| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 122/2020/0019/З |
| Дугаар | 122/ШШ2020/0025 |
| Огноо | 2020-12-21 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 122/ШШ2020/0025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Монгол Ардын Намын хорооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороонд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 24 дүгээр тогтоолын Д.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Монгол Ардын Намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгуулийн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 10 дугаар тойрогт Монгол Ардын намаас С.*******, Ардчилсан намаас Д.******* нар нэр дэвшиж өрсөлдсөн. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн санал хураалтын эцсийн дүнгээр Д.******* 799 сонгогч буюу 49,05 хувийн санал, С.******* 764 сонгогч буюу 46,9 хувийн саналын зөрүүтэй байна.
Сонгуулийн сурталчилгааны явцад Д.*******ын гаргасан үйлдэл нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг зөрчсөн байх магадлалтай тул эрх бүхий байгууллагаар шалгуулж байна.
Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороо 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Нэр дэвшигчдийг олонхын санал авсанд тооцох тухай тогтоол гаргаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд өргөн барьж төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэх гэж байна. Иймд уг тогтоолын Д.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөллийн саналдаа: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэр дэвшигч Д.******* нь сонгогчтой урьдчилан гэрээ байгуулсан, ямар нэгэн төрийн болон төрийн бус байгууллагын үйлчилгээ үзүүлэхээр гэрээ, хэлцэл байгуулж амлалт өгсөн талаар маргаж нэхэмжлэл гаргасан. Энэ үндэслэлийг дэмжиж тайлбар гаргаж байна. Гэвч Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 42/3102 тоот албан бичигт “Д.*******т холбогдуулан сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн талаар гомдол, мэдээлэл, зөрчлийн хэрэг байхгүй байна” гэсэн байна. Д.*******тай нэг тойрогт өрсөлдсөн нэр дэвшигч ******* нь орон нутагт хөл хорионд байж байгаад өчигдөр Улаанбаатар хотод ирсэн. Д.*******ыг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн талаар гомдол гаргасан боловч Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар хүлээж аваагүй, гомдол гаргасан бүртгэлд бүртгээгүй, шалгаагүй байгаа. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газар болон ёс зүйн хороонд нь гомдол гаргахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Үүнтэй холбоотой тус хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт зааснаар түдгэлзүүлэх үндэслэл байгаа боловч энэ талаар хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй байгаа тул хүсэлт гаргах боломжгүй байна.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. Хэрэг шийдвэрлэгдсэний дараа шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар хүсэлт гаргах боломжтой тул хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна гэв.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Эрдэнэтуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Ардын Намаас гаргасан Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороо 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Нэр дэвшигчийг олонхын санал авсанд тооцох тухай” тогтоол гаргаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд өргөн барьж төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэх гэж байна. Иймд уг тогтоолын Д.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэснийг хэвээр үлдээж байна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь нэр дэвшигчийг олонхын санал авсанд тооцох тухай тогтоол гаргаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд өргөн барихад сонгуулийн сурталчилгааны явцад Д.*******ын гаргасан үйлдэл нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг зөрчсөнийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр аймгийн Сонгуулийн хороонд ирээгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Монгол Ардын Намын хорооноос “Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 24 дүгээр тогтоолын Д.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Монгол Ардын Намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагч аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Эрдэнэтуяа нараас “... шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “... шүүх хуралдааны ирцтэй холбоотой тусгайлан гаргах санал байхгүй ...” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан зэргийг үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцсэн болно.
Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... Сонгуулийн сурталчилгааны явцад Д.*******ын гаргасан үйлдэл нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг зөрчсөн байх магадлалтай тул эрх бүхий байгууллагаар шалгуулж байна ...” гэж тайлбарлан маргаж байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь орон нутгийн сонгуульд оролцох эрхтэй байх тул Сүхбаатар аймгийн Монгол Ардын Намын хороог тус аймгийн Сонгуулийн хорооны шийдвэрийн талаар сонгуульд нэр дэвшүүлж оролцох эрх бүхий этгээд болохын хувьд, зөвхөн өөрийн эрх ашгийн үүднээс маргах эрхтэй гэж үзлээ.
Сүхбаатар аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 24 дүгээр тогтоолоор 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт ногдох мандатад хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, нэрсийг хавсралтаар баталжээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д “Энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 22.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.” гэжээ.
Хуулийн дээрх заалтын агуулгаас харахад төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон сонгуулийн хорооны шийдвэр гарсны дараа нэр дэвшигч нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн ... 47.1 ... дугаар зүйлд заасныг зөрчсөн болох нь тогтоогдвол сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрээ өөрөө хүчингүй болгохоор байна.
Ингэхдээ сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг шаардаж байна.
Нэхэмжлэгч талаас нэр дэвшигч Д.******* нь сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэж маргасан боловч маргаан бүхий үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Тодруулбал Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар тойрогт нэр дэвшигч Д.*******т холбогдуулан сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр цагдаагийн газарт бүртгэгдсэн гомдол, мэдээлэл, зөрчлийн хэрэг байхгүй болох нь Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 42-4/3102 дугаартай албан бичгээр нотлогдож байна.
Иймд тойрогт ногдох мандатад хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, нэрсийг хавсралтаар баталсан сонгуулийн хорооны тогтоолын Д.*******т холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5-д “аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Хуралд өргөн мэдүүлэх”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Сонгуулийн хороод энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана”, 73 дугаар зүйлийн 73.2-т “Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно.”, 73.3-д “Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ.” гэж заасантай нийцсэн захиргааны акт байх тул “Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 24 дүгээр тогтоолын Д.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 5 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНХАНД