| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 122/2025/0001/З |
| Дугаар | 122/ШШ2025/0005 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 122/ШШ2025/0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Гомдол гаргагч: “Эрдэнийн олз” ХХК-ийн гомдолтой,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгаланд холбогдох,
Гомдлын шаардлага: “Сүхбаатар аймгийн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгалангийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0050202 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “Эрдэнийн олз” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонболд, түүний өмгөөлөгч Т.Хүдэр, хариуцагч Сүхбаатар аймгийн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. “Эрдэнийн олз” ХХК-иас Сүхбаатар аймгийн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгаланд холбогдуулан “ сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгалангийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0050202 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын ус, рашаан ашиглалтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/07 дугаар удирдамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Эрдэнийн олз” ХХК-ийн ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж буй Сүхбаатар аймгийн сум, 3 дугаар баг, нэртэй газарт орших уурхайд хяналт шалгалт хийсэн байна.
2.2. Шалгалтаар “Эрдэнийн олз” ХХК-ийг 2024 онд үйл ажиллагаа явуулахдаа ус ашиглах дүгнэлт, гэрээ байгуулаагүй, шүүрлийн усыг шавхан зайлуулсан зөрчил гаргасан гэж үзэж 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0050202 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгож, усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрт 46,170,000 төгрөг төлүүлэх шийтгэл оногдуулжээ.
2.3. Эрх бүхий албан тушаалтан нь “Эрдэнийн олз” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонболдод 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зөрчлийн хэргийн материалыг танилцуулж, шийтгэлийн хуудсанд гарын үсэг зуруулсан байх бөгөөд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан.
Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. “Эрдэнийн олз” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонболд шүүхэд гаргасан гомдолдоо: Сүхбаатар аймгийн сумын нутаг ны хүрэн нүүрсний МҮ-012297 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнийн олз” ХХК нь 2017 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч 2018 оноос хойш түр зогсолт хийсэн, зогсолт хийснээс хойш 2023 оны 07 сараас эхлэн хэвийн ажиллахаар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд ажиллаагүй 5 жилийн хугацаанд уурхайн карьерт хуримтлагдсан хур тунадаснаас үүссэн усны хэмжээг уурхайн бүсэд газар дээр нь хэмжилтийг хийлгэсэн. Хэмжилт хийхэд үүссэн нуурын талбай болон гүний хэмжээг хөндлөнгийн компаниар буюу “Жи Эн Эн Эс " ХХК-аар хийлгэж хэмжээг тогтоолгосон.
Хэмжилтийг хийхэд тус компанийн мэргэжилтэн *******, мөн Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргааны мэргэжилтэн Ц.******* нар хамтран хийсэн. Хэмжилтийг хийхэд НIТАRGEТ багажийг ашиглан зураглаж тэмдэглэлийг үйлдэж уг карьерт хуримтлагдсан хур тунадасны шүүрлийн усыг шавхан зайлуулж, тоолуур тавиулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг авч ажилласан.
Гэтэл аймгийн Төрийн аудитын газраас дээрх карьерт хуримтлагдсан хур тунадасны усны асуудлыг тогтоолгүйгээр 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр акт үйлдэхдээ: Уурхайн цооногт хуримтлагдсан 153,323 м3 хөрсний усыг эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуургүйгээр шавхан зайлуулж, орон нутгийн төсөвт орох 119,131,971 төгрөгийн орлогыг төвлөрүүлээгүй байна гэж 153,323 м3 хөрсний усыг шавхан зайлуулсны төлбөр 119,131,971 (нэг зуун арван есөн сая нэг зуун гучин нэгэн мянган есөн зуун далан нэг) төгрөгийг төлөх акт үйлдсэн.
Үүний дагуу “Эрдэнийн олз” ХХК-аас энэ оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Төрийн сан банкин дахь Ус ашигласны төлбөрийн дансанд шилжүүлж уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.
Аймгийн Төрийн аудитын газар хур тунадасны усыг, хөрсний ус мэтээр акт тавьж, ус шавхаж дуусаагүй байхад шавхсан мэтээр төлбөр ноогдуулсан.
Энэ хугацаанд манай компаниас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт 2024 оны 04 дүгээр сарын 23, 2024 оны 06 дугаар сарын 07, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тус тус ус ашиглах дүгнэлт гаргуулах хүсэлтийг хүргүүлсэн боловч одоо хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Энэ шалтгаанаа программ шинэчлэгдсэн, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг бүртгэж болохгүй байна гэсэн тайлбарыг 263235 дугаарын утсаар өгч байсан.
Сүхбаатар аймгийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Н.******* нь өмнө нь буюу 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр яг энэ зөрчлөөр 5.000.000 /таван сая төгрөг/-ийн торгуулийн арга хэмжээ авч байсан.
Сүхбаатар аймгийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Н.*******, сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгалан нар нь урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийхдээ дээрх зөрчлийг арилгуулах талаар хугацаатай албан шаардлага өгөөгүй байж 2430000909 дугаартай зөрчлийн хэрэг нээсэнд нь гомдолтой байна.
Мөн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгалан нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь хууль тогтоомжийн хүрээнд бус зөвхөн нэг талыг баримталсан шийдвэр гаргаж Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлээр 5.000.000 /таван сая/, нөхөн төлбөрийн 46.170.000 /дөчин зургаан сая нэг зуун далан мянга/ төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас гардуулж өгсөн.
Иймд сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгалан нь доорх байдлаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль, журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:
1. 2024.10.17-ны өдөр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгалан уурхайн карьерт хэргийн газрын үзлэг хийхдээ баруун, зүүн карьер гэж үзлэгийн тэмдэглэлд бичсэн нь 1 карьерыг хоёр карьер мэтээр бичсэн. Мөн үзлэгт хөндлөнгийн гэрчээр тухайн уурхайн Хятад дарга , болон ажилтан ******* нарыг оролцуулсан. Уг 2 хөндлөнгийн гэрчээр оролцсон хүн нь Хятад улсын иргэн ба Монгол бичиг үсэг мэдэхгүй хүнийг оролцуулсан тус тус зөрчилтэй байна.
2. 2024.10.23-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Усны газарт 2024.11.11-ний өдрийн дотор шинжээч томилж дүгнэлт гаргуулахдаа шинжээч Б.аар өөрөөр нь гарын үсэг зуруулсан болох нь эргэлзээтэй тул гарын үсгийн шинжилгээ хийлгэх саналтай байна. Мөн уг дүгнэлт нь хугацаандаа гараагүй 2024.11.28-ны өдөр гарсан ба дүгнэлтэд дурдагдсан хохирлын хэмжээг тооцохдоо зөрчлийн хэргийн холбогдогчоос танай уурхай ямар помп /ус шавхах насос/-той, цагт хэдэн литр ус шавхдаг болохыг амаар асууж гаргасан. Бодит байдал дээр помп өдөрт хэдэн цаг ажилладаг, нийт хэд хоног ажилласан болохыг газар дээр нь очиж тогтоогоогүй, ямар нэгэн нотлох баримтыг үндэслээгүй гаргасанд гомдолтой байна. Мөн тухайн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл үйлдээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн.
Мөн Буйр нуур Мэнэнгийн сав газрын захиргаанаас эрх бүхий албан тушаалтнууд нь 5 жил хуримтлагдсан хурын усыг шавхсаны дараа ус ашиглах дүгнэлт гаргуулж, тоолуур тавиулан төлбөрөө төлж байх зөвлөгөө өгсний дагуу манай компани энэ оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлэхдээ карьер дахь усыг шавхаж одоог хүртэл дуусаагүй байхад байгаль орчны газраас зөрчлийн хэрэг нээж 1 зөрчилд удаа дараа давхардуулан арга хэмжээ авч байгаад гомдолтой байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хууль, шалгалтын удирдамжид заагдсан аж ахуй нэгжид шалган тусалж, зөвлөгөө өгч зөрчил дутагдлыг арилгуулах хугацаатай үүрэг, албан шаардлага өгч засаж залруулах боломжтой гэж үзэж байна.
Дээрх зөрчлийг манай байгууллагаас арилгах талаар шуурхай арга хэмжээ авч Усны газарт удаа дараа албан бичиг хүргүүлсэн боловч төрийн байгууллагуудын уялдаа холбоо байхгүй, буруутай үйл ажиллагаанаас болж аж ахуйн нэгж энэ хугацаанд цаг хугацаа, санхүүгээр хохирч байгааг хянан үзэж сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгалангийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0050202 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Хүдэр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: 2024 онд дүгнэлт гаргуулаагүй ус ашигласан гэдэгтэй маргах зүйлгүй. Торгуулийн 5,000,000 сая төгрөгийг төлүүлэх шийдвэрийг зөвшөөрнө. Харин үндэслэлгүй гарсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн усны нөөцөд 47,170,000 төгрөгийн хохирол учруулсан гэж нөхөн төлбөр тавьж байгаатай санал нийлэхгүй. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг хэрэглэж шийдвэр гаргаж өгнө үү гэв.
3.3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн нутагт “Эрдэнийн олз” ХХК нь MV-012297 тоот тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг. “ илч” ХХК, “ ” ХХК-иудтай хил залгаа нэг ордыг 3 талаас нь ашиглалтын өөр өөр тусгай зөвшөөрөлтэйгөөр ашигладаг. “Эрдэнийн олз” ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаад зогссон боловч 2023 онд үйл ажиллагаагаа дахин эхлүүлсэн. “Эрдэнийн олз” ХХК нь ашиглалтын талбайдаа хуучин ашиглаж байсан карьерт хуримтлагдсан орхигдсон шүүрлийн усаа “Жи Эн Эн ЭС ” ХХК-аар хэмжилт хийлгэж хур борооны уснаас үүссэн гэж үзсэн нь хууль бус үйлдэл. 5 жилийн хугацаанд хэдэн удаа хэдий хэмжээний бороо орж ямар хэмжээнд ууршсан газрын гүнд хэдий хэмжээгээр шингэсэн зэргийг тооцоолоогүй ашиглалтын явцад үүссэн шүүрлийн усыг бүгдийг хур борооны ус гэж тооцоолон тэмдэглэл үйлдсэн нь “Жи Эн Эн Эс ” ХХК-ийн мэргэжилтэн *******, Буйр нуур мэнэнгийн талын сав газрын захиргааны дарга Ш., мэргэжилтэн Ц.*******, Ч.*******, Э.******* хүлээн авч баталж, тус уурхайн карьерт хуримтлагдсан хур тунадаснаас үүссэн 153323 м3 усыг шавхан зайлуулахыг зөвшөөрөв. (холбогдогч А.Отгонболдын мэдүүлэг) гэсэн нь хууль бус үйлдэл хийсэн байна.
Ус шавхан зайлуулж л байгаа бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар болон сав газрын захиргаанаас ус ашиглах дүгнэлтийг гаргуулж, зөвшөөрөл авч, гэрээний дагуу усыг шавхан зайлуулна. Усыг шавхан зайлуулахдаа шугам хоолой бүрийг Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх заалтад зааснаар ус авах цэг, газар доорх усны цооног, шугам хоолой бүрийг тоолууржуулах гэж зааснаас хур борооны усыг тоолууржуулахгүйгээр шавхан зайлуулна гэж хуульд заагаагүй, хууль дүрэм журмаас давсан зөвлөгөө зөвлөмжийг сав газрын захиргаанаас өгсөн нь албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашигласан гэж үзэхээр байна.
Сүхбаатар аймгийн Төрийн аудитын газар нь жил бүр нийт уул уурхайн үйл ажиллагаанаас орон нутагт орох татвар болон бусад төлбөрт хяналт тавьж ажилладаг байгууллага. Төрийн аудитын газраас тавьсан акт болон төлбөрийн талаар тухайн байгууллагаас тайлбар авах нь зүйтэй.
