2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 192/шш2025/00977

 

 

 

 

 

2025 02 04 192/ШШ2025/00977

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******-д холбогдох,

Эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч *******,

хариуцагч *******,

нарийн бичгийн дарга нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан Эцэг тогтоолгохоор шаардсан.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн төрсөн эцэг гэгдэх *******тэй түүний хүсэлтээр уулзсан бөгөөд миний ээж ******* *******г  надад танилцуулсан. Улмаар бид хувийн болон ажил хэргийн холбоотойгоор 5-6 жил хамтран ажилласан бөгөөд бидний дунд үл ойлголцол үүсэж *******гийн хэт хувиа хичээсэн байдал, намайг зөвхөн өөрт нь ашигтайгаар ажиллуулах, банкны зээл авхуулаад төлөхгүй байх зэрэг үйлдлүүд нь хэрээс хэтэрсэн тул өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдээгүй олон асуудлаас үүдэн хөндийрсөн билээ. Гэвч ******* нь намайг илтэд гүтгэж иргэн Б.Түмэнжаргалд залилан мэхлэгч мэтээр ойлгуулж, мөн би болон миний эх ******* бид хоёрыг өөрийг нь гуйж очсон, миний охин биш гэх зэргээр хувь хүний нэр хүндэд маш ноцтойгоор халдсан. Би *******тэй уулзаагүй 5-6 жил болсон бөгөөд дээрх асуудлуудаас үүдэж, эх *******тай 3-4 жил холбоогүй байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд *******, ******* нарт эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх талаар удаа дараалан хүсэлт тавьсан хэдий ч хэн нь ч хариу өгөөгүй. Иймд ******* нь миний биологийн эцэг мөн бишийг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Миний хувьд эцэг мөн байх, биш байх нь надад хамаагүй. Намайг зугтаасан гэж байна. Миний биеийн байдал 2 жил муу байсан. Эцэг мөн бишээ тогтоолгоод биш байвал ээжтэйгээ учраа ол гэсэн юм хэлсэн. Тэрэнд нь хэрэгтэй бол тогтооно биз. Эцэг мөн байлаа гээд уярч хайлж, эмзэглэх зүйл байхгүй. Би өөрөө эхэлж уулзсан шүү дээ. Энэ өөрөө мэдэж байгаа. Зөвхөн ээж нь цаанаа юу гэж тайлбарладгийг нь мэдэхгүй юм. Хэрэв 40 гаруй жилийн өмнөх үерхлийн асуудлыг ярьвал нэр хүндэд нь сэвтэй зүйл гарч ирэх байх. Эцэг болох болохгүй асуудал дээр би эмзэглээд байгаа юм биш, эцэг байлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс хэрэгт Хан-Уул дүүргийн 19-р хорооны Засаг даргын тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021.08.05-ны өдрийн тодорхойлолт, шүүгчийн 15112 дугаар захирамж зэргийг ирүүлсэн.

Хариуцагчаас хэрэгт өвчтөний түүх зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Шүүх нэхэмжлэгчийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтээр шүүх 2021.05.10-ны өдрийн 183/ШЗ2021/08016 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, шинжээч 2023.06.29-ний өдрийн 476 дугаар дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна. /хх-ийн 16-18/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд ...******* нь миний биологийн эцэг мөн бишийг тогтоолгоно. Энэ нь миний хувьд өөрийн эцэг мөн бишийг мэдэхэд ач холбогдолтой. гэж тайлбарласан.

3. Хариуцагч Эцэг болох, болохгүй асуудал дээр би эмзэглээд байгаа юм биш, эцэг байлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. гэх тайлбарыг гаргасан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь 1986 оны 04 сарын 20-ны өдөр төрсөн байх ба түүний овгийг Тулгаар овоглосон иргэний үнэмлэх хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгч нь өөрийн биологийн эцгээр *******г мөн эсэхийг тогтоолгох, үүнийгээ мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, тус шүүхийн шүүгчийн 2021.05.10-ны өдрийн 183/ШЗ2021/08016 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, шинжээч 2023.06.29-ний өдрийн 476 дугаар дүгнэлтээр ...******* нь *******ын биологийн эцэг байх боломжтой байна, биологийн эцэг байх магадлал >99,99% байна. гэсэн дүгнэлтийг ирүүлсэн байна. /хх-ийн 16-18/

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно., 23.2-т Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ. гэж тус тус заажээ.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын биологийн эцэг мөн болох нь дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 1986 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн ******* -ын биологийн эцгээр -г тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б. МӨНХЖАРГАЛ