Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/42

 

 

 

 

 

 

 

 

 

  2023            6           02                                                        2023/ДШМ/42

 

 

 

Б.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Д.Дэлгэрсүрэн

            Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн 

            Нарийн бичгийн дарга Г.Бадам нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 189 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн  шүүгдэгч Б.О-д холбогдох эрүүгийн 2334000000055 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн Х овогт Б О, 1983 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн Хөшигт 4 гудамжны 01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн төвд Тоёота Приус-20 маркийн 39-16 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1A, 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж, жолооч И.Чулуунбаатарын жолоодож авсан Субару форестер маркийн 22-90 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Од  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Б Оийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын, тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Б Оийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолж, шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оээс 2.316.887 /хоёр сая гурван зуун арван зургаан мянга найман зуун наян долоо/ төгрөг гаргуулж Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар баг Сэрвэн гэх газарт оршин суух  хохирогч Цд, 14.416.000 /арван дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянга/ төгрөгийг тус тус гаргуулж Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 11-р хороо 204-1 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Ч.Алтансүхэд тус тус олгож,

Хохирогч Ц нь 12.683.113 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа тухай бүр нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй, иргэний нэхэмжлэгч Ч.Алтансүхэд 1.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн 2334000000055 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдаж,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч  Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.      

Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч И.Отгонсүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: Монголын Хуульчдын Холбооны гишүүн өмгөөлөгч И.Отгонсүрэн миний бие Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээс эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгчөөр өөрийнх нь хүсэлтээр давж заалдах шатны шүүхээс эхлэн ажиллаж байна.

Миний үйлчлүүлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн төвд Тоёота приус-20 маркийн 39-16 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1А, 11.3 дахь заалтуудыг зөрчин жолооч И.Чулуунбаатарын жолоодон явсан Субару Форестер маркийн 22-90 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Ций эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байдаг.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг юм. Миний үйлчлүүлэгч Б.Оийн хувьд осол миний буруутай үйлдлээс болсон. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа уг машинтай мөргөлдөж осол гаргасан үйлдэлдээ маргаддаггүй маш их гэмшиж харамсаж байгаагаа илэрхийлдэг.

Шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг төлөх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар засварлага авсан боловч хохирлоо төлж чадаагүйн улмаас шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан байна.

Б.О нь хохиролд Цд 2.316.887 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Алтансүхэд 14.416.000 төгрөг төлсөн байна.

Иймд шүүгдэгч Б.Од оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэмт хэргийн нөхцөл, хувийн байдал /ам бүл-7уулаа. 5-20 насны 5 хүүхэдтэй төрийн байгууллагад тасралтгүй 17 жил цэцэрлэгийн багш хийж байсан/ зэргийг харгалзан үзэж ял оногдуулалгүй тэнсэж өгнө үү гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Дэлгэрсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу ял шийтгэлийг хөнгөрүүлэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч Б.О нь хөнгөн ангиллын гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруудаа маргадаггүй, хохирлоо төлсөн, ам бүл, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний буруу. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Хохирлоо төлсөн. 5 хүүхдийг минь бодоод оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Од холбогдох хэргийг мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд  дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

            Шүүгдэгч Б.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн төвд Тоёота Приус-20 маркийн 39-16 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1A, 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж, жолооч И.Чулуунбаатарын жолоодож авсан Субару форестер маркийн 22-90 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нь

Хохирогч Цгийн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос нөхөр Чулуунбаатар ач хүү А.Мэргэн, Б.Билгүүтэй нарын хамт өөрийн 22-90 УАС улсын дугаартай Субару форестер маркийн машинтай нөхөр Чулуунбаатар жолоодоод Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум руу гэртээ харихаар явж байтал Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн төвд засмал замд ...машинтай зөрөх шиг болтол миний сууж явсан машины жолоочийн эсрэг талын дугуй руу мөн хаалга хэсэг рүү мөргөсөн. ...Би машинаас буух гэтэл миний хөл хаалга, сандал хоёрын завсар хавчуулагдсан байсан. Мөн толгойгоороо урд багана хэсгийг мөргөсөн байсан. ...Миний нуруу хугарсан, бяцралттай гэсэн, мөн зөөлөн эдийн гэмтэл, зүүн талын гар, хөл, сүүж хөхөрсөн байсан. ...Би гомдолтой байна...  эмчилгээний зардал, тээврийн хэрэгслийн хохирлоо барагдуулж авмаар байна.” /хх-н 29-20, 22/ гэх,

