Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 366

 

 

Б.Баяндалай, Н.Давааням, Э.Содонхүү, Ж.Шийрэвжанцан нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Оюунгэрэл,

Ялтан Б.Баяндалай, Н.Давааням, Э.Содонхүү, тэдний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

Нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 441 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Д.Оюунгэрэлийн бичсэн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 13 тоот эсэргүүцлээр Б.Баяндалай, Н.Давааням, Э.Содонхүү, Ж.Шийрэвжанцан нарт холбогдох эрүүгийн 201525031022 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ойл овогт Баатарын Баяндалай, 1986 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, краны оосорлогч, дохиочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багийн Жаргалант гэх газар оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 36 дугаар байрны 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:РП86111318/, 

2. Вандаа овогт Насантогтохын Давааням, 1993 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар баг, Шарга гэх газар оршин суух бүртгэлтэй боловч, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 2а гудамжны 18 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:РП93110814/,

3. Анчин овогт Энхээгийн Содонхүү, 1993 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Баянхонгор сумын Баянлиг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар багийн Хатан суудал гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 37 дугаар байрны 6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ВВ93040117/,

4. Гал овогт Жанчивдоржийн Шийрэвжанцан, 1995 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, дүү нарын хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж гудамжны 18 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:АК95060416/,

1. Б.Баяндалай, Э.Содонхүү, Ж.Шийрэвжанцан нар бүлэглэн машин механизм ашиглан 2015 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадавлэн зуслангийн авто замын ажил хийж байсан “Аж уулын зам” ХХК-ийн барьж байсан усны хоолойн хаалт төмөр буюу пум төмөр 21 ширхэгийг хулгайлан авч 420.000 төгрөгийн,

2015 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны зусланд байрлах Ц.Тогтохтөрийн байшингийн суурь цутгаж байсан хэв хашмал төмөр 26 ширхэгийг хулгайлан авч 1.222.000 төгрөгийн буюу нийт 1.642.000 төгрөгийн,

2. Б.Баяндалай, Э.Содонхүү, Ж.Шийрэвжанцан, Н.Давааням нар бүлэглэн машин механизм ашиглан 2015 оны 8 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаагийн постоос Шадавлэн зуслангийн авто замын өргөтгөлийн ажил хийж байсан “Эрдэнэ зам” ХХК-ийн барьж байсан ус зайлуулах ажлын цутгалтын ажил гүйцэтгэхээр угсарч тавьсан хаалт төмөр 31 ширхэгийг хулгайлан авч 775.000 төгрөгийн,

2015 оны 8 дугаар сарын 6-наас 10-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Эрэлт импэкс” ХХК-ийн агуулах, хашаанаас 39 сапуд төмөр, 131 ширхэг хэв хашмал төмөр хулгайлж, 8.350.000 төгрөгийн буюу нийт 9.125.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Б.Баяндалай, Н.Давааням, Э.Содонхүү, Ж.Шийрэвжанцан нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Баяндалай, Н.Давааням, Ж.Шийрэвжанцан, Э.Содонхүү нарыг давтан үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Баяндалайг эд хөрөнгө хураах нэмэгдэл  ял хэрэглэхгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Н.Даваанямыг эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Ж.Шийрэвжанцанг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,  Э.Содонхүүг эд хөрөнгө хураах нэмэгдэл  ял хэрэглэхгүйгээр  2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Баяндалайд оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг, Н.Даваанямд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг, Ж.Шийрэвжанцанд оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг, Э.Содонхүүд оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг  тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ж.Шийрэвжанцангийн цагдан хоригдсон 21 хоног, Б.Баяндалайгийн цагдан хоригдсон 3 хоног, Н.Даваанямын цагдан хоригдсон 3 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Содонхүү  нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, Б.Баяндалай, Н.Давааням Ж.Шийрэвжанцан, Э.Содонхүү нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Б.Ууганбаярын 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Сээтэнгийн Нэргүйн 97-59 УНП улсын дугаартай цэнхэр өнгийн “Портер” загварын, автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Баяндалайд оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг, Н.Даваанямд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг, Ж.Шийрэвжанцанд оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг, Э.Содонхүүд оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг тус тус биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, тус бүр 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд Б.Баяндалай, Н.Давааням нарт хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын Цагдаагийн тасагт, Ж.Шийрэвжанцанд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст, Э.Содонхүүд Баянхонгор аймгийн Баянлиг сумын цагдаагийн тасагт тус тус хяналт тавихыг даалгаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Баяндалай, Н.Давааням, Э.Содонхүү нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ж.Шийрэвжанцанд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад өгөхөөр, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Баяндалай, Н.Давааням, Ж.Шийрэвжанцан, Э.Содонхүү нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Улсын яллагч Д.Оюунгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Баяндалай, Н.Давааням, Ж.Шийрэвжанцан, Э.Содонхүү нарыг давтан үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн... гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулжээ. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэх заалтыг зөрчсөн, мөн хуулийн 286 дугаар зүйлд заасан “...шүүхийн тогтоол гаргах үед шийдвэрлэвэл зохих асуудлыг...”-ыг бүрэн тусгаагүй байх тул эсэргүүцэл бичиж, зөвтгүүлэх шаардлагатай гэж дүгнэлээ. Тухайлбал шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад заасан шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэм бурууг тогтоохдоо тэдгээрийн үйлдсэн хэргийг бүрэн хэмжээгээр тусгаагүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх зарим шинжийг дурдаагүй орхигдуулсан байгааг засах шаардлагатай байна. /машин механизм ашиглан, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэх шинжийг тусгаагүй орхигдуулсан/

Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас Б.Баяндалай, Ж.Шийрэвжанцан, Э.Содонхүү нарын тухайд нийт 10.767.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол бусдад учруулсан, Н.Давааням нь энэ хэргийн улмаас бусдад нийт 9.125.000 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...бага бус хэмжээний хохирол учруулсан...” гэж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтад шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн, гэрч С.Нэргүйн эзэмшлийн 4.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Портер” загварын, 97-59 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлсөн боловч, анхан шатны шүүх гэм буруутай этгээд буюу шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг гаргуулж төрийн өмчлөлд шилжүүлэх тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийг хэрэглээгүй орхигдуулсан нь буруу байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлага хангаагүй, мөн хуулийн 286 дугаар зүйлд заасан “...шүүхийн тогтоол гарах үед шийдвэрлэвэл зохих асуудлыг...”-ыг бүрэн тусгаагүй орхигдуулсан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 314 дүгээр зүйлийн 314.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.

Жич: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 441 дүгээр шийтгэх тогтоолын 7 дугаар хуудас байхгүй, 9 дүгээр хуудас 2 байсан нь уншиж дүгнэхэд ойлгомжгүй байсныг дурдаж байна...” гэв.

Ялтан Б.Баяндалай, Н.Давааням, Э.Содонхүү, тэдний өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан бөгөөд ял шийтгэлийн байдал тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч нарт эд хөрөнгийн байдал тогтоогдоогүй учраас эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулаагүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний үйлчлүүлэгч нарын өмчлөлд байгаагүй. Прокурор энэ талаар яллах дүгнэлт эсхүл ялын шүүмж дээрээ тусгах боломжтой байсан боловч тусгаагүй. Миний үйлчлүүлэгч нар хулгайн эд зүйлсээ Цагдаагийн байгууллагад хураалгаж, хохирогч нарт хохирлыг барагдуулсан. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн  284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх  хуулийн шаардлагыг хангаагүй байна.

1. Б.Баяндалай, Э.Содонхүү, Ж.Шийрэвжанцан нар бүлэглэн машин механизм ашиглан 2015 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадавлэн зуслангийн авто замын ажил хийж байсан “Аж уулын зам” ХХК-ийн барьж байсан усны хоолойн хаалт төмөр буюу пум төмөр 21 ширхэгийг хулгайлан авч 420.000 төгрөгийн,

2015 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны зусланд байрлах Ц.Тогтохтөрийн байшингийн суурь цутгаж байсан хэв хашмал төмөр 26 ширхэгийг хулгайлан авч 1.222.000 төгрөгийн буюу нийт 1.642.000 төгрөгийн,

2. Б.Баяндалай, Э.Содонхүү, Ж.Шийрэвжанцан, Н.Давааням нар бүлэглэн машин механизм ашиглан 2015 оны 8 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаагийн постоос Шадавлэн зуслангийн авто замын өргөтгөлийн ажил хийж байсан “Эрдэнэ зам” ХХК-ийн барьж байсан ус зайлуулах ажлын цутгалтын ажил гүйцэтгэхээр угсарч тавьсан хаалт төмөр 31 ширхэгийг хулгайлан авч 775.000 төгрөгийн,

2015 оны 8 дугаар сарын 6-наас 10-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Эрэлт импэкс” ХХК-ийн агуулах, хашаанаас 39 сапуд төмөр, 131 ширхэг хэв хашмал төмөр хулгайлж, 8.350.000 төгрөгийн буюу нийт 9.125.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд тухайн үед болж өнгөрсөн үйл явдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодитой тогтоох талаар уг хэрэгт шалгавал зохих ажиллагаанууд хангалттай хийгджээ.

Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-т зааснаар “Шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх...” хуулийн шаардлагад нийцүүлэн гаргах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн шинж, онцлогийг алдагдуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэх нь чухал.

Гэтэл анхан шатны шүүх Б.Баяндалай, Н.Давааням, Э.Содонхүү, Ж.Шийрэвжанцан нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “машин механизм хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүний талаар дүгнэлт хийгээгүйгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ...тээврийн хэрэгсэл... болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж зааснаар тэдний гэмт үйлдлээ түргэсгэх зорилгоор хулгайлсан эд зүйлээ зөөж тээвэрлэхэд ашигласан гэх “Портер” загварын, 97-59 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж, улсын орлого болгох асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Түүнчлэн Б.Баяндалай, Н.Давааням, Э.Содонхүү нар нь давтан үйлдлээр бүлэглэн бусдад 10.767.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад энэ талаар Б.Баяндалай, Н.Давааням, Э.Содонхүү, Ж.Шийрэвжанцан нарыг давтан үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Давж заалдах шатны шүүхээс энэхүү алдааг зассан тохиолдолд ялтан нарын эрх зүйн байдал дордохоор байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, улсын яллагч Д.Оюунгэрэлийн бичсэн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 13 тоот эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 441 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Баяндалай, Ж.Шийрэвжанцан, Э.Содонхүү, Н.Давааням нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Шүүх хуралдаан болтол Б.Баяндалай, Ж.Шийрэвжанцан, Э.Содонхүү, Н.Давааням нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВАСҮРЭН

                        ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

                                                                                                Н.БАТСАЙХАН