| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2017/0656/э |
| Дугаар | 618 |
| Огноо | 2017-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 618
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
Улсын яллагч Д.Нямсүрэн,
Шүүгдэгч А.Д,
Хохирогч Б.Батзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Банди овогт А.Дт холбогдох эрүүгийн 1711010460271 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Банди овогт А.Д тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч А.Д нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Батзоригийн толгой, нурууны хэсэгт нь резинэн алхаар цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйгүй гэв.
Шүүгдэгч А.Дын мөрдөн байцаалтанд өгсөн: ....Би найзыгаа өмөөрч Батзоригтой муудалцсан. Би Батзоригийн толгой руу нь резинэн алхаар нэг удаа цохьсон, тэгтэл Батзориг босч ирээд миний алхтай гарыг булаацалдахад алх унасан, тэгтэл Батзоригийн толгойноос цус гарч байхаар нь ноцолдохоо больсон. Батзоригийн биед учирсан гэмтлийг би учруулсан тэр өдрөө Батзоригийг гэмтлийн эмнэлэгийн хажуу талын хувийн эмнэлэгт үзүүлж 120.000 төгрөгөөр гавал тархины томографийн зураг авхуулж эмчийн бичиж өгсөн эмийг нь авч өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оноож өгнө үү, хийсэн хэрэгтээ харамсаж байна… гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/
Хохирогч Б.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед ажлынхаа хажуу талд үсчинд үсээ засуулаад сууж байтал Доржбаяр гаднаас орж ирэхээр нь би Доржбаярыг хашаагаар битгий согтуу яваад бай олон өдөр архи уугаад хэцүү байна гэхэд Доржбаяр үсчинээс гараад явсан. Тэгтэл гаднаас резинэн алх барьж орж ирээд миний ар талаас толгой руу болон далны ар хэсэг рүү цохьсон. Тэгэхээр нь би Доржбаярт би 3 хүүхэдтэй ш дээ гэж хэлээд гарнаас нь бариад автал тайвшраад больсон тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би толгойдоо цохиулснаас болж 7-10 хоног ажилдаа явж чадаагүй тиймээс би 1.000.000 төгрөг нэхэмжилнэ, гомдолтой байна… гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/
Гэрч Д.Өлзий-Оршихын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Батзориг манай ажил дээр ирж үсээ засуулсан. Тэр үед Доржбаяр нь гаднаас орж ирээд тэр хоёр хоорондоо юм яриад муудалцаад байснаа Доржбаяр ах гараад явсан. Тэгээд би Батзоригийн үсийг нь засаад зогсож байтал Доржбаяр орж ирээд намайг түлхсэн, тэгэхээр нь би буйдан дээр сууж байтал тэр хоёр барьцалдаад авахаар нь би гараад хүн хартал Алтаншагай ах байхаар нь дуудаж тэр хоёрыг салгахад Батзоригийн толгойноос цус гарч байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №121776 дугаартай дүгнэлтэнд: Б.Батзоригийн биед зулайн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/
Ял шийтгэлийн талаар: А.Д нь 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх /хх-ийн 46 дугаар хуудас/
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч А.Д нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Батзоригийн толгой, нурааны хэсэгт нь резинэн алхаар цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Д.Өлзий-Оршихын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Д нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Батзоригийн толгой, нурааны хэсэгт нь резинэн алхаар цохиж, түүний эрүүл мэндэд нь зулайн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн даланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:
Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.
Хохирогч Б.Батзоригийн хувьд мөрдөн байцаалтанд хохирол төлбөртэй холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Шүүх хуралдаан мэдүүлэхдээ ажилгүй байсан хугацааны 1.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч шүүгдэгчээс толгойны зураг авхуулахад 120.000 төгрөгийг өгсөн бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан 47.000 төгрөгийг шүүгдэгч А.Д нь өгсөн бөгөөд хохирогч Б.Батзориг нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн резинэн алхыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Банди овогт А.Дыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Дыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Дт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хохирогч Б.Батзориг нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг резинэн алхыг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Дт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНТУЯА