| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0686/З |
| Дугаар | 128/ШШ2024/1046 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2024/1046
2024 12 18 128/ШШ2024/1046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Я ХХК /РД:/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б*******ийн А******* /РД:ЖЭ*******/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б /Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хуулийн хэлтсийн мэргэжилтэн/
Нэхэмжлэлийн шаардлага: ...Я ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтэд хариу өгсөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01-05/ дугаартай албан бичгээр татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг хуулийн дагуу сунгахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/37 дугаар захирамжаар Я ХХК-д Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3394 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.
1.2. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/777 дугаар захирамжаар Я ХХК-ийн 3394 м.кв газрын эзэмших эрхийг дуусгавар болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор,
1.3. Энэхүү захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Я ХХК-аас шүүхэд нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0519 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0063 дугаар магадлалаар шийдвэрлэхдээ, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/777 дугаар захирамжийг хүчингүй болгосон.
1.4. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/02 дугаар албан бичгээр Нийслэлийн газрын албанд хандан газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах тухай хүсэлтийг хүргүүлсэн байх бөгөөд тус албанаас 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03/5182 дугаар албан бичгээр материалын бүрдэл дутуу байх тул холбогдох материалаа бүрдүүлж хандах талаарх хариуг өгчээ.
1.5. Мөн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дахин газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг Я ХХК-аас газрын албанд хандан ирүүлсэн бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02-06/882 дугаар албан бичгээр Цахилгаан дэд станцыг өргөтгөх газрыг хасаж, хугацааг сунгах тухай хариуг хүргүүлжээ.
1.6. Улмаар нэхэмжлэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дахин хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01-05/ дугаар албан бичгээрээ ...Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй байх тул танай компанийн газар эзэмших эрх нь дуусгавар болсон... гэх хариуг өгчээ.
1.7. Дээрх Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан бичгийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байх ба Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 0502/3957 дугаар албан бичгээр Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг дурдаж, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариуг хүргүүлжээ.
1.8. Ингэснээр Я ХХК-аас ...Я ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтэд хариу өгсөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01-05/ дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийг хуулийн дагуу сунгахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах... шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан бөгөөд тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 6621 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Я ХХК-аас шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/37 дугаар захирамжаар Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3394 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.
Улмаар тухайн газраа хуулийн дагуу эзэмшиж байтал Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/777 дугаар захирамжаар манай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Тухайн шийдвэрийг компанийн зүгээс эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 519 дүгээр шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын захирамж хууль бус болохыг тогтоож, манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчаас давж заалдах гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Гэсэн ч нийслэлийн Засаг дарга тухайн шийдвэрийг биелүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй.
2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга бөгөөд байнгын шинжээч Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны дүгнэлтийг баталж өгсөн. Мөн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн Байгаль орчны газраар Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэн баталгаажуулсан.
Түүний дараа нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02-06/882 дугаартай албан бичгээр танай хүсэлтийг Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлөөр хэлэлцүүлэхэд цахилгааны дэд станцыг өргөтгөх газрыг хасаж, хугацааг сунгах гэсэн дүгнэлт гарсан байна" гэж мэдэгдсэн. Манай компаниас хүлээн зөвшөөрөхгүй, нэгэнт эзэмших эрхтэй байсан газар дээр минь сүүлд хүсэлт гаргаж, түүнд нь үндэслэн газрын хэмжээг багасгах гэж байгаа нь хууль зөрчиж байна гэж гаргасан гомдолд нийслэлийн Засаг даргаас цахилгааны дэд станцыг өргөтгөх газрыг хасаж, хугацааг сунгах гэсэн дүгнэлт гарсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн хариу өгсөн.
Ийм шийдвэр гарсан боловч газар эзэмших эрхийг хуулийн дагуу сунгаж өгөхгүй байсан бөгөөд очиж асуудлаа тодруулах болгонд удахгүй шийдвэрлэнэ гэдэг байсан. Гэтэл У ТӨХК-аас Цэлмэг дэд станцын хашаанд /манай газрын хажууд байрлах/ 2ш 6/10 кВ-ын шилжүүлгийн трансформатор суурилуулах шаардлагатай байсан нөхцөл байдал өөрчлөгдсөн тул газрыг эзэмших шаардлага байхгүй болсон, хүсэлтийг цуцалж байгаа болохоо мэдэгдсэн шийдвэрийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн байна.
