| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0031/З |
| Дугаар | 128/ШШ2025/0027 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2025/0027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Л.И,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,
Маргааны төрөл: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/38******* тушаал хуульд нийцсэн эсэх, газар ашиглах эрхийг сунгуулахыг даалгах нь үндэслэлтэй эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Л.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., иргэдийн төлөөлөгч Н. (цахим), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тус тус холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/38******* “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох” тухай тушаалыг хүчингүйд тооцуулах, газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/38******* тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.
1.2. Улмаар 2024 оны 1******* сарын 31-ний өдөр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/38******* тушаалыг хүчингүй болгуулах, хугацааг сунгуулах хүсэлтүүдэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг тогтоож, хугацааг сунгуулахыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/ дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газар 1.0 га хэмжээтэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 2016/010******* гэрчилгээг “Г” ХХК-д олгож, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаар “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах” тухай гурвалсан гэрээг 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан байна.
3. “Г” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4 дугаар албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 18******* тогтоолоор Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад хандан “Гэрээ шинэчлэн байгуулах” тухай албан бичгийг хүргүүлсэн ба 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/01******* “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах” тухай гурвалсан гэрээг шинэчлэн байгуулжээ.
4. “Г” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт хандан хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргасан байна.
5. Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргааны 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 111******* албан бичгээр “Г” ХХК-ийн 2016/010******* гэрчилгээний хугацааг сунгуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлжээ.
6. Нэхэмжлэгчээс 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 003 дугаар албан бичгээр гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт дахин гаргасан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаар албан бичгээр “Г” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдэж, материалыг эх хувиар нь буцаасан байна.
7. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 625 дугаар албан бичгээр “Г” ХХК-нд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн байна.
8. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хандан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах саналыг хүргүүлсэн байна.
9. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/38******* тушаалаар “Г” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон ба уг уг тушаалыг эс зөвшөөрч “Г” ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 009 дугаар албан бичгээр дээрх тушаалыг хүчингүй болгуулах” гомдлыг гаргасан.
10. Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 010 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хандан “... 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 009 дугаар албан бичгийн хариуг авах” тухай хүсэлтийг гаргасан ба Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар албан бичгээр “Г” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгджээ.
11. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2023 оны 1******* сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 1******* сарын 26-ны өдрийн 179 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.
12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн XI хурлаас гарсан шийдвэрийг хэрэгт нотлох баримтаар аваагүй гэх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шинэхэн байгуулагдсан учраас протокол хөтлөөгүй гэж хэлсэн.
Мөн анхан шатны шүүхээс хугацааг сунгуулах хүсэлтүүдэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль зүйн факт гэж үзсэн. Энэ талаар тайлбар хийх шаардлагатай гэсэн. “Г” ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд аялал зуучлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 14-нд байгуулсан Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах дугаар бүхий гурвалсан гэрээний дагуу Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй 1.0 га талбай бүхий газрыг ашигладаг. 2024 оны 05 дугаар сарын 22-аас иргэн Ч.О******* шилжүүлэн авсан. Тус Монгол Улсын хуулийн этгээдийн нийт хувьцаа нь нэгж бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10 ширхэг энгийн хувьцаа буюу 10,000 төгрөгийн дүрмийн сантай хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдөж байсан ч дүрмийн сан, хөрөнгө оруулалтын хэмжээ, хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдөөгүй. Компанийн эрх шилжүүлэх үед Байгаль орчин, аялал зуучлалын яамнаас давж заалдах гомдол гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртэй байсан учраас газар сунгуулах хүсэлтээ гаргаж, газар ашиглах эрхээ сэргээж, үйл ажиллагаа явуулах боломжтой гэж харж байгаа тул Ч.О******* нь “Г” ХХК-ийг шилжүүлж авсан. Харин эрх шилжүүлсний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь давж заалдах гомдол гаргасан. Мөн энэ хугацаанд газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт гаргахад холбогдох баримтуудыг бүрдүүлэн ажиллаж байсан бөгөөд үүнд улсын хянан баталгаанд 2,000,000, газрын төлбөрийн зөрүү болох 11,000,000 төгрөг буюу нийт 13,000,000 төгрөгийн нэмэлт зардал гараад байгаа болно.
