Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 119/2018/0039/З/Т |
Дугаар | 172 |
Огноо | 2019-05-22 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 172
“Ц а х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Орхон аймаг дахь төрийн аудитын
газарт холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Л.Атарцэцэг
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж
Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймаг дахь төрийн аудитын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах
Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0162 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г,
Хариуцагч Ц.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10, 15.1.12 дахь заалтуудыг баримтлан “Ц а х” ХХК-ийн Орхон аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан гаргасан “Орхон аймаг дахь төрийн аудитын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0162 дугаар магадлалаар Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан “Ц а х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймаг дахь төрийн аудитын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА дугаартай албан шаардлагын “Ц а х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагч Ц.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйл /хуулийн үйлчлэх хүрээ/-ийн 4.1-д “Энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөнө.” гэж заасан. Төрийн аудитын байгууллагаас хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагын үйл ажиллагаанд аудит хийхээр заасан байхад давж заалдах шатны шүүхээс тухайн байгууллагын зөвхөн санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5-т “шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж ...” гэж заасанд хамаарахаар байна.
4. Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйл /Төрийн аудитын төрөл/-ийн 5.1-д “Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийнэ...”, 15 дугаар зүйл /Аудит хийх бүрэн эрх/-ийн 15.2.1-д “орон нутгийн захиргааны болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн тайланд аудит хийх”, 19 дүгээр зүйл / Гүйцэтгэлийн болон нийцлийн аудит/-ийн 19.1-т “Төрийн аудитын байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамрагдах аливаа байгууллага, хөтөлбөрт гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийж болно" гэж тус тус заасан. Төрийн аудитын байгууллага 3 төрлийн аудит хийхээр хуульд заасан бөгөөд санхүүгийн тайлангийн аудит нь төрийн аудитын нэг төрөл гэдгийг дурдах нь зүйтэй. Давж заалдах шатны шүүх Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд аудит хийх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
5. Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйл /Аудит хийх бүрэн эрх/-ийн 15.1.12-т заасан “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, ...”, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ын 4.1-д “Төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэж байгаа аудитын дүнд шалгагдагч байгууллагын удирдлагаас тодорхой арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлэх нь тухайн алдаа, зөрчлийг таслан зогсоож, давтан гаргуулахгүй байхад чухал үр нөлөөтэй гэж үзсэн дараах алдаа зөрчлийг арилгуулахаар төрийн аудитын байгууллага холбогдох албан тушаалтанд албан шаардлага өгнө”, 4.1.5-д “байгуулсан гэрээ, хэлцэл мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмын шаардлага, нөхцөлийг хангаагүй”, 4.1.7-д “хууль тогтоомж зөрчсөн алдаа, зөрчлийг таслан зогсоож, давтан гаргуулахгүй байх үр нөлөөтэй гэж үзсэн бусад нөхцөл байдал” гэж заасан байдаг. Төрийн аудитын байгууллага аудитын дүнд, мөрдөгдөж буй хууль тогтоомж зөрчигдсөн бол зөрчлийг арилгуулахаар албан шаардлага өгөхөөр зохицуулагдсан.
6. Орхон аймгийн Засаг дарга 2016 онд “Ц а х” ХХК-д газар олгосон шийдвэр нь дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлээгүй, Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн хууль бус шийдвэр /захирамж/, 2014 онд “Цагаан алтан хүнс” ХХК-д төсөл шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлж, уг газарт баригдсан худалдаа үйлчилгээний төвийн барилгын зурагт нийтийн эзэмшлийн авто зогсоол байхаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь батлагдсан газарт давхардуулан олгосон.
7. Орхон аймгийн Засаг дарга 2016 онд гаргасан уг хууль бус шийдвэр /Газрын тухай хуулийн 33.1.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9.1.1 дэх заалт, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн/-ээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3/г/, 29.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн хүчингүй болгосныг хариуцагчийн зүгээс үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0162 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Төрийн аудитын тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
9. Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөнө”, 5 дугаар зүйлийн 5.1-д “төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийнэ…”, 5.3-т “гүйцэтгэлийн аудит нь шалгагдаж буй байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн нөөцийг хэрхэн арвич хямгач, үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй ашиглаж байгааг шалгаж, дүгнэлт, зөвлөмж гаргана”, 15 дугаар зүйлийн 15.2-т “төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага дараахь бүрэн эрх эдэлнэ: 15.2.1.орон нутгийн захиргааны болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн тайланд аудит хийх”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “төрийн аудитын байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамрагдах аливаа байгууллага, хөтөлбөрт гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийж болно” гэж зааснаас үзэхэд Үндэсний аудитын газрын харьяа Орхон аймгийн аудитын газар нь аудит хийх батлагдсан төлөвлөгөөний дагуу тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын төсвийн орлого, төсвийн зарлагын гүйцэтгэл, төсвөөс санхүүгийн дэмжлэг авч хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийх бүрэн эрхтэй.
10. Орхон аймгийн аудитын газар нь аудитын 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт “Газрын тухай хуулийн хэрэгжилт, 2014-2016 оны газар олголт зохион байгуулалт, төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн”-ийн гүйцэтгэлийн аудитыг хийж, “Зөрчил арилгуулах тухай” 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА албан шаардлагыг тус байгууллагад өгсөн, уг шаардлагаар “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй иргэнд эзэмшүүлэхээр олгосон 700 м.кв газрын шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийг арилган биелэлтийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлэх”-ийг тус газрын удирдлагад даалгаж, Газрын тухай хуулийг зөрчиж газар эзэмшүүлсэн гэх зөрчлүүдийг дурдаж, Засаг даргын захирамжуудын судалгааг хавсралтаар хүргүүлжээ.
11. Уг албан шаардлагын үйлчлэлд нэхэмжлэгч “Ц а х” ХХК хамаарсан, тус компанид Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А/378 дугаар захирамжаар худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 700 м.кв газрын талаар “гэрчилгээ аваагүй, 2014 оны А/502 дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулалтаар олгосон 1400 м.кв газрын барилгын зургийн авто зогсоолын хэсэгт давхцуулан олгосон” гэх зөрчлийг дурдсан байх ба уг албан шаардлагыг биелүүлж, Орхон аймгийн Засаг даргын 2018 оны А/259 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
12. Гэтэл анхан шатны шүүх төрийн аудитын зорилго, аудит хийх эрх зүйн үндэслэл, аудитыг хэрэгжүүлэхтэй холбогдсон хэрэглэвэл зохих Төрийн аудитын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг тайлбарлаж хэрэглээгүй, хэрэгт авагдсан бөгөөд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, дүгнээгүй, албан шаардлагыг нэхэмжлэгч “Ц а х” ХХК-д хамааралтай болох нь тодорхойгүй байна гэж үндэслэлгүй дүгнэсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийхдээ хэрэглэх ёсгүй Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзнэ.
13. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 18, 19 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч Орхон аймаг дахь төрийн аудитын газрын 2017 оны 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА дугаартай албан шаардлагын нэхэмжлэгчид хамааралтай хэсгийг хариуцагч өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан бөгөөд уг албан шаардлагын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг зөв дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасанд нийцжээ.
14. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймаг дахь төрийн аудитын газрын дарга Ц.Нармандахын хяналтын журмаар гаргасан “... Төрийн аудитын тухай хуульд, төрийн аудитын байгууллагаас хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагын үйл ажиллагаанд аудит хийхээр заасан байхад тухайн байгууллагын зөвхөн санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийх эрхтэй мэтээр хуулийг буруу тайлбарласан, ... Орхон аймгийн Засаг даргын 2016 онд Цагаан алтан хүнс компанид газар олгосон шийдвэр нь Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн, хууль бус, ... хэсэгчилсэн төлөвлөгөөнд нийтийн эзэмшлийн авто зогсоол байхаар тусгасан газарт давхцуулан олгосон,... бүрэн эрхийн хүрээнд аудит хийж, Засаг даргын хууль бус шийдвэрийг арилгах албан шаардлага өгсөн” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0162 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