2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01-05/ дугаартай албан бичгээр газар эзэмших эрх дуусгавар болсон гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгсөн. Бидний зүгээс дээр дурдсанчлан газрын албанаас шаардсан шаардлагуудыг биелүүлж, хангаж ирсэн төдийгүй 2024 оныг хүртэлх газрын төлбөрийг шаардлагынх нь дагуу 54 сая төгрөгийг төлсөн. Гэтэл Нийслэлийн газрын албанаас шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлээгүй олон жил болсон, дараа нь мөн газрын хэмжээг үндэслэлгүйгээр хасаж сунгана гэж шийдвэрлэсэн. Тухайн шийдвэрийг хэрэгжүүлээгүй байж байхад хэмжээг хасах үндэслэл арилсан нөхцөл байдал бий болсон зэрэг нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг үргэлжлүүлэхтэй холбоотой шийдвэрүүдийг удаа дараа өгч, газрын төлбөрийг бүрэн шаардаж авсан атлаа одоо олон жилийн өмнө газар эзэмших эрхийн хугацаа дууссан гэсэн хариу өгч байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн шийдвэрийг эс зөвшөөрч нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05-02/3957 дугаартай албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэжээ. Иймд тухайн шийдвэрийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гардан аваад эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.
2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Нэхэмжлэгч компани нь анх Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/37 дугаар захирамжаар Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3394 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон. Тухайн газраа эзэмшээд явж байтал Нийслэлийн Засаг даргаас 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/777 захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ газраа зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй гэх үндэслэлийг заасан байсан. Тэрийг компани зөвшөөрөхгүй захиргааны хэргийн шүүхэд хандаад анхан шатны шүүхээс 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Үүний дараагаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тухайн маргаан дээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хууль бусаар хүчингүй болгосон байна гэсэн шийдвэр гарсан. Үүний дараа Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж гаргаж өгөөгүй одоог хүрсэн. Энэ явцдаа зөвхөн гэрчилгээ ч гэдгээрээ биш 2017 оны 11 дүгээр сард газар эзэмших эрх маань одоо байгаа юм байна. Тийм учраас тухайн газар эзэмших эрхээ сунгуулъя гэдэг хүсэлтийг гаргасан. Үүний хариуд хариуцагч Газрын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр У ТӨХК-аас нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газар дээр нь трансформатор суурилуулна. Тийм учраас урагшаагаа 3,2 метрээр сунгах шаардлагатай байна гэсэн хүсэлтийг өгчихсөн байсан. Газрын зөвлөлөөс 2017 онд өгчихсөн байгаа сунгуулах хүсэлтийн хариуг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн. Газрын зөвлөл нь цахилгааны дэд станцын өргөтгөх газрыг нь хасаад, үлдсэн газар дээр нь хугацааг сунгая гэсэн дүгнэлтийг гаргасан байсан. Түүнээс хойш гэрчилгээг сунгасан захирамж гараагүй яваад байсан. Ингээд 2024 оны 03 дугаар сард У ХХК-аас урагшаа сунгая гээд байсан газрын техникийн нөхцөл өөрчлөгдсөн учраас энэ газар шаардлагагүй болчихсон гэсэн хариу өгсөн. Энэ албан бичгийг нэхэмжлэгчийн зүгээс мэдэнгүүтээ дахиад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албандаа хандсан. Гэтэл танай хугацаа хэтэрчихсэн байна. Хугацаа дуусахаас сарын өмнө хүсэлт гаргах ёстой байсан гэдэг байдлаар татгалзал өгсөн. Яг болсон процесс нь бол ийм байгаа. Бидний маргах зүйл нь нэгдүгээрт, нэхэмжлэгчээс хуульд заасан хугацааны өмнө буюу 2017 онд газар эзэмших эрхийнхээ сунгуулах хүсэлтийг өгчихсөн байсан. Энэ нь захиргаанаас хамаарсан нөхцөл байдалтайгаар 2024 он хүртэл бас сунгагдсан юм байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа.
Нэгт нь У ТӨХК-ийн албан бичиг ирчихсэн юм байна. Хоёрт нь Газрын зөвлөлөөс нь тэр газрыг нь хасаад сунгая гэсэн боловч эцсийн байдлаар шийдэл гараагүй. Тэгэхээр сунгах процессыг захиргааны байгууллага хэдэн жилийн хугацаанд үргэлжлүүлээд, саад болоод байсан нөхцөл байдал одоогоор өөрчлөгдчихсөн. Эцсийн хариугаа 2024 оны 03 дугаар сард гаргаж өгч байгаа учраас нэхэмжлэгчийг хугацаа алдсан гэж үзэхгүй. Хугацаандаа газар эзэмших эрхийнхээ гэрчилгээг сунгуулах хүсэлтээ гаргасан. Энд зарим хэсэг дээр нь саад болоод байсан зүйл нь одоо арилчихсан байгаа учраас газар эзэмших эрхийг сунгахад хууль зөрчөөд байх зүйл байхгүй. Гэтэл хариуцагчаас татгалзсан нь хууль бус юм. Тийм учраас даалгаж өгнө үү... гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзлын үндэслэл.
3.1. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ..Нэхэмжлэгч Я ХХК-аас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Я ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2011 оны А/37 дугаар захирамжаар Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3394 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар танай компанид 5 жилийн хугацаатай М******* ХХК-аас шилжүүлж авсан байна.
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/777 дугаар захирамжаар танай компанийн Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3394 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №519 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаар магадлалаар "Я" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/777 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нийслэлийн Засаг даргын 2011 оны А/37 дугаар захирамж сэргэсэн.
Я ХХК-аас 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/02 дугаар албан бичгээр тус албанд хандан газар эзэмших эрхийг гэрчилгээг сунгуулах тухай хүсэлтийг ирүүлсэн бөгөөд тус албанаас 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03/5182 дугаар албан бичгээр материалын бүрдэл дутуу байх тул холбогдох материалаа бүрдүүлж хандах талаарх хариуг хүргүүлсэн. Дахин 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дахин хугацаа сунгуулах хүсэлт ирүүлснийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02-06/882 дугаар албан бичгээр "Цахилгааны дэд станцыг өргөтгөх газрыг хасаж, хугацааг сунгах" тухай хариуг хүргүүлсэн байна.
Үүнээс хойш 2 жил 1 сар 7 хоногийн дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дахин хугацаа сунгуулах хүсэлт гаргасан байна. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 (Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана)-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах, эзэмших эрхийн гэрчилгээ танай компанийн газар эзэмших эрх нь дуусгавар болсон тухай хариуг хүргүүлсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
3.2. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02******* дугаар албан бичигт цахилгаан дэд хэсгийг станцыг өргөтгөх газрыг хасаж, хугацаа сунгах гэсэн дүгнэлтийг нэхэмжлэгч талд хүргүүлсэн байдаг. Энэхүү дүгнэлтийг хүргүүлснээр хөөн хэлэлцэх хугацаа эхлэх буюу 30 хоногийн дотор тухайн газрыг хасаж, кадастрын зураг шинэчлэн хэвлүүлж манай газрын албанд дахин хандах ёстой байсан. Гэвч тэр үүргээ биелүүлээгүй. Тухайн нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Мөн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн цахилгаан дэд станцаас ирсэн бичгийг хэрхэн яаж мэдсэн талаар ямар нэгэн мэдээлэл ирүүлсэнгүй. Тиймээс үүнийг мэдээгүй шүүхийн шатанд ирээд мэдсэн гэж ойлгож байна. Тэгэхээр энэ дээр хөөн хэлэлцэх хугацаа яригдах боломжгүй. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн албан бичиг хүргүүлсэн хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа тасалбар болж 30 хоногийн хугацаа тоологдоно гэж үзэж байна.
Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2.Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэн талбай, зориулалт өөрчлөх тухай 37 дугаар захирамжийн хавсралт ёсоор Б дүүргийн 1 дүгээр хороонд 3394 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаанд эзэмших эрх олж авснаар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 0228845 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болжээ.
3. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/777 дугаар захирамжийн 1 дэх заалтаар М******* ХХК нь Б дүүргийн 1 дүгээр хороо, Р******* хорооллын хойд талд орон сууц, үйлчилгээний зориулалтаар 2001 онд авсан газраа 9 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байхад 2011 онд Я ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг холбогдох хууль тогтоомжийг зөрчин шилжүүлсэн тул нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 37 дугаар захирамжийн Я ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2001 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 346 дугаар захирамжийн М******* ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болгосноор,
4. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс дээрх А/777 дугаар захирамжийг эс зөвшөөрч шүүхийн хяналтад оруулснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 519 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаар магадлалаар нэхэмжлэл нь хангагдаж шийдвэрлэгдсэн, энэ талаарх баримт хэрэгт авагдсан байна.
5. Ийнхүү шүүхээс газар эзэмших эрхийг нь сэргээснээр Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 37 дугаар захирамжийн нэхэмжлэгч хуулийн этгээдэд холбогдох хэсгийн үйлчлэл сэргэж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлсэн байна.
6. Хариуцагч Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т*******, нэхэмжлэгч Янускяз ХХК-ийг төлөөлж захирал Л.Ч******* нар нь 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаартай Эвлэрлийн гэрээ гэх баримт үйлдэгдсэн ба нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тухайн үедээ шүүхэд хандаагүй өнгөрчээ.
7. Улмаар нэхэмжлэгчээс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/02 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу баталгаажуулах талаар нийслэлийн Газрын албанд хандахад, танай хүсэлтэд материалын бүрдэл дутуу байх тул Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх боломжгүй гэх хариуг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03/5182 дугаар албан бичгээр өгчээ.
8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь 5 жилийн хугацаатай, орон сууцны зориулалттай авсан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй өнгөрсөн аж.
9. Үүний дараа нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргаснаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 02-06/882 дугаар албан бичгээр тус албанд хандаж ирүүлсэн Б дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хүлээн судалж үзлээ. Танай хүсэлтийг Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд Цахилгааны дэд станцыг өргөтгөх газрыг хасаж, хугацааг сунгах гэсэн дүгнэлт гарсан гэх хариуг Я ХХК-д хүргүүлжээ.
10. Энэ тохиолдолд Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн огноотой, 1 дүгээр хурлын тэмдэглэлийн 25 дугаарт нэхэмжлэгч Я ХХК-ийн нэр бичигдэж, зөвшөөрсөн /дэд станцын талбай хасах/ гэсэн тэмдэглэгээ хийгджээ.
11. Үүнээс хойш 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0024/0010 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргахад ... зөвшөөрсөн /дэд станцын талбай хасах/ хасах гэсэн шийдвэр гарсан боловч өнөөдрийн байдлаар У*******-д нөхцөл байдал өөрчлөгдөж шилжүүлгийн трансформатор суурилуулах шаардлагагүй болсон тул зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, гэрээ гэрчилгээ олгоно уу гэх хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан.
12. Харин Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 01-05/ дугаар албан бичгээр Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 (эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана)-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй байх тул танай компанийн газар эзэмших эрх нь дуусгавар болсон байна хэмээн нэхэмжлэгч хуулийн этгээдэд хариу хүргүүлсэн байна.
13. Ингэснээр маргаан бүхий асуудлыг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангуулж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 0502/3957 дугаар албан бичгийг Монгол шуудан-аар дамжуулан 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гардан авч, үүнээс хойш хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, Тодорхойлох хэсгийн хоёрт заасан үндэслэлээр маргажээ.
14. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3. газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 6 дугаар зүйлийн 6.1. Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшинэ, 27 дугаар зүйлийн 27.1. Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3.Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь газар эзэмших эрхийг бодитойгоор хэрэгжүүлэхийн тулд заавал хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй байх хатуу зохицуулалтыг хангах шаардлагатай болж байна.
15. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3. ...нийслэлийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна, 23.3.7. эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах, 23.7. Нийслэлийн газрын алба нь энэ хуулийн 23.3-т зааснаас гадна иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэнэ, 37 дугаар зүйлийн 37.1. эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана, 37.1.1. газар эзэмших эрхийн гэрчилгээ, 37.1.2. газрын төлбөрийг төлсөн тухай баримт, 37.1.3. байгаль орчны нөлөөллийн дүгнэлтээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт, 37.2. ...нийслэлийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг баталгаажуулна гэж зохицуулсан нь маргаан бүхий харилцаанд хэрэглэгдэх нарийвчлан зохицуулалт байна гэж үзэж, уг зохицуулалтыг маргаан бүхий үйл баримтын хүрээнд тайлбарлаж, шүүх дараах дүгнэлтийг хийв.
15.1. Газар эзэмшигч /нэхэмжлэгч/ Газрын тухай хуулийн 35.1.5. газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах эрхтэй.
15.2. Хуульд заасан энэ эрхээ эдлэхийн тулд нэхэмжлэгч нь захиргааны байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, уг гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших, гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх үүргээ хэрэгжүүлсэн байх урьдач нөхцөлийг хангах шаардлагатай болж байна.
15.3. У ТӨХК-аас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн,
У ТӨХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/1754 дугаар албан бичиг Б дүүргийн 1, 2, 3-р хорооны нутаг дэвсгэрт Улсын 2-р төв эмнэлэг, Ус сувгийн удирдах газар, Хөдөө аж ахуйн яам орчмын айл өрх аж ахуйн нэгж байгууллагын хэрэглэгчдийг чанартай эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангахын тулд 10 кВ-ын хаалттай хуваарилах байгууламж барих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд уг ажлын хүрээнд 35/6кВ-ын Цэлмэг дэд станцын хашаанд 2ш 6/10 кВ-ын шилжүүлгийн трансформатор суурилуулах шаардлагатай болоод байна. Иймд дэд станцын газрыг урагшаа 3.2 м сунгах зөвшөөрлийг олгож, бидний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлнэ үү-т дурдсан нөхцөл шаардлага өөрчлөгдсөн тул тухайн газрын зөвшөөрөл олгох хүсэлтийг цуцалж өгнө үү гэх 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1/494 дугаартай албан бичиг хэрэгт авагдсан.
15.4. Нэхэмжлэгч талаас дээрх албан бичгийг маргааны гол үндэслэл болгон ...нэхэмжлэгчээс хуульд заасан хугацааны өмнө буюу 2017 онд газар эзэмших эрхийн сунгуулах хүсэлтийг өгсөн авч захиргаанаас хамаарсан нөхцөл байдалтайгаар 2024 он хүртэл бас сунгагдсан буюу нэгдүгээрт, У ТӨХК-ийн албан бичиг гарсан, хоёрдугаарт Газрын зөвлөлөөс тэр газрыг нь хасаад сунгая гэсэн боловч эцсийн байдлаар шийдэл гараагүй, сунгах процессыг захиргааны байгууллага хэдэн жилийн хугацаанд үргэлжлүүлээд, саад болоод байсан нөхцөл байдал одоогоор өөрчлөгдсөн... гэх тайлбар гаргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
15.5. Учир нь үйл баримтаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс маргаан бүхий газрын эрхийн эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг гаргах тохиолдол бүрд захиргаа тухай бүр нь шийдвэрлэж хариу өгч байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.
15.6. Нэхэмжлэгчээс анх 2017 онд хүсэлт гаргах үед захиргааны байгууллагаас Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан баримт бичгийн бүрдэл дутуу агуулгаар буцааж байсан тэр үеэс хойш дараа дараагийн хүсэлт гаргахдаа уг баримт бичгүүдийг хэрхэн бүрдүүлсэн нь тодорхой бус байгааг дурдах нь зүйтэй.
15.7. Маргаан бүхий газар нутаг дээр газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан тохиолдолд түүнчлэн шүүхээс газар эзэмших эрхийг сэргээн тогтоосон тохиолдолд газар эзэмших гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх, гэрээгээ шинэчлэн байгуулах зэрэг нь захиргааны үүрэг мэт боловч, хэрэв тухайн албан тушаалтан энэхүү үүргээ биелүүлэхгүй бол газар эзэмших эрхийг олж авсан этгээдийн зүгээс хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд буюу газраа бодитойгоор эзэмшихийн тулд гэрээ байгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах үүргээ биелүүлэхийг холбогдох албан тушаалтнаас шаардах, шаардлагатай бол буруутай албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйтэй нь холбогдуулан дээд шатны захиргааны байгууллага болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой буюу уг эрх нь захиргааны үүргээр хязгаарлагдахгүй байсныг мөн дурдах нь зүйтэй.
16. Иймээс, 2011 онд маргаан бүхий газрын эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай авснаас хойш даруй 13 жил өнгөрсөн, эрхийг нь сэргээсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 жил өнгөрсөн байхад нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг бодитойгоор хэрэгжүүлээгүй, зөвхөн газрын төлбөр төлж байсан үндэслэлээр нэхэмжлэлийг нь хангах үндэслэлгүй, хариуцагч Засаг даргын хууль бус татгалзал тогтоогдоогүй, нэгэнт газрын эрх олгосон шийдвэрийг буюу эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хэрхэн хангаж ажилласан эсэхийг хянах үүргийг гүйцэтгэж хариу өгсөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хариуг шүүх буруутгах үндэслэлгүй байна
17. Шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг үндэслэлгүй гэж үзсэн тул даалгах шаардлагыг мөн хангах үндэслэлгүй, тодорхой хугацаагаар авсан газар эзэмших эрхийг гэрээгээр баталгаажуулж, гэрчилгээ ёсоор эзэмшихдээ хугацаагаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэв.
18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.7, 23.7, 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан ...газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтэд хариу өгсөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01-05/ дугаартай албан бичгээр татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг хуулийн дагуу сунгахыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН