Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/54

 

 

 

 

 

 

 

 

 

  2023           6               28                                                  2023/ДШМ/54

 

 

Я.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор М.Одгэрэл

            Хохирогч Д.Р

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан    

  Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Ргийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Я.Бд холбогдох эрүүгийн 2234007780020 дугаар хэргийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн 34 дүгээр байрны 4 дүгээр орц 40 тоотод оршин суух хаягтай, одоо Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, 1035 дугаар байрны 7 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, Б овогт Я Б,

Я.Б нь түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Д.Р-гээс 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр иргэн Д.Н Хаан банкны дансаар дамжуулан 7.700.000 төгрөгийг, бэлнээр 300.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Я.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Я Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Я.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Я.Б-д оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Я.Б-аас 3.950.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Р-д олгож, хохирогч бусад зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Р тус шүүхэд хандан гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Р миний бие өрх толгойлсон эх бөгөөд үр хүүхдээ ая тухтай орчинд амьдруулах, орон сууцтай болох зорилго тээж хөдөлмөрлөж ирсэн боловч 2020 онд Я.Б гэгч нь өөрийгөө Нийслэлийн орон сууцны корпорацаас хэрэгжүүлж буй орон сууцанд хамруулж өгч чадна 8.000.000 төгрөг хэрэгтэй, би хүнтэй уулзана, ямар ч асуудалгүй олон арван ийм асуудлыг шийдсэн гэх мэтээр худал хэлж хууран мэхэлж өөрөөсөө хүртэл нууж цуглуулсан мөнгийг маань залилан авч хохироосон.

Эрүүгийн хуулийн үндсэн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх түүнд тохирсон ял шийтгэл оногдуулах үндсэн зорилго агуулдаг. Гэвч Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Я.Быг гэм буруутайд тооцож 8.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим, Эрүүгийн хуулийн үндсэн зорилгод нийцээгүй.

1. Я.Б нь хохирол 8.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй буюу шийтгэх тогтоол гаргах үед 3.950.000 төгрөг буюу нийт хохирлын 50 хувийг төлөөгүй байхад анхан шатны шүүхээс торгох ял оногдуулсан. Өөрөөр хэлбэл 8.000.000 төгрөгийн хохирол төлж барагдуулах төлбөрийн чадваргүй иргэнд торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй.

2. Анхан шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг асуудлыг харгалзан торгох ял оногдууллаа гэсэн боловч гэм буруугаа ухамсарласан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгасан эсэх нөхцөл байдлыг харгалзаагүй. 3 жилийн хугацаанд залилж авсан 8.000.000 төгрөгөө гэмшин төлж барагдуулах нь бүү хэл араасаа гуйлгуулж, зовлон тоочуулж байж 10.000, 20.000 гэх мэтээр цувуулж өгдөг боловч өнөөдрийг хүртэл хохирол дуусаагүй байна. 3 жилийн дотор хохирлоос 4.000.000 төгрөг төлж буй Я.Б 1 жилийн дотор торгуулийн 8.000.000 төгрөг төлнө гэж байхгүй. Шүүх наад захын логик талаасаа бодит дүгнэлт хийгээгүй.

3. Эрүүгийн хуулийн үндсэн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх түүнд тохирсон ял шийтгэл оногдуулах. Гэвч анхан шатны шүүх хохирлоо барагдуулаагүй, гэм буруугаа чинь сэтгэлээсээ гэмшээгүй, хохирол хор уршиг арилгах тал дээр санаачилга гаргаагүй түүнийг торгох төдийхнөөр хөхүүлэн дэмжсэн. Анхан шатны шүүх хурлаас хойш Я.Б утсаа аваагүй, бодвол шүүх намайг торгосон одоо чи муу яадаг юм гэж байгаа хандлага гаргасан.

4. Анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих нь түүний эрх зүйн байдлыг хууль зүйн талаасаа дордуулж буй асуудал биш юм, өөрөөр хэлбэл Я.Бын зүйл анги торгох, хорих санкцийг давхар агуулсан. 1 хоногийн баривчлах хугацаа 15.000 нэгжтэй тэнцдэг учир түүний эрх зүйн байдлыг дордуулах бус гаргасан үйлдэл гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл болох юм. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Я.Бд хорих ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Одгэрэл гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Я.Бын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Я.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогч Д.Р-гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

2. Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

3. Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл Я.Б нь хохирогч Д.Р-г түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож түүнээс иргэн Д.Н Хаан банк дахь 5727022332 тоот дансаар дамжуулан 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 7.700.000 төгрөг, бэлнээр 300.000 төгрөг буюу нийт 8.000.000 төгрөг залилан авсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Р-гийн өгсөн “...Манай хажуу хөрш болох Д.Н эгч түрээсийн орон сууцанд орох сонирхол байна уу? гэсэн хүсэлт тавьсан юм. Би тухайн үед саналыг нь хүлээж авсан. Тэгээд Д.Насан-Оюун эгчийн хувьд чи найман сая төгрөгөө явуулчих, цаад хүндээ яриад өгнө гэж хэлсэн. Тэгээд би өөрийн Төрийн банк дахь 330000073788 дугаарын данснаас Д.Насан-Оюун эгчийн Хаан банкны данс руу 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 7.700.000 төгрөг шилжүүлээд бэлнээр 300.000 төгрөг өгсөн. Д.Насан-Оюун эгчийн хувьд цааш нь өөрийн хамаатан болох Я.Бд өгсөн гэж хэлсэн. Я.Бтай нэг удаа утсаар яриад “Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа 2 дугаар хороололд 2 өрөө байр сарын дотор авч өгнө, би өөрөө таньдаг хүнээр ярьж байж орсон” гэж хэлж байсан. Түүнээс хойш сарын дараа залгасан боловч утсаа аваагүй, 2-3 жил болсон. Харин 2020 оны 10 дугаар сард санагдаж байна Баянхошуунд очоод 2 өрөө байр үзээдэх гэж хэлсэн. Би тухайн үед очиж үзэх үед газрын хол уулын мухарт, уурын зуухны хажууд, жижигхэн байр байсан бөгөөд дээрээс нь ус гоожоод хөгцөрсөн нийтийн байр байсан. ...Миний хувьд нялх хүүхэдтэй, яаж ийм хол газраас ажилдаа явах билээ, та анх ярьсан Буянт-Ухаа 2 дугаар хороололд байраа олж өг гэж хэлээд Д.Насан-Оюун эгчид буцаагаад түлхүүрийг нь өгсөн. ...Сүүлдээ байр худлаа болсон тул зүгээр мөнгөө авъя миний хохирлыг барагдуул гэдэг зүйлийг 2022 оны 6 дугаар сараас хойш нэхсээр байна.

Д.Насан-Оюун болон Я.Б нар нь 10 хоногийн дараа, 4 хоногийн дараа, өнөөдөр хийх гэж байна гэж өдөр хоногийг аргалсаар байна. Д.Насан-Оюун эгч нь болохоор чамаас авсан мөнгийг өөрийн нөхрийн дүү болох Я.Бд өгсөн, би аваагүй тул наад Я.Бтай ярь гэж хэлдэг. Би түүнд хандаж би таны дансанд шилжүүлсэн тул та наад хүмүүстэйгээ яриад шийдэж өг гэж хэлсэн. Д.Насан-Оюун, Я.Б нар өнөөдрийг хүртэл худал хэлсээр намайг хохироож байна. Миний хувьд Д.Насан-Оюун эгчид өгсөн. Д.Насан-Оюун эгчийн хувьд Я.Бын данс руу шилжүүлсэн гэдэг. Я.Б нь хэрхэн зарцуулсан юм мэдэхгүй байна. Удахгүй өгнө гэж дахин дахин худал хэлж залилсаар өнөөдрийг хүргэж байна. Миний 8.000.000 төгрөгийг барагдуулж өгнө үү...” /хх-ийн 60-р тал/ гэх,

Гэрч Д.Насан-Оюуны “...2022 оны 7 дугаар сарын эхээр Я.Б над руу залгаад утсаар ярьсан, тухайн үед ярихдаа “Энд түрээсээ төлөөгүй нэг орон сууц хураагдсан байна, тэрний төлбөр урьдчилгаа байршуулахад 8.000.000 төгрөг байхад болно, та ирж байраа үзээд хүүхдээ оруулах боломж байгаа юм уу гэж ярьсан. ...Тэр үед Д.Р манай гэрээр орж ирэхээр нь “эгчид нь түрээсийн орон сууцанд хүүгээ оруулъя гэсэн мөнгө байдаггүй” гээд сонирхуулж ярьсан юм. Тэгээд 2 хоногийн дараа манай дүү нар болох Я.Б, Б.Батсайхан нар манай гэрт хураагдсан байрны түлхүүрийг аваад ирлээ гэж хэлээд ирсэн. ...Тухайн үед Д.Р зээл гарчихлаа мөнгийг нь яах вэ? гэхээр нь Я.Бын утас нь холбогдохгүй байна эгчийнхээ данс руу хийчих гэж хэлээд өөрийн Хаан банкны 5727022332 дугаарын данс pyy 7.700.000 төгрөг хийлгэсэн. Тэгээд маргааш нь Я.Бтай Архангай аймгийн Тариат суман дээр таараад түүний охин болох Батсайханы Мөнхзулын дансанд 7.000.000 төгрөгийг шилжүүлсэн, 700.000 төгрөгийг бэлнээр Я.Бд АТМ машинаар авч өгсөн. ...Я.Бд мөнгө шилжүүлсний маргааш өдөр нь Д.Р над руу залгаад “би хүүтэйгээ нөгөө байрыг үзээд явж байна, энэ аягүй хол байр байна, айл байсан болохоор онцгүй таалагдсангүй, та одоо Я.Бдаа хэлээд би тэр байранд орж чадахгүй нь, шинэ байрыг жаахан хүлээгээд ч хамаагүй оръё гэж хэлсэн. ...Тэгээд л асуудал үүсэж эхэлсэн, удаагүй ковид гараад 2 жил болчихсон, түлхүүрийг нь авчрахаар нь би итгэсэн юм...” /хх-ийн 62-63-р тал/ гэх,

   Гэрч Б.Батсайханы “...манай найз н.Од Сонгинохайрхан дүүрэгт манай хамаатан нэг түрээсийн байранд амьдарч байгаад тэрнийхээ мөнгийг төлж чадахгүй хөөгдөж байгаа гэхээр нь би эхнэртээ хэлсэн. Тэгээд манай эхнэр очиж уулзаад Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуунд 2 өрөө түрээсийн байр олж өгөөд Д.Рд түлхүүрийг нь өгсөн..., ...манай охин Б.Мөнхзулын дансанд 7.000.000 төгрөг орж ирсэн..., ...удалгүй Д.Р залгаад тэр байранд чинь орохгүй гэр хороолол дунд байдаг байранд амьдрахгүй гэхээр нь мөнгөө буцаагаад ав гэхэд мөнгөө авахгүй өөр байр олж өг гэсэн тэгээд тэр явдлаас хойш ковид гараад хөл хорионд ороод 2-3 жил болсон...” /хх-ийн 73-74-р тал/ гэх,

Гэрч Б.Мөнхзулын “... томчууд хоорондоо юу ярьж байсныг мэдэхгүй байна. Д.Р гэх хүнийг би огт танихгүй. 2020 онд гэр бүлээрээ аяллаар явж байх үед нэг утсаа цэнэгтэй байлгах гээд миний дансаар бүх гүйлгээгээ хийж ашиглаж байсан тухайн үед тэр 7.000.000 сая төгрөг миний дансаар орж гарсан зүйлийг би огт мэдэхгүй байна надад мэдэгдэл ирдэггүй. Тухайн үед миний дансанд тийм мөнгө орсныг ч би мэдээгүй. Бид нар гурван гэр бүлээрээ аялж байсан бүгд л ашиглаж байсан...” /хх-ийн 76-р тал/ гэх,

Гэрч Э.Шинэтөрийн “...Нийслэлийн орон сууцны корпорацад байр хариуцсан сантехникчээр 2020 оны 10 дугаар сараас хойш ажиллаж байна. Одоо Улаанбаатар Сонгинохайрхан 8 дугаар хорооны нутаг Жанцангийн 50 айлын орон сууцыг хариуцаж ажилладаг. н.Од гэх нэртэй болон түүний дүү гэх хүнийг би мэдэхгүй байна. Дээрх 50 айлын оршин суугчид нь түрээсийн журмаар оршин сууж жил бүр гэрээний сунгалт хийж явдаг. Уг орон сууцны жинхэнэ өмчлөгч нь Нийслэлийн орон сууц корпорац байгаа юм. Иймд улсын түрээсийн орон сууцанд амьдарч буй иргэн нь түрээсийн орон сууцыг бусдад худалдан борлуулах захиран зарцуулах ямар ч эрх байхгүй...” /хх-ийн 79-р тал/ гэх мэдүүлгүүд, гэрч Д.Насан-Оюун, шүүгдэгч Я.Бын төрсөн охин Б.Мөнхзул нарын Хаан банканд эзэмшдэг 5727022332, 5039798962 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, уг данснуудад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлэн эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авсан байдаг бөгөөд тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг хохирогчид буцаан өгөхгүй, хариу төлбөрийг төлөхгүй байх санаа зорилгыг агуулж байдгаараа өмчлөх эрхийн бусад хэргүүдээс ялгагдах онцлогтой.

Шүүгдэгч Я.Бын өөрөө уг үйл ажиллагааг эрхэлдэггүй байсан атлаа хохирогч Д.Рг түрээсийн орон сууцад оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

5. Анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх болон бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасны дагуу үнэлж, шүүгдэгч Я.Бын “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь түүний үйлдсэн гэмт хэргийн бодит байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

6. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулж болох төрөл хэмжээний дотор ял оногдуулдаг ба анхан шатны шүүх шүүгдэгч Я.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний хүрээнд түүнд найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулан, уг ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалган, хэрэв ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

7. Хохирогч Д.Ргээс “шүүгдэгч нь учруулсан хохирлоо бүрэн гүйцэд төлж барагдуулаагүй байхад анхан шатны шүүх түүнд торгох ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул түүнд оногдуулсан торгох ялыг хорих ял болгон өөрчилж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хангах боломжгүй.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрхтэй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд оногдуулж болох 4 төрлийн үндсэн ялаас хорих ял хамгийн хүнд ялд тооцогддог ба тус шүүхэд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хэргийн зүйлчлэл болон анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлэн өөрчлөх эрх хуулиар олгогдоогүй болно.

8. Иймд хохирогч Д.Ргийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх хууль зүйн боломжгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

9. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол “Тодорхойлох” хэсэггүй бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэх шаардлагад нийцээгүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хор, хор уршиг зэргийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэхдээ Иргэний болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нарийвчилсан заалтыг хэрэглэлгүй шийдвэрлэснийг анхааруулан дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Р-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

            ШҮҮГЧИД                                                                   З.ТҮВШИНТӨГС

 

 

                                                                                                М.МӨНХДАВАА