Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0432

 

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0432

         Улаанбаатар хот

С.Э, С.О, С.О

нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, нэхэмжлэгч С.Э-ийн өмгөөлөгч Г.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0264 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, С.Э, С.О, С.О нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0264 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.2.3, 21.2.4, 21.5.2, 21.5.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 20 дугаар зүйлийн 20.5, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамжийн нэхэмжлэгч С.Э, С.О, С.О нарт холбогдох хэсгийн газрыг нөхөн олговортойгоор солих буюу эгүүлэн авах асуудлаар тохиролцох хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалган, нэхэмжлэлийн шаардлагаас нийслэлийн Засаг даргын 2015 оны А/597, 2015 оны А/990 дүгээр захирамжийн Нийслэлийн Боловсролын газарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч С.Э, С.О, С.О нарын газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг дагуу “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/214 дүгээр захирамжийн С.Э, С.О, С.О нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай гуравдагч этгээд Нийслэлийн Боловсролын газрын бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...С.Э, С.О, С.О нарт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/214 дүгээр захирамжаар тус бүр 700 м.кв талбай бүхий гаүрыг амины хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай захирамж нь хуульд нийцсэн. С.Э, С.О, С.О нарын 3 иргэний хувьд өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг хүлээн авч шалгаад дүүргийн өмч газрын харилцааны албаны дүгнэлт, эдлэн газрын бүртгэлийн хуудас зэргийг хянаж дүүргийн газар зохион байгуулалтын 2013 оны төлөвлөгөөнд орсон газарт дээрх газрыг эзэмшүүлсэн.

С.Э, С.О, С.О нарт нийслэлийн Засаг даргын 2015 оны А/353 дугаар захирамжаар тус бүр 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа өмчлүүлсэн захирамж хуульд нийцсэн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/26 дугаар тогтоолоор батлагдсан нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бага сургуулийн зориулалтаар Нийслэлийн Боловсролын газарт эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн газарт тухайн иргэн өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх захирамж гаргана заалтыг зөрчин иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна.

Шүүх нэхэмжлэгч нар нь газар эзэмших эрхээ баталгаажуулах бус харин амьдарч буй газрынхаа залгаа баруун тийш 23 болон 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт дамнуулан шинээр кадастрын зураг хийлгүүлэн газар эзэмшүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд 23 дугаар хорооны Засаг тэдгээрийн газар эзэмших хүсэл гаргасан өргөдөл дээр С.Э нь Хангай 11-1В, С.О нь Хангай 11-1Г, С.О Хангай 11-1Д тоотод оршин суудаг хэмээн хаягийг тодорхойлсон нь мэдээллийн санд кадастрын зургууд нь энэ хаягаар бүртгэгджээ гэжээ. Энд 6 ба 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт дамнуулсан зүйл огт байхгүй.

Энэ нь 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 03 дугаар тогтоолын хавсралтын 2 дугаар хуудасны 23 дугаар хорооны нутаг заагийг тодорхойлохдоо Баруун, Баруун хойд талаараа Хангай захын зүүн жалгаар Тоосгоны 34-ийн Б, 61, 64 дүгээр гудамжны баруун талаар, Тоосгоны 64 дүгээр гудамжинд хүрч зааглана гэсэн нь С.Э нь Хангай 11-1В, С.О нь Хангай 11-1Г, С.О Хангай 11-1Д тоотууд нь 6 дугаар хорооны газар нутагт хамааралгүй болох нь нотлогдож байна.

Нийслэлийн Боловсролын газартай 3 иргэнд давхцуулан газар эзэмшүүлсэн гэж анх удаа Энхтуяа албан бичиг ирүүлсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн хариу тайлбартаа нийслэлийн Засаг дарга иргэдэд газар өмчлүүлэхдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21.1-д заасныг зөрчсөн гэдэг хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хангалттай няцаасан болно.

Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нийцүүлээгүйгээс нийслэлийн Засаг даргын мэдэж шийдвэрлэх байршилд дүүргийн Засаг дарга эзэмшүүлсэн нь хууль зөрчжээ. Нэгэнт зохих шатны Засаг дарга холбогдох албан тушаалтнууд хянаад 3 иргэнд хуулийн хүрээнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх ажиллагаа хийгдсэн байхад нийслэлийн Засаг даргын мэдэж шийдвэрлэх байршилд дүүргийн Засаг дарга эзэмшүүлэх захирамж гаргасныг 3 иргэнд мэдэх боломжгүй бөгөөд хянах үүрэггүй. Өөрөөр хэлбэл 3 иргэнийг буруутгах үндэслэл болохгүй.

Энэ А/496 захирамжийг тухайн газрыг өмчлөгч С.Э, С.О, С.О нарт мэдэгдэлгүй нууцаар “Т” ХХК болон Нийслэлийн Боловсролын газрын захиалгаар гаргасан. Өөрөөр хэлбэл өмчлөгч 3 иргэнд нийслэлийн Засаг даргын А/496 дугаар захирамжийг мэдэгдээгүй, тайлбар аваагүй,  танилцуулж, хүргүүлээгүйгээс эрх нь зөрчигдсөн 3 иргэн эрхээ сэргээлгэх гомдол гаргах эрхийг дээрх захирамжаар хязгаарласан.

Харин нэг сарын дараа нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч даргын 2016 оны 4555 тоот бичгээр мэдсэн. Энэ албан бичигт 1915.5 м.кв газрыг Нийслэлийн Боловсролын газар бичиг баримтаа бүрдүүлсэн байхад давхардуулан эзэмшүүлсэн учраас 3 иргэний өмчлөлийн газрыг нийслэлийн Засаг даргын А/496 дугаар захирамжаар хүчингүй болгосныг анх мэдсэн.

С.Э, С.О, С.О нарын өмчилсөн газрыг нийслэлийн Засаг даргын 2015 оны А/496 дугаар захирамжаар хүчингүй болгож, тэдний Үндсэн хуульд зааснаар олж авсан өмчлөх эрхэд халдах үндэслэл байгаагүй.

С.Э, С.О, С.О нарын өмчилсөн газрыг нийслэлийн Засаг даргын 2015 оны А/496 дугаар захирамжаар хүчингүй болгосон ч түүний өмчлөх эрхийн гэрчилгээ хэвээр байгаа. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/496 дугаар захирамж нь илт хууль бус акт болох учраас гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл болох нь өмчлөх эрх нь хэвээр байгаа нь хэнд ч ойлгомжтой байна.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/496 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлээр өмгөөлөгч би нийслэлийн Засаг даргын 2015 оны А/496 дугаар захирамжийн илт хууль бус болохыг тогтоолгох хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй болно.

Шүүхийн шийдвэрт заасан ёсоор газрын нөхөн олговортойгоор солих гэсэн үндэслэлээр харилцан тохирч эвлэрэхэд бэлэн байна. Гэхдээ анхны үнэлгээ 27.000.000 төгрөгөөр эвлэрч болно. Дахин шинэ акт гаргаж болно гэх шиг хууль зүйн болоод өмчийн эрхийн ойлгомжгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрэх тухай ярих боломжгүй гэж үзэж байна.

Хэрэв эвлэрэх тохиролцоонд хүрээгүй тохиолдолд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/496 дугаар захирамжийг илт хууль бус актад тооцож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал түдгэлзүүлж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байна.

Иргэн С.Э, С.О, С.О нар нь “нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг, мөн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/597 дугаар захирамжийн, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн Нийслэлийн боловсролын газарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын өмчлөлийн газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Маргаан бүхий газрыг анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд иргэн С.Э /Хангайн 11-1в/, С.О /Хангайн 11-1д/, С.О /Хангайн 11-1/ нарт  тус тус 700 м.кв газрыг эзэмшүүлжээ.

Улмаар С.Э, С.О, С.О нар 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр эзэмшил газраа өмчлөх хүсэлтийг гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/353 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарт уг газрыг нь өмчлүүлжээ.

Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг боловсруулан баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ханын материал орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор баталсан болох нь Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/79 тоот албан бичгээр ирүүлсэн баримтуудаар нотлогдож байна.

Мөн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/26 дугаар тогтоолоор нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан бөгөөд уг төлөвлөгөөний 102-т Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн гудамжинд бага сургуулийн зориулалтаар 0.6 га газрыг Нийслэлийн боловсролын газарт эзэмшүүлсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр,  нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/353 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Э нарт газар эзэмшүүлэх, өмчлүүлэхээс өмнө Сонгинохайрхан дүүргийн 6, 23 дугаар хороо буюу Хангайн гудамжны маргаан бүхий газар нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 84 дүгээр, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/26 дугаар тогтоолуудаар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан газар болох  нь нотлогдсон гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрыг нэхэмжлэгч иргэдэд эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэрийг захиргааны байгууллага гаргахдаа газрын хэмжээг бодитойгоор хэмжээгүй, хоорондын хил заагийг тодорхойлоогүй, газар дээр нь хэмжилт хийлгүйгээр давхардуулан олгож, улмаар кадастрын зургийг алдаатай хийсэн, нөхөн гэрчилгээжүүлж, өмчлүүлэхдээ хариуцагч нь газар дээр нь мөн хэмжилт хийлгүйгээр иргэдэд газрыг давхардуулан өмчлүүлсэн захирамж гаргаж, гэрчилгээ олгосон болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн нарын тайлбар, шинжээч нарын дүгнэлт, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 20.2.3-д “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ ...” гэж заажээ.

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага сургууль, цэцэрлэг барих зориулалтаар нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/597 дугаар захирамжаар 5010 м.кв газар, нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжаар  6300 м.кв газрыг Нийслэлийн боловсролын газарт нэмж эзэмшүүлсэн нь дээрх Газрын тухай хуульд нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч нарын “нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/597 дугаар захирамжийн, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн Нийслэлийн боловсролын газарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын өмчлөлийн газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Мөн анхан шатны шүүх нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамжийн С.Э, С.О, С.О нарт холбогдох хэсгийг газрын нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлыг тохиролцох хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Учир нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор тус дүүрэгт 23 дугаар хороог шинээр зохион байгуулж, нутаг дэвсгэрийн зураг, зааг, гудамжийг тогтоож, 23 дугаар хорооны гудамжийг “Хангай” гэж нэрлэсэн бөгөөд уг “Хангай” гудамжинд иргэн С.Э /Хангайн 11-1в/-т, С.О /Хангайн 11-1д/-т, С.О /Хангайн 11-1/-т нар тус тус 700 м.кв газрыг эзэмшүүлж, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжийг гаргасан нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн.

Улмаар дээрх дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн нийслэлийн Засаг  даргын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/496 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарт газар өмчлүүлэхдээ нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 84 дүгээр, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/26 дугаар тогтоолуудаар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан газрыг өмчлүүлсэн байна.

Хариуцагч нь Газрын тухай хууль болон маргаан бүхий газрыг иргэдэд  өмчлүүлж, гэрчилгээ олгохдоо нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан газрыг давхардуулан олгосон болох нь  тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг анхан шатны шүүх зөв тайлбарлаж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Гэхдээ хариуцагч нь дахин шинэ акт гаргаж иргэдийн газрын асуудлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчилгүйгээр газрыг нөхөн олговортойгоор солих буюу эгүүлэн авах асуудлыг тохиролцох нь зүйтэй юм.

Захиргааны хэргийн шүүхээс гарах шийдвэрийн төрлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд хуульчлан, тодорхойлон зааж өгсөн бөгөөд шүүх хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “... дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэснийг удирдлага болгон шийдвэр гаргасан нь шүүх өөрийн зүгээс хэргийн үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбар болон холбогдох нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгч, шүүхээс гарах шийдвэрийн үр дагавар зэрэгт харьцуулсан дүгнэлт хийж гарсан шүүхийн шийдвэрийн төрөл билээ.

Шүүх шийдвэрээрээ маргаан бүхий захиргааны актын үйлчлэлийг зогсоож, хариуцагчид дахин шинэ акт гаргахыг даалгаж байгаа нь “газрын үнэлгээг зөв тодруулах, маргааныг эцэслэн шийдвэрлэхэд саад болж байгаа тэрхүү үйл ажиллагаа нь хариуцагч нарын үйлдэл үйл ажиллагаанаас хамаарах бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдлээс нэхэмжлэгчийн эрхийг шүүхийн журмаар хамгаалж” байгаа нэгэн хэлбэр юм.

Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0264 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                    ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР

                    ШҮҮГЧ                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР