор пүүгээр орж жинлүүлсэн эсэх талаар мэдэхгүй байна. Бусад машинууд бүгд л ороод гарсан. Жолооч нар механикт хэлж ярьж байх ёстой жижиг халуун тогооны сэлбэг олддоггүй юм байнлээ. З болон бусад жолооч нарын зүгээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байхгүй. Манай Алтангэрэл гээд хөдөлмөр хамгаалалын инженер зааварчилгааг амаар өгсөн. Зааварчилгааг өгөхдөө дүрэмд заасан хурднаас хэтрэхгүй яваарай, цаг агаарын нөхцөлд хурдаа тохируулж яваарай, зогсохдоо бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар зогсоолын байршилаа харж зогсож байгаарай гэх мэтээр зааварчилгаа өгсөн. Тэрнээс яг тэдэн километр яваад амраарай, тэдэн цагт амраарай гэсэн талаар зааварчилгаа өгөөгүй. З машиндаа ганцаараа явсан, ер нь манай бүх жолооч нар ганцаараа явж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-88 тал/,

 

6.Гэрч Г.Эрдэнэхүү мөрдөн байцаалтын шатанд: “Тэгээд явж байгаад 150 дахь километрийн гуанзан дээр очоод унтаж амрахаар болоод машин машиндаа унтацгаасан. Тэгээд өглөө би 07 цаг өнгөрч байхад босоход манай бусад жолооч нар босоцгоочихсон нэг дугуй янзлаад байж байсан. Би Зыг хөдлөөд явсаныг мэдээгүй олон тэрэг байсан учир анзаараагүй. Тэгээд унтсан газраасаа хөдлөөд 20 орчим км явж байтал Зын машин замын хажуу руу ороод чиргүүл ойччихсон байсан. Хотоос гарахдаа Зобаяр халуун тогоо байхгүй яана дээ гэж байсан,  мөн миний машины халуун тогоо ажиллахгүй мөн бид хоёрынхоос гадна 2 машины халуун тогоо ажиллахгүй байсан тэгээд унтахдаа кабиндаа газан плитка асаагаад унтсан. Ер нь бол тухайн чиргүүл нь бол үйлдвэрээсээ 100 тонн даацтай чиргүүл юм. Тэгэхээр даац хэтрэхгүй байсан байх. Манай Алтангэрэл гээд хөдөлмөр хамгаалалын инженер зааварчилгааг амаар өгсөн. Зааварчилгааг өгөхдөө дүрэмд заасан хурднаас хэтрэхгүй яваарай, цаг агаарын нөхцөлд хурдаа тохируулж яваарай, зогсохдоо бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар зогсоолын байршилаа харж зогсож байгаарай гэх мэтээр зааварчилгаа өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-90 тал/,

 