2023 онд Сүхбаатар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.******* нь Төрийн аудитын газраас ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу шалгаж “Эрдэнийн олз” ХХК нь усны тухай хуулийг зөрчиж ус ашиглах гэрээ дүгнэлтгүй ус шавхан зайлуулсныг тогтоож Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээг авсан, тухайн торгууль нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн байна. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 122/Ш32023/0111 тоот Захиргааны хэргийн шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлсэн байна.
Сүхбаатар аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.******* болон даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.*******, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш., С. нарын бүрэлдэхүүнтэй салбарын хяналтын газрын ерөнхий байцаагчийн баталсан 01/10 тоот төлөвлөгөөт хяналт шалгалт хийх удирдамжаар хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгалан миний бие нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны салбарын хяналтын газрын ерөнхий байцаагчийн баталсан 01/07 тоот ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжаар хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн.
Төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг прокурорт танилцуулан гомдол мэдээллийн бүртгэлд бүртгүүлэн компанийн эрх зүйн байдлын дордуулахгүй 2 өөр удирдамжаар орсон ч нэг хүндрүүлсэн заалтаар нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
“Эрдэнийн олз” ХХК нь прокурорт гомдол гаргасан ч прокурор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
“Эрдэнийн олз” ХХК нь Байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлэн ажилладаггүй, гадаад ажилчинд ноогдох Монгол ажилчны харьцаа алдагдсан. Хяналт шалгалт болон үүрэг даалгавар өгөхөд хүндрэлтэй. “Эрдэнийн олз” ХХК-ийн ажилтан А.Отгонболд нь би бүх эрхийг төлөөлж байгаа ерөнхий геологич, инженер, уурхайн дарга гэх олон албан тушаалтан байдаг ч томилогдсон тушаалаа авчир гэхээр итгэмжлэл олгогдсон байгаа гээд тушаалаа өгдөггүй. Уурхайн ерөнхий захирлыг ирүүл гэхээр ирүүлдэггүй, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлөө хүлээн зөвшөөрдөггүй, зөрчлийг арилгахгүйгээр үйл ажиллагааг явуулсаар байна. Олборлох болон хөрс хуулалт хийж буй компаниуд нь бүгд хятад компани байдаг. 2 монгол ажилчинтай шүүрлийн усны насос ажиллуулж буй ажилчин, уурхайг төлөөлөн ажиллаж буй А.Отгонболд хоёроос өөр монгол ажилтан уурхай дээр байхгүй. А.Отгонболд нь уурхай дээр байдаггүй хааяа ирчхээд явдаг ажилтан. Прокурорын албан даалгаврын хүрээнд газар дээрх үзлэг тэмдэглэл хийх ажлын хүрээнд уурхай дээр бүх үүргийг хариуцан ажиллаж буй “Эрдэнийн олз” ХХК-ийн уурхай хариуцсан хятад дарга , орчуулагч өвөр монгол ******* нарыг оролцуулан үзлэг шалгалтыг хийсэн. Уурхайг хариуцан ажиллаж буй дарга болон орчуулагчийг байлцуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллаагааг явуулсан болно.
А.Отгонболдыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар удаа дараа дуудсан боловч зөрчлийн хэрэг нээж мэдүүлэг авснаас хойш нэг ч удаа ирээгүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дуусгаж шийтгэлийн хуудас шуудангаар илгээнэ гэж 2024 оны 12 дугаар сарын 1, 2, 3, 4-ний өдөр утсаар ярихад Улаанбаатар хотоос ирж шийтгэлийн хуудсанд гарын үсэг зурж авсан. “Эрдэнийн олз” ХХК нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа хүндрэл учруулсан. “Эрдэнийн олз” ХХК-ийн одоо үйл ажиллагаа явуулж буй карьерын зүүн урд буланд хуримтлагдсан усыг хур борооны ус гэж тогтоолгон шавхан зайлуулж эхэлсэн тоолууржуулан шавхах үүрэг чиглэлийн дагуу 2023 оны 10 дугаар сард тоолууржуулан шавхсан тоолуурын заалтыг 117151 хүртэл гүйлгээд салгасан. Одоогийн шүүрлийн усыг шавхаж байгаа газар нь карьерынхаа баруун талаас шавхаж байна. Шавхан зайлуулж буй усны байрлал өөрчлөгдөж байгаа нь олборлолтын явцад шүүрлийн ус гарч байгаа талбайгаас усыг шавхан зайлуулдаг нь тодорхой байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт хохирол тооцуулах албан бичгийг хүргүүлж үүний дагуу Усны газрын дарга Батбаяр нь мэргэжилтэн ыг шинжээчээр томилж хохирлыг тооцуулсан болно. Энэ талаар мэдээлэл тайлбарыг Усны газраас авах нь зүйтэй.
Буйр нуур мэнэнгийн талын сав газрын захиргаа нь хууль зөрчсөн үйлдэл хийсэн. 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс үйл ажиллагаа эхлүүлсэн гэж гомдолд дурджээ. Гэвч холбогдогч А.Отгонболд мэдүүлэг өгөхдөө 7 сарын 20-нд үйл ажиллагаа эхэлж үлдэгдэл усыг соруулсан гэж мэдүүлсэн нь үг үйлдэл зөрж байна. “Эрдэнийн олз” ХХК-д Буйр нуур мэнэнгийн талын сав газрын захиргааны дарга Ш., сав газрын захиргааны улсын байцаагч ******* нар нь хяналт шалгалтыг хийж зөрчлийг прокурорт танилцуулсан. Сүхбаатар аймгийн прокурор гомдол мэдээллээр бүртгүүлэн дугаар авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах талаар хэлсэн байна. Гэтэл ямар нэгэн арга хэмжээг аваагүй 10 сар хүртэл шүүрлийн усыг шавхан зайлуулсан нь компанид давуу байдал олгож, төрд хохирол учруулан албан тушаалаа буруугаар ашигласан үйлдэл гэж хархаар байна. Гэрч Э.*******гийн мэдүүлэг “Дүгнэлтгүйгээр сав газрын захиргаа зөвшөөрөл олгож усыг шавхан зайлуулах эрх олгодог талаар сайн мэдэхгүй байна. Усны тухай хуульдаа дүгнэлтийн дагуу ус ашиглах зөвшөөрөл олгодог талаар бол мэднэ. Багажаар карьерыг тойроод усыг хэмжээд 153323 м3 ус байна гэж байсан. Хэмжилт хийсэн хүмүүс нь бодитой тоо гаргасан үгүйг бол мэдэхгүй, 2024 оны 06 сард Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны салбарын хяналтын газрын дарга улсын ерөнхий байцаагчийн 01/07 тоот урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд “Эрдэнийн олз” ХХК-д хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтаар очиход усны гэрээ дүгнэлт зөвшөөрөл бол байхгүй байсан. Маш олон хоолой суурилуулсан байсан бөгөөд нэг хоолой нь тоолууртай байсан. “Эрдэнийн олз” ХХК-ийг дуудаад ирээгүй, дуудсан дугаар, явуулсан чат бол байгаа. 2024 оны 10 сарын 17-нд “Эрдэнийн олз” ХХК-д үзлэг хийхэд 2 хоолойгоор тоолуургүй шүүрлийн ус шавхан зайлуулж байсан. Газрын байршил нь уурхайн ашиглалт явуулж байгаа талбайгаас шавхан зайлуулж байна. Шавхан зайлуулж байгаа хэргийн газрын үзлэгийг хийхэд газрын дарга болон миний бие сумын байгаль орчны хяналтын байцаагч цуг байсан” гэх мэдүүлэг.
Гэрч О.ы мэдүүлэг “2023 оны 06 сараас 2024 оны 09 сар хүртэл “Эрдэнийн олз” ХХК-д харуул хамгаалалтын ажилтнаар ажилласан. “Эрдэнийн олз” ХХК 2023 оны 10 сараас ус шавхан зайлуулж эхэлсэн. Тэгэхдээ тоолуур тавьж шавхан зайлуулж байсан. 2024 оны 2 сараас 3 шаланк 6 хоолойгоор шавхан гаргаж байсан. Тухайн үед 1 тоолууртай хоолой, 2ш тоолуургүй хоолой байсан. Тэгэхдээ өнгөрсөн өвөл хүйтэн байсан учраас хөлдөөд тоолуурыг салгасан. 6 сарын үед Ашигт малтмалын газраас шалгалт ирэх үед тоолууртай соруулж байсан бусад хоолой шаланкыг салгаж тоолуургүй хоолойгоор усыг гаргаж байсан. 6 сард доор суурилуулсан байсан тоолуурыг зөөж өөр газарт байрлуулсан. Би бол кемп дотор байгаа зүйл болон машин техник хариуцан ажилладаг. Яг хэдэнд салгасан байсныг мэдэхгүй. Хаа нэг л карьераар явдаг. Манай ус шавхан гаргадаг ******* мэднэ.” гэх мэдүүлэг.
Гэрч Э.*******гийн мэдүүлэг “Дөрвөн улиралд өдөр шөнөгүй усыг гоожуулдаг. Өвөл хөлдсөн үед хөлдсөн мөсийг алхаар цохиж мөсийг хагалаад ажиллуулдаг. 2023 оны 10 сард тоолуур суурилуулсан. Тэр тоолуур ажиллаж байгаад ажиллахгүй болдог. Хавраас 2 насосоор 4 шаланкаар усыг шавхан зайлуулсан. 6 сард усны газрын хүмүүс ирэхэд тоолууртай 2 шаланкаар урсгаж байсан. Нэг насос нь 9 сард ажиллахгүй болсон. 10 сард шалгалт ирээд зогсоо гэж хэлэхэд зогсоогоод хэд хоногийн дараагаас усыг шавхан зайлуулах ажил хариуцсан /хятад иргэн/ ирээд буцаагаад ажиллуулдаг. Би хүний ажил хийдэг хүн энэ ажлыг хий гэхэд хийдэг усыг гоожуул гэхэд гоожуулдаг хүн, би амьдрахын төлөө ажил хийж байгаа хүн. 30 хоногийн 5 хоног амрах эрхтэй. Би 3 сарын амралтаа бөөгнүүлж байгаад 2024 оны 8 сарын 20-нд Улаанбаатар хот яваад ирэхэд тоолуурыг салгасан байсан. Хэн салгасныг бол мэдэхгүй байна. Манай сумын худаг гаргадаг ******* гэдэг хүн ирж “Эрдэнийн олз” ХХК-д худгийн цооног өрөмдсөн. Ямар хүн ямар зөвшөөрлөөр гаргуулсныг бол мэдэхгүй. Миний бие байгаль орчны хяналтын улсын байцаагч, багийн дарга нартай 2024 оны 02 дугаар сард зам гаргуулах ажлаар уул уурхайн компаниар явахад шүүрлийн усыг шавхан зайлуулж байсан.” гэх мэдүүлэг.
2023 онд усны гэрээ дүгнэлтгүйгээр шүүрлийн усыг шавхан зайлуулж болохгүй гэж хуулийг сануулан зөрчлийн арга хэмжээг авсан байдаг. 2024 онд зөрчлийг арилгаагүй үйл ажиллагаа явуулж байгаа нь “Эрдэнийн олз” ХХК нь байгаль орчны багц хуулиудыг хэрэгжүүлэн ажиллахгүй байна. Холбогдогч А.Отгонболд нь зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй, зөрчлийг хэн үүрэг чиглэл өгч үйлдүүлсэн талаар асуусан асуулт бүрд мэдэхгүй гэж хариулсан байгаа нь “Эрдэнийн олз” ХХК-ийн инженер техникийн ажилтан мөн болох нь эргэлзээтэй байна.
Зөрчил арилгах албан шаардлагыг өгөхөөр “Эрдэнийн олз” ХХК-ийн уурхайн дарга -ийн орчуулагч Мандуултай WE CHAT-аар холбогдсон очиж авъя гээд ирээгүй. А.Отгонболд нь мэдүүлэг авах ажиллагаанд оролцсоноос хойш дуудах болгонд ар гэрийн гачигдалтай байна, очно гэж хэлэхээс өөр зүйл ярьдаггүй, шийтгэлийн хуудас шуудангаар хүргүүлнэ гэхээр ирсэн.
Иймд 0050202 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус акт гэж үзэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байгаа тул оролцогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
2. “Эрдэнийн олз” ХХК-иас “... Манай компаниас Усны газарт 2024 оны 04 дүгээр сарын 23, 2024 оны 06 дугаар сарын 07, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрүүдэд ус ашиглах дүгнэлт гаргуулах хүсэлтийг тус тус хүргүүлсэн боловч одоо хүртэл шийдвэрлэгдээгүй, төрийн байгууллагуудын уялдаа холбоо байхгүй, буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, улсын байцаагч нь уурхайн карьерт үзлэг хийх, усны нөөцөд учирсан хохирлыг тооцох шинжээч томилж дүгнэлт гаргуулахдаа процесс ажиллагаа зөрчсөн, 1 зөрчилд удаа дараа давхардуулан арга хэмжээ авсан ... ” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
3. Сүхбаатар аймгийн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0050202 дугаартай шийтгэлийн хуудсаар “Эрдэнийн олз” ХХК-ийг 2024 онд үйл ажиллагаа явуулахдаа ус ашиглах дүгнэлт, гэрээ байгуулаагүй шүүрлийн усыг шавхан зайлуулсан зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгож, усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрт 46,170,000 төгрөг төлүүлэх шийтгэл оногдуулжээ.
4. Ус ашиглах дүгнэлт гаргуулж, гэрээ байгуулаагүй усыг шавхан зайлуулсан гэх зөрчлийн тухайд:
4.1. Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлд “Усны тухай хууль зөрчих” гээд 2 дахь хэсэгт “Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаад улсын хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна.”, 28 дугаар зүйлийн 28.11-д “Энэ хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах эрх үүснэ.”, 28.18-д “Ус ашиглуулах дүгнэлт, холбогдох зөвшөөрөлгүйгээр ус ашиглах, дур мэдэн цооног гаргахыг хориглоно.” гэж тус тус заасан.
4.2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь холбогдох захиргааны байгууллагаар дүгнэлт гаргуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр ус ашиглах бөгөөд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчил гаргагчийг хуульд заасан хэмжээгээр торгохоор байна.
4.3. Гомдол гаргагч “Эрдэнийн олз” ХХК нь 2024 онд ус ашиглах дүгнэлт, гэрээ, зөвшөөрөлгүйгээр уурхайн хөрсний усыг шавхан зайлуулсан зөрчил үйлдсэн болох нь хэрэгт авагдсан Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонболдын шүүх хуралдаанд гаргасан “... 2024 онд ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй нь үнэн. Энэ зөрчилд шийтгэл оногдуулахыг зөвшөөрч байна ...” гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.
5. Усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрт 46,170,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тухайд:
5.1. Сүхбаатар аймгийн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын усны үнэ тариф үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.ыг шинжээчээр томилж, “Эрдэнийн олз” ХХК-ийн 2024 оны ус ашиглах дүгнэлт, гэрээгүйгээр шүүрлийн усыг шавхан зайлуулсан, унд ахуйд ашигласан ус, хохирлын хэмжээг гаргуулсан байна.
5.2. Буйр нуур, мэнэнгийн талын сав газрын захиргааны даргын баталсан “Сав газарт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжид ажиллах томилолтын удирдамж”-ийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг “Эрдэнийн олз” ХХК-ийн уурхайн карьерт хуримтлагдсан хур тунадаснаас үүссэн усны хэмжээг тогтоох хэмжилтийг “Жи Эн Эн Эс ” ХХК-иар хийлгэж, уурхайн карьерт хуримтлагдсан хур тунадаснаас үүссэн 153323 м3 усыг шавхан зайлуулахыг зөвшөөрч, цаашид үүсэх усны хэмжээнд дүгнэлт гаргуулж, тоолуур суурилуулан төлбөр төлөх болохыг анхааруулсан болох нь хэрэгт авагдсан “Уурхайн карьерт хуримтлагдсан хур тунадаснаас үүссэн усны хэмжээг тогтоосон тухай тэмдэглэл”-ээр тогтоогдож байна.
5.3. “Эрдэнийн олз” ХХК-ийн усны нөөцөд учруулсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шийтгэлийн хуудсаар тус компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлын хэмжээ нь эргэлзээ бүхий байна гэж үзлээ.
Тодруулбал, Буйр нуур, мэнэнгийн талын сав газрын ажлын хэсгээс “Эрдэнийн олз” ХХК-ийн уурхайн карьерт хуримтлагдсан хур тунадаснаас үүссэн усны хэмжээг тогтоож, хур тунадаснаас үүссэн 153323 м3 усыг шавхан зайлуулахыг зөвшөөрсөн ба усны нөөцөд учруулсан хохирлын хэмжээг тооцохдоо дээрх усыг хасаж тооцсон эсэх, яг ямар хэмжээний шүүрлийн усыг зохих дүгнэлт, зөвшөөрөлгүй шавхан зайлуулсан болох нь тодорхойгүй байна.
5.4. Түүнчлэн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд зурагдсан шинжээчийн гарын үсэг нь шинжээч Б.ынх мөн эсэх нь эргэлзээтэй байна.
5.5. Шинжээч нь дүгнэлт гаргахдаа зөрчлийн хавтаст хэргийн материалаас шинжилгээ хийх зүйлд холбогдох хэсэгтэй танилцах эрхтэй бөгөөд хариуцагч нь дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нотлох баримт буюу “Уурхайн карьерт хуримтлагдсан хур тунадаснаас үүссэн усны хэмжээг тогтоосон тухай тэмдэглэл” зэрэг баримтыг шинжээчид хүргүүлж, шинжилгээг тал бүрээс нь бодитой хийх нөхцөлөөр хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэхээр байна.
6. Дээрх байдлаар гомдол гаргагч нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “2024 онд усыг зохих дүгнэлт, гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигласан” зөрчил үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн, энэ нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдсон, эрх бүхий албан тушаалтан нь зөрчил үйлдсэн хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь үндэслэлтэй, харин усны нөөцөд учруулсан хохирлын хэмжээ нь эргэлзээтэй энэ тохиолдолд шүүх маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгох шийтгэлээс зөрчлийн улмаас учруулсан хохирол, нөхөн төлбөрийн асуудлыг салгаж шийдвэрлэх боломжгүй юм.
7. Иймд хариуцагч нь хохирлын хэмжээг тооцсон шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах зэргээр хохирлын хэмжээг нотлох баримтыг үндэслэн бодитой тогтоох шаардлагатай байгаа, энэ ажиллагааг шүүхээс хийх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгалангийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0050202 дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
8. Шүүхээс маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн 3 сарын хугацааны дотор гомдол гаргагч нь өөрөөс шалтгаалах баримтыг гаргаж өгөх, хариуцагч сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэн хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргахыг шүүх хуралдаанд тайлбарлаж өгсөн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Эрдэнийн олз” ХХК-ийн гомдлын шаардлагад дурдсан маргаан бүхий Сүхбаатар аймгийн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгалангийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0050202 дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхээс тогтоосон дээрх хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий 0050202 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж “Эрдэнийн олз” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦЭРЭНХАНД