Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00400

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00399

 

Л.О-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03532 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.О-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х ХХК--ийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №01/193 тоот хөрөнгийн үнэлгээний тухай албан тоотоор Л.О-ын Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Дилав Хутагт Жамсранжавын гудамж 12/5 дугаар байрны 00 тоотхаягт байрлах 39.75 м.кв нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 65 112 200 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд хөрөнгийн үнэлгээний компани Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйл болон холбогдох хууль тогтоомжид заасан хөрөнгийн үнэлгээний үнэлгээ тайлан гарах хуулийн зохицуулалтыг зөрчиж үндэслэлгүй үнэлгээ гаргасан гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний тайланг үзэхэд харьцуулсан байдлаар үнэлгээг гаргалаа гэж дүгнэлтэд дурддаг. Маргаан бүхий орон сууцыг харьцуулж үнэлгээ гаргахдаа маргаан бүхий орон сууцтай ижил ойролцоо, түүний зориулалт шинж байдлыг агуулсан үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулж үнэлгээ гаргаагүй. Харьцуулахдаа хажуу талын байрны 113 м.кв байртай харьцуулж үнэлгээ гаргасан. Гэтэл нэхэмжлэгчийн маргаан бүхий орон сууц нь 39.75 м.кв орон сууц байдаг. Гэтэл 39.75 м.кв орон сууцыг 113 м.кв орон сууцтай харьцуулж үнэлгээ гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь том м.кв-тай байр 39.75 м.кв-тай байрнаас хамаагүй хямд үнийн дүнтэй байдаг. Ойролцоо төрлийн байртай харьцуулсан байдлаар үнэлгээ гарахдаа тэр хавийн байртай харьцуулж үнэлгээ гаргаж байна гээд 10 дугаар хорооллын арын хэсэгт буюу гэр хороололд байрлах байртай харьцуулж үнэлгээ гаргасан. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууц 25 дугаар автобусны буудлын хойно буюу /uvplas/-ийн чанх ар талд байдаг. Ийм байрлалтай байрыг 10 дугаар хорооллын ар талд байдаг байртай харьцуулж үнэлгээ гаргасан нь буруу юм. Гэр хороололд ойролцоо байдаг байрны үнэлгээ зах зээлийн үнээс хямд байдаг. Яагаад гэвэл гэр хороололд ойр учраас утаа ихтэй, шороо тоос бужигнах учраас харьцангуй хямд байдаг. Мөн хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар хөрөнгийг харьцуулсан байдлаар үнэлгээ гаргахдаа ижил төрлийн ойролцоо шинж байдалтай харьцуулж үнэлгээ гаргадаг. Гэтэл /uvplas/-ийн ойр эргэн хүн хөдөлгөөн ихтэй учир тэр хавийн нэг давхрын байр түрээслэх үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг. Тийм учраас /uvplas/-ийн чанх арын маргаан бүхий байрны эргэн тойрны байр бусад байраа бодоход илүү үнэтэй байдаг. Нэг давхрын байрыг үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжтой байдаг учраас илүү үнэтэй байдаг. Маргаан бүхий орон сууцны эргэн тойрны нэг давхрын байрууд ихэвчлэн өдөр өнжүүлэх, авто ломбард, цайны газар гэх мэт үйл ажиллагаа явуулдаг орон сууц маш их байдаг. Ийм учраас хүн хөдөлгөөн ихтэй ашигтай байрлалтай учраас нэхэмжлэгчийн маргаан бүхий орон сууц тэр хавьдаа үнэтэй байдаг. Гэтэл ийм ашигтай шинж байдлыг нь агуулсан ижил түвшний байртай харьцуулж үзээгүй. Түүнчлэн түрээсийн аргаар харьцуулж үзээд сард 477 000 төгрөг олох боломжтой гэдэг байдлаар үнэлэлт өгсөн байна. Тайланг үзэхээр 477 000 төгрөг яаж гаргасан нь ойлгомжгүй байна. Харьцуулсан байдлаар үнэлгээ гаргахдаа ойролцоо байртай харьцуулаагүй, ашигтай шинж байдлыг агуулсан байртай харьцуулаагүй учир Хөрөнгийн үнэлгээний тайлан учир дутагдалтай, холбогдох хууль тогтоомжийг баримтлаагүй байна. Мөн /vngvi.mn/ сайтаас ойролцоо төрлийн байрны үнэлгээтэй харьцуулсан баримт хэрэгт хавсаргаж өгсөн. Маргаан бүхий орон сууц нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр бодит байдлаас хэт доогуур үнэлэгдээд очих юм бол эхний удаа дуудлага худалдаанд 75 хувиар ордог хоёр дахь дуудлага худалдаанд 50 хувиар ордог ингээд энэ хүн үл хөдлөх хөрөнгөө алдах эрсдэл үүссэн байна. Ийм учраас үнэлгээний тайланг хүчингүй болгож дахин зах зээлийн үнэлгээ тогтоох шаардлагатай байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 02890 дугаар шүүгчийн захирамжаар Л.О-, М.Мөнх-Очир нараас 29 199 874 гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Дилав Хутагт Жамсранжавын гудамж 12/5 байрны 00 тоотхаягт байрлах 39.75 м.кв 1 өрөө орон сууцанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Талууд харилцах тохиролцоод шинжээч томилсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан байр нь орон сууцны зориулалттай байр юм. Уг байрыг авто ломбард, цайны газар ажиллуулах боломжгүй юм. Учир нь тухайн орон сууц нь чанх урагшаа харсан байрлалтай цонхны доод талд гарааш байдаг учир хаалга гаргах боломж байхгүй. Шинжээчийн дүгнэлт нь уг нөхцөл байдлыг харгалзаж үзсэн байх. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГ-т холбогдох, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Дилав Хутагт Жамсранжавын гудамж, 12/5 байр, 61 тоот, 39.75м2 талбай бүхий нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 65 112 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Л.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас үнэлээгүй. Түүнчлэн хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий хүсэлтийг хангахаас татгалзаж нэхэмжлэгчийн өөрийн шаардлагаа нотлох, нотлох баримт бүрдүүлэхийг хязгаарласан атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.О- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зээлийн гэрээний үүрэгт 29 199 874 төгрөгийг гаргуулахаар Х ХХК нэхэмжилснийг хариуцагч Л.О-, М.Мөнх-Очир нар хүлээн зөвшөөрч, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд төлөхөөр талууд эвлэрснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2019/02890 дугаар захирамжаар баталгаажуулсан байна. /хх44-46/

 

Хуулийн хүчин төгөлдөр уг захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тул 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2020/06386 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу мөн өдөр 102/ГХ2020/00495 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх42-43, 47/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцааны зүйл болох Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Дилав Хутагт Жамсранжавын гудамж 12/5 дугаар байрны 00 тоотхаягт байрлах 39.75 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 20256437/181 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 20256437/02 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар битүүмжлэгдсэн хөрөнгийн үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас санал авахад төлбөр төлөгч Л.О- нь 300 000 000 төгрөг гэсэн санал гаргасан, /хх79/ харин М.Мөнх-Очир нь үнийн саналыг ирүүлээгүй, шинжээчээр үнэлүүлэхийг зөвшөөрчээ. /хх-63/

 

Иймд 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 9/423 дугаар тогтоолоор шинжээчээр үнэлгээ хийлгэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар Х ХХК--ийг томилсон байна.

 

Томилогдсон шинжээч 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Дилав Хутагт Жамсранжавын гудамж 12/5 дугаар байрны 00 тоотхаягт байрлах 39.75 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 65 112 200 төгрөг болохыг тогтоосон, уг үнэлгээний дүгнэлтийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4-181/34171 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Л.О-, М.Мөнх-Очир нарт мэдэгдсэн байна. /хх77/ Төлбөр төлөгчөөс үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг шүүх 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээж авсан нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг зөрчөөгүй.

 

Шинжээч үнэлгээ тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй, үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд зах зэлийн хандлагаар ижил байршилд байрлах орон сууцны үнэлгээтэй харьцуулан, орон сууцны талбайн хэмжээ, байрлалын итгэлцүүр, чанар хийц, давуу болон сул дутагдалтай талуудыг харгалзан үнэлгээг тогтоосон нь тайланд тусгагдсан байна.

 

Нэхэмжлэгч нь үнэлгээний дээрх аргачлал, дүгнэлтийг баримтаар няцаасан буюу үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул түүний шаардлагаар үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй, хэргийн баримтыг маргаанд хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03532 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