Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/52

 

 

 

 

 

 

 

 

  2023           6             28                                                  2023/ДШМ/52

 

 

 

А.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Сонинмөнх

Иргэний нэхэмжлэгч Ц.Очирхуяг

Шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар 

Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/154 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Д-гийн өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч А.Д, “Ш” ХХК-д холбогдох эрүүгийн 2034004040376 дугаар хэргийг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн Б А Д, 1981 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, яс үндэс дөрвөд, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Ш” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүрэг 1-р хороо 120 мянгатын 13-04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,

Хуулийн этгээд: 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 01 дугаартай шийдвэрээр үүсгэн байгуулагдсан, Улсын бүртгэлийн гэрчилгээ 9011085106 дугаартай, “Мод үржүүлэх, газар тариалан, туслах аж ахуйн үйл ажиллагааны чиглэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгат 13-р байрны 04 тоотод байрлах албан ёсны хаягтай, “Ш” ХХК, 

Шүүгдэгч А.Д нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Шивэртэй" гэх газраас зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, Mitsubishi Fuso маркийн 85-42 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль орчинд 29,450,729 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч А.Д нь "Ш" ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Шивэртэй" гэх газраас Mitsubishi Fuso маркийн 85-42 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж 60 ширхэг зулзаган нарс мод бэлтгэн тээвэрлэж байгаль орчинд 29,450,729 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  "Ш" ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б А Дг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч хуулийн этгээд "Ш" ХХК-ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэхийг  хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд "Ш" ХХК-ний мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгчийг хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих анхааруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дгээс 29,450,729 /хорин есөн сая дөрвөн зуун тавин мянга долоон зуун хорин ес/ төгрөг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Дгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний өмчлөлийн 2,841,900 /хоёр сая найман зуун дөчин нэгэн мянга есөн зуу/ төгрөгийн үнэ бүхий Mazda Bongo  маркийн 20-96 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж зарж борлуулсан үнийг, иргэн Л.Цогтбаатарын өмчлөлийн Fuso маркийн 85-42 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6,468,500 /зургаан сая дөрвөн зуун жаран найман мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгч А.Дгээс гаргуулж  Байгаль орчин уур амьсгалын санд оруулж,

Хэрэгт Л.Цогтбаатарын өмчлөлийн  Fuso маркийн 85-42 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч А.Дгийн өмчлөлийн Mazda Bongo  маркийн 20-96 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч А.Дд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд "Шинэс -Ой" ХХК-ний мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн 2034004040376 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч А.Д, хуулийн этгээд "Ш" ХХК-ний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.      

Шүүгдэгч А.Дгийн өмгөөлөгч Г.Наранбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: МӨХ-ны гишүүн, өмгөөлөгч Г.Наранбаатар би Б овогт Амьтны Дгийн өмгөөлөгчөөр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа билээ. Өмгөөлөгчийн хувьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон энэхүү гомдлыг гаргаж байна.

Манай үйлчлүүлэгч А.Дг зөвшөөрөлгүй ой мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, "Ш" ХХК-ийг зөвшөөрөлгүй ой мод бэлтгэх, тээвэрлэхийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд "Ш" ХХК-ний мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дгээс 29,450,729 /хорин есөн сая дөрвөн зуун тавин мянга долоон зуун хорин ес/ төгрөг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах, түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 2,841,900 төгрөгийн үнэ бүхий "Mazda Bongo маркийн 20-96 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж зарж борлуулан үнийг, мөн иргэн Л.Цогтбаатарын өмчлөлийн "Fuso" маркийн 85-42 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6,468,500 төгрөгийг манай үйлчлүүлэгчээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Гомдлын үндэслэл

1.А.Д нь хэдийгээр 60 ширхэг нарс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль орчинд 29,450,729 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон боловч Төв аймгийн Борнуур сумын "Нарт" 4 дүгээр багийн нутагт "Халзангийн давааны ар" гэх газарт 65 ширхэг нарс модыг нөхөн тарьж, тус сумын Байгаль хамгаалагч н.Отгонцэцэг болон экологийн цагдаа н.Энхтөгс бусад албаны хүмүүсийг байлцуулан тарьсан модоо албан ёсоор хүлээлгэн өгч энэ талаар тамга тэмдэг, гарын үсэг бүхий тодорхойлолт гаргуулж авсан /хх-н 223-231/ байдаг. Тухайн мод тарих үеийн гэрэл зургуудыг авч хэргийн материалд хавсаргасан ба цаашид 3 жилийн хугацаанд уг тарьсан моднууддаа арчилгаа хийж хамтран ажиллах талаар тус сумын байгаль орчны байцаагчтай тохиролцож хэлцэл хийсэн болно. Тэрхүү хууль бусаар ойн сангаас бэлтгэсэн гэх 60 ширхэг модыг Төв аймгийн Байгаль орчны газрын шийдвэрээр аймгийн ногоон байгууламжийг дэмжих зорилгоор тус аймгийн Цагдаагийн газар болон Спортын ордны гадна талбайд тарьж арчилснаар одоо Борнуураас авчирсан эдгээр 60 ширхэг мод хэвийн ургаж байгаа талаар иргэний нэхэмжлэгч М.Батмагнай, Ц.Очирхуяг нар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд тус тус мэдүүлдэг. Эдгээрээс дүгнэхэд ойн санд учирсан гэх экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон хохирол бүрэн төлөгдсөн, буцаад 60 ширхэг мод уг нүхэндээ нөхөн ургаж байгаа нь нотлогдож тогтоогдсон байхад анхан шатны шүүх хохирлыг нөхөн төлж байгаа бус байгаль орчинд учруулсан хохирлыг сэргээж байгаа үйл ажиллагаа гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул уг хохирлын асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан бодитойгоор шийдвэрлэж өгнө үү.

2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар тэрбум мод тарих Үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа өнөө цаг үед мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд "Ш" ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 20 сая төгрөгөөр торгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл "...хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно" гэж заасан байхад тус компаний хувьцаа эзэмшигч Ж.Цэрэноров гэх хүн /2хх-н 170 улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагаа/-ий эрх ашгийг ноцтойгоор зерчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна. А.Дгийн хувьд нэг үйлдэлдээ олон төрлийн ял шийтгүүлж, эрх зүйн байдал нь өмнөхөөсөө дордож зорчих эрхээ хязгаарлуулж, компанийн үйл ажиллагаа нь зогсож, компани нь торгуулж, байгаль орчин уур амьсгалын санд 3 нугалж хохирол төлж, 2 автомашины үнийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн зэрэг байдлууд нь хууль ёсны зарчим, шударга ёс, энэрэнгүй ёсны зарчмуудад нийцэхгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202/ШЦТ/154 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгөхийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна” гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сонинмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үүгэв.

            Иргэний нэхэмжлэгч Ц.Очирхуяг тус шүүх хуралдаанд: Тайлбаргүй гэв.

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруудаа маргадаггүй. Хохирлоо төлсөн, бүр давуулж төлсөн. Холбогдсон гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл нь сонгох санкцтай байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

  Шүүгдэгч А.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. Мөнгө олдог ганц эх үүсвэр болох ногоо тариалалт хийсэн газар маань Батсүмбэр суманд байдаг. Энэ жил хүнсний ногоо тарьсан. Хэрэв зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээр бол ногоогоо зарж хохирлоо төлж чадахгүй болчихоод байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Д-д холбогдох хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч А.Д, хуулийн этгээд "Ш" ХХК нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Шивэртэй" гэх газраас зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, Mitsubishi Fuso маркийн 85-42 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль орчинд 29,450,729 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт нь

Иргэний нэхэмжлэгч М.Батмагнайн: “...Тухайн моднуудыг зориулалтын дагуу шилжүүлэн суулгаж арчилгаа сайн хийсэн тохиолдолд ургах чадвартай. Шинээр суулгаж авснаас хойш үндсийг нь хатаалгүйгээр суулгах хэрэгтэй бөгөөд үндэс нь хатсан тохиолдолд шууд үхдэг.” /1хх-н 29/ гэх,

