Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00108

 

С.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/03815 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Н-ийн хариуцагч С ГҮТББ-д холбогдуулан гаргасан 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14 846 510 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Э ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Анар,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Ж ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Н нь С ГҮТББ-д хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус байгууллагын захирлын тушаалаар 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс ерөнхий инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд тухайн үед Сандэй плаза үйлчилгээний төвийн ашиглалтын захиргааг Сандэй плаза худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ эрхлэн явуулдаг байсан. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сандэй плаза үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо нь Сандэй плаза худалдаа үйлчилгээний төвийн ашиглалтын захиргааг Ашиглалтын үйл ажиллах гэрээний дагуу Сандэй плазад бизнес эрхлэгчид С ГҮТББ-д шилжүүлсэн ба гэрээний 3.2-т байгууллагын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөхгүй учир А талын хөдөлмөрийн гэрээтэй ажилтан, албан хаагчдын гэрээг шинэчлэн үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж зааснаар Сандэй плазад бизнес эрхлэгчид Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв холбоо ГҮТББ нь ажилчидтай хөдөлмөрийн гэрээг өөрийн нэрээр шинэчлэн байгуулж үргэлжлүүлэн хэвийн ажиллуулах үүргийг хүлээсэн. Гэвч хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь дээрх гэрээний 3.2-т заасан үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүргийн зөрчлөөс учирсан хохиролд 7 592 842 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/01853 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ч давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1552 дугаар магадлалаар өөрчлөлт орж, нэхэмжлэлийн шаардлагаас зөвхөн 1 230 050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Энэ нь Улсын дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2020/00436 тоот тогтоолоор хэвээр үлдсэн. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй, урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүйгээс нэхэмжлэгч нь урт хугацаагаар ажилгүй, цалин орлогогүй байж хохирч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй байна. Иймд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл 14 сарын цалинд нийт 14 846 510 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинд 14 846 510 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гарсан өдрөөс тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Хуульд заасан эрхийн дагуу хэргийн оролцогч талууд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлж явсаар дээрх хугацаа өнгөрсөн. Энэ нь хариуцагч талаас шалтгаалсан зүйл биш бөгөөд шүүхийн ажиллагааны дагуу өнгөрсөн хугацаа юм. Хуульд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэгч нь давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ хугацааны цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч талаас цаг хугацаа алдсан зүйл байхгүй. Улсын дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн бичгээр гарсан шийдвэрийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийг тус байгууллагын ерөнхий инженерийн ажилд томилж тушаалаараа мэдэгдэл хүргүүлсэн боловч нэхэмжлэгч нь өөрөө энэ албан тушаалд ажиллахгүй, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаантай байгаа учраас шүүхийн шийдвэр гартал ажилдаа эргэн орж ажиллахгүй гэсэн тайлбар өгсөн. Үүнтэй холбоотой ажлаа таслаад явж байгаа нөхцөл байдал үүссэн. С.Н-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт хэрэгт авагдсан байгаа. Тодорхойлолтоос үзэхэд 2019 оны 5, 6 дугаар сараас Бест-Энержи ХХК, 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарыг дуустал Даймонд констракшн ХХК, 2020 оны 6 дугаар сард Шинэ Сандэй худалдааны төв ХХК, 2020 оны 8, 9 дүгээр сард Энхтайван найрамдлын ордон ТББ-д ажиллаж байгаа гэсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт байна. Үүнээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч ажил хийгээгүй байсан бол ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ дээрх гэрээний 3.2-т заасан үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүрэгт учирсан хохирол болох 7 592 842 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1552 дугаартай магадлалаар нэхэмжлэлийн шаардлагаас 1 230 050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад хэсгийг хангаж шийдвэрлэсэн өмнөх шүүхийн шийдвэртэй холбогдуулан энэ 14 000 000 төгрөгийн цалинг гаргуулах үндэслэлтэй гэсэн байдлаар тайлбар хийгээд байдаг. Өмнөх шүүхийн шийдвэрийг харахаар нэхэмжлэгчид учирсан хохирол буюу олж болох байсан орлого гэж үзээд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх үндэслэлээр шийдсэн. Нэхэмжлэгч нь одоо гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага дээр дурдаад байгаа хугацаандаа өөр газар ажиллаж байсан атлаа дахиад олж болох байсан орлого гэж давхар ажил хийх ёстой байсан юм шиг мөнгө нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ажлын 8 цагаар ажиллах болохоос тусдаа ямар нэгэн байдлаар өөрөө биечлэн ажил хийлгүйгээр олж болох байсан орлого тасалдсан гэх нотлох баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-т заасныг баримтлан хариуцагч С ГҮТББ-аас 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны 14 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14 846 510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Н д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, бусад татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч С ГҮТББ-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ГҮТББ-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 232 182 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Н д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй байна. С ГҮТББ-тай 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ байгуулсан нь гуравдагч этгээд С.Н д ашигтай гэрээ гэж дүгнээд, гуравдагч этгээд нь уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, С ГҮТББ-тай шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацаанд өмнө ажиллаж байсан бангууллагаас авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг учирсан хохиролд тооцон гаргуулах эрхтэй гэж дүгнэн шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү бодит байдал дээр Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв холбоо ГҮТББ болон С.Н нарын хооронд ажлаас буруу халах, ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай маргаан үүсээгүй, өмнө нь огт гэрээ байгуулж байгаагүй, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт урьдчилсан нөхцөл бий болоогүй тул түүний үр дагавар болох ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох тухай хуулийн зохицуулалт хамааралгүй болно. Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогчдыг хөдөлмөрийн гэрээний талууд гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй байна. Манай байгууллагын зүгээс Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2020/00436 дугаар тогтоолын дагуу 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/169 дүгээр тушаалаар нэхэмжлэгч С.Н г шинээр ажилд авч, Ерөнхий инженер-ийн албан тушаалд томилсон. Гэтэл С.Н нь одоог хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бидэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй, дуудсан хугацаанд ажил албан тушаалаа хүлээн авахгүй байгаагаас үзэхэд нэхэмжлэгч С.Н нь хариуцагч байгууллагад анхнаасаа ажил хөдөлмөр эрхлэх хүсэл зориг байхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах замаар ашиг олох зорилготой байсан гэдэг нь илт байхад шүүх ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, 120.1.3-т заасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 191 /1111112019/01853 дугаар шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол гарснаар хуулийн хүчин төгөлдөр болохоор зохицуулсан тул ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацааны цалин хөлс, холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэт үнэлээгүйгээс ийнхүү үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Тус хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн С.Н-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт-оос үзэхэд нэхэмжлэгч С.Н нь дунджаар 3 500 000 төтрөг, дээд тал нь 2 771 119 төгрөгийн цалин авч, холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгал төлж байсан болох нь тодорхой байна. Нэхэмжлэгч нь дээрх байгууллагуудад хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахдаа өдөрт 8 цаг, долоо хоногт 40 цагаар буюу ажлын бүтэн цагаар хөдөлмөр эрхэлж байсан болох нь нэхэмжлэгчийн иттэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараас тодорхой болох бөгөөд энэ хугацаандаа хариуцагч С ГҮТББ-д давхар хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан. Нэхэмжлэгч нь нэг сарын цалин хөлсний хэмжээг холбогдох баримтаар нотлох үүрэгтэй боловч, хэрэгт нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч С ГҮТББ-д холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14 846 510 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч С.Н г Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1552 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2020/00436 дугаар тогтоолоор С ГҮТББ-ын ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. /хх12-16, 17-20/

 

Хэргийн 55 дугаар тал дах баримтаар С ГҮТББ-ын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/01/159 тоот мэдэгдлээр Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 001/ХТ2020/00436 дугаар тогтоолыг үндэслэн С.Н г гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/169 дугаар тушаалаар Ерөнхий инженерийн ажил, албан тушаал-д томилсон үйл баримт тогтоогдож байх боловч С.Н нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ажилгүй байсан хугацааны 7 592 842 төгрөг болон анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны 14 846 510 төгрөгийг төлж барагдуулсаны дараа ажилд орох-ыг мэдэгдсэн хүсэлтээ бичгээр гаргасан байх бөгөөд дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч байгууллага биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүхийн шийдвэрээр ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр олгоно. Ажил олгогчийн буруугаас ажилтан цалин хөлсөөр хохирсон тул тэрээр ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацааны олговрыг шаардах эрхтэй.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд түүний эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байснаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрээр хөдөлмөрийн гэрээ сэргээгдсэн ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хууль бус шийдвэр гаргаж халсан ажил олгогч нөхөн олгохоор зохицуулсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй.

 

Хэргийн 49 дүгээр тал дах Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020.10.19-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт-оор С.Н нь 2019 оны 5, 6 сараас Вест-Энержи ХХК, 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарыг дуустал Даймонд констракшн ХХК, 2020 оны 6 дугаар сард Шинэ Сандэй худалдааны төв ХХК, 2020 оны 8, 9 дүгээр сард Энхтайван найрамдлын ордон ТББ-д тус тус нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд өөр ажил эрхэлж байсан нь түүнд буруу халсан үеийн олговрыг олгохгүй байх үндэслэл болохгүй.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын дундаж цалин хөлс тодорхойлох журамд нийцүүлэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа, ажилтны дундаж цалин хөлсийг зөв тодорхойлж, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нэг өдрийн дундаж цалин 46 107 төгрөгөөр тооцвол сарын цалин 991 300 төгрөгийг 14 сараар тооцон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 878 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь УДШ-ийн тогтоолыг авмагц С.Н г ажилд авсан тушаал гарсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр одоог хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил албан тушаалаа аваагүй өөр байгууллагад ажилласан атлаа шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилгүй байсан хугацааны цалин авах гэсэн сонирхолтой байтал шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, цалин хөлстэй холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/03815 шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг 14 846 510 гэснийг 13 878 200 гэж, 3 дахь заалтын 232 182 гэснийг 227 341 гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 232 183 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