Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/55

 

 

 

 

 

 

 

 

 

2023           6              28                                                   2023/ДШМ/55                  

 

 

 

Я.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

   Прокурор Г.Энхбат

  Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О,

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О, тэдний өмгөөлөгч Г.Оюунцэцэг

   Шүүгдэгч Я.Д, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

   Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

   Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/183 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О нарын өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Я.Д-д холбогдох эрүүгийн 2234006700520 дугаар хэргийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн Т овогт Я Д, 1973 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Я.Д Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, сумын төвийн асфальтан зам дээр 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Hyundai Porter-2  маркийн 09-87 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана", мөн дүрмийн 24.6 "Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0,4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт /овор ихтэй ачаа таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна" гэснийг тус тус зөрчиж, амь хохирогч О.Б жолоодож явсан Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөсний улмаас зорчигч Б эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, О.Б амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас Я.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т Я Д-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Дд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаалах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих анхааруулж, шүүгдэгчид оногдуулсан ялд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Оийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,159,279 /дөрвөн сая нэг зуун арван есөн мянга хоёр далан ес/ төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оын нэхэмжлэлийн шаардлагаас 60,782,005 /жаран сая долоон зуун наян хоёр мянга тав/ төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, 517,930 /таван зуун арван долоон мянга есөн зуун гуч/ төгрөг, Оийн нэхэмжлэлийн шаардлагаас 248,672 /хоёр зуун дөчин найман мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг дурдаж,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О нь насанд хүрээгүй хохирогч  Б цаашид гарах эмчилгээний зардал болон хууль ёсны төлөөлөгч О, Д.О нар нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагаа тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

            Иргэний нэхэмжлэгч Н.Оюунбилэг 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, шүүгдэгч Я.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч От 4,298,656 /дөрвөн сая хоёр зуун ерэн найман мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөг, Д.Од 15,521,432 /арван таван сая таван зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж,

 Шүүгдэгч Я.Дгийн эзэмшлийн №...... дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Я.Дгийн эзэмшлийн 09-87 ТӨА улсын дугаартай Hyundai Porter-2 маркийн тээврийн хэрэгсэл, Г.Эрдэнэболдын эзэмшлийн улсын дугааргүй Dayun маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний тогтоолыг хүчингүй болгож, Hyundai Porter-2 маркийн тээврийн хэрэгслийг Я.Дд, улсын дугааргүй Dayun маркийн мотоциклийг Н.Оюунбилэгт буцаан олгож,

Шүүгдэгч Я.Д нь цагдан хоригдсон хоног, тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О нарын өмгөөлөгч Г.Оюунцэцэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Г.Оюунцэцэг миний бие Я.Дд холбогдох хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, хохирогч О.Билгүүнболд, түүний хууль ёсны төлөөлөгч Д. Отгонцэцэгийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгч миний бие болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, О нарын зүгээс Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/183 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шүүгдэгч Я.Дд ял оногдуулахдаа учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг үнэлж дүгнээгүй бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, ялын зорилгод нийцээгүй гэж үзэж байна. Мөн шүүхээс хэргийн бодит байдлыг буруу дүгнэснээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчид хэт хөнгөн ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байна.

1. Гэмт хэрэгт холбогдсон аливаа этгээдийн гэм бурууг тогтоохдоо гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг бодитой хууль зүйн дүгнэлт хийх, хуулийн шаардлагатай гэж үзэж байна.

Шүүх Я.Дгийн гэм бурууд хууль зүйн дүгнэлт хийхдээ /ШЦТ-н 8-р тал/ шүүгдэгч Я.Д нь түр зогсолт хийж ухрах хөдөлгөөн хийхдээ орчин тойрноо хараагүй хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ардаа байсан тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргасан гэж хэргийн бодит байдлыг хэрэгт авагдсан баримтуудаас өөрөөр буруу дүгнэсэн байна.

Гэтэл хэрэгт авагдсан М.Хүрэлбаатарын мэдүүлсэн: нотлох баримтыг судалж үзэхэд гэрч жолоо бариад ухрах үйлдэл хийх үед гэнэт хүчтэй юм мөргөх чимээ гарахаар нь зогсоод буугаад хартал асфальтан зам дээр 2 эрэгтэй хүүхэд мотоциклоос онхолдсон байдалтай хэвтэж байсан. ... Ферм бариад үлдсэн модоо Төв аймгийн Баянчандмань сум оруулахаар ачсан байсан. Тухайн мод тээврийн хэрэгслийн тэвшнээс 50-70 см орчим илүү гарсан. Тухайн илүү гарсан модны үзүүрт анхааруулах тэмдэг болон эд зүйл уяагүй байсан талаар гэрч Б.Очирбатын мэдүүлсэн: “...Мотоциклийн урд 50 см урттай бүдүүн нь 5 литрийн бетон шиг мод хэвтэж байсан. Цагаан өнгийн машины ард талийгаач хэвтэж байсан. Мод ачсан машин нь хойшоо машиныхаа чиргүүлээс хойш 2 метр 80-тай мод илүү гаргаад аччихсан байсан. Яг тэр үед миний харахаар 2 хүүхэд замаар чигээрээ урсгалаар явж байхад тухайн ухарч байсан машин төв зам руу бөгсөөрөө замын гол хаагаад орчихсон байхад 2 хүүхэд илүү гарсан модыг мөргөж осолдсон гэж миний нүдээр харсан" гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 193 дугаар шинжээчийн дүгнэлтэд 1.Талийгаач О.Б биед уушгины артерийн 9 сарын 27-ны өдрийн 193 дугаар тасралт, дотуур цус алдалт, өвчүү ясны хугарал, уушгины эдийн няцрал, хуйханд цус харвалт, биед зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн цуснаас этилийн спирт илрээгүй. Талийгаач О.Бат-Итгэл нь цээжний хавсарсан гэмтлийн улмаас уушгины артерийн тасралт, цээжний хөндийд цус алдалт /1500 гр/ үнхэлцэг хальсны цус, цусан бүлэнгийн улмаас зүрх чихэгдэх хам шинжээр нас баржээ. Талийгаач 3-р бүлгийн цустай байна" гэх, "Цагаан шонхорын жигүүр" НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн “1.HYUNDAI Porter-2 маркийн 09-87 ТӨА улсын дугаартай автомашины жолооч Я. Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. Мөн дүрмийн 24.6 "тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө 0,4 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт овор ихтэй ачаа таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна." гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна" гэсэн дүгнэлтүүдээр Я.Д нь тээврийн хэрэгслийг зөвхөн ухраах үйлдэл хийснээс бус тухайн тээврийн хэрэгсэлд ачааг зориулалтын бусаар тээвэрлэснээс үүдэж хохирогчид тээврийн хэрэгсэлд ачсан илүү гарсан мод мөргөж 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний амь хохирсон хохирол учруулсан болохыг нотолж байна. Мөн хэргийн нөхцөл байдлын хувьд Я Д нь замын хөдөлгөөнд анх оролцохдоо тээврийн хэрэгсэлд зориулалтын бусаар ачаа тээвэрлэсний улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд аюултай хохирол учирч болохыг мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг "Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж хуульчлан тогтоосон.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд гэмт этгээд нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг нийгэмд аюултай хор уршигт хүргэсэн гэдгийг сайтар ухамсарлаж үүнийг урьдаас мэдэж байснаар тухайн хор уршигт хүргэхгүй, гаргахгүй хэмээн бүрэн итгэж найдсан эсхүл хор уршиг учирсныг урьдчилан мэдэх бодит боломжтой байсан боловч хайхрамжгүй байдлаасаа болж уг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах боломжийг ашиглаагүйн улмаас энэхүү хохирол, хор уршиг бий болох нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж үзэж байна.

Иймд шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх дүгнэлт хийхдээ тээврийн хэрэгсэл зөвхөн түр зогсоод хөдлөх үйлдэл хийхдээ орчин тойрноо харалгүй замын хөдөлгөөнд оролцсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд хэргийн гол шалтгаан болох ачааг зориулалтын бусаар ачиж, тэмдэг тэмдэглэгээ хийгээгүйгээс тээврийн хэрэгслийн ачаанаас илүү гарсан мод мөргөж осол гарсан гол шалтгааныг орхигдуулсан гэж үзэхээр байна. Энэ нь гэм буруутай шүүгдэгчид ял оногдуулахдаа хэргийн бодит байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм бурууд нийцээгүй хэт хөнгөн ял оногдуулах нөхцөлд хүргэсэн гэж үзэж гомдолтой байна.

2. Энэ гэмт хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 1 хүний эрүүл мэндэд зүүн зулай яснаас титэм заадас хүртэл үргэлжилсэн нийлмэл хугарал буюу хүнд зэргийн гэмтэл учирсан. Гэмт хэргийн улмаас хүний амь хохирсонд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал төлснөөр хохирол, хор уршиг төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн хүнд гэмтэл учирсан насанд хүрээгүй хохирогчийн хор уршиг арилаагүй бөгөөд амь хохирогчийн болон хүнд гэмтэл учирсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гомдол барагдаагүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш зөвхөн шүүх хуралдаан дээр уучлалт гуйсан нь шүүгдэгч чин санаанаасаа гэмшээгүй гэж үзэхээр байхад шүүгдэгчийг 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь ял, эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлага гарцаагүй байх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 50,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг жич нэхэмжлэх эрхтэйгээр үлдээжээ.

Хохирлын хэмжээг тогтоохдоо амь нас хохирсны улмаас учирсан сэтгэл санааны болон бусад хохирлын нөхөн төлбөрт гаргуулан олгож шийдвэрлэж байсан шүүхийн шийдвэрүүд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлохдоо 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөгийг их хэмжээний хохирлын доод хэмжээ болгон хуульчилсан зэрэг жишиг болох нөхцөл байдлуудыг харгалзан үзэж уг нэхэмжлэлийг хангах боломжтой гэж үзэж байна.

Мөн шүүхээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О болон хүнд гэмтэл учирсан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Оийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүнийг ирээд уучлал гуйх болов уу гэж харсан. Нэг ч удаа ирээгүй. Миний хүүг санаатай алсан гэж үзэж байна. Прокурор хоёрхон жилээр ялласан. Шүүх нь хоёр жилээр ялыг тэнссэнд маш их гомдолтой байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа. Энэ хүнд хүн чанар гэж алга. Утсаар яриагүй, ирж ч уулзаагүй. Шүүх хохирол барагдуулсан учир ял шийтгэлийг хөнгөрүүллээ гээд байгаа. Хохирол барагдаагүй, Миний хүүхэд эрүүл мэндээрээ маш их хохирсон, цаашид хэрхэхийг би мэдэхгүй. Үнэн зөв, бодитой шийдвэр гараасай гэдэг үүднээс өмгөөлөгчөөрөө дамжуулж гомдол гаргасан гэв.

Шүүгдэгч Я.Дгийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Хөнгөн гэмт хэрэг анх удаа болгоомжгүйгээр үйлдсэн байдаг. Хохирлын хувьд шүүхээс тогтоосон хохирлыг завсарлага авч төлсөн. Шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Я.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн байцаагчаараа дамжуулж талийгаачийн ажил явдалд оролцъё гэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын ах нь дэмий байхаа гэсэн. Гэмтсэн хүүг Мөнгөн гүүр эмнэлэгт өөрийн биеэр очиж үзүүлсэн. Эмнэлэгт очиж уулзъя гээд ах руу нь ярихад хариу өгөөгүй, энэ хүн их бухимдалтай байсан. Үнэхээр очиж уулзах зориг хүрээгүй юм. Намайг буруутай гээд байна. Насанд хүрээгүй хүүхдүүдэд мотоцикль унуулаад, 2 метр гаруй урт өвсний сэрээ бариулаад явуулсан байдаг. Энэ хүмүүс ч бас адилхан буруутай гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Я.Дд холбогдох хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О нарын өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн гаргасан гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

Төв аймгийн прокурорын газраас Я.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байдаг бол уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж зүйлчлэхээр хуульчлан тогтоосон байдаг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 517 дугаартай: “1.Б биед зүүн зулай яснаас титэм заадас хүртэл үргэлжилсэн нийлмэл хугарал тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух зулайн дэлбэнд тархины эдийн няцрал, цус хуралт, зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Зүүн зулай яснаас титэм заадас хүртэл үргэлжилсэн нийлмэл хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух зулайн дэлбэнд тархины эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зөөлөн эдийн цус хуралт зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /1хх-н 74-75/ гэх,

 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 193 дугаартай: “1.Талийгаач О.Б биед уушгины артерийн тасралт, дотуур цус алдалт, өвчүү ясны хугарал, уушгины эдийн няцралт, хуйханд цус харвалт, биед зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Талийгаачийн цуснаас этилийн спирт илрээгүй байна. 3.Талийгаач О.Бат-Итгэл нь цээжний хавсарсан гэмтлийн улмаас уушгины артерийн тасралт, цээжний хөндийн цус алдалт /1500 гр/, үнхэлцэг хальсны цус, цусан бүлэнгийн улмаас зүрх чихэлдэх хам шинжээр нас баржээ. 4.Талийгаач нь III-р бүлгийн цустай байна.” /1хх-н 83-86/ гэх,

“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн: “1.HYUNDAI Porter-2 маркийн 09-87 ТӨА улсын дугаартай автомашины жолооч Я.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана", мөн дүрмийн 24.6. Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачаа тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт овор ихтэй ачаа >> таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна." гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.DAYUN маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч О.Бат-Итгэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), 3.1.б "Тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байна" мөн дүрмийн 3.4.в "Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх." гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.DAYUN маркийн улсын дугааргүй мотоциклийн эзэмшигч Г.Эрдэнэболд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6. "Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө." гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 4.Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна. 5.HYUNDAI Porter-2 маркийн 09-87 ТӨА улсын дугаартай автомашины жолооч Я.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 24.6 дахь заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. 6.Нэмж тусгах саналгүй.” /1хх-н 106-105/ гэх шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Я.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх журамтай боловч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байх учиртай.

Шүүгдэгч Я.Д нь гэм буруугийн шүүх хуралдаанаас шийдвэрлэсэн гэм хорын хохирлыг нөхөн төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 хоногийн завсарлага авч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Од 15,521,432 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч От 2,948,656 төгрөг төлсөн боловч гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б эрүүл мэндэд хүнд хохирол учирч, О.Б амь нас хохирсон, гэмт хэргийн хор уршиг арилаагүй байхад анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон зүйл, хэсгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзээгүй, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд нь тохирсон ял оногдуулж чадаагүй байна.

Иймд “шүүгдэгчид хэт хөнгөн ял оногдуулсан” гэх агуулга бүхий хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шүүгдэгч Я.Дд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн гаргасан “иргэний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэх гомдлын шаардлагад хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Я.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/183 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ч.Дд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 З.ТҮВШИНТӨГС

                                            ШҮҮГЧИД                                               М.МӨНХДАВАА

                                                                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