| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 2221004410182 |
| Дугаар | 2023/ДШМ/25 |
| Огноо | 2023-10-10 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2023/ДШМ/25
*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Бамбадорж
Яллагдагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат /цахимаар/
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/600 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Бамбадоржийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ******* овогт *******ы *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1979 оны 6 сарын 05-ны өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, зурагчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, 4 хүүхдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД:*******/ Урьд:ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
2. Яллагдагч Г.******* нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “*******” ХХК-ийн захирал д тус компанийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 122 дугаар байрны 177 м.кв үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалттай байрыг 177,000,000 төгрөгийн зээлээр худалдаж авна, “Голомт” банк зээл гарахаар болсон тус банкнаас “орон сууц худалдаж авах” гэрээ байгуулах, мөн өөрийн нэр дээр “Хас” банк дахь 52,000,000 төгрөгийн зээлийг төлж барагдуулсан байвал зээл гарна гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 52,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
“... Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч ******* нь “*******” ХХК-ийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах 122 дугаар байрны 177 м.кв үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалттай байрыг банкны зээлээр 177,000,000 төгрөгөөр худалдаж авахын тулд өөрийн нэр дээрх зээлийг төлж барагдуулахаар тус компанийн захирал эс 52,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авсан үйл баримт тодорхой байна. Гэвч талуудын хооронд 52,000,000 төгрөгийг шилжүүлэх үед тохиролцсон асуудал нь зээлдүүлэгч болон зээлдэгч талуудын хүсэл зоригоос хамааралгүй ирээдүйд бий болох, хөндлөнгийн этгээд /банк/-ийн шийдвэрлэх эрх хэмжээний асуудал байгааг прокурор, мөрдөгч нь залилах гэмт хэрэг гэж үзэж байгаа тохиолдолд зээл гарна гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан нөхцөл байдал, үүний улмаас үүссэн үр дагавар, залилан мэхэлсэн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлох үүрэгтэй.
Гэрээний харилцаа нь Иргэний хууль, тогтоомжийн дагуу үүсдэг ба гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэсний эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж болохгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч “...177мкв зоорийн давхарыг Голомт банкныхан ирж үзлээ гэж борлуулалтын ажилтан хэлж байсан. ...2022 оны 5 сард “2-3 удаа ******* гэх эгч тантай уулзъя гээд байна. Голомт банкнаас шууд зээлийг нь гаргаад өгье гэж байна. Харин ******* эгч 52,000,000 төгрөгийн зээлтэй юм байна. Үүнийг дарчих юм бол зээл гаргана гэсэн гэж банк хэлж байна. Зээлийн асуудал бол шийдэгдсэн байна. Зөвхөн өрөө л дарчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би д хандаж “чи зээл мөнгийг нь сайн судалж байгаад үнэхээр байрыг авах юм бол, зээл нь болох юм бол гэрээ хийгээд мөнгийг нь өгчих” гэж хэлэхэд хэлэхдээ “банкны зээл асуудалгүй болсон байна” гээд байна гэхээр нь би зөвшөөрөөд 52,000,000 төгрөгийг өөрийн данснаас 2022 оны 5 сарын 25-ны өдөр шилжүүлсэн...” гэж, хохирогч “...Голомтын захирал , ******* гэх эмэгтэйг дагуулж манай худалдаа үйлчилгээний зориулалттай зоорийн байрыг үзэж сонирхоод явсан. ...******* 2022 оны 5 сарын 24-ний орой над руу утсаар ярьж “эгч нь Голомт банктай ярьчихлаа, зээл маань бүтнэ гэсэн. Харин намайг орон сууцны ипотекийн зээлээ хаагаад ирвэл таны зээл гарчих юм байна” гэж байна гэнээ гэсэн. ...маргааш өглөө нь буюу 5 сарын 25-ны өглөө над руу дахин залгаад “Ганаа ахтай ярьж асуусан уу” гэхээр нь “өө мартсан байна” асууж өгье гэж хэлээд өнгөрсөн. Үдийн дараа ******* над руу мессежээр “аль болох болох талаас нь эгчдээ яриад өгдөө, эгч нь хурдан нүүе, миний зээл гарчихна, жижиг байранд хэцүү байна, хугацаа хэтэрсэн зээл эгчид нь байхгүй гэсэн. Би захиралд хэлж зөвшөөрүүлээд ******* бид хоёр нотариат дээр уулзаж...” гэж, яллагдагч ******* нь “...