   Иргэний нэхэмжлэгч Ч.Алтансүхийн: "22-90 УАС улсын дугаартай Субару Форестер маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн өмч байгаа юм. Миний тээврийн хэрэгслийн ерөнхий урд рам, хаалга, копут, доод эд анги, дугуй, урд гупер, керлан доод эд анги тэр чигтээ, их гэрэл, доторх сандал, шил тааз зэрэг зүйлс эвдэрч гэмтсэн. Тээврийн хэрэгслийн үнэлгээгээр 14,820,000 төгрөгийн хохирол гарсан. ...Сэтгэл санаа болон цаг хугацааны хувьд гомдолтой байна." /хх-н 25/ гэх,

     Насанд хүрээгүй гэрч Б.Отгондаваагийн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 15 цаг өнгөрч байх үед Төв аймгийн Жаргалант сум Баянбулаг 3 дугаар багийн төвд засмал замын хажуугаар өөрийн хүрэн зүсмийн азаргаа унаад явж байх үед манай ээж О ...над руу хараад машинаа бариад явж байсан. Тэгээд удалгүй ээж засмал зам дээр машинтай мөргөлдчихсөн.” /хх-н 27-28/ гэх,

     Гэрч И.Чулуунбаатарын: "Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө ...Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн төвд засмал замаар явж байтал миний өөдөөс саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ирж явсан. Тэр ...машинтай зөрөх агшинд тэр машин миний машины зөв талын урд дугуй хэсэг рүү мөргөсөн. Би машинаа зогсоох гээд тоормос гишгэхэд миний машин ямар ч удирдлагагүй болоод замын хажуугийн цас руу ороод зогссон. Би машинаасаа буугаад харахад намайг мөргөсөн приус-20 маркийн машин засмал замын гол хэсэгт хөндлөн ертөнцийн зүгээр хойд зүгт харчихсан зогсож байсан. ...Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан. ...Би тухайн үед 40 км/цагийн хурдтай явж байсан. Осол болох үед үзэгдэх орчин чөлөөтэй, нартай цэлмэг өдөр байсан. Замын байдал 2 захаараа бага зэрэг цастай ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй зам байсан. Миний тээврийн хэрэгсэлд  болон эхнэр Цэенгийн эмчилгээний зардлыг нэхэмжилнэ." /хх-н 35-36/ гэх,

     Гэрч Р.Б: "Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ...15 цагийн үед манай эхнэр О 96-12 УАВ улсын дугаартай приус маркийн машинаа унаад хойд хашаанаас хоолны мах авч ирнэ гээд явсан. Удалгүй манай гэрийн ард засмал зам дээр осол болсон байсан. ...Намайг осол болсон газарт очих үед ...эхнэрийн унаж явсан 96-12 УАВ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл замын гол машины урд хэсэг нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан машины зүүн урд дугуй, хаалга, кирло, гупер хэсэг рүү мөргөсөн байсан. Нөгөө машин нь Субару форестер маркийн хар өнгийн 22-90 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Тэр машины зөв урд дугуй нь салаад замын хажуугийн цас руу ороод зогссон, урд салхины шил, хаалга, кирло нь эвдэрсэн харагдаж байсан. ...Нэг эмэгтэйгийнх нь дух хавдсан, нуруу нь хөдлөхгүй байна гэж байсан. Мөн манай эхнэр Оийн биед гэмтэл учраагүй." /хх-н 38-39/ гэх,

     Шүүгдэгч Б.Оийн өгсөн: "Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 15 цаг өнгөрч байх үед Төв аймгийн Жаргалант сум Баянбулаг 3 дугаар багийн төвд өөрийн 96-12 УАВ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод засмал зам дээр явж байгаад 22-90 УАС улсын дугаартай Субару Форестер маркийн хар өнгийн машинтай мөргөлдсөн. ...Тэр машины зөв урд дугуй нь салчихсан зам дээр байж байсан. ...Жолоочийн хажууд сууж явсан эгчийн нуруу нь өвдөөд хөдөлж болохгүй байна гэж байсан. Бусад хүмүүс нь зүгээр байсан.  ...Осол миний буруутай үйлдлээс болсон гэж бодож байна. ...Тухайн үед замын хажуугаар манай хүү Отгондаваа морь унаад явж байхад би хүү рүүгээ хараад явах хооронд машинтай мөргөлдсөн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа машинтай мөргөлдсөн" /хх-н 32-33, 73/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний 04 дугаартай хэргийн материалаар хийсэн шинжээчийн: " ...2.Цгийн биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн цохих цохигдох, доргих үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...5.Цгийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарна." /хх-н 41-42/ гэх,

"Итгэлт Эстимэйт" Хөрөнгө үнэлгээний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1036 дугаартай: "Ч.Алтансүхийн эзэмшлийн Субару форестер маркийн 22-90 УАС улсын дугаартай авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн 14,820,000 төгрөг." /хх-н 50-52/ гэх,

Цагаан шонхорын жигүүр" НҮТББ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №23/11 дугаартай шинжээчийн: "1.Тоёота Приус-20 маркийн 96-12 УАВ улсын дугаартай авто машины жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 "Механикжсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/" мөн дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Субару форестер маркийн 22-90 УАС улсын дугаартай автомашины жолооч И.Чулуунбаатар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3.Тоёота Приус-20 маркийн 96-12 УАВ улсын дугаартай автомашины жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1A, 11.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна..." /хх-н 59-60/ гэх дүгнэлтүүд,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-5, 8-11/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-н 6-7/, Цагдаагийн Ерөнхий газрын "...HM83071901 регистрийн дугаартай Б О нь жолоочийн мэдээлэл бүртгэгдээгүй." гэх лавлагаа /хх-н 74/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.О-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” дүгнэлт гаргасныг анхан шатны шүүх “гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь бодит байдлаар тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулж, шүүгдэгч Б.О-ээс 2,316,887 төгрөг гаргуулж хохирогч Ц-д, 14,416,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Алтансүхэд олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчим юм.

Шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгч Б.О нь хохирогч Ц, иргэний нэхэмжлэгч Ч.Алтансүх нарын нэхэмжилсэн гэм хорын хохирлыг төлж барагдуулсан байна. /хх-н 147-148/

Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангийн төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон хэрэгтний хувийн байдалд зүй зохистойгоор нийцсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлагад нийцүүлэн ялыг зөв оногдуулах ёстой учир шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн гаргасан “...шүүгдэгч Б.Од ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.Оийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг шүүгдэгчийн оршин суудаг Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээр тогтоох нь Эрүүгийн хуулийн зорилго, шударга ёсны зарчмын агуулгад нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой хуулийн зарим зүйл заалтууд болон түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх таслан сэргийлэх арга хэмжээ зэргийг өөрчилж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон заалтад Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг тусгаагүй, түүнээс гэм хорын хохирол гаргуулсан заалтад Иргэний хуулийн зохих зүйл, хэсгийг хэрэглээгүй зэрэг хууль хэрэглээний алдааг зөвтгөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тус тус өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэсэн. Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.О нь тухайн хэрэг болох үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа үйлдлээ хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол, хор уршиг учруулсан болох нь хавтаст хэрэг авагдсан баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх нь үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Од хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан тул түүнийг суллаж, цагдан хоригдсон 31 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 189 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...Шүүгдэгч Х овогт Б Оийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын, тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “...Шүүгдэгч Х овогт Б Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын, тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дугаар заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Б Оийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Б Оийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дугаар заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээр тогтоож, түүнд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, хэрэв зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгч Б.Оийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж,

4 дүгээр заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолж, шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс хугацааг тоолж, шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,

5 дугаар заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оээс 2.316.887 /хоёр сая гурван зуун арван зургаан мянга найман зуун наян долоо/ төгрөг гаргуулж Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар баг Сэрвэн гэх газарт оршин суух  хохирогч Цд, 14.416.000 /арван дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянга/ төгрөгийг тус тус гаргуулж Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 11-р хороо 204-1 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Ч.Алтансүхэд тус тус олгосугай” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оээс 2,316,887 /хоёр сая гурван зуун арван зургаан мянга найман зуун наян долоо/ төгрөг гаргуулж хохирогч Цд, 14,416,000 /арван дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Алтансүхэд тус тус олгосугай” гэж,

6 дугаар заалтын “...Хохирогч Ц нь 12.683.113 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гаргах эмчилгээний зардлаа тухай бүр нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй, иргэний нэхэмжлэгч Ч.Алтансүхэд 1.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай” гэснийг “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц нь 12,683,113 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй, иргэний нэхэмжлэгч Ч.Алтансүхэд 1,000,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай” гэж,

10 дугаар заалтын “...Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай” гэснийг “...Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч  Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 2. Шүүгдэгч Б.Оийн 2023 оны 5 дугаар сарын 01-нээс 2023 оны 6 дугаар сарын 02-ныг хүртэл цагдан хоригдсон 31 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч Б.О нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор  олгохоор шийдвэрлэсэн хохирогч Цгийн 2,316,887 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ч.Алтансүхийн 14,416,000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Б.Оийг сулласугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    М.МӨНХДАВАА

                                 ШҮҮГЧИД                                    З.ТҮВШИНТӨГС

                                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