Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 126/ШШ2025/0001

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч О.Ц**********,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Долгорсүрэн,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.О**********нарын хоорондын иргэний бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Ц**********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Охин Б********** Б*****************-ийн Т************* овог эцгийн нэрийг өөрчилж, Н*********** Б***********-ын Т***********  болгон өөрчлөхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан шийдвэр гаргуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

1.2. Хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан дээр нэхэмжлэгч О.Ц*************гаас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Охин Б********** овогт Б*****************-ийн Т************* овог, эцгийн нэрийг өөрчилж, Н*********** овогт Б***********-ын Т***********  болгон өөрчлөхийг бүртгэхээс татгалзсан Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн татгалзал болох 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/662 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Б***********-ын Т***********-г Б***********-ын Т***********  болгож өөрчлөхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” гэжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б***********-ын Т***********-г Ж***********-ын Б*********** , О.Ц********** нарт үрчлүүлж, хүүхэд үрчилсний бүртгэлийн 2 дугаарт бүртгэж №***********дугаартай гэрчилгээг олгожээ.

2.2. Улмаар Б.Т***********нь өөрийн овгийг төрсөн эцэг болох Б***********-ын Т***********  болгон өөрчилж, иргэний улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан байх бөгөөд тус хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/662 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн байна.

2.3. Уг хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргаж, тус газрын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 3/11419 тоот албан бичгээр “...дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гомдлоо шүүхэд гаргах эрхтэй” гэсэн хариуг ирүүлсэн байна.

2.4. Улмаар нэхэмжлэгчээс 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

2.5. Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна” гэж заасны дагуу Б.Т***********нь 16 настай (2008 онд төрсөн) буюу эрх зүйн бүрэн бус чадамжтай байна.

2.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрх зүйн зарим болон бүрэн бус чадамжтай ... хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч төлөөлөн хамгаална” гэж зааснаар үрчлэн авсан эх О.Ц**********нь Б.Т**********-г төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч О.Ц**********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний охин Т************* нь 2008 оны 05 сарын 06-ны өдөр Улаан-уул сумын иргэн Б*************ын хүүхэд болон төрж 2 настай байхдаа өөрийнхөө ээжийн төрсөн эгчийнд буюу манайд 2011 оны 01 сарын 25- ны өдөр үрчлэгдсэн юм. Охин маань энэ жил 16 нас хүрч иргэний үнэмлэх авч байгаа бөгөөд байгаагаа бидэнд хэлж төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх бид нар бүгд зөвшөөрсөн тул би охин Т*************-ийн хамт “овог, эцгийн нэрийг сольж, иргэний улсын бүртгэлд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн хүсэлтийг Улаан-уул сумын Иргэний бүртгэлийн ажилтанд хандан гаргасан боловч “үрчлэгдсэн тул үрчлэлтийн бүртгэлээ шүүхээр оруулж хүчингүй болгож байж өөрийн төрсөн эцгээр овгоо солиулж болно , тэрнээс өөрөөр овгийг чинь солих боломжгүй” гэсэн хариу өгсөн.

Охин маань өөрөө төрсөн эцгээрээ овоглуулахыг хүссэнийг ч үрчилж авсан эх, эцэг болон төрүүлсэн эцэг, эх бид бүгд зөвшөөрч байгаа, гэтэл иргэний бүртгэлийн ажилтан үрчлэгдсэн тул үрчлэлтийн бүртгэлээ хүчингүй болгуулахыг шаардаж байгааг би хууль бус гэж үзэж байна. Тиймээс би бага насандаа үрчлэгдсэн нь үнэн боловч үрчлэлтийг хүчингүй болгохгүйгээр Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д иргэн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ өөрчлөх бол дараах баримт бичгийг бүрдүүлж, оршин суугаа газрын улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ”, 12 дугаар зүйлийн 12.5-д “иргэн өмнөх овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэрээ сэргээлгэхээр өргөдөл гаргаж болно” гэж заасан байх тул Тэмүүнзаяа нь өмнөх ургийн овог, эцгийн нэрийг авах эрхтэй гэж ойлгож байна.