би т итгээд хүнээс зээл авч байж өрүүдээ дарсан боловч надад зээл гаргаж өгөөгүй. Би банкны том захирал хүн зээл гаргаж өгнө гэж хэлээгүй байсан бол хүнээс мөнгө зээлээр авч байж өмнө төлөөд явж байсан зээлүүдээ хаах ямар ч шаардлага байхгүй...” гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд дээрх оролцогчдын мэдүүлэгт тусгагдсан үйл баримтыг хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримттай харьцуулахад залилах гэмт хэрэг болох нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй байх тул мэдүүлэгт дурдсан үйл баримтын талаар Голомт банкны захирал ******* болон бусад холбогдох оролцогчоос дахин тодруулан мэдүүлэг авч зохиомол байдлыг зориудаар бий болгосон эсэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан эсэх үйл баримт, үүний улмаас үүссэн үр дагавар бий болоход хэний ямар санаатай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эрх зүйн үндэслэлийг тогтоох шаардлагатай байна. Энэхүү нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор яллагдагч *******гийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатаас шүүхэд гаргаж өгсөн “******* болон ******* нарын Facebook-ийн хувь чатаар харьцсан зурвас”-т үзлэг хийж дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Иймд яллагдагч ******* нь залилах гэмт хэргийг үйлдсэн эсэх нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бүрэн дүүрэн тогтоогдоогүй, тус эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй, дээрх байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж үзээд яллагдагч *******д холбогдох хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
5. Хяналтын прокурор М.Бамбадорж бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч , хохирогч , гэрч нарын мэдүүлэг, 2022 оны 5 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, байр худалдах, худалдан авах гэрээний хуулбар зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хууль сануулж авсан мэдүүлэг, мэдүүлэгт дурдсан зээлийн гэрээ зэрэг харилцан хамаарал бүхий нотлох баримтууд цугларсан.
Дээрх хохирогч , нар нь яллагдагч *******г өөрсдөөс нь 177,000,000 төгрөгийн үнэтэй байр худалдаж авах зорилгоор “Голомт” банкинд зээлийн материал судлагдсан, зээлийн материалыг судалсан банкны ажилтны зүгээс 52,000,000 төгрөгийн зээлийг хаасан тохиолдолд зээл гарна гэж итгэн, бодит байдал гэж ойлгож, байр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 52,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийж мөнгийг шилжүүлсэн байна.
Яллагдагч ******* нь байр худалдан авах гэрээ, 52,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж мөнгийг өөртөө шилжүүлж авах үедээ “Голомт” банкинд ямар нэгэн баримт материал судлуулах зорилгоор өгөөгүй, банк түүний зээлийн материалыг судлаагүй, 52,000,000 төгрөгийн өрийг дарсан тохиолдолд зээл гаргаж өгөх боломжтой талаар мэдэгдээгүй болох нь түүнчлэн ******* нь “Хас” банкин дахь орон сууцны зээлээс гадна давхар хэд хэдэн зээлтэй, татварын тайлан төлөлт, олох орлого нь тухайн 177,000,000 төгрөгийн зээлийг авах нөхцөл, шаардлага хангаагүй гэдгийг мэдсээр байж “Голомт” банкинд зээлийн материал судлагдсан, өрөө төлбөл зээл гарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч нарт итгэл төрүүлэн, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан, хууран мэхэлж 52,000,000 төгрөгийг залилан мэхэлж зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
Яллагдагч нь хохирогчоос авсан 52,000,000 төгрөгөөр “Хас” банкин дахь 37,407,672 төгрөгийн зээлийг төлж, үлдэгдэл мөнгийг хувьдаа зарцуулсан, хохирогчтой байгуулсан байр худалдах, худалдан авах гэрээ, зээл төлсөн баримтыг “Голомт” банкинд өгөөгүй нь тухайн зээлийн материал банкинд байхгүй, байрыг зээлээр худалдаж авах санаа зорилгогүй, зээлээр худалдаж авна гэж зориудаар зохиомол байдлыг бий болгож хохирогчийг төөрөгдөлд оруулж 52,000,000 төгрөгийг буцаан төлөх санаа зорилгогүй авсан байсныг нотолсон.
“Голомт” банкны захирал ******* нь хохирогч болон ******* нарт итгэл төрүүлэх амлалт, баталгаа өгөөгүй, хохирогч, гэрч нарт хууль сануулан мэдүүлэг авсан тул хохирогч гэрч нараас тодруулах асуудлыг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжтой, яллагдагч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Яллагдагч *******гийн гэм бурууг шүүхээр хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
6. Шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүгчийн захирамжаар залилах гэмт хэргийн шинжийг хуульд заасан хэлбэрээр тайлбарласан байгаа. Тэрнээс биш залилах гэмт хэрэг биш байна гэж хэргийг буцаасан зүйл байхгүй. Мөн прокурорын хэлээд байгаа зүйлийг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй. Үнэхээр гэмт хэрэг үйлдээгүй бол цагаатгах ёстой. 52,000,000 төгрөгийг зээлээр авахдаа бодит байдлыг нуун дарагдуулсан гэж ярьж байгаа боловч бодит байдал дээр өөр зүйл яригддаг. Тодорхой шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн хэлсэн зүйлээс болж өөрөө хохирсон байгаа. Хохирогчоор тогтоогдсон этгээд болох Ган-Эрдэнийн хувьд ч гэсэн “би банк руу чинь холбогдоод гаргуулаад өгье” гэж хүртэл хэлсэн байгаа. Тэр том компанийн захирал танихгүй хүнд зүгээр зээл гарна гэсэн гэж хэлэхээр нь 52,000,000 төгрөг шилжүүлнэ гэж байхгүй шүү дээ. Прокурорын хувьд яллах болон цагаатгах талын баримтыг давхар шалгах ёстой. Гол нь энэ хэргийг шийдвэрлэхэд дээрх ажиллагаа дутуу хийгдсэн гэдгийг би тайлбарлаж байгаа юм. Энэ асуудал бол иргэний эрх зүйн маргаан гэв.
7. Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Яллагдагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг явагдсан. Урьдчилсан хэлэлцүүлгээр хүсэлтийн талаар л хэлэлцэх ёстой байсан. Прокурорын хувьд өмгөөлөгчийн гаргасан 12 хүсэлтийг нэгбүрчлэн дурдаж байгаад тайлбарыг гаргаж, баримтуудыг үзүүлсэн. Прокурорын зүгээс гэм буруугийн шүүх хуралдаанд шилжүүлэх саналыг гаргасан. Гэтэл өмгөөлөгч өөрөө гэм буруугийн асуудлыг яриад явчихсан. Шүүх дүгнэхдээ яллагдагчид ашигтайгаар гэрээний эрх зүй байна гэж дүгнэсэн. Тийм бол гэм буруугийн асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Гэм буруугийн урьдчилсан дүгнэлтийг шалгах шаардлагатай мэтээр хэргийг буцааж байгаа нь зохимжгүй юм. Яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлт зөв байна, үүнийг шалга гэж захирамж гаргаж байгаа нь урьдчилсан хэлэлцүүлгийн журам зөрчиж байгаа үйлдэл болж байгаа юм гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор М.Бамбадоржийн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгахдаа болон анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгасан болно.
Анхан шатны шүүхийн яллагдагч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, “... нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байхад хэргийн бодит байдлыг зөв тогтоож хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байна гэж шүүх үзлээ. Учир нь: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч , хохирогч , яллагдагч ******* нарын өгсөн мэдүүлэгт тусгагдсан үйл баримтыг хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримттай харьцуулахад залилах гэмт хэрэг болох нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй байх тул мэдүүлэгт дурдсан үйл баримтын талаар “Голомт банк”-ны захирал ******* болон бусад холбогдох оролцогчоос дахин тодруулан мэдүүлэг авч зохиомол байдлыг зориудаар бий болгосон эсэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан эсэх үйл баримт, үүний улмаас үүссэн үр дагавар бий болоход хэний ямар санаатай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эрх зүйн үндэслэлийг тогтоох шаардлагатай байна. Энэхүү нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор яллагдагч *******гийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатаас шүүхэд гаргаж өгсөн “******* болон ******* нарын Facedook-ийн хувь чатаар харьцсан зурвас”-т үзлэг хийж дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй. ...” гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй, захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар гэрч нь хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэгтэй ба худал мэдүүлэг өгсөн тохиолдолд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх этгээд юм.
Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* болон бусад гэрчүүдээс мэдүүлэг авахдаа үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй болохыг сануулж, худал мэдүүлбэл хүлээх хариуцлагыг анхааруулсны эцэст мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгэсэн, гэрч *******ийн 2022.9.23-ны өдөр, 2023.5.15-ны өдөр өгсөн мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй байхаас гадна яллагдагч ******* болон гэрч ******* нарын Facedook-ийн хувь чатаар харьцсан зурвас /2-р хх-ийн 32-35х/ нотлох баримтаар хэрэгт авагдсан байх тул шүүгчийн захирамжид заасан ажиллагаа буюу гэрч нараас дахин мэдүүлэг авах, ... зурваст үзлэг хийх ажиллагааг нэмж хийх шаардлагагүй байна.
Харин шүүх, нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийх, прокурор, өмгөөлөгч нар нь тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд заасан эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулсны эцэст яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой төдийгүй “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шүүх үзлээ.
Иймд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул прокурор М.Бамбадоржийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Яллагдагч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/600 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ
Ц.ЭРДЭНЭЗУУ