Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/51

 

 

 

 

 

 

 

 

 

2023          6            14                                                        2023/ДШМ/51                      

 

 

Л.Б-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд: 

            Прокурор Л.Наранхүү  

            Шүүгдэгч Л.Б 

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 204 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Бт холбогдох эрүүгийн 2334000000138 дугаар хэргийг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Н овогт Лн Б, 1991 оны 10 дугаар сарын 26-нд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, “Хүмүүн” Олон улсын сургуулийн бага ангийн багш ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 73 дугаар байр 90 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Л.Б нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт автобусаар зорчиж байгаад түр зогсоход автобусны гадна 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө “...хоёр хүний маргааны дундуур орлоо...” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Буян-Ундрахтай маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Л.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Н овогт Лн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Л.Бт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баас нийт 86.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Буян-Ундрахад олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Бт гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь иргэн Д.Буян-Ундрахтай маргалдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулж шүүхийн шийдвэрийн дагуу 1.000.000 төгрөгөөр торгуулж, мөн хохирогчийн зардлыг бүрэн барагдуулах шийдвэр гарсан билээ. Хохирогч Д.Буян-Ундрахын эмчилгээний зардалд одоогийн байдлаар 2.500.000 төгрөг байгаа, нэмэгдэх магадлалтай гэж байна.

Ээж маань өнгөрсөн намар ходоодны хорт хавдраар оношлогдон ходоодоо бүтнээр нь авахуулсан, 3 сард бөөрний хагалгаанд орох ёстой, одоо эмчлэгдэж байгаа.

Миний сарын цалин байрны мөнгө, банкны зээл, ээжийн эмийн мөнгө гээд мөнгөний хэрэг маш эмзэг байгаа тул торгуулийн хэмжээ 1.000.000 төгрөгийг торгуулийн ялын доод хэмжээ болгон өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгч Л.Быг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт гарахад хохирогчийн зүй бус харилцаа нөлөөлсөн гэж дүгнэн түүнд торгох ял оногдуулсан. Шүүхээс оногдуулсан торгуулийн ял үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Бт  холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл шүүгдэгч Л.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнийн 02-03 цагийн үед Багануур дүүргээс Улаанбаатар хот руу очихоор зорчин явсан автобус нь Төв аймгийн Эрдэнэ сум, Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт түр зогсох үед уг автобусаар хамт зорчин явсан Д.Буян-Ундрахтай “...хоёр хүн хоорондоо учраа олох гэж байна, чи дуугай бай...” гэж хэлэн хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан түүний толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Буян-Ундрахын өгсөн “...Э.Нармандах болон Г.Баасандаш нар нь хоорондоо маргалдаж байгаад автобус зогсож хамт явсан хүмүүс машинаас бууж бие засах үед Нармандах нь намайг тамхи асаагаад өг гэхээр би үгүй гэж хэлсэн чинь Э.Нармандахын цаана зогсож байсан Л.Б нь над руу барьж явсан усныхаа савыг шидээд учир зүггүй миний толгой, чих, хамар руу цохиод байсан...”

“...Л.Б гэх хүнээс хамрын хагалгаанд орох төлбөрийг авч хурдан хагалгаанд орохгүй бол одоогоор биеийн байдал маань байнгын толгой өвдөж, хамар битүүрч байгаа...”[1] гэх,

Гэрч Э.Нармандахын “...Л.Б нь хажуугаас Д.Буян-Ундрахад хандаж наад хоёр хүн чинь хоорондоо учраа олох гэж байна чи дуугай байж бай гэхэд Д.Буян-Ундрах нь би болон Г.Баасандаш бид хоёрыг тойрч Л.Б дээр очоод Л.Быг нэг удаа цохих үед хоорондоо барилцаж аваад зууралдаад байхаар нь би очиж дундуур орж салгаад Л.Быг авч эргүүлэн автобусанд суулгаад харин Д.Буян-Ундрахын хамраас цус гарчихсан байсан...”[2] гэх,

  Гэрч Б.Хандсүрэнгийн “...тэр хоёр хоорондоо барилцаж аван ноцолдож байгаад Д.Буян-Ундрахыг газарт унагаасны дараа автобусанд байсан хүмүүс Л.Б болон Э.Наранмандахыг автобус руу суулгах үед Д.Буян-Ундрах нь газраас босож ирэхдээ хамраас нь цус гарчихсан байсан...”[3] гэх,

  Гэрч Г.Баасандашийн “...Л.Б нь гартаа барьж байсан усны савыг Д.Буян-Ундрах руу шидсэн чинь хоорондоо барилцаж аваад ноцолдох үед хамт байсан эмэгтэй багш нар салгасны дараа би Д.Буян-Ундрах дээр очиход хамраас нь цус гарсан болон хувцас нь цус болчихсон байсан...”[4] гэх,  

  Гэрч П.Батболорын “...Л.Бын зүүн талын нүд хэсэгт нь хавдчихсан байдалтай ирэхээр нь юу болсон юм бэ гэхэд хамт явсан дүүтэйгээ маргалдаад цуг явсан хүмүүс мэднэ гэж хэлсэн...”[5] гэх,

  Гэрч Г.Бадамгаравын  “...Д.Буян-Ундрах нь Л.Бын бие рүү хоёр удаа цохих үед Э.Нармандах багш яаж байгаа юм гэхэд Л.Б нь буцаж Д.Буян-Ундрахыг цохиж байхаар нь би машинаас буугаад Л.Быг татаад автобус руу оруулсан..., ...Д.Буян-Ундрах нь орж ирэх үед хамраас нь бага зэргийн цус гарчихсан байдалтай байсан...”[6] гэх мэдүүлгүүд болон,

  Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023  оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 146 дугаар “...Д.Буян-Ундрахын биед баруун нүдний зовхинд цус хуралт, баруун дагз, зүүн зулайд цус харвалт, хамарт зулгаралт, хамар, баруун нүдний зовхи, зүүн чихэнд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..., ...хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...”[7] гэх шинжээчийн дүгнэлт, Л.Бын мөрдөн шалгах, анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

  Прокуророос шүүгдэгч Л.Бын өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэн хохирогч Д.Буян-Ундрахын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл холбогдлыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Бын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Бын гэм бурууг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэн дүгнэж, шүүх хуралдааны шатанд улсын яллагчийн гаргасан дүгнэлт, шүүгдэгчийн бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулан, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/ хугацаанд биелүүлэхийг даалган шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирсон буюу Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгчийн давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-т “...шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох...” гэх заалтад нийцүүлэн гэм буруутайд тооцоогүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг хэрэглээгүй нь буруу болжээ.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулан зөвтгөж, шүүгдэгч Л.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж заасан байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол “тодорхойлох” хэсэггүй бичигдсэн байгааг анхааруулан дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 204 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Н овгийн Лн Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг

“...Шүүгдэгч Н овгийн Лн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баас 86.000 /наян зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч ДП96120211 дугаартай регистртэй Б-д олгосугай...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Баас 86.000 /наян зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б-д олгосугай...” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгч Л.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                           ШҮҮГЧИД                                      З.ТҮВШИНТӨГС

 

 

                                                                            М.МӨНХДАВАА   

 

[1] хх-ийн 5, 7-р тал

[2] хх-ийн 9-р тал

[3] хх-ийн 11-р тал

[4] хх-ийн 13-р тал

[5] хх-ийн 15-р тал

[6] хх-ийн 17-р тал

[7] хх-ийн 23-24-р тал