2020 онд Ковид-19 цар тахал гарснаар барилга барих ажилд хүндрэл учирч гэрээний хэрэгжилт удаашрах шалтгаан болсон боловч барилга барих ажлыг эхлүүлэн ажиллаж, зам засах, хашаа барих, А даалгавар батлуулан барилга барихаар зорин ажиллаж байгаа бөгөөд газрын төлбөрийг хугацаанд нь төлж ирсэн зэргээр 474,029,000 /Дөрвөн зуун далан дөрвөн сая хорин есөн мянга/ төгрөгийн зардал гараад байна. Энийг шүүхээс үзлэг хийж тогтоосон байгаа. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дууссан, тухайн үед буюу 2021 оны 04 дүгээр сард дэлхийг хамарсан Ковид-19 цар тахлын хүнд нөхцөл байдлын улмаас Монгол улсын засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан тогтоол хэрэгжиж байсан тул сунгуулах хүсэлт гаргах шаардлагатай баримтуудыг бүрдүүлэх боломжгүй байсан учир 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар болон Богдхан уулын хамгаалалтын захиргаанд тус тус хандан газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт гаргаж байсан бөгөөд Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт тоот албан бичгээр сунгахыг дэмжсэн санал хүргүүлсэн байдаг. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр явуулсан хүсэлтийн хариуг ирүүлээгүй учир 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дахин хүсэлт гаргасан. Гэвч хүсэлтийн хариуг мөн хүлээж аваагүй ба нэхэмжлэгчид мэдэгдэж оролцоог хангалгүйгээр захиргааны акт гаргасан байсныг нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр буюу 2 жил 3 сарын дараа тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай 1099 тоот албан бичгийг хүлээж авсан.
Тус албан тоотыг ирүүлэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 08 дугаар сарын 15-ны өдрийн А/38*******т “газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалыг хавсаргаж ирүүлсэн бөгөөд тус тушаалыг мөн хуульд заасан журмаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Тус бичгийг хүлээж авах хүртэл газар ашиглах эрх дуусгавар болсныг мэдээгүй. Дээрхээс үзэхэд хариуцагч нь маргаан бүхий тушаалыг гаргаж, “Г” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо урьдчилан мэдэгдэх сонсох ажиллагааг хийгээгүй, оролцоог хангаагүй, хуульд заасан журмаар тушаалыг гардуулаагүй, захиргааны актыг хүсэлт гаргаснаас хойш 2 жилийн дараа гаргаж, үйл ажиллагаа нь тасралтгүй, шуурхай явагдаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Мөн маргаан бүхий А/38******* тушаалын үндэслэл дээр тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэсэн нь агуулгатайгаа уялдаагүй, сунгуулах хүсэлтээ 2 ч удаа гаргасан байхад сунгуулах хүсэлт гаргаагүй гэж агуулга дээрээ бичсэн нь мөн үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд болохын хувьд тухайн байгууллага, албан тушаалтнаас гарч буй захиргааны үйл ажиллагаа нь хуульд нийцсэн, шаардлагыг бүрэн хангасан шийдвэр гaprax ажиллагааны журмыг баримталсан байх шаардлагатай.
Иймээс Хариуцагч нь маргаан бүхий захиргааны акт гаргахдаа урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, шуурхай, тасралтгүй үйл ажиллагаа явуулах зарчим баримтлаагүй, бодит нөхцөлд тохироогүй, үндэслэл бүхий бус байсан тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/38******* тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага сайдын А/38******* тушаалыг хүчингүй болгуулах байсан. Яагаад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа вэ, гэхээр өмнөх шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад ******* шүүгч хариу өгөөгүй нь хууль зүйн факт байна, энийгээ юу гэж дүгнэж байгаа юм бэ, гэдэг дүгнэлтийг хэл гэсэн. Бид тухайн үед газар ашиглах эрхээ сунгуулаагүй нь үргэлжилсэн үйлдэл байна. Хүчингүй болгуулах үндэслэлийг эцэст нь гарсан шийдвэрийнх нь дагуу явж байгаа гэж үзсэн боловч ******* шүүгчийн болон бусад байдлыг дүгнээд үзвэл хариуцагчийн хариу өгөхгүй байсан үйлдэл нь эс үйлдэхүй байна. Энэ эс үйлдэхүйг тогтоож сунгуулах хүсэлтээ өгчихсөн байсан 2 хүсэлтийн дагуу хариу ирүүлээгүй нь Төрийн захиргааны төв байгууллагаас манай хүсэлтийг хүлээж авсан байна гэсэн. Хүсэлтийг хүлээж авч хугацааг сунгуулж өгөөч гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Тэрийг хууль зүйн факт гэж үзсэн. Тухайн үед хариу өгөөгүй. Гэнэтхэн сайдын тушаал гарсан, сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг нь тогтоогдож байгаа. Тэгээд сонсох ажиллагаа хийгдээгүй гэнэт гарсан шийдвэр учраас бид мэдсэн даруйдаа шүүхэд хандсан. Манайх газраа ашиглаж байсан гэдэг нь маш олон баримтаар нотлогдож байгаа. Хамгийн сүүлд гэхэд газрын төлбөр төлөхөд нэхэмжлэл нь үүсчихсэн. Нэхэмжлэлийг нь төлөөд явж байгаа. Гэтэл шийдвэр гарснаас хойш газрын төлбөрийг төлөөд л явж байгаа. Өмнөх шүүх газар дээр нь очоод үзлэг хийгээд, газар тэгшилсэн байна, хашаа барьсан байна, зам тавьсан байна гэдэг бүхий л үйл баримтыг ******* шүүгч маш нарийн хийсэн. Тэгээд давж заалдах шатны шүүхээс буцсан үндэслэл нь нотлох баримт дутуу байна гээд буцаасан. Нотлох баримтыг шүүх хангалттай хугацаанд шаардаж гаргуулж авсан. Үнэхээр нотлох баримтаар гаргаж өгөх юм байхгүй байсан. Анхан шатны шүүх шийдэх үед гаргаж өгч байсан өмнөх баримтуудаа гаргаж өгсөн. Мөн энэ хүсэлтүүдийг хүлээж аваад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа дээд байгууллагадаа хүсэлт тавиад манай байгууллагын газар эзэмших эрхийг сунгуулах нь зүйтэй гэсэн хүсэлтээ тавьсан. Гэтэл хүсэлтийг хүлээж аваагүй гэдгээ хэлээгүй, хугацаа өнгөрсний дараа биднийг газраа ашиглаад, байгаль орчны байцаагч байнга үзлэг хийгээд явж байх хугацаанд тушаал гарсан гэдгийг 2 шүүгч шинээр орж ирж байгаа учраас би тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. Ийм учраас манай буруутай үйл ажиллагаа байхгүй, манай эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа. Газрын байрлалыг нь хэлбэл хуучин сүрьеэгийн эмнэлэг байсны дээшээ байгаа, Богдхан уул руу алхах замыг хаагаагүй. Тэгээд манай хажуу талд байгаа бүх аж ахуйн нэгжүүд газраа ашиглаад, барилгаа бариад, орон сууц, хаус барьчихсан. Ганцхан манайхыг дундаас нь ялгаж аваад хүчингүй болчихсон байгаа. Тэгээд манай тавьсан замаар нөгөө аж ахуйн нэгж байгууллагууд барилгаа барьчихсан, манай барьсан хашааг ашиглаад байж байгаа. Тэгэхээр манайх сүүлд гэхэд Байгаль орчны баталгаажуулалтын 2,000,000 төгрөг, газрын төлбөрт 9,000,000 төгрөг төлсөн байгаа. Биднийг газраа ашиглаагүй гэж үзэх үндэс байхгүй байна. Тэгээд манай үүсгэн байгуулагч Монгол улсын иргэн, Б******* дүүргийн ******* хорооны, ******* байрны, *******од оршин суудаг н.О******* гэж хүн байгаа. Ийм учраас манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж өгөөч гэж эрхэм шүүгч нар болон иргэдийн төлөөлөгчийн Н.д хүсэлт болгож байна.” гэв.
