2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 192/шш2025/00976

 

 

 

 

 

2025 02 04

192/ШШ2025/00976

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй

1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 6 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч *******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

Нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 364-р тушаалаар Хилийн цэргийн 0151 дүгээр ангид цэргийн албанд татагдаж, 3 жилийн алба хааж, 1988 оны 6 дугаар сарын 30-нд цэргээс халагдсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед олгогдсон цэргийн батлахаа үрэгдүүлсэн, 1988 онд цэргээс халагдсан тушаал байхгүй шалтгаанаар алба хаасан 3 жил хасагдах байдалд хүрээд байна. Иймд 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 6 сарын 30-ны өдөр хүртэлх цэргийн алба хаасан 3 жилийн хугацааг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суух хаягийн тодорхойлолт, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024.10.29-ний өдрийн 0801/3092 дугаар лавлагаа, гэрч С.Золжаргал, Ж.Ганбаатар нарын тайлбар, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг ирүүлсэн /хх-ийн 2-7/

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч *******ын 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 6 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай. гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгч, С.Золжаргал, Ж.Ганбаатар нарын мэдүүлэг, тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

******* нь 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 6 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Хилийн цэргийн 0151 дүгээр ангид цэргийн алба хаасан байсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Тодруулбал, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0801/3092 дугаар лавлагаанд Дистабазар /Дистаабазар/-ын Ганбаатар нь Хөвсгөл аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 0151 дүгээр ангид цэргийн албанд татагджээ. Хилийн ба ДЦУЭГ-ын 0151 дүгээр ангийн 1988 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул Дистаабазарын Ганбаатарын цэргийн албанаас халагдсан талаарх архивын лавлагаа гарахгүй болно гэжээ.

Хүсэлт гаргагч *******тай тухайн үед хамт Хилийн цэргийн 0151 дүгээр ангид хамт цэргийн алба хааж байсан талаараа гэрч С.Золжаргал, Ж.Ганбаатар нар нь шүүхэд ирж мэдүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******-ыг 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 6 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Хилийн цэргийн 0151 дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

  

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.МӨНХЖАРГАЛ