7.Гэрч Н.Отгонбат мөрдөн байцаалтын шатанд: “Би 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр уг ажилд орсон, намайг ороход З ажиллаж байсан ба 82-54 УНР дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож байсан. Зын машины халуун тогоо ажиллахгүй болсон талаараа осол болохоос өмнө 1 сар гарангийн өмнө надад хэлсэн тэгэхээр нь би машинх нь халуун тогоог аваад задлаж үзэхэд зэс ороомогууд нь шатчихсан байсан ба  ахин засварлах боломжгүй байсан тэгэхээр нь би “ЗГН”, “Хадрагч хайрхан” гээд манай харьцдаг хоёр дэлгүүрт халуун тогооны ороомогийг нь захиалсан. Тэгээд байж байтал осол болчихсон. Осол болсоны дараа захиалсан дэлгүүрээс энэ захиалсан халуун тогооны ороомог чинь хуучины үеийн халуун тогоо учраас үйлдвэрлэгдэхээ больсон, олдох боломжгүй байна гэсэн хариу ирсэн. Тэгээд засаж сольж өгч болоогүй юм. Шатсан ороомогийг нь захиалсан тул ирэх байх гэж бодож байсан.Яг түүнээс өөр тогоо тавих талаар шийдвэр гаргаагүй. Энэ машиныхаа халуун тогоог өөр тийш нь зарсан асуудал бол байхгүй. Харин Норд бензийн жолооч нарыг өвөл ажил зогссон хөдөө тээвэр байхгүй үед МАЗ маркийн тээврийн хэрэгслийг жолоодуулж Улаанбаатар хот дотор тээвэрт явуулдаг юм. 2015 онд Зыг дээрх марзаар өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ажиллуулах үед түр жолоодож байасан МАЗ машиныхаа халуун тогоог аваад зарчихсан байсан. Тэгээд тэрийг өөрөөр нь төлүүүлж дуусгасан байсан. Халуун тогоо бол хүйтэн үед моторыг асах горимд очтол халаах үүрэгтэй, тэрнээс тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хамаарахгүй тээвэрт гарахад болохгүй гэсэн зүйл байхгүй, зөвшөөрлийг бол шалгасан механик Нямсүрэн өгсөн. Ачааны жинг бол би мэдэхгүй байна. Ямарч байсан тухайн краны их биеийг ачсан байсан. Тухайн үед З нь трайллер чиргүүл чирч явсан бөгөөд тухайн чиргүүлийг 4 голт чиргүүл гэдэг бөгөөд 100 тонны даацтай чиргүүл юм. Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл нь 380 морины хүчин чадалтай буюу 100 тонныг чирэх хүчин чадалтай гэсэн үг юм. Захиалгын хуудас бол байхгүй очиж уулзаад амаар захиалга өгсөн байсан. Тухайн тээвэрт гарахад Моннис ХХК-ийн хүмүүс өөрсдөө гуперлэж авч явах болсон ба тэд нарын удирдлагаар явах ёстой байсан юм” гэх мэдүүлэг /хх-92-93 тал/,

 

8.Гэрч Б.Нямсүрэн мөрдөн байцаалтын шатанд “ Моннис ХХК-ийн ачааг манай жолооч нар 2016 оны 11 сарын 31-ний өдөр ачсан. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Гансүх гэдэг жолоочийн хамт МАЗ маркийн машин дээр засвар хийж байсан. Би Моннисын ачаа ачиж тээвэрт явуулах машиныг шалгаагүй, Отгонбат механик ачаа тээшийг нь үзэж шалгасан ба жолооч нарыг тээвэрт гарахын өмнө нь Отгонбат надад нэг дэвтэр өгөөд жолооч нар анхан шатны зааварчилгаа өгөөд гарын үсэг зуруул гэхээр нь би анхан шатны зааварчилгаа өгөөд дэвтэр дээр нь гарын үсэг зуруулсан.  Цуваанд яваа үедээ хөдөлгөөний хурдыг зам орчины нөхцөл байдал болон зорчих хэсгийн гадаргуу, цаг агаарын байдлаас хамааруулан цувааны ахлагчийн тогтоосон хурдаас хэтрүүлэхгүй сонгож явна гэсэн зааварчилгаа өгөөд бүх жолооч нараар гарын үсэг зуруулсан. Цуваанд явахдаа бусдыгаа гүйцэж түрүүлэх, цуваа амарч байгаа үед хаяж явах ганцаараа явж болохгүй талаар зааварчилгаа өгсөн байгаа. Би зааварчилгааг аман хэлбэрээр өгөөд өгсөн зааварчилгааны талаар дэвтэр дээр бичээд гарын үсэг зуруулсан байгаа. Надад машин тэрэг үзэж шалгах эрх ч байхгүй, би туршилтаар ажилд ороод удаагүй байсан мөн тухайн машинуудыг хүлээж аваагүй байсан юм. Харин Отгонбат ерөнхий механикийн өгсөн  зааварчилгаа өгөөд гарын үсэг зуруул гэсэн үүргийн дагуу зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан” гэх мэдүүлэг /1-р хавтас  схх-94 тал/,

9. гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан, тэмдэглэл /1-р хавтас хх-03 тал/,

10.зам тээврийн осол хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-05 тал/,

11.зам тээврийн осол дээр тогтоосоон акт /1-р хавтас хх-06 тал/,

12.осол, хэрэг гарсан хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хавтас 07 тал /,

13. Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Самбартайн хөтөл гэх газарт “Норт бенз” маркын 82-54 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарсан гэх хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас /хх-08-11 тал/,

14. “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлан №211 /1-р хавтас хх-16-18 тал/,

 15. “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлан №210 /1-р хавтас хх-19-21 тал/,

16. №D163001114093 тоот даатгалын гэрээний хуулбар /1-р хавтас хх-34-40 тал/,

17. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Ачаа тээврийн гэрээний хуулбар /хх-41-42 тал/,

18. “Монгол Экспресс” ХХК  болон З нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, уг гэрээний хавсралтын хуулбар  /1-р хавтас хх-46-49 тал/,

19. Эд хөрөнгө бүрэн хариуцлага хүлээх гэрээ, түүний хавсралтын хуулбар /1-р хавтас хх-50-53 тал/,

20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн №167 дугаар “1.Шинжилгээнд ирүүлсэн LIЕBHERR LR1300SX маркийн, 2016 онд үйлдвэрлэгдсэн, 138369 тоот арлын дугаартай гинжит краны баруун талд байрлах эд ангиуд болон агаар шүүр, “А” хэлбэрийн сум, сумны үзүүрт байрлах дамарны трос шилжсэн, сум өргөх болон дэгээ татах зориулалтын трос ороох хүрдний тулгуур, их биений дээд талын баруун хананд байрлах өндөр даралтын шланг зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй байна. 2.Краны эд ангиудын эвдрэл гэмтэл болон краныг ажиллуулахад илрэх гэмтлийг илрүүлэх, засварлахад уг кран үйлдвэрлэгч болон өргөх механизмын тусгай мэдлэг, зориулалтын багаж тоног төхөөрөмжөөр тодорхойлох шаардлагатай. 3.Ажил үүрэг гүйцэтгэх үеийн техникийн аюулгүй байдлыг ханган эсэх нь автотехникийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийн хавсралт /1-р хавтас хх-57-64 тал/,

21. “LIEBHERR” үйлдвэрийн мэргэжилтний “Тээвэрлэлтийн үеийн гэмтлийг тогтоосон үзлэг”-ийн тайлан /1-р хавтас хх-67-73 тал/,

22. Бичиг баримтанд үзлэг хийн хуулбарлан авсан тэмдэглэл /1-р хавтас хх-74-76 тал/,

23.2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-129-131 тал/,

24.”Монгол Экспресс” ХХК-ийн захирлын №13/141, №13/119 дугаартай тушаалуудын хуулбар /1-р хавтас хх-132-133 тал/,

25.”Монгол Экспресс” ХХК-наас төлсөн төлбөрийн тооцооны хүснэгт /1-р хавтас хх-178 тал/,

26. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн  “Ачаа тээврийн гэрээний хуулбар” /1-р хавтас хх-179-180 тал/,

27. Хохирол барагдуулах тухай гэрээ, гэрээний хавсралт /1-р хавтас хх-183-187 тал/,

28. “Моннис Интернэшнл” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн АБ-240 дугаартай албан бичиг /1-р хавтас хх-208 тал/,

29.” Хан-Үнэлэмж” ХХК-ийн Үнэлгээний тайлан /1-р хавтас хх-223-227 тал/,

30. “Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай” мөрдөгчийн тогтоол /1-р хавтас хх-245 тал/,

31. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт Мэргэжлийн хариуцлагын хорооны шинжээчийн дүгнэлт /2-р хавтас хх-42-45 тал/,

32.”Миг даатгал” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/11-987 дугаартай албан бичиг /2-р хавтас хх-53 тал/,

            33.Хохирол барагдуулах гэрээ дүгнэсэн акт /2-р хавтас хх-54 тал/,

34.2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №0000001 дугаартай шинжээчийн “ 1. Хавтаст хэргийг судалж үзэхэд “Норд Бенз” маркийн 82-54 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байх үндэслэлтэй. 2.Хавтаст хэргийг судалж үзэхэд “Норд Бенз” маркийн 82-54 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. 3. Хавтаст хэргийг судалж үзэхэд “Норд Бенз” маркийн 82-54 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон  “бүх жин” нь 35 тонн 600 кг “жин”-тэй ба “бүх жин” гэдэг нь тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөх дээд жин юм. Чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтэцэд хамаарагдах бол бүх жинг чирэгч, чиргүүл хоёрын бүх жингийн нийлбэрээр тооцдог бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн даац хэтрүүлэн ачаа ачсан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. 4. Хавтаст хэргийг судалж үзэхэд Төв аймаг дахь Шүүх шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч А.Владимирын гэрэл зургийн үзүүлэлтээс харахад хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гарсан газар нь хатуу хучилттай асфальтан зам, эсрэг хөдөлгөөнтэй, хоёр эгнээ замтай, үзэгдэх орчин чөлөөтэй, шулуун тэгш, хатуу хучилттай асфальтан зам болон хөвөө хэсэгт цас мөстсөн зүйл байхгүй ба иймд замын нөхцөл байдал нөлөөлсөн зүйл байхгүй” гэх дүгнэлт /1-р хавтас хх-98 тал/,

35. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №00000008 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн “1.Хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Лхагвадоржийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан №00000001 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй тавигдсан. 2.Хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад “Норд бенз” маркийн 82-54 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт зөрчсөн байна” гэж үзэв. 3. Хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад Монгол улсын 2011 оны хүнд даацын автотээврийн хэрэгсэл, техникийн ерөнхий шаардлага буюу MNS 6278:2011 стандарттай танилцахад Норд Бенз маркийн 82-54 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 96-36 БЧ улсын дугаартай чиргүүл зэрэг нь нийт 7 тэнхлэгтэй байх ба долоон тэнхлэгт авто угсрааны тэнхлэг тус бүрд ноогдох ачаалал нь 115,0 тонн даацтай ачааг чирэх хүчин чадалтай байна. Мөн осол болох үед чирч явсан чиргүүл нь Монгол улсын 2011 оны хүнд даацын автотээврийн хэрэгсэл, техникийн ерөнхий шаардлага буюу MNS6278:2011 стандарт зааснаар 58,4т даацтай чиргүүл байна. Уг стандартад зааснаар Норд бенз маркийн 82-54 УНР улсын дугаартай чирэгчид чирэгдэх зориулалтын чиргүүл мөн байна. Хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад осол болох үед тухайн тээврийн хэрэгсэл нь ачааны даац хэтрүүлсэн байна гэж үзэх боломжгүй гэж үзэв. 4. Хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн зүйлгүй гэж үзэв” гэх дүгнэлт /1-р хавтас хх-100 тал/

Шүүгдэгч Б.Золбарын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар,  оршин суугаа хорооны тодорхойлолт бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав: Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч З нь "Монгол эксперсс" ХХК-ийн жолоочоор ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутаг "Самбартай хөтөл" гэх газар Улаанбаатар хот-Мандалговь чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай замд 82-54 УНР улсын дугаартай "Норд бенз" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас чиргүүл нь онхолдож, уг чиргүүл дээр тээвэрлэгдэж явсан "Моннис" ХХК-ийн өмчлөлийн LR-1300 маркийн краны их бие эвдэрч, “Моннис” ХХК-д 2.598.773.807 /хоёр тэрбум таван зуун ерэн найман сая долоон зуун далан гурван мянга найман зуун долоон/ төгрөгийн, “Монгол Эксперсс” ХХК-д 2.454.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 2.601.227.807 /хоёр тэрбум зургаан зуун нэг сая хоёр зуун хорин долоон мянга найман зуун долоон/ төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь:

-“...Шүүгдэгч З шүүхийн хэлэлцүүлэгт “2016 оны 12 сарын эхээр кран ачиж Өмнөговь руу 8 машин явсан. Тэгээд “Довын гуанз” дээр хоол идээд цаана хоносон. Тэгсэн чинь машины халуун тогоо ажиллахгүй байсан болохоор унтаж амарсан болж чадахгүй байсан. Яагаад гэхээр машины халуун тогоо нь зогсоод нормаалдахаар халахгүй явахаар халдаг юм. Тэгээд даарч байхаар гээд цаашаа явж хөдөлж байж халаах санаатай явж байгаад осолд орсон. Урьд нь би энэ халуун тогоог янзалж өгөөч гэж байгууллагад хэлж байсан. Тэгэхэд байгууллагаас захиалсан байгаа гэж хэлдэг байсан. Тэгээд машины бүрэн бүтэн байдлыг хангаж өгөөгүй. ....Миний буруугаас осол гарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг,

-“....Иргэний нэхэмжлэгч Т.Хонгор мөрдөн байцаалтын шатанд: “Уг LR-1300 маркийн краныг манай компани 2016 оны 10 дугаар сард Австри улсын LIEBHEER компианаас 1 сая 98 мянган евроогоор худалдаж авсан. Уг краны жин нь 320 тонн бөгөөд 8 воганаар уг краныг тээвэрлэн Монголд оруулж ирсэн. Краныг Өмнөговь аймагт Оюу толгойд ашиглах зориулалттай оруулж ирсэн учир уг газарт хүргэхээр “Монгол Экспресс” ХХК-тай тээвэрлэх гэрээ байгуулан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тухайн компанийн 9 тээврийн хэрэгсэлд хуваан ачиж явуулсан ба уг краны их биеийг ачиж явсан автомашин замын хажуу руу онхолдсоны улмаас краны их бие, удирдлага хэсэгт эвдрэл гэмтэл гарсан. Тухайн ослын дараа манай компани худалдаж авсан газраасаа 2 мэргэжилтэнг авчран краны их биенд нарийвчилсан шинжилгээ хийлгэж ямар ямар эд анги эвдэрсэн байгааг тогтоолгосон ба тэр хүмүүсийн гаргасан дүгнэлтээр их биеийг тэр чигээр нь ашиглах боломжгүй, үйлдвэрт нь буцаан аваачиж сэргээн засварлуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Буцаан тээвэрлүүлээд засварлуулж авч ирэхэд мөн худалдаж авсантайгаа адил хэмжээний буюу 1 сая 98 мянган еврогийн төлбөр гарах тооцоог үйлдвэрээс ирүүлсэн байгаа. Энэ мөнгө нь дүнг манай компани зүгээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-78 тал/,

-“...Иргэний нэхэмжлэгч Б.Батхүү мөрдөн байцаалтын шатанд: “Би үнэлгээтэй танилцсан ба үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй ба автомашин чиргүүлд учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Харин нэмж нэхэмжлэх зүйл гэвэл тээврийн хэрэгсэл дээр тээвэрлэж явсан “Моннис” ХХК-ийн эзэмшлийн LR-1300 маркийн краны их биед учирсан хохирлыг компани зүгээс төлөхөөр гэрээ хийгдэж байгаа ба уг краны их биед учирсан хохирлын үнэлгээ гаргахаар тэр хохирлыг Заас нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-82 тал/, ... Уг хэрэгт холбогдуулан манай компани “Моннис Интернейшнэл” ХХК-д 895.247 еврогоор краны шинэ их бие худалдаж авч өгсөн ба хуучин их биеийг Герман улс руу буцаах, шинэ их биеийг Монгол Улс руу оруулж ирэх тээврийн зардал мөн гаалийн татварт зарцуулагдсан мөнгөн төлбөрийг Заас нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-219 тал/,

            -“..Гэрч С.Ганбатын мөрдөн байцаалты шатанд: “..Бид нар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос гараад Өмнөговь аймаг явж байсан юм. Тэгээд шөнө 23 цагийн орчим Самбартай гуанзан дээр хоносон тэгээд бид нарыг өглөө босоход түрүүлээд хөдлөөд явчихсан байсан ба бид нар унтсан газраасаа хөдлөөд 20 орчим км газар явсан чинь чиргүүл нь уначихсан байсан. Тэрийг би мэдэхгүй байна. Осол болсоны дараа бид нарыг очиход шөнө даараад тэгээд машинаа халаангаа зам дөхөж байя гэж бодоод хөдөлсөн, тэгээд үүрэглээд замын хажуу руу орчихлоо гэж  хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-87 тал/,

-“..Гэрч Л.Батжаргал мөрдөн байцаалтын шатанд: 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн орчим Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг Оюу толгой чиглэлд Моннис ХХК-ийн ачааг хүргэж өгөхөөр манай компанийн 9 ширхэг Норт бенз маркийн тээврийн хэрэгсэл ачааг хувааж ачаад гарцгаасан. ....Тэгээд өглөө 7 цагийн үед босоод хөдлөх гэсэн чинь миний машины нэг дугуй хагарчихсан байсан тэрийгээ нөхөж байхад З хөдлөөд явчихсан байна гэж нэг нь хэлсэн тэгэхээр нь тухайн үед юм ч бодоогүй, хүнд ачаатай юм чинь зам дөхөж байгаа юм байх гэж бодсон. Тэгтэл унтсан газраас 20 орчим километр яваад З замын хажуу руу ороод тэгээд чиргүүл нь хажуугаараа хагарчихсан байсан очоод яагаад ийм юм болчихвоо гэхэд өглөө даараад байхаар нь жаахан машинаа халаангаа зам дөхөж байя гэсэн чинь үүрэглээд ийм юм болчихлоо гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-88 тал/,

-“...Гэрч Г.Эрдэнэхүү мөрдөн байцаалтын шатанд: “....Тэгээд унтсан газраасаа хөдлөөд 20 орчим км явж байтал Зын машин замын хажуу руу ороод чиргүүл ойччихсон байсан. Тэгээд очоод уулзаад хэзээ хөдлөөд явчихав гээд асуухад даараад унтаж чадаагүй, халуун тогоо байхгүй, тэгээд үүрээр хөдлөөд явсан чинь үүрэглээд замын хажуу руу орчихлоо гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-90 тал/,

-“...Гэрч Н.Отгонбат мөрдөн байцаалтын шатанд: “Би ачсан ачааны бэхлэсэн байдлыг үзэж шалгасан. Харин манай механик Нямсүрэн бүх тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг үзэж шалгаад бүх жолооч нараар гарын үсэг зуруулаад тээвэрт гаргасан. Алтангэрэл гээд хөдөлмөр хамгаалалын инженер аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан байгаа. ....Халуун тогоо бол хүйтэн үед моторыг асах горимд очтол халаах үүрэгтэй, тэрнээс тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хамаарахгүй тээвэрт гарахад болохгүй гэсэн зүйл байхгүй, зөвшөөрлийг бол шалгасан механик Нямсүрэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-92-93 тал/,

-“ ...Гэрч Б.Нямсүрэн мөрдөн байцаалтын шатанд: “....Би зааварчилгааг аман хэлбэрээр өгөөд өгсөн зааварчилгааны талаар дэвтэр дээр бичээд гарын үсэг зуруулсан байгаа.” /1-р хавтас  хх-94 тал/ гэх мэдүүлгүүд,

зам тээврийн осол хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-05 тал/, зам тээврийн осол дээр тогтоосоон акт /1-р хавтас хх-06 тал/, осол, хэрэг гарсан хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хавтас 07 тал /, Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Самбартайн хөтөл гэх газарт “Норт бенз” маркын 82-54 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарсан гэх хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас /хх-08-11 тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлан №211 /1-р хавтас хх-16-18 тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлан №210 /1-р хавтас хх-19-21 тал/, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт Мэргэжлийн хариуцлагын хорооны шинжээчийн дүгнэлт /2-р хавтас хх-42-45 тал/,

-“..2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №00000008 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн “1.Хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Лхагвадоржийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан №00000001 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй тавигдсан. 2.Хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад “Норд бенз” маркийн 82-54 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт зөрчсөн байна” гэж үзэв. 3. Хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад Монгол улсын 2011 оны хүнд даацын автотээврийн хэрэгсэл, техникийн ерөнхий шаардлага буюу MNS 6278:2011 стандарттай танилцахад Норд Бенз маркийн 82-54 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 96-36 БЧ улсын дугаартай чиргүүл зэрэг нь нийт 7 тэнхлэгтэй байх ба долоон тэнхлэгт авто угсрааны тэнхлэг тус бүрд ноогдох ачаалал нь 115,0 тонн даацтай ачааг чирэх хүчин чадалтай байна. Мөн осол болох үед чирч явсан чиргүүл нь Монгол улсын 2011 оны хүнд даацын автотээврийн хэрэгсэл, техникийн ерөнхий шаардлага буюу MNS6278:2011 стандарт зааснаар 58,4т даацтай чиргүүл байна. Уг стандартад зааснаар “Норд бенз” маркийн 82-54 УНР улсын дугаартай чирэгчид чирэгдэх зориулалтын чиргүүл мөн байна. Хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад осол болох үед тухайн тээврийн хэрэгсэл нь ачааны даац хэтрүүлсэн байна гэж үзэх боломжгүй гэж үзэв. 4. Хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн зүйлгүй гэж үзэв” гэх дүгнэлт /1-р хавтас хх-100 тал/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Зыг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Зыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч: “Монгол экспресс” ХХК-ийн хувьд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гэсэн статустай явж байгаа. Иргэний хариуцагчийнхаа хувьд “Моннис” ХХК-д 2.598.773.807 төгрөгийг албан ёсоор төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгчийнхээ хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Ингээд “Монгол экспресс” компани нь иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Заас доорх хохирлыг нэхэмжилнэ. “Миг даатгал” ХХК-аас авсан төлбөрийг хасаад “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийн хохирол болон чиргүүлийн хохирол зэрэг нийлээд 1.157.264.861.45 төгрөгийг Заас нэхэмжилж байна гэсэн байна.”гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Энэ гэмт хэрэгт холбогдуулсан эрүүгийн хэргийн зүйлчлэл, хэргийн үйл явцууд, нотлох баримтуудтай маргах зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгч З нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Энэ хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал нь баримтаар харагдаж байх ёстой гэдгийг шүүгдэгч маань хангалттай сайн хариулж чадаагүй. Миний хувьд шүүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхийн тул шүүгдэгчийн ээж, аав, дүү нартайгаа ярилцаад мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн 4.321.000 төгрөгийн үнэтэй хашаа байшинд эхнэр хүүхдүүд нь амьдардаг. Мөн түүний аав, ээж нь хамт амьдардаг гэх бүртгэлтэй боловч аавынх нь төрсөн дүү нь 1 өрөө орон сууц эзэмшдэг тэр Америкийн нэгдсэн улсад амьдраад 20 жил болж байгаа болохоор түүний байшинд аав, ээж нь амьдарч байгаа. Зын аав нь цавинаасаа доогуур тайруулсан хүн байдаг. Мөн Зын төрсөн дүү нь хүнтэй суугаад айл гэр болоод явсан тул энэ дундын өмчлөлийг зохих журмын дагуу шийдвэр гүйтэцгэлийн журмаар компанид учирсан “Норд бенз” маркийн тээврийн хэрэгсэл болон чиргүүлд учирсан хохирлыг төлөх боломжтой гэж үзэж байна. Үүнийг улсын яллагч дүгнэхдээ 2.454.000 төгрөгийг төлөх боломжтой. Харин иргэний нэхэмжлэгч байгууллагаас LR-1300 гэх кранд учирсан хохирлоос “Миг даатгал” ХХК-аас төлсөн мөнгийг хасаад үлдэгдэл мөнгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх саналтай байна.” гэж тус тус мэтгэлцсэн байна.

 

Шүүгдэгч З нь гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол буюу 2.601.227.807 /хоёр тэрбум зургаан зуун нэг сая хоёр зуун хорин долоон мянга найман зуун долоон/ төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлоос мөрдөн байцаалтын шатанд “Монгол Эксперсс” ХХК-ын зүгээс “Моннис Интернэшнл” ХХК-д 895,247 еврог бүрэн төлж барагдуулсан. “Миг даатгал” ХХК нь 1.443.962.945.55 төгрөгийн нөхөн төлбөрийг “Монгол Эксперсс” ХХК-д гаргаж өгсөн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг хангах үндэстэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэл тодорхой тооцоо гаргах бололцоогүй байдал тогтоогдоогүй ба нэхэмжлэлийн үнийн дүн тодорхой байх тул шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг хамт шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

  Иймд “Монгол Эксперсс” ХХК-ийн “Моннис Интернэшнл” ХХК-д төлсөн 2.598.773.807.00 төгрөгийн хохирлын төлбөрөөс “Миг даатгал” ХХК-аас авсан 1.443.962.945.55 төгрөгийн нөхөн төлбөрийг хасаж, үлдэгдэл 1.154.810.861.45 төгрөг дээр “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийн хохирол болон чиргүүлийн хохирол төлбөр болох 2.454.000 төгрөгийн төлбөрийг нэмж нийт 1.157.264.861.45 төгрөгийг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэгч Б.Батхүү/“Монгол Эксперсс ХХК”/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүгдэгч Заас 1.157.264.861.45 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Батхүүд /Монгол Эксперсс ХХК”/-д олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч Зын гэм хорын хохирол их хэмжээний боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнсэн хянан харгалзах хугацаанд төлөх үүрэгтэйг сануулсан болно.

 

Дөрөв:Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4-т дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөний ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч З нь миний үйлчлүүлэгчийн үйлдсэн хэрэг нь болгоомжгүй байдлаас бий болсон хэрэг. Үүнийгээ өөрөө илэрхийлж байгаа. Миний үйлчлүүлэгч бага насны 2 хүүхэдтэй зэрэг байдлыг нь шүүх харгалзан үзэж ял хөнгөрүүлж өгнө үү”  гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Зыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн болно.

Шүүгдэгч Зт Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Тав: Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдан ирсэн №155629 дугаар бүхий ВСБЕ ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Зын өмчлөлийн 4320000 төгрөгийн үнэлгээтэй Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 8 дугаар гудамж 207 тоотод байрлах 360м2 хэмжээтэй газрыг битүүмжилсэн тогтоолыг хохирол барагдах хүртэл хугацаагаар хэвээр үлдээх зүйтэй байна.

Эрүүгийн 201719000027 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Монгол овогт Бы Зыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Монгол овогт Бы Зын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Зын гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах, ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Заас 1.157.264.861.45 төгрөгийг гаргуулан Иргэний нэхэмжлэгч Б.Батхүүд /”Монгол Эксперсс ХХК”/-д олгосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Заас иргэний нэхэмжлэгч Б.Батхүүд /”Монгол Эксперсс” ХХК”/-д учруулсан 1.157.264.861.45 төгрөгийн хохирлыг 2021 оны 02 сарын 12 өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Зын жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар З нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дах хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн №155629 дугаар бүхий ВСБЕ ангилалын жолоочийн үнэмлэхийг харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгаж, Зын өмчлөлийн 4320000 төгрөгийн үнэлгээтэй Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 8 дугаар гудамж 207 тоотод байрлах 360м2 хэмжээтэй газрыг битүүмжилсэн тогтоолыг хохирол барагдах хүртэл хугацаагаар хэвээр үлдээсүгэй.

9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

12.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Зт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ц.ОТГОНЖАРГАЛ