14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/ дугаар тушаалаар “Г” ХХК-д 10710.1 м2 газрыг Богдхан-Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс *******д 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/38******* тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Тус дуусгавар болгосон тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 1.1 дэх хэсэгт зааснаар “газар ашиглах эрхийн гэрчилгээ болон газар ашиглах гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж заасныг удирдлага болгосон. Нэхэмжлэгч компани нь анх 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн А/ дугаар тоот тушаалаар 10710.1 м2 газрыг ашиглах эрх олгосон ба дээрх газар ашиглах эрхийн хугацаа нь 2021 оны 04 дүгээр сард дууссан бөгөөд дээрх хугацааны дотор газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ яаманд гаргаагүй буюу Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39.1.1 дэх хэсэгт зааснаар “эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гэснийг зөрчсөн байх тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгийг үндэслэн хуульд заасны дагуу дуусгавар болгосон.
Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл, хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу бүрдүүлсэн баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргана.” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хугацаа сунгуулах хүсэлт гаргасан нь хуульд заасан хугацаа өнгөрсөн байна. Мөн газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтэд тавигдах шаардлага. холбогдох баримт бичгийг бүрдүүлэзгүй байсан тул төрийн захиргааны төв байгууллагаас 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай албан бичгээр тус хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгааг мэдэгдэж материалыг эх хувиар нь буцаасан. Материалыг эх хувиар нь буцаасан байгаа нь тус компани нь дээрх албан бичгийг хүлээн авсан гэдгийг нотолж байна. Хариуцлагагүй албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас тус албан бичгийг хүсэлт гаргагчид гардуулахдаа гарын үсэг зуруулалгүй гардуулсан байна.
Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.3.4 заалт, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-ний 5 дугаар хэсгийн 5.1-т Газрын тухай хуулийн 35.3.4 дэх хэсэгт зааснаар “газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэх”, 5.6-д “Газар ашиглах гэрээг жил бүр дүгнэх" зэрэг газар ашиглагчийн хүлээх үүргээ биелүүлээгүй байсан тул газар ашиглах эрхийн хугацааг сунгах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй тухай дээрх албан бичигт дурьдсан.
Хэрвээ нэхэмжлэгч компанид хүсэлтийн хариуг гардуулаагүй байсан бол газар ашиглах эрхийг дуусгавар болгосон 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаанд яаманд хандаж хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн болон хэрэв шийдвэрлээгүй тохиолдолд эс үйлдэхүйд гомдол гаргах эрх нь байсан. Энэ эрхээ эдлээгүй байгаа нь нэхэмжлэгч хүсэлтийн хариуг гардан авсан болохыг мөн нотолж байна.
Нэхэмжлэгч компани баримт бичгийг бүрдүүлж дахин хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй байх тул газар ашиглах эрхийг хуулийн дагуу дуусгавар болгосон. Нэхэмжлэгч Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар зөвшөөрлийг анх олгосон хугацаагаар сунгасанд тооцно гэж дурьдсан байна. Зөвшөөрлийн тухай хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн тул тус хууль нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнөх харилцааг зохицуулах боломжгүй юм. Тус хуулийн этгээдийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцлах тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан ёсны цахим хуудаст байршуулж сонсох ажиллагааг хуульд заасан шаардлагын дагуу явуулсан.
