Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 596

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч  Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ичинхорлоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Эрүүгийн хэргийн дугаар 1703000010098

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Б.Д холбогдох эрүүгийн 1703000010098 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Б.Д /РД:.................../, 1982 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 2, ээжийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт Ухаа хорооллын 14 дүгээр гудамж 528 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг 51 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цэцэг худалдааны төвийн баруун урд талын замд Тоёота спасио маркийн 14-09 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.7-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө.”, гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 17 настай А.Ариунзаяаг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20 цаг 40 минутын үед Тоёота Спасио маркийн 14-09 УНЭ улсын дугаартай автомашинаа бариад Улаанбаатар банкнаас Улаанбаатар их дэлгүүр орохоор явж байсан. Тэгээд Цэцэг төвийн баруун талын замаар хойноосоо урагшаа чигтэй эмэгтэй хүүхэд зам руу орж ирэнгүүт нь тоормос гишгээд машиныхаа баруун урд хэсгээр мөргөж зогссон. Дараа нь цагдаа түргэнд дуудлага өгсөн. Удалгүй түргэний машин ирээд нөгөө эмэгтэйг үзчихээд яваад өгөхөөр нь би тэр хүүхдийг өөрийнхөө машинаар гэмтлийн эмнэлэг хүргэж өгөөд биеийг нь үзүүлсэн. Намайг уулзвар дээр баруун гар тийш эргэх гэж ирэхэд уулзвар дээр баруун гар тийш эргэх нэмэгдэл секц ногоон асаж байхаар нь уулзвар дээр зогсолгүй шууд баруун гар тийш эргэсэн. Миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Би миний машинд мөргүүлж гэмтсэн охины эмчилгээний бүх зардлыг нь төлж өгч хохирол гомдолгүй болгож өгсөн байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/

Өсвөр насны хохирогч А.Ариунзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20 цаг 40 минутын үед би Чингэлтэй дүүргийн нутаг Цэцэг худалдааны төвийн баруун урд талын замын замынхаа хойд талаас урд тал руу нь зам хөндлөн гарч байтал гэнэт миний араас нэг машин ирж түг гэж мөргөнгүүт би тэр машины урд копутан дээр гараад машин зогсонгуут гулсаж газар унасан. Тэгтэл намайг мөргөсөн машины жолооч машинаасаа гарч ирээд бие чинь яаж байна гэж асууж байсан. Удалгүй түргэний машин ирж миний биеийг үзсэн. Тэгж байтал манай ээж ирсэн. Би зам дээр анх ирэхэд явган хүний талд улаан гэрэл асаж байхаар нь би зам руу оролгүй гэрэл солигдохыг хүлээж зогссон, удалгүй 4 алхам хиртэй газар явж байтал миний араас машин ирж мөргөсөн. Би явган хүний талд ногоон гэрэл асангуут нь зам руу орсон. Намайг зам руу орох үед замаар машин явж байгаагүй. Би явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Би ганцаараа зам хөндлөн гарч байсан, гэхдээ миний хажууд зам гарах гээд олон хүмүүс зогсож байсан. Миний ууцны 3 дугаар нугалам гэмтсэн байгаа. Одоо биеийн байдал гайгүй байгаа, гэхдээ хааяа нуруугаар хатгуулж өвддөг. Эмчилгээнд гарсан зардалаа нэхэмжилж байна, биеэ сайн эмчлүүлж авмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Хууль ёсны төлөөлөгч А.Ичинхорлоогоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

….2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орой гэртээ байж байтал над руу танихгүй дугаараас нэг эрэгтэй хүн миний утас руу залгаад танай охин Цэцэг төвийн баруун урд талын уулзвар дээр машинд дайруулчихлаа гэж хэлэнгүүт нь би осол болсон газар нь гүйгээд иртэл манай охин осол болсон газраа түргэний эмчид үзүүлж байсан. Түргэний эмч үзчихээд охины бие гайгүй байна гээд яваад өгсөн. Тэгээд удалгүй замын цагдаагийн хүмүүс ирж хэмжилт хийсний дараа би манай охиныг мөргөсөн машинтай хамт гэмтлийн эмнэлг орж охиныхоо биеийг үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очоод би охиныхоо рентген зургийг авхуулахад манай охины ахар сүүл нь хугарсан байна гэж хэлсэн. Дараа нь би хүүхдийнхээ гэмтлийн эмнэлэгт авхуулсан зургийг шүүх эмнэлэг дээр аваачиж үзүүлсэн тэгэхэд манай хүүхдийн ууцны 3 дугаар нугалам нь хугарсан байна гээд хүндэвтэр гэмтэл байна гэж шүүх эмнэлэгийн дүгнэлт гарсан байсан. Одоо манай хүүхдийн биеийн байдал арай гайгүй болж байгаа. Би энэ хугацаанд хүүхдийнхээ эмчилгээний зардалд өөрөөсөө 600.000 гаруй төгрөг зарцуулсан байгаа. Одоогоор 602255 төгрөг авсан. Цаашид гарах зардлаа нэхэмжилнэ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 1057 дугаартай дүгнэлт: А.Ариунзаяагийн биед тархи доргилт, нурууны зөөлөн эдийн няцрал ууцны 3 дугаар нугаламын их биеийн далд хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарнуилах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/

Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн ¹572 дугаартай дүгнэлт: Тоёота Спасио маркийн 14-09 УНЭ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Б.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.7 Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүй зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч А.Ариунзаяа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогтохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаа нөлөөлөлгүй гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/

            Ял шийтгэлийн талаар: Б.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх /хх-ийн 39 дүгээр хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг 51 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цэцэг худалдааны төвийн баруун урд талын замд Тоёота спасио маркийн 14-09 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.7-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө.”, гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 17 настай А.Ариунзаяаг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, өсвөр насны хохирогч А.Ариунзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹1057, ¹572 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулйин дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг 51 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цэцэг худалдааны төвийн баруун урд талын замд Тоёота спасио маркийн 14-09 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.7-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө.”, гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 17 настай А.Ариунзаяаг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Дээрх гэрч, хохрогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч А.Ичинхорлоо нь  хохирол болох 60255 төгрөгийг авсан нь /хх-ийн 72 дугаар хуудас/ бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна. Мөн хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Дд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ичинхорлоо нь насанд хүрээгүй хохирогч А.Ариунзаяагийн цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НАРАНТУЯА