2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/шш2025/00745

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/00745

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох

Интернет үйлчилгээний гэрээний үүрэгт 5 881 180 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ууганцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

/Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх хүсэлт болон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд шийдвэрлэв./

Нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч хариуцагч -д холбогдуулан интернет үйлчилгээний гэрээний үүрэгт 5 881 180 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Манай байгууллагатай хариуцагч байгууллага гэрээ хийснээс хойш интернэт үйлчилгээнийхээ мөнгийг огт төлөхгүй байгаа. Энэ нь сард 450 000 төгрөгийн үнэтэй багц байгаа. Холболтын зардал буюу манайхаас үзүүлсэн тоног төхөөрөмжийн зардал нь 629 000 төгрөг. Гэрээний хугацаа дуусахаас өмнө төлбөр болон 6.8-д заасан төлбөрүүдийг тооцож, нийт үнийн дүн 5 881 000 төгрөг болж байгаа гэсэн үг. Гэрээний 6.8-д гэрээг цуцалсан тохиолдолд нэг сарын төлбөрийн 50 хувь гэж заасан байгаа. Энэ нь 225 000 төгрөг. Шилэн кабель , холболтын мөнгийг тус тус гэрээ байгуулахад үзүүлсэн хөнгөлөлтүүдийг тооцно гэж заасан. Энэ нь манай байгууллага 1 625 000 төгрөгийн интернэтийг 450 000 төгрөгөөр өгч байгаа гэсэн үг. Тиймээс 450 000 төгрөгийг хасахаар зөрүү мөнгийг манай талд үндсэн үнийн дүнгээр төлөх ёстой гэсэн үг. Гэрээний хугацаанд үнийн дүнгээ төлөөгүй учраас гэрээнд заасны дагуу төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгчээс хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2023.01.05-ны өдрийн 009 дүгээр Интернэт үйлчилгээний гэрээ, -ийн 2023.06.15-ны өдрийн 23/06-429 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, төлбөрийн нэхэмжлэл, харилцагчийн үйлчилгээний тайлан зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3-13/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...манай байгууллагатай хариуцагч байгууллага гэрээ хийснээс хойш интернэт үйлчилгээнийхээ мөнгийг огт төлөхгүй байгаа. Гэрээний хугацаа дуусахаас өмнө төлбөр болон 6.8-д заасан төлбөрүүдийг тооцож, нийт үнийн дүн 5 881 000 төгрөг болж байгаа... гэж тайлбарлав.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч хариуцагч 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ИҮГ23/01-009 дугаар интернэт үйлчилгээний гэрээг байгуулж, уг гэрээгээр утасгүй шилэн кабелийг хэрэглэгчийн *******,*******,*******, 1-14 тоот хаягт 20/10 хурдтай интернэт үйлчилгээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан байна. /хх-ийн 6-8/

4.1 Дээрх гэрээний дагуу интернэтийн төлбөрийг сар бүр төлөх ба үндсэн үнэ 1 625 000 төгрөг, хөнгөлөлт 450 000 төгрөг, холболт, төхөөрөмжийн төлбөр нэг удаа төлөх ба 629 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, гэрээний хавсралтаар баталсан байна.

5. Талууд хооронд байгуулсанд гэрээгээр гэрээний зүйлийг 20/10 хурдтай утасгүй шилэн кабелийг суурилуулахаар тохиролцсон, хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.

6. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т ...Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно. 362 дугаар зүйлийн 362.-т Ажиллуулагч нь ажил, үйлчилгээг хүлээн авах хугацааг хойшлуулсан, хүлээн авахаас татгалзсан тохиолдолд ажиллагч нь цаашид хийх ажлаа гүйцэтгэхээс татгалзаж тохиролцсон хөлсийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь үйлчилгээ үзүүлсний төлбөрийг хариуцагч -иас 2023 оны 01, 02 дугаар сарын интернетийн төлбөр болон төхөөрөмж суурилуулсан төлбөр болох 1 398 000 төгрөгийг шаардах эрхтэй.

7. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш интернэтийн төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 23/06-429 дугаар, 2023 оны 8 дугаар сарын 04-ий өдрийн 23/08-473 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр 2023 оны 01, 02 дугаар сарын интернэт үйлчилгээний төлбөр 769 000 төгрөг, интернэтийн холболт болон төхөөрөмжийн төлбөр 629 000 төгрөг, нийт 1 398 000 төгрөгийг төлөхийг тус тус тус шаардсан байна. /хх-ийн 10-11/

8. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 6.8-д Хэрэглэгчийн саналаар гэрээний 2.8-д заасан хугацаа дуусахаас өмнө гэрээ цуцласан тохиолдолд нэг сарын төлбөрийн 50 хувь болох шилэн кабелийн холболтын төлбөрийг тус тус үйлчилгээ үзүүлэгчид төлж, гэрээ байгуулахад үзүүлсэн хөнгөлөлтүүдийг бүрэн нөхөн төлнө гэж зааснаар 2023 оны 01,02 дугаар саруудын интернэтийн төлбөр 769 000 төгрөгийн 50 хувь болох 384 500 төгрөгийг хариуцагч -иас гаргуулах нь зүйтэй.

9. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа 2023 оны 11 дүгээр сарын интернэтийн төлбөрийг шаардаж байх боловч энэ талаараа хэрхэн шаардаж байсан талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй ба энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотолж чадаагүй.

10. Дээрхийг нэгтгээд хариуцагч -иас 1 782 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -д олгож, илүү нэхэмжилсэн 4 098 680 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэлэв.

11. Хариуцагч О.Номин-Эрдэнэ шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэснээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв

12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 362 дугаар зүйлийн 362.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч -иас 1 782 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -д олгож, илүү нэхэмжилсэн 4 098 680 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 109 049 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -иас улсын тэмдэгтийн хураамжинд 43 470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