Иймд Монгол улсын иргэн ургийн овог, эцэг/эх/-ийн нэрээ нэг удаа солих, өмнөх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ сэргээж болохоор байхад Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс нь “заавал үрчлэлтийг хүчингүй болгож байж өмнөх бүртгэлийг сэргээнэ” гэж татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, миний охин “Б**********” овгийн Б***********-ын Т***********-г өмнөх “Н************* ” овгийн Б***************-н Т**********-г болгон сэргээж өөрчилсөн иргэний үнэмлэх олгохыг Хөвсгөл аймгийн Иргэний бүртгэлийн газарт даалгаж өгнө үү” гэжээ.

3.2. Нэхэмжлэгч О.Ц**********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний охиныг Б********** овогт Б***************-н Т**********-г гэдэг. Би хөгжлийн бэрхээлтэй хүүхэдтэй учраас охиныгоо төрсөн аав ээжийнх нь гэрт үлдээж явдаг. Хүү маань маш том биетэй, татаж унадаг. Яаж мэдэх үү, ямар нэгэн аваар осол гарч магадгүй гээд охин маань 2 гэрийн хооронд явж байсан. Охин маань нэг өдөр аав, ээж хоёртойгоо ярилцах хэрэг байна гээд төрсөн ээж, ааваараа овоглож болдог гэж байна. 16 нас хүрээд паспорт авахдаа төрсөн ааваараа овогломоор байна. Би та хоёртоо хайртай гэж хэлсэн. Би төрсөн аав, ээжтэй нь ярилцаад тохиролцсон. Б********** овогт Б*****************-ийн Т************* овог эцгийн нэрийг өөрчилж, Н*********** овогт Б***********-ын Т***********  болгож өгөхийг хүсэж Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлд хандахад намайг аймагт ханд гэж хэлсэн. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад үрчлэлтийг хүчингүй болго гэсэн. Би үрчлэлтийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргаагүй. Зөвхөн охиныгоо иргэний паспорт авахад нь овог эцгийн нэрийг нь өөрчлүүлэхээр хүсэлт гаргаж байна” гэжээ.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч О.Ц**********нь Б***********-ын Т***********-г 2 настай байхад нь үрчилж авсан байдаг. Үрчлэлтийн бүртгэлийг хууль ёсны дагуу хийлгэсэн. Охин 16 насанд хүрч шинээр паспорт авах болсон үедээ төрсөн эцэг Б*************аар овоглуулж паспортаа авъя. Та хоёр миний хүсэлтийг зөвшөөрөх үү гэж хэлсэн байгаа. Охин овгоо өөрчилж болдог гэдгийг судлаад миний төрсөн эцгээр овоглож  иргэний үнэмлэх авч өг гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгч нь охины хүсэлтийг овог, эцгийн нэрийг өөрчлөх юм байна гэж ойлгож улсын бүртгэгчид хандахад улсын бүртгэгч нь хэрвээ өөрийн төрсөн эцгээр овоглох гэж байгаа бол үрчлэлтийг хүчингүй болгуулах шаардлагатай. Тэгэх юм бол овог, эцгийн нэр өөрчлөгдөнө гэж амаар хариу өгсөн. Мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ханд гэж хэлсэн. Үүний дагуу Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст охин Б.Т*********-ийн нэрээр хүсэлт гаргахад 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/662 дугаартай албан бичгээр та шүүхэд хандаж үрчлэлтээ хүчингүй болгуулах боломжтой гэсэн хариу өгсөн. Энэ асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1/11419 дүгээр албан бичгээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэх хариу өгснөөр нэхэмжлэгч нь шүүхэд хандах эрх нь нээгдсэн гэж үзэж байгаа. Улсын бүртгэлийн хэлтэст татгалзаж байгаа бол ямар үндэслэлээр өөрчлөх боломжгүй байгаа үндэслэлээ заахгүйгээр “та үрчлэлтээ хүчингүй болгуул” гэж хариу өгөөд байгаа нь хууль бус гэж үзэж байна. Яагаад гэвэл О.Ц**********нь охиныг 2 настай байхад нь үрчилж авч, өөрийн хүүхэд, өөрийн аав, ээж гэж явдаг. Хөдөө явахдаа төрсөн эцэг эх дээр нь үлдээж явдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээсээ дайжуулж ийш, тийшээ явахаараа төрсөн эцэг эхийнд нь үлдээгээд явдаг болохоос биш, төрсөн эцэг эхийнд нь буцааж өгөх, хамт амьдруулах гэсэн санаа зорилго байхгүй. Б.Т*********-ийн хувьд Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар хүн нэг удаа овог, эцэг эхийн нэр, нэрээ өөрчилж болно гэсний дагуу Б.Т***********өөрөө ийм хүсэлт гаргахад эцэг эх нь дэмжээд зохих ёсны байгууллагаар яваад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үрчлэлтийг ямар тохиолдолд хүчингүй болгох вэ гэдгийг хуульд заасан байгаа. Үрчлэлтийг хүчингүй болгуулахаар сум дундын шүүхэд хандахдаа би үрчилж авахаа болилоо гэсэн шалтгаанаар хүчингүй болгох уу? Өөр бусад байдлаар хүчингүй болгох үндэслэл байхгүй бол шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй. Хоёр тал нь үрчлэлтийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан ч гэсэн тэр хүүхэд буцаад төрсөн эцэг эх дээрээ очих байдал үүсэж байгаа. Охин Б.Т*********-ийн хүсэлтээр ээж О.Ц**********нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа” гэжээ.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар

4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэн О.Ц*********-ийн “Охин Б************* Т************* овог эцгийн нэрийг өөрчилж Б************* Т************* болгон өөрчлөхийг Улсын бүртгэлийн хэлтэс даалгасан шийдвэр гаргуулах тухай” нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. Иргэн Б***************-н Т**********-г РН*********  регистрийн дугаартай тус аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар багийн харъяат.

2. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд РН*********  регистрийн дугаартай Б*************ын Тэмүүнзаяа, эцэг Б.Б*************(РН********* ), эх Б.Э********* (РН********* ), 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Мөрөн суманд төрснийг 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн Улаан-Уул сумын төрөлтийн бүртгэлийн 58 дугаарт бүртгэсэн төрсний бүртгэлтэй.

3. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд РН*********  регистрийн дугаартай Б***************-н Т**********-г төрсөн эцэг Б.Б*************(РН********* ), төрсөн эх Б.Э********* (РН********* ), үрчилж авсан эцэг Ж.Б************* (РН********* ), үрчилж авсан эх О.Ц**********(РН********* ) Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын 2011 оны 02 тоот зөвшөөрлийг үндэслэн 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаарт үрчилсний бүртгэлд бүртгэсэн бүртгэлтэй.

Иймд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээнэ гэж заасны дагуу Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандах нь зүйтэй гэж үзэж байна.

4.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О**********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллагын мэдээллийн санд хадгалагдаж байгаагаар Б*********-ийн Т********* , РН*********  регистрийн дугаартай, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар багийн харъяа байгаа. Б.Т***********нь 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрөөд 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ээж Б.Э*********, аав Б.Б*************гэж төрсний бүртгэлд бүртгүүлсэн бүртгэлтэй. 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын захирамжтай, үрчилж авсан аав Ж.Б*************, үрчилж авсан эх О.Ц**********гэх үрчлэлтийн бүртгэлтэй бүртгэл манай архивт хадгалагдаж байгаа. Манай байгууллагаас яагаад овог, эцгийн нэрийг өөрчлөхгүй гэдэг хариу өгсөн гэхээр энэ бүртгэлийг өөрөө үрчлэлтийн бүртгэлээр хийсэн учраас шүүхээр үрчлэлтийг хүчингүй болгож байж анх эцгээрээ овоглож байсан бол эцгээрээ, эхээрээ овоглож байсан бол эхээрээ овоглоно. Тийм учраас шүүхэд ханд гэж хариу өгсөн. Энэ бүртгэлийг хийхгүй гэсэн хариу өгөөгүй. Үрчлэлтийн бүртгэл хийгдсэн учраас Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт заасны дагуу үрчлэлтийн бүртгэлийг шүүхээр хүчингүй болгож ирээд дараагийн бүртгэлийг хийлгэх боломжтой. Хэрвээ энэ хүн Б*************дээр овог нэрийн өөрчлөлт хийгдсэн байсан бол манайх овог нэрийг нь өөрчилж болно. Бүртгэл нь өөрөө үрчлэлтийн бүртгэл учраас үрчлэлтийг заавал Иргэний хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ. Хэрэв энэ хүний хүсэлтээр төрсөн эцэг Б***********-ын Т***********  гэж овгийг нь өөрчилж бүртгэл хийхээр төрсөн эцэг нь яг хэн бэ гэдэг асуудал гарч ирнэ. Охин насанд хүрээд лавлагаа авах шаардлагатай болох үед төрсний бүртгэл нь Б*************, үрчлэлт нь Ж.Б*************, буцаагаад Б.Б*************болж өөрчлөх юм бол энэ яг хэний хүүхэд юм бэ гэх хоёр эцгийн асуудал гарч ирж бүртгэл дээр зөрүү гарна. Овог нэрийн өөрчлөлт хийгээгүй үрчлэлт хийгдсэн бүртгэл учраас шүүхээр орж үрчлэлтийг хүчингүй болгож байж буцаад төрсөн эцэг эх дээрээ очно” гэв.

5. Гуравдагч этгээдийн тайлбар

5.1 Гуравдагч этгээд Б.Б*************шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Манай охин Т************* нь 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрж бид охиноо тус сумын иргэн Б*************, Ц************* нарт 2 настайд нь үрчлүүлсэн бөгөөд охин маань ч үрчлэгдсэн аав ээж дээрээ байдаг байсан бөгөөд бид ойрын төрөл садан, тул өргүүлсэн, үрчлүүлсэнийг болон хэн төрсөн эх эцэг нь болох талаар ч охиноосоо нууж байсангүй. Тэгээд Б*************ахынх маань байнгын асрамжинд хугацаагүй групптэй, оюуны хүнд хэлбэрийн хомсдолтой хүүхэдтэй /одоо 28 настай/ тул хөдөө гадаа явахдаа юмыг яаж мэдэхэв юу хийж байгаагаа мэдэхгүй хүн, охин хүүхдийг зодох, цохих гэмтээх янз бүрийн асуудал гаргахвий гэж сэргийлэн бидэнд авчирч үлдээгээд явдаг байсан. Тэгсээр охин маань хоёр гэрийнхээ хооронд байдаг байсаар сүүлдээ төрсөн гэртээ байя гэх болсон бид ч өөрийн төрсөн үрээ яах гэсэн юм гэж хэлээгүй , гэхдээ нэгэнт үрчлүүлсэн тул буцааж авья, үрчлэлтээ хүчингүй болгуулья гэж үрчилж авсан аав ээжийг нь гомдоохыг хүсэлгүй өнөөдрийг хүрсэн. Төрсөн эцэг эх бид хоёр болон үрчилж авсан эцэг эх бид хэн аль маань охиндоо адилхан л хайртай, тэгээд охин маань сэтгэцийн өвчтэй ахаасаа ичдэг юм уу яадаг юм, 16 нас хүрч иргэний үнэмлэх авах болохоор өөрийн аав Ж.Б************* ах, О.Ц**********эгч хоёроос ч тэр, төрсөн эх эцэг бид хоёроос ч гэсэн би төрсөн эцгээрээ овоглуулж иргэний үнэмлэх авья гэх болсон учраас бид зөвшөөрсөн, гэтэл Иргэний бүртгэлийн байгууллага зөвшөөрөхгүй үрчлэлтээ хүчингүй болгуул гэсэн хариу өгөөд байгаа юм. Тиймээс бид нар хүүхдээ иргэний үнэмлэх авахад нэгмөсөн овог эцгийн нэрийг нь төрснөөр нь аваад өгчихье гэж бодсон юм. Иймд О.Ц*********-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул Б********** овгийн Б*********-ийн Т********* г, Н*********** овгийн Б***********-ын Т***********  болгон өмнөх овог эцгийн нэрээр иргэний үнэмлэх авахыг зөвшөөрч байна.” гэжээ.

5.2. Гуравдагч этгээд Ж.Б************* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ц************* бид 2, Улаан-Уул сумын харьяат Б.Б*************, Б.Э********* нараас 2011 оны 02 дугаар сард охин Т*************-г2 настай байхад нь үрчилж авсан бөгөөд бид ойрын төрөл садан, тул өргүүлсэн, үрчлүүлсэн талаар охиноосоо нууж байгаагүй. Охин маань сургуульд орж, бид мал дээрээ байх үед Тэмүүнзаяа нь Б*************ынд буюу төрсөн аавындаа байдаг, хичээл амрахад хөдөө гэртээ харьдаг ийм маягаар амьдарч байлаа, Манайх асрамжинд хугацаагүй групптэй, оюуны хүнд хэлбэрийн хомсдолтой хэрэг хариуцах чадваргүй, хүний /одоо 28 настай/ асрамжинд байдаг эрэгтэй хүүхэдтэй, тэр хүүхэд маань юу хийж байгаагаа мэдэхгүй хүн, аюултай үйлдэл хийдэг тул бид ийш тийш явахдаа охиноо тэр хүүхдээсээ хамгаалан охиныг минь зодох, гэмтээх янз бүрийн асуудал гаргахвий гэж сэргийлэн Б*************ынд аваачиж үлдээгээд явдаг байсан. Тэгсээр охин маань хоёр гэрийнхээ хооронд байдаг байсаар сүүлдээ аав ээж хоёртоо би нөгөө аав ээж дээрээ өөрөөр хэлбэл төрсөн гэртээ байж болох уу гээд хааяа очдог байдаг болсон. Охин маань ахлах ангид орсон шилжилтийн насны хүүхдийн нэгэн адил элдэв юм асуух сониучирхах нь их болсон бөгөөд нэг л өдөр аав ээж та 2- той ярих юм байна гэхээр нь гурвуулаа ярилцахад би одоо иргэний үнэмлэх авна тэгэхээр төрсөн эцгээрээ овоглуулаад иргэний үнэмлэх авч болох уу та хоёр битгий гомдоорой яаж авдаг бол та хоёр зөвшөөрч байвал овгийг минь сольж иргэний үнэмлэх авч өг гэсээн. Ц************* бид 2 нэгэнт айлаас хүүхэд үрчилж авчихаад танайх хүүхдээ эргээж авах уу гэлтэй биш гэж бодоод аав Б*************тай болон эхнэртэй нь ярилцаад, нэгэнт үрчлэгдсэн нь үнэн л юм чинь тэрийг өөрчилж болох биш зөвхөн төрсөн эцгээрээ овоглуулаад иргэний үнэмлэхээ авья гэсэн хүсэлт гаргаснаар бидний энэ асуудал үүссэн, одоо ангийнхан хүүхдүүд ихэнх нь иргэний үнэмлэхээ авчихсан учраас ямар уддаг юм, хурдан иргэний үнэмлэхээ авмаар байна гээд яаруулах боллоо. Өсвөр насны охин маань сэтгэцийн өвчтэй ахаасаа ичдэг гэсэн тэгээд хүмүүст миний төрсөн ах биш штээ гэж хэлдэг гэсээн, тэгээд хоёр талын эх эцэг бид нар охиныхоо хүсэлтийг ойлгон зөвшөөрч овог , эцгийн нэрээ солихыг нь зөвшөөр байгаа. Тиймээс хар нялхад нь үр хүүхдээ болгон авч өсгөчихөөд одоо иргэний үнэмлэх авах гээд төрсөн эцэг эхээрээ овоглуулж иргэний үнэмлэх авмаар байна гэхэд нь бид зөвшөөрөхгүй гэж татгалзах үндэслэлгүй гэж ойлгоод, энэ талаар сумынхаа иргэний бүртгэлийн байцаагчид бид 4 /эцэг, эх/ нь нийлж хүсэлтээ гаргахад Иргэний бүртгэлийн байгууллага зөвшөөрөхгүйүрчлэлтээ хүчингүй болгуул гэж байна гэсэн хариу өгөөд байгаа юм. Тэгэхээр нь дахин Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст энэхүү хүсэлтээ тавихад мөн л шүүхээр орж үрчлэлтээ хүчингүй болгуул гэсэн. Энэ шийдвэрийг бид зөвшөөрөлгүй дахин Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргахад манай анхан шатны байгууллагууд зөв хариу өгсөн байна, үрчлэлтээ хүчингүй болгуул гэсэн. Тэгээд үрчлэлтээ хүчингүй болгуулах гээд Иргэний хэргийн шүүхэд хандахад үрчлэн авсан эцэг эх нь эцэг эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй харгис хэрцгий хандсан, хуурамч бичиг баримт бүрдүүлж үрчлэлт хийлгэсэн, ганц бие, 60-аас дээш настай , өмнө эцэг эх байх эрхээ хасуулж байсан, архичин, сэтгэцийн өвчтэй, гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлж байсан хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно гэснийг зөрчсөн байх ёстой гэсэн бидэнд ийм тохиолдол байхгүй байсан тухайн үед бүгд эрүүл саруул, эрх зүйн чадвартай, амьжиргааны төвшин сайн, гэмт хэрэгт холбогдсон болон архичин хүн байхгүй ер нь бол гэрлэлт хүчингүй болгох үндэслэлгүй байсан учраас үрчлэлт хийгдсэн. Тиймээс бид нар хүүхдээ иргэний үнэмлэх авахад нэгмөсөн овог эцгийн нэрийг нь төрснөөр нь аваад өгчихье гэж бодсон юм. Иймд О.Ц*********-ийн нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул "Б**********” овгийн Б*********-ийн Т********* г, “Н************* ” овгийн Б***********-ын Т***********  болгон өмнөх овог эцгийн нэрээр иргэний үнэмлэх авахыг зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээд нарын хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  2. Нэхэмжлэгчээс “Монгол улсын иргэн ургийн овог, эцэг/эх/-ийн нэрээ нэг удаа солих, өмнөх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ сэргээж болохоор байхад Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс үрчлэлтийг хүчингүй болгосны дараа өмнөх бүртгэлийг сэргээнэ гэж тайлбарлаж татгалзаж буй нь хууль бус” гэж, хариуцагчаас “Үрчлэлтийн бүртгэл хийгдсэн учраас Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт заасны дагуу үрчлэлтийн бүртгэлийг шүүхээр хүчингүй болгож ирээд дараагийн бүртгэлийг хийлгэх боломжтой” гэж тус тус маргажээ.
  3. Б*************ын Тэмүүнзаяад 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 0105362/58 дугаартай төрсний гэрчилгээг (1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар тал), 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б***********-ын Т***********-г Ж***********-ын Б*********** , О.Ц********** нарт үрчлүүлж, хүүхэд үрчилсний бүртгэлийн 2 дугаарт бүртгэж №***********дугаартай гэрчилгээг (1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар тал) тус тус олгосон байна.
  4. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна”, 19.4.2-т “Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Улсын бүртгэл дараах төрөлтэй байна”, 6.1.7-д “Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний” гэж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д иргэн өөрийн овог, эцэг /эх/-ийн нэрийг өөрчлөх хүсэлт гаргах үндэслэлийг тус тус тухайлан заажээ.
  5. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу аливаа иргэн хуульд заасан иргэний улсын бүртгэлийн төрөлд нийцүүлэн өөрийн иргэний бүртгэлдээ өөрчлөлт оруулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд уг хүсэлтийг улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг холбогдох улсын бүртгэлийн хэлтэс овог, эцэг эхийн нэрийг өөрчлөх үндэслэлд хамаарч байгаа эсэхийг нягтлан шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.
  6. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “иргэн өмнөх овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэрээ сэргээлгэхээр өргөдөл гаргаж болно” гэж заасан байх тул Б.Т***********нь өмнөх ургийн овог, эцгийн нэрийг авах эрхтэй...” гэжээ.
  7. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн талаар зохицуулсан буюу овог, эцэг /эх/-ийн нэрийг өөрчлөх үндэслэл, үүнтэй холбоотой бичиг баримтын бүрдэл, хэдий хугацаанд бүртгэлийн байгууллага иргэний хүсэлтийг шийдвэрлэх асуудлыг тус тус хуульчилсан.
  8. Нэхэмжлэгчийн тайлбартаа дурдаж буй дээрх хуулийн зохицуулалтын урьдач нөхцөл нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7-д заасан овог, эцэг /эх/-ийн нэрээ өөрчлөх бүртгэлийг хийлгэсэн байх шаардлагатай байх бөгөөд нэхэмжлэгч нь овог, эцгийн нэрийг өөрчлөх бүртгэл бус үрчлэлтийн бүртгэл хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан үрчлэлтийн гэрчилгээ болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
  9. Өөрөөр хэлбэл, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасан үндэслэлээр иргэн өөрийн болон овог, эцгийн нэрийг өөрчилсөн бүртгэлийг хийлгэсэн иргэний хувьд мөн хуулийн 12.5-д заасан өмнөх нэрээ сэргээлгэх хүсэлтийг гаргах эрхтэй.
  10. Гэтэл нэхэмжлэгч нь өмнө нь овог, эцэг /эх/-ийн нэрээ өөрчлөх бүртгэлийг огт хийлгэж байгаагүй атлаа өмнөх эцгийн нэрээ сэргээлгэх хүсэлт гаргасан байх бөгөөд уг бүртгэлийг бүртгэхээс татгалзсан хариуцагчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/662 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 19 дүгээр тал) нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасантай нийцсэн байна.
  11. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ““Өөрийн эцгийн нэрийг өөрчлүүлэх хүсэлт”-ийг гаргасан” гэж тайлбарласан бөгөөд тус хүсэлтдээ Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасан үндэслэлд хамаарах баримтыг гаргаж өгөөгүй, хүсэлтдээ дурдаагүй болно.
  12. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Охин Б********** овогт Б*****************-ийн Т************* овог, эцгийн нэрийг өөрчилж, Н*********** овогт Б***********-ын Т***********  болгон өөрчлөхийг бүртгэхээс татгалзсан Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн татгалзал болох 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/662 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Б***********-ын Т***********-г Б***********-ын Т***********  болгож өөрчлөхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий О.Ц*********-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.7, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.4.2, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 12 дугаар зүйлийн 12.3, 12.5-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Охин Б********** овогт Б*****************-ийн Т************* овог, эцгийн нэрийг өөрчилж, Н*********** овогт Б***********-ын Т***********  болгон өөрчлөхийг бүртгэхээс татгалзсан Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн татгалзал болох 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/662 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Б***********-ын Т***********-г Б***********-ын Т***********  болгож өөрчлөхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч О.Ц*********-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.МӨНХБОЛОР