Иймд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/38******* тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч хувьцаат компанид 2016 онд тус газрыг олгосон. Тэгээд 2021 оны 04 дүгээр сард газрын хугацаа нь дуусчихсан. Ингэснээр Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ холбогдох материалуудыг хавсарган цахимаар гаргасан байхыг заасан хуулийн нарийвчилсан заалттай. Гэвч тус аж ахуйн нэгж нь хүсэлтээ гаргаагүй. 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр буюу 4 сарын дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргасан боловч тус хүсэлт нь хуулийн шаардлага хангаагүй байсан тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж мэдэгдээд, материалыг эх хувиар нь буцаасан. Аж ахуйн нэгж нь нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлдээ гэрчилгээ, санхүү төлбөр төлсөн баримтуудаа хавсаргаж өгсөн байдаг. Өөрт нь гэрчилгээний эх хувь нь байна гэж үзэж байна. Хугацаа сунгуулах хүсэлт гаргахдаа гэрчилгээг эх хувиар нь өгч байж хугацаа сунгуулах бичилтийг хийлгэдэг. Хэрвээ энэ аж ахуйн нэгжийн гэрчилгээг буцааж өгөөгүй бол гэрчилгээний эх хувь нь байх учиргүй. Гэрчилгээний эх хувь байхгүй байхад энэ аж ахуйн нэгж яагаад 2021 оны 08 дугаар сараас хойш Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд дахиад хандаад хүсэлтийн хариуг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар тодруулах шаардлагатай байсан боловч огт тодруулаагүй. Хэрвээ энэ хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй байсан бол эс үйлдэхүйг зогсоох талаар гомдлоо гаргаад шийдвэрлүүлэх бүрэн эрх нь байсан боловч эрхээ эдлээгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлтийн хариу болгож 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хариуцлагагүй албан тушаалтны буруутай үйлдлээс болоод албан бичгийг хүргүүлсэн гарын үсэг зурсан бүртгэл олдоогүй, хариуг нь өгөөд эх хувиар материалыг нь хүсэлтийн хамт буцаасан байгаа. Тэгээд энэ хариу албан бичигтээ Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.3.4, мөн 2020 онд Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээний 5.1, 5.6-д заасан заалтуудыг зөрчсөн, газар ашиглагчийн хүлээсэн үүргийг биелүүлээгүй байна гэдэг байдлаар хариугаа олгосон байдаг. Тэгээд тухайн аж ахуйн нэгж нь энэ хариуг аваагүй, хүсэлтийг шийдвэрлээгүй, дуусгавар болгох тушаал гарах хүртэл бид мэдээгүй байсан, хариуг аваагүй гэж маргадаг. Энэ нь боломжгүй юм. Гэрчилгээ нь өөрсдөд нь байгаа учраас албан хариуг авсан байна гэдэг талаас тайлбар хэлж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.
16. Иргэдийн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Иргэний төлөөлөгчийн хувьд шүүх хурлын үйл явцтай танилцаж, ойлголт авлаа. Ингээд газрын ашиглалтын гэрээг сунгах, эсвэл хүчин төгөлдөр бус гэж үзэж дуусгавар болгосон үндэслэлийг эрх бүхий төрийн байгууллагаас хуульд нийцүүлэн гаргаж иргэн аж ахуйн нэгжид тайлбарыг албан бичгээр хүргүүлэхийг даалгах шаардлагатай. Төрийн байгууллагын нээлттэй бус, хуульд нийцээгүй үйл ажиллагаа нь иргэн, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Зөрүүтэй ойлголттой цаг хугацаа алдсан асуудлыг эрх бүхий төрийн байгууллагын хариуцсан ажилтан хариуцаж залруулах шаардлагатай бөгөөд төр хувийн хэвшлийн хоорондын харилцаа хуульд нийцсэн, нээлттэй, ойлгомжтой байхаар шийдвэр гаргах нь чухал байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.1. Захиргааны хэргийн шүүх даалгах шийдвэр гаргах үндэслэл нь (1) захиргааны байгууллагын захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, (2) захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтанд захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэдэг.
2.2. Нэхэмжлэгч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “… хугацааг сунгуулах хүсэлтүүдэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг тогтоож, хугацааг сунгуулахыг хариуцагчид даалгах” тухай буюу захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох агуулгаар нэхэмжлэл гаргасан ба хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргасан хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.
2.2.1. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгч 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* албан бичгээр гаргасан хугацаа сунгуулах хүсэлтдээ ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй талаар дурдан хугацаа сунгуулахаар хандсан байх бөгөөд Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 111******* албан бичгээр сунгуулах саналыг Байгаль орчин, аялал жуучлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт уламжилсан байна.
2.2.2. Улмаар мөн оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 003 дугаар албан бичгээр хугацаа сунгуулахаар дахин хандсан байх ба Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаар албан бичгээр хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдэн материалыг эх хувиар буцаасан талаар дурджээ.
2.2.3. Дээрхээс үзвэл нэхэмжлэгчээс гаргасан газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах өргөдлийг хариуцагч хүлээн авч, газар ашиглах гурвалсан гэрээ дүгнүүлээгүй, чанарын улсын хянан баталгаа хийлгээгүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг сунгахаас татгалзсан нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй байхгүй, харин татгалзсан шийдвэр хүчинтэй байна.
2.2.4. Хариуцагч газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн аваагүй талаарх Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаар албан бичгийг нэхэмжлэгчид гардуулсан гэх боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй тул хуульд заасан үндэслэл журмын дагуу татгалзсан шийдвэрийг мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй.
2.2.5. Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаар албан бичигт дурдсан үндэслэлийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.
2.2.6. Мөн нэхэмжлэгч “...хугацаа сунгуулахаар гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэх шийдвэрийг мэдэгдээгүй, газрын төлбөрийн нэхэмжлэх илгээж байсан тул сунгасан гэж ойлгож байсан …” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
2.2.7. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.”Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана.” гэж зааснаар нэхэмжлэгчээс газар ашиглах эрхээ сунгуулахаар хандсан хүсэлтийг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан 15 хоногийн дотор шийдвэрлээгүй бол хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байжээ.
2.2.8. Дээрхээс дүгнэвэл хариуцагч, нэхэмжлэгчээс гаргасан газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэн, хугацааг сунгахаас татгалзсан байх бөгөөд хууль бус хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн “… хугацааг сунгуулах хүсэлтүүдэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг тогтоож, хугацааг сунгуулахыг хариуцагчид даалгах” шаардлагыг хангах боломжгүй юм.
3.1. Тодорхойлох хэсэгт дурдснаар нэхэмжлэгч Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/ дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын *******д 1 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрхтэй болсон бөгөөд тус газар ашиглах эрх 2021 оны 04 дүгээр сард дууссаныг маргаан бүхий Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/38******* тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгон бүртгэсэн нь үндэслэлтэй байна.
3.2. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс гаргасан газар ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсанаар Газрын тухай хуульд заасан газар ашиглах эрхийн гэрчилгээ болон газар ашиглах гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэх үндэслэл бүрдсэн байх бөгөөд ийнхүү газар ашиглах эрх дуусгавар болсныг бүртгэлжүүлэн тушаал гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй юм.
3.3. Нэхэмжлэгч маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулснаар хугацааг сунгуулах эрхтэй болж газар ашиглах эрх сэргэнэ гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчээс 2021 онд гаргасан газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах өргөдлийг хариуцагч шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/38******* тушаал хүчингүй болсон ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна.
3.4. Иймд “Г” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/38******* тушаалыг хүчингүй болгуулах, хугацааг сунгуулах хүсэлтүүдэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг тогтоож, хугацааг сунгуулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/38******* тушаалыг хүчингүй болгуулах, хугацааг сунгуулах хүсэлтүүдэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг тогтоож, хугацааг сунгуулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА