Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 603

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

Улсын яллагч  Э.Бадрал,

Шүүгдэгч П Лнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Эрүүгийн хэргийн дугаар 1711000450159

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Павлова Любовьт холбогдох эрүүгийн 1711000450159 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: П Л/РД:................../, Оросын холбооны улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 4, нөхөр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 12-р гудамж 156 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 305 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч П Лнь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт Австрали улсын иргэн Шүлтз Катрина Луис /Schultz Katrina Louise/-ийн айфоне-6 плас маркийн гар утсыг цүнхнээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж 520.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П Лшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч П Лмөрдөн байцаалтанд өгсөн:

...2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би Дөлгөөн дүүгийн хамт явж байхад 2 гадаад эмэгтэй урд явж байсан. Дөлгөөн надаас салаад явсан би тэр хоёр эмэгтэйг дагаад Бөс барааны дэлгүүр орох гээд явж байхад нэг эмэгтэйгийн үүргэвчнээс айфоне-6 эс плас маркийн гар утсыг нь хулгайлчихсан юм. Гэтэл тэр гадаад эмэгтэй гар утсаа алдсанаа мэдээд хажуудаа явсан залууг хулгайлсан байна гээд бариад авсан гэтэл тэр залуу нь над руу хараад байсан тэгэхээр нь би гар утсыг нь тэр эмэгтэйд буцааж өгсөн тэр эмэгтэй Англиар ярьж байсан би Англи хэл мэддэг учраас тэр эмэгтэйгийн ярьж байгааг ойлгоод уучлалт гуйсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

Хохирогч Шүлтз Катрина Луйсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Барс барааны захын хойд талд байрлах дэлгүүрт Австарли улсын иргэн Сарагийн хамт явж байгаад цүнхнээсээ өөрийн айфоне 6 плас маркийн алтлаг шар өнгөтэй гар утсаа алдсан, тухайн үед нэг эрэгтэй хүн намайг түлхэхэд яг тэр үед миний цүнхэнд хүрэх шиг болохоор нь харахад хажууд нэг эмэгтэй хүн байхаар нь цүнхээ шалгахад гар утас байхгүй болчихсон байсан. Миний хажууд зогсож байсан намхан нуруутай гаран дээрээ шивээстэй эмэгтэй байсан. Тэгэхээр нь би тэр намайг түлхсэн залууг миний гар утсыг авчихлаа өгөөч ээ гэж хэлж байхад надтай хамт явж байсан найз маань миний утас руу залгахад миний хажууд байсан эмэгтэйгийн өмдний халаасанд нь дуугарч байсан. Тэгээд тэр эмэгтэй миний гар утсыг гаргаж өгсөн. Тэр үед гаднаас нэг замын цагдаа орж ирээд тэр эмэгтэйг гавлахад надаас уучлалт гуйгаад гар утсыг чинь буцааж өгсөн биздээ гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

            Ял шийтгэлийн талаар: П Лнь 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ¹305 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэх /хх-ийн 157-158 дугаар хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 Шүүгдэгч П Лнь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт Австрали улсын иргэн Шүлтз Катрина Луис /Schultz Katrina Louise/-ийн айфоне-6 плас маркийн гар утсыг цүнхнээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж 520.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн өөрийнх мэдүүлэг, болон хохирогч Австрали улсын иргэн Шүлтз Катрина Луис /Schultz Katrina Louise/-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А П Лнь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт Австрали улсын иргэн Шүлтз Катрина Луис /Schultz Katrina Louise/-ийн айфоне-6 плас маркийн гар утсыг цүнхнээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж 520.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Дээрх гэрч, хохрогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Хохирогч Австрали улсын иргэн Шүлтз Катрина Луис /Schultz Katrina Louise/-ийн айфоне-6 плас маркийн гар утсаа хүлээн авсан одоо гомдол саналгүй гэх /хх-ийн 47 дугаар хуудас/ бичгээр гаргасан хүсэлтээр бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.       

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал болон өрх толгойлсон эх, мөн одоо 3 сартай жирэмсэн зэргийг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажлын багаар буюу 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Павлова Любовийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Павлова Любовийг 240 (хоёр зуун дөчин) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлйин 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. П Лнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Павлова Любовьт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НАРАНТУЯА