Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00109

 

 

Н ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03315 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ББСБ ХХК-ийн хариуцагч Б.Э-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 64 421 994 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ББСБ ХХК-иас хариуцагч Б.Э нь 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, энхтайвны өргөн чөлөө 39 дүгээр байр, 1 тоот хаягт байрлах, 97 м.кв талбай бүхий, Ү-2205060736 дугаартай, 00632836 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалж 40 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй сар бүр хүүгийн төлбөрийг төлж, зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийг төлөх нөхцөлөөр 23218 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Тус зээлийн зарцуулалтын тухайд Хятад улсаас тээврийн хэрэгсэл оруулж ирэх мөн эхнэрийнхээ эмчилгээний зардалд зарцуулах зорилгоор хүсэлт гаргаж зээл авсан. Өмнө манай байгууллагаас зээл авч хугацаандаа төлдөг байсан. 1 удаа хугацаа хэтэрч байсан ч бид итгэл найдвар хүлээлгэж зээл олгосон. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх зээлийн хүүг төлсөн. Хариуцагч нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүүгийн төлөлт хийгээгүй. Удаа дараа уулзалт товлож, уулзалт зохион байгуулахыг оролдсон боловч удахгүй төлнө гэсээр нийт 384 хоногийн хугацаа хэтэрсэн. Эвлэрүүлэн зуучлахаар орох санал тавьсан ч хүлээж аваагүй. Иймээс хариуцагч Б.Э гаас үндсэн зээлийн төлбөрт 40 000 000 төгрөг, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацааны хүү 20 567 995 төгрөг, 1 өдрийн нэмэгдүүлсэн хүү 9 333 төгрөг, нийт хугацаа хэтэрсэн хүү 3 853 999 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал нотариатын зардал 24 000 төгрөг, шуудангийн төлбөр 660 төгрөг нийт 64 421 994 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Э ы эхнэр н.Мандахбаяр нь эмэгтэйчүүдийн хавдар гэсэн оноштойгоор яаралтай эмчилгээ хийлгэх шаардлага гарсан. Уг шаардлагын дагуу Н ББСБ ХХК-иас 40 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3,4 хувийн хүүтэй зээлж авсан. Өвчтөний зураг, өвчний түүх зэрэг материалууд байсан учир зээлийн гэрээний зориулалттай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөхөөс Б.Э ы эхнэр татгалзсан. Зээл авах шаардлагын тухайд нэхэмжлэгч тал маргахгүй байна. 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж 40 000 000 төгрөгийг хүлээж авсан үйл баримтын тухайд маргахгүй. Зээлийн гэрээнд заасан хугацаанд, хуваарийн дагуу төлөхийг талууд харилцан тохиролцсон. 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт оруулсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дууссан. Хугацаа дууссан гэрээнд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хугацаа дууссан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, хугацааг сунгасан нь хуульд нийцэхгүй байна. 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх тогтоосон хугацаанд зээлийг төлж барагдуулахаар талууд тохирсон. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацаа 384 хоног хэтэрсэн гэж тайлбарлаж байгаа боловч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй 384 хоног хэтрүүлсэн нь хариуцагчид илт хохиролтой байна. Иргэний хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Н ББСБ ХХК зах зээлийн давамгай байдлаа ашиглаж, шаардах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр хүүгийн төлбөрийг хэт өндөр тооцсон, тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй байгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 64 421 994 төгрөгөөс 43 680 000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 821 994 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд гаргах тайлбар, маргах зүйл байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Э аас 50 229 336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 192 658 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Э нь төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Э ы өмчлөлийн Ү-2205060646 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол /16080/ Энхтайвны өргөн чөлөө гудамж 39 байр, 1 тоот хаягт байршилтай, 97 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Н ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618 277 төгрөгөөс 550 260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 68 017 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Э гаас улсын тэмдэгтийн хураамжид 479 297 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрээ зэрэгт тухайн хэрэгт ач холбогдолтой үнэн зөв байх талаас нь дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтын зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанчлан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шүүх Б.Э аас 50 229 336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ББСБ" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 192 658 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон дараах хэсгийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Н ББСБ ХХК нь зөвхөн зээлийн үйл ажиллагааг эрхэлдэг. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Э ы хүсэлтээр зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ нь бичгээр байгуулагдсан. Гэтэл шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 282.3 дахь хэсэгт үндэслэл болгосон нь энэхүү хэрэгт нийцэхгүй хэмээн үзэж байна. Түүнчлэн зээлийн гэрээгээр талууд хэпэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан. Харин нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болохоо нотолж чадаагүй тул хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээгээр тохиролцсон ч хариуцагчаас шаардах эрхгүй болно гэж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй.

Нэхэмжлэгч Н ББСБ ХХК нь Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль бусад хууль тогтоомжид заасан шаардпагыг хангаж Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 538 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч №1/320 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон. Энэхүү тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулан нэхэмжлэлд хавсаргасан болно. Энэ нь манай байгууллага тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг нотолсон. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд мөнгөн зээлийн гэрээнд тусгайлсан зохицуулалт байгааг анхаарах ёстой. Зээлийг банк, эсхүл зээл олгох эрх бүхий хуулийн этгээдээс олгох тохиолдолд илүү нарийвчилсан заалт болох бөгөөд Иргэний хуулийн 281-286 дугаар зүйл хэрэглэгдэхгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. Мөн зээлийн гэрээний 2.3, 2.4-д нэмэгдүүлсэн хүүг тооцож зээлдэгч төлнө хэмээн тус тус заасан байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хариуцагч гэрээгээр хүлээсэн бөгөөд зээлийн төлөгдөөгүй үндсэн зээлийн хэмжээнд ногдох хүүнээс нэмэгдүүлсэн хүүг гэрээнд тохирсон хувиар тооцож төлөх үүргээс чөлөөлсөн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэстэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гардан аваад зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна. Анхан шатны шүүхээс 50 299 336 төгрөгийг Б.Э аас гаргуулан Н ББСБ ХХК-д олгож шийвдэрлэснээс 43 680 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 6 619 336 төгрөгийг багасаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь ковид-19 цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогсож төлбөрийн чадвар муудсан, зээлийг эхнэрийнхээ эмэгтэйчүүдийн хорт хавдарын эмчилгээнд зарцуулсан, түүнчлзн 11 097 334 төгрөгийг төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрт өөрчлөлт оруулж багасаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н ББСБ ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 64 421 994 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 7-9 дүгээр талд 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №ЗГ232/18 тоот зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр зээлдэгч Б.Э нь зээлдүүлэгч Н ББСБ ХХК-аас 40 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3.4 хувийн хүүтэй, зээлийг хугацаанд нь төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр Б.Э , Н ББСБ ХХК нар нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 39 дүгээр байрны 1 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205060646 дугаартай, 97 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалж улмаар барьцааны гэрээг улсын эрхийн бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх11-12/

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийг зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хууулийн этгээдээс зээл олгох гэнэ гэж, мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-д банк бус санхүүгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй этгээд явуулна гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээ нь банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул уг зээлийн гэрээг анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдээс иргэнд олгосон иргэд хоорондын зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг Н ББСБ ХХК нь Б.Э ы дансанд 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 40 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэргийн 13 дугаар талд авагдсан бичгийн зээлийн дансны хуулга гэх баримтуудаар тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Зохигчид энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдал болон хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй талаар хэн аль маргасангүй.

 

Н ББСБ ХХК, Б.Э нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дууссан боловч талууд гэрээнд өөрчлөлт оруулж, 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 9 сараар сунгасан болох нь хэргийн 10 дугаар тал дах баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд гэх байдлаа баримтаар нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

 

Талуудын тайлбар болон хэргийн 13 дугаар талд дах зээлийн дансны хуулгаас үзвэл нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д хариуцагч Б.Э нь 11 097 334 төгрөг төлсөн болох нь тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчид хариуцагчаас 11 097 334 төгрөг төлсөн байхад 7 384 335 төгрөгийг төлсөн гэж хасч тооцсон нь буруу байгааг дараах байдлаар залруулах боломжтой. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүүд 21 000 000 төгрөг нийт 61 000 000 төгрөг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн тул хариуцагчийн төлсөн 11 097 334 төгрөгийг хасч тооцож, хариуцагчаас 49 902 666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ...Н ББСБ нь банк бус санхүүгийн байгуулллагын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байсан, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх гэх давж заалдах гомдол болон тайлбар үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзвэл тухайн компани нь Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгуулллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт хэрэгт авагдаагүй, хүчинтэй эсэх нь тодорхойгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогсож төлбөрийн чадвар муудсан, зээлийг эхнэрийнхээ эмэгтэйчүүдийн хорт хавдарын эмчилгээнд зарцуулсан гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03315 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 50 229 336 гэснийг 49 902 666 гэж, 14 192 658 гэснийг 14 519 328 гэж,

3 дахь заалтын ....479 297... гэснийг ...407 463... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 120 860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