Иргэний нэхэмжлэгч Ц.Очирхуягийн: "Өмнө нь манайд ажиллаж байсан М.Батмагнай ажлаасаа гарсан тул намайг томилсон. Экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан мөнгөн дүнг нэхэмжилж байна. Хохирлыг барагдуулсан тохиолдолд асуудал байхгүй." /2 хх-н 221-222/ гэх,

Гэрч Х.Ерханатын: “...Би 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Анхаа, Билгүүнээ нарын хамт 20-96 УБК улсын дугаартай цагаан өнгийн мазда маркийн машинтай Улаанбаатар хотоос Төв аймгийн Борнуур сумын нутагт очиж ...хээр хоноод 5 дугаар сарын 27-ны өглөө 06 цагийн орчим босоод Урьхан зоогийн газраас засмал замынхаа баруун гар тал руу салаад уулын ам руу өгсөж явж байгаад модтой уулнаас 60 ширхэг нарс модны суулгацыг хүрздэж аваад ногоон өнгийн шуудайнуудаар үндсийг нь боосон. Тэгээд ...Мазда маркийн машинаар бэлтгэсэн суулгацуудаа зөөж том ачааны машиндаа ачиж дуусаад доошоо уруудаад явж байгаад цагдаа нартай таарсан. Миний ажилладаг “Ш” ХХК-ийн захирал А.Д гэдэг хүн 5 дугаар сарын 23, 24-ний хавьцаа намайг дагуулж бид нарын мод бэлтгэсэн газар аваачиж эндээс мод бэлтгээрэй гэж хэлсэн. ...Тухайн модыг “Ш” ХХК-ийн захирал Дгийн шийдвэрээр бэлтгэсэн..." /1хх-н 30, 2хх-н 186/ гэх,

Гэрч Ё.Цогтбаатарын: “2020 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 08:37 цагт  88060727 дугаарын утсаар миний 99217363 дугаарын утас руу залгаад ачаа ачих уу гэж асуусан. ...Би өглөө 11 цагийн орчим Орхон аймгаас гараад орой 20-21 цагийн орчим Урьхан дээр очоод нөгөө дугаар руу залгасан. Тэгтэл цагаан өнгийн мазда маркийн машинтай үл таних 3 залуу ирээд намайг засмал замаас баруун гар тийшээ дагуулаад уулын ам руу өгсөж явж байгаад уулын модны хажууд очоод зогссон. Тэгээд байж байтал нөгөө 3 залуу цагаан өнгийн мазда маркийн машинтай уулнаас ногоон өнгийн модны суулгацыг зөөж миний машинд ачсан. ...Тэгтэл шөнө 01 цагийн орчим ачаагаа аччихлаа хөдөлье гэхээр нь явж байгаад цагдаатай таарсан. Би энэ хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй... Тэр хүн надтай ярихдаа Улаанбаатар хот руу ороод буулгана гэж байсан. Би тэр хүнтэй 500,000 төгрөгөөр хүргэлт хийхээр тохиролцсон. Гэхдээ тэр хүнээс мөнгө аваагүй байгаа.” /1хх-н 31, 2хх-н 313/ гэх,

Гэрч Э.Анхбаярын: “Би 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк цахим хуудас болон Үнэгүй.мн сайт дээрээс ажилд авна гэсэн зар мэдээллийн дагуу 88060727 дугаарын утсаар залгаж ажилд орохоор ...болсон. ...Тэгээд Урьхан зоогийн газрын ойролцоо хээр хоноод 5 дугаар сарын 27-ны өглөө 5 цаг өнгөрч байхад босоцгоогоод засмал замын баруун тал руу салаад уулын амаар өгсөж байгаад модтой уулан дээр ...2 хүрз, шуудайнууд аваад буусан. Тэгээд доошоо уул руу уруудаж алхаад ургасан байсан жижиг зулзаган моднуудаас 60 ширхэг модыг хүрзээр ингэж үндэстэй нь аваад үндсийг нь ногоон өнгийн шуудайгаар боож дуусгаад доошоо буцаж Урьхан зоогийн газар орж мод ачих том машинаа тосож аваад мод бэлтгэсэн газраа очиж цагаан өнгийн портер машинаар бэлтгэсэн моднуудаа зөөвөрлөж том машин дээр ачиж дуусаад буцаад явж байгаад цагдаа нарт баригдсан...” /1хх-н 32/ гэх,

Гэрч Б.Билгүүний: “Би 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ажилд авна гэсэн зар Үнэгүй.мн сайтад тавигдсан байхаар нь тэр зарын дагуу 88060727 дугаарын утсаар залгаж ажилд орохоор болсон. Тэгээд ...5 дугаар сарын 27-ны өглөө үүрээр босож засмал замаас баруун зүгт гараад уулын ам руу өгсөж яваад модтой газар очиж 60 ширхэг жижиг зулзаган мод бэлтгэсэн. Тэгээд орой бүрэнхий болж байхад буцаад доошоо бууж мод ачих том машинаа тосож аваад мод бэлтгэсэн газар руугаа дагуулж очиж моднуудаа ачиж дуусаад шөнө доошоо бууж яваад цагдаа нарт баригдсан. ...Би хамт модонд явсан Эрка, Анхаа нарын хамт 60 ширхэг зулзаган модыг хүрзээр гишгэж үндэстэй нь хамт авсан...” /1хх-н 33/ гэх мэдүүлгүүд,

  20-96 УНК улсын дугаартай Mazda Bongo маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 2,841,900 төгрөгөөр үнэлсэн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 09/243 дугаартай /1хх-н 36-46/,

85-42 ОРО улсын дугаартай ногоон өнгийн Mitsubishi Fuso маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 6,468,500 төгрөгөөр үнэлсэн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 09/243 дугаартай /1хх 48-60/ “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн үнэлгээний тайлангууд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №346 дугаартай: “1. 60 ширхэг нарс модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 29 450 729 төгрөг байна. 2. Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн мэргэжилтэн М.Батмагнайгийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нийт экологи-эдийн засгийн үнэлгээ 29 450 729 төгрөг гэсэн дүгнэлт үндэслэлтэй." шинжээчийн дүгнэлт /2хх-н 226-228/,

Хэргийн газрын болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 7, 9-16/, Л.Цогтбаатарын эзэмшлийн 85-42 ОРО улсын дугаартай ногоон өнгийн Mitsubishi Fuso маркийн, Е.Ерханатын жолоодож явсан гэх 20-96 УБК улсын дугаартай Mazda маркийн тээврийн хэрэгслүүдийг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэлүүд /1хх-н 17-24/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн үндсэн шинж нь зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэм буруутай үйлдэл байх бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжид энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн үйлдлийг хамааруулсан байх тул  шүүгдэгч А.Дд Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, хуулийн этгээд “Ш” ХХК-д мөн хуулийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч А.Дд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, хуулийн этгээд "Ш" ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь шүүгдэгч, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “Ойн санд учирсан гэх экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон хохирол бүрэн төлөгдсөн, хуулийн этгээд "Ш" ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 20 сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь тус компаний хувьцаа эзэмшигч Ж.Цэрэноров гэх хүний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж шийдвэрлэсэн, А.Дгийн хувьд нэг үйлдэлдээ олон төрлийн ял шийтгүүлж эрх зүйн байдал нь өмнөхөөсөө дордож зорчих эрхээ хязгаарлуулж, компанийн үйл ажиллагаа нь зогсож, компани нь торгуулж, байгаль орчин уур амьсгалын санд 3 нугалж хохирол төлж, өөрийн өмчлөлийн автомашинаа хураалгаж, 1 автомашины үнийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн зэрэг байдлууд нь хууль ёсны зарчим, шударга ёс, энэрэнгүй ёсны зарчмуудад нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан тул шүүгдэгч А.Дгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Шивэртэй" гэх газраас зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 60 ширхэг зулзаган нарс мод нь уг гэмт хэргийн хохирол буюу байгаль орчинд учруулсан хохирол болно.

