Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/24

 

С.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч О.Баатарсүх, Ерөнхий шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        М.Энхтуяа

Шүүгдэгч                                                             С.Мөнхбаяр   

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч С.Мөнхбаярт холбогдох эрүүгийн 2321000000126 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 01ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бодонгууд овогт Сүхбаатарын Мөнхбаяр, Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг, “Заяат” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: ЖВ94072819/

2. Шүүгдэгч С.Мөнхбаяр нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутаг “Заяат” гэх газраас 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн үед хохирогч А.Азбатын эзэмшлийн 3 тооны үхрийг буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж бусдад 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Мөнхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Бодонгууд овогт Сүхбаатарын Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Сүхбаатарын Мөнхбаярыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнхбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнхбаяраас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мөнхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч С.Мөнхбаяр давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие болон манай гэр бүлийнхэн надад 2 жилийн хорих ял оногдуулсанд маш их гомдолтой байна.

Би анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд өмнө огт гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Гэмт хэрэг үйлдсэнээ ухамсарлан ойлгож, анхнаасаа гэм буруугаа хүлээсэн. Шүүх хуралдаанд ч би гэм буруугаа хүлээж байсан. Би болон манай гэр бүлийнхэн өмгөөлөгчийнхөө заавраар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хохирол төлбөргүй бол эрүүгийн хариуцлагын доод хэмжээнээс доошоо татаж ял оногдуулах эрх зүйн  боломж байдаг тул ямар нэг маргаан гаргаж байгаагүй. Хийсэн хэргээ үнэн зөвөөр нь ярьж, хүлээж байсан. Би анх удаа шүүх хуралд орж байгаа болохоор айж сандраад юу ярихаа ч мэдэхгүй балмагдсан.

Хохирол төлбөр байхгүй, бусдыг хохиролгүй болгосон. Тиймээс хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх бүхий л боломжийг зөв ойлгон анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохоор оногдуулах ялыг энэрэнгүй хандана гэж итгэж байтал 2 жилийн хорих ял оногдуулсанд үнэхээр гайхсан.

Эхнэр, 6 настай том охин 2 маань хоёулаа татаж унадаг учраас мал дээрээ 2 хүүхэдтэйгээ үлдсэн эхнэртээ тун их санаа зовж байна. Нэгэнт буруу хэрэг хийсэн учраас хариуцлага хүлээж ял эдэлнэ гэдгийг ойлгож байсан боловч хуульд заасан хөнгөрүүлэх арга хэмжээ огт аваагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг багасгаж өгөөгүйд гомдсон.

Шүүх заавал хэрэглэх албагүй гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг тайлбарласан. Гэтэл зарчмын хувьд аль болох гэмт хэргийг илрүүлж, хохирол барагдуулах тал дээр хууль санаачлагч, хуулийн зорилгод нийцүүлэх, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч ямар ч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байхад ялыг хөнгөрүүлж оногдуулахад саад болохгүй гэж бодож оногдуулсан ялыг 1 жил болгон багасгаж өгнө үү.” гэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээсэн, эзэн нь малаа авч хохирол төлөгдсөн, иргэний хариуцагчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Ам бүл 4, 2-6 насны 2 охинтой. Эхнэр нь ажилгүй хүүхдээ харж байгаа. Түүнээс гадна тэтгэвэрт гарсан ээж, хадам ээж, хагас өнчин дүү нараа харж хандаж явдаг. Эхнэр Уянга 2017 оноос хойш унаж татдаг болсон. Өөрийн хийсэн алдаандаа чин сэтгэлээсээ харамсдаг. Иймд түүний ард үлдсэн энэ олон хүн бүгд хямарч шаналж байгаа учир ар гэрийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлуудыг нь харгалзан хуульд заасан боломж олгож, түүнд оногдуулсан хорих ялыг ялын доод хэмжээнээс доош татан багасгаж өгнө үү.” гэв.  

7. Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Мөнхбаярыг хохирогч А.Азбатын гурван тооны үхрийг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялаар шийтгэсэн. Энэ санкци нь энэ зүйлд заасан хорих ялын хамгийн доод хэмжээ гэдгийг хэлэхийг хүсч байна. Хуулийн тодорхой заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч С.Мөнхбаяр нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн үед Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутаг “Заяат” гэх газраас хохирогч А.Азбатын эзэмшлийн 3 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “...Би 2019 оноос эхэлж Жаргалсайхан гэх хүний 140 орчим үхрийг хардаг байсан бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 20-ны үеэр харахаа больж буцааж өгсөн. ...6 дугаар сарын 20-д дөнгөж гаргаад Жаргалсайхан ах үхрээ авахаар болсон бөгөөд үхрээс нь 2022 оны 4 дүгээр сард нэг бяруу ядраад үхсэн байсан. Би тэрийг тухайн үед нь хэлээгүй байсан. Ингээд үхрээ авах үеэр нь би манай гэрээс зүүн тийш 1 км орчим зайд нутаглах Азбат гэх хүний үхрээс улаан хүрэн зүсмийн үнээ тугалтай, улаан зүсмийн духандаа цагаантай бярууг нийлүүлээд өгсөн. Уг үхрүүдийг Жаргалсайхан ахын авч өгсөн Хятад мотоциклоор тууж аваачсан. ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ” гэх мэдүүлэг /хх 55, 102/,

Хохирогч А.Азбатын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:... Манай үхрүүд гэрээс зүүн тийш 2 км орчим “Хужиртай” гэх газраар бэлчээрлэдэг юм. 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өөрийн малаа бүртгэж үзэхэд улаан хүрэн зүсмийн үнээ, ухаа тугал, улаан зүсмийн духандаа цагаантай бяруу нийт 3 тооны үхэр дутсан. Тэгээд би тухайн 3 тооны үхрийнхээ араас Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээр бүхэлд нь яваад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний алдагдсан улаан хүрэн зүсмийн үнээ нь 4 настай, баруун чих нь хайчилсан, зүүн чих нь хойноосоо догол имтэй, ухаа тугал 1 настай, им байхгүй, улаан зүсмийн духандаа цагаантай бяруу нь 2 настай, им тамга байхгүй үхрүүд байсан. ...Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан учир нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 15, 20/,

Иргэний нэхэмжлэгч Ш.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:... Миний үхэр нийт 200 гаран байдаг бөгөөд тоо ёсных нь дагуу тоолж авахад бүрэн байсан. Би С.Мөнхбаярт үхрээ 3 жилийн өмнө харуулахдаа нэг мотоцикл авч өгч байсан. Тэгээд тэр нь нэг жил унаад эвдэрсэн тул дахин шинэ мотоцикл авч өгсөн. Тухайн мотоциклийг “Нарантуул” захаас авч байсан учир ямар нэгэн бичиг баримт байхгүй. Одоо тэр мотоцикл нь миний үхрийг харж байгаа Наранбаатар гэх залууд байгаа. Би Мөнхбаяраас юу ч нэхэмжлэхгүй, гомдол саналгүй. ...” гэх мэдүүлэг /хх 24-25/,

Гэрч Б.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 6 сарын сүүлээр малын эзэн Жаргалсайхан над руу яриад “чи Мөнхбаяр дээр очоод үхрүүдээ тоолоод авчих” гэсний дагуу би Мөнхбаярын харж байсан суурь мал дээр очоод нийт 140 орчим үхэр тоолоод авсан. Тэгээд нэг сарын дараа намайг гэртээ эзгүй байхад Азбат гэх хүн ирээд “танай үхэрт манай 3 тооны үхэр байна” гэж хэлж байсан. Тэгээд малын эзэн Жаргалсайхан над руу залгаад “тэр 3 тооны үхрийн учрыг нь ол” гэхээр нь Мөнхбаяр руу залгахад “би мэдэхгүй, Жаргалсайхан ахын үхрийг тоогоор нь өгсөн” гэж хэлсэн. Тэр 3 тооны үхэр анх Мөнхбаярын харж байсан Жаргалсайхан ахын малыг авахад цуг туугдаж ирсэн. ..." гэх мэдүүлэг /хх 27/,

Гэрч Ө.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би нөхөр хүүхдийн хамт Баян-Уул сумын 1 дүгээр баг Заяат гэх газарт Жаргалсайхан гэх хүний 100 гаран үхрийг маллан амьдардаг байсан. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын дундуур Жаргалсайхан ах “үхрүүдээ аваад урагшаа говь руу гар” гэхээр нь “бид хоёр энэ зун амжихгүй байна, мөн ус байхгүй шүү дээ” гэхэд “тэгвэл ах нь малаа аваад Наранбаатарт харуулъя” гэхээр нь тэгээ гэсэн ... Наранбаатар малчин тухайн өдрийн үдээс хойш ирээд малаа тоолж аваад явсан. 2022 оны 6 дугаар сарын 20-ны хавьцаа Азбат гэх хүн манай гэрээр ирээд “ах нь үхрээ олохгүй байна, та хэд үхрээ Наранбаатарт өгсөн юм уу, ах нь тэр үхэрт чинь очоод үзэж болох уу” гэхээр нь “тэг тэг” гээд явуулсан. Удалгүй Азбат ах утсаар залгаад “ахынх нь үхрүүд танай үхрүүдтэй Наранбаатарын харж байгаа үхэрт чинь ирсэн байна, би үхрээ авлаа шүү” гэхээр нь би мөн “тэгээ тэг” гэж хэлсэн. Тэгээд Жаргалсайхан ах залгаад “үхэр дутаад байна, энийгээ ямар нэгэн аргаар барагдуул” гэхээр нь бид хоёр Жаргалсайхан ахад  3 тооны адуу өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 34-35/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 07/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх 08-09/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний шинжээчийн дүгнэлтүүд /хх 40-43, 46-49/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 6. Шүүгдэгч С.Мөнхбаярын хохирогч А.Азбатын 3 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

7. Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

8. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан “... анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, нэг жилийн хугацаагаар хорих ял болгон багасгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хорих ялаас хамгийн бага хэмжээний хорих ялыг оногдуулахдаа хуульд зааснаар хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн байх ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг багасгах шаардлагагүй гэж үзсэн нь хуульд нийцжээ.

Иймд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч С.Мөнхбаяр болон түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч С.Мөнхбаярын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Мөнхбаяр болон түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнхбаярын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД              О.БААТАРСҮХ                                                                                    

                                Г.УРТНАСАН