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 601 дүгээр шүүгчийн захирамжаар А.Дд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. /2хх-н 112-114/

Мөрдөн байцаалтын шатанд прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар “Дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоолын /2хх-н 223-224/ дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 346 дугаар дүгнэлтээр /2хх-н 226-228/ “60 ширхэг нарс модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 29,450,729 төгрөг байна” гэж гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоожээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Дгээс 60 ширхэг нарс модны экологи эдийн засгийн үнэлгээг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасантай нийцсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Төв аймгийн Борнуур сумын "Нарт" 4 дүгээр багийн нутагт "Халзангийн давааны ар" гэх газарт 65 ширхэг нарс модыг нөхөн тарьсан, хууль бусаар ойн сангаас бэлтгэсэн гэх 60 ширхэг модыг тус аймгийн Цагдаагийн газар болон Спортын ордны гадна талбайд тарьж ургуулсан тул хохирол бүрэн төлөгдсөн” гэх боловч шүүгдэгч А.Д өөрийн гэмт хэрэг үйлдэж байгаль орчинд хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийг арилгахаар сайн дурын үндсэн дээр дээрх газруудад мод тарьсныг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн бодит хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх боломжгүй.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “Ш” ХХК нь 1000 ширхэг хувьцаатай, нэг хувьцаа эзэмшигчтэй, Амьтан овогтой Д нь тус компанийн 1000 ширхэг хувьцааг 100% эзэмшдэг байх бөгөөд /1хх-н 122-123/ өөрөөр хэлбэл “Ш” ХХК-ийн хувьцааг Ж.Цэрэноров гэгч этгээд эзэмшдэг талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах, эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна “ гэж заасан байх тул “Ш” ХХК-ийн захирал А.Дд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Ш” ХХК-д тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль  ёсны зарчимд нийцсэн.

Мөн  хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар хуульчилсан. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгох тул анхан шатны шүүх шүүгдэгч А.Дгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний өмчлөлийн Mazda Bongo  маркийн 20-96 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан зарж борлуулсан үнийг, иргэн Л.Цогтбаатарын өмчлөлийн Mitsubishi Fuso маркийн 85-42 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6,468,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж  Байгаль орчин уур амьсгалын санд оруулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Д болон “Ш” ХХК-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-т шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох талаар тусгана гэх хуулийн шаардлагад нийцүүлэн гэм буруутайд тооцоогүй.

Шүүгдэгч А.Дд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотын бүх нутаг дэвсгэрээр буюу хэт өргөн хүрээгээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх учир хязгаарлалтын бүсийг шүүгдэгчийн оршин суудаг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав. Ингэж өөрчлөх нь шүүгдэгчид холбогдох хэргийн зүйчлэл, анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хэмжээ болон шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 346 дугаар дүгнэлтээр гэмт хэргийн хохирол 60 ширхэг нарс модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 29,450,729 төгрөг гэж тогтоосон үнэлгээгээр анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дгээс байгаль орчинд учруулсан хохиролд 29,450,729 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар анхан шатны шүүх шийдвэрлэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Ингэхдээ мөн хуулийн 49 дүгээр 2 дахь хэсгийн 1-т зааснаар ойн санд учирсан хохирлыг “ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоож гаргуулахаар заасан байхад анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн шүүгдэгч А.Дгээс шинжээчийн дүгнэлтээр тогтоосон экологи-эдийн засгийн үнэлгээ 29,450,729 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 29,450,729х3=88,352,187 төгрөгийг гаргуулалгүй хохирлыг дутуу тооцож гаргуулсан нь буруу болсон байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

А.Дд холбогдох эрүүгийн хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-нд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байх боловч мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор хуульчилсан байх тул мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1-т тус тус заасны дагуу шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг өршөөн, хэрэгсэхгүй болгох хууль зүйн боломжгүйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/154 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Шүүгдэгч Б А Д-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч хуулийн этгээд "Ш" ХХК-ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэхийг  хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,” гэснийг “Шүүгдэгч Б А Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд "Ш" ХХК-ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгчийг хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгчийг хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай” гэж,

5 дугаар заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-гээс 29 450 729 /хорин есөн сая дөрвөн зуун тавин мянга долоон зуун хорин ес/ төгрөг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.” гэснийг “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-ийн 1-т зааснаар шүүгдэгч А.Дгээс 88,352,187 /наян найман сая гурван зуун тавин хоёр мянга нэг зуун наян долоон мянга/  төгрөг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    М.МӨНХДАВАА

                                 ШҮҮГЧИД                                    З.ТҮВШИНТӨГС

                                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