Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2024/0989

 

2024 12 03 128/ШШ2024/0989

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би дж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Н /РД:ХП/,

Хариуцагч: С дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Нэхэмжлэлийн шаардлага: С дүүргийн Газар зохион байгуулалтын албаны нэр шилжүүлэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах" шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Д овогтой Н /РД:ХП/ нар нь С дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/226 дугаар захирамжаар С дүүргийн 19 дүгээр хороо, Шт хаягт байрлах 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байсан нэгж талбарын 14 дугаартай, 305 м.кв газар, нэгж талбарын 14 дугаартай 697 м.кв газрыг тус тус шилжүүлэн авах хүсэл зоригтой.

1.2. Эрхийн улсын бүртгэлийн Э-22 дугаарт бүртгэгдсэн дээрх газар эзэмших эрх иргэн Д овогтой М, П овогтой А нарын нэр дээр байх ба нэхэмжлэгчээс газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, газрын эрхийг шилжүүлэн авахаар холбогдох баримтуудын хамт С дүүргийн Газрын албанд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хандан хүсэлт гаргасан байна.

1.3. Тус хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Зарим арга хэмжээ авах тухай А/1268 дугаар захирамжаар иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэхийг зогсоох захирамж гарсан тул шийдвэрлэх боломжгүй байна гэж хариуцагчаас хариу өгч мэдэгдсэн.

1.4. Иргэн Д.Нгээс С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан С дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нэр шилжүүлэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасанд тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 6867 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн.

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: ... Д овогтой Н рд:ХП, Б овогтой У /ЦГ*******/ бид нар С дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/226 тоот захирамжтай Улаанбаатар хот, С дүүргийн 19 дүгээр хороо, Шт хаягт байрлалтай 14 дугаар бүхий нэгж талбарын дугаартай, 305 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай зуслангийн газрыг 15 жилийн хугацаатай, 14 дугаар бүхий нэгж талбарын дугаартай, 697 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай тус тус эзэмших эрхтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-22 дугаарт бүртгэсэн, хууль болон эрхийн зөрчилгүй, газар эзэмших эрхийг Д овогтой М, П овогтой А нараас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан, холбогдох татварыг хуульд заасны дагуу бүрэн төлж С дүүргийн Газрын албанд нэр шилжүүлэхээр 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн байдаг. Үүнээс хойш С дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын эрхийг үндэслэлгүйгээр өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасны дагуу зөрчигдөөд байгаа хууль ёсны эрхээ сэргээлгэхээр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байгаа болно.

2.2. Бидний зүгээс дээр дурдсан газар шилжүүлэхтэй холбоотой Газрын тухай хууль, холбогдох татварын тухай хууль, иргэний хуульд заасны дагуу С дүүргийн газар зохион байгуулалтын алба, газрын албуудад холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлж хүлээлгэн өгсөн байдаг. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл хуулиар олгосон эрхээ үндэслэлгүй шалтгаанаар эдэлж чадахгүй хохироод байна. Энэ талаар холбогдох дээд шатны байгууллагуудад хууль тогтоомж шат дарааллын дагуу Нийслэлийн Засаг дарга, С дүүргийн Засаг даргад хандсан боловч миний хуулиар шууд хориглоогүй, газартай холбоотой баримт бичгүүд нь эрх зүйн болон газрын эрхийн зөрчилгүй байхад газрыг эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасан газар нь Нийслэлийн Засаг даргын Зарим арга хэмжээ авах тухай 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1268 дугаар захирамжаар иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэхийг зогсоох тухай захирамж гарсан тул шийдвэрлэх боломжгүй байна гэж мэдэгдсээр байгаад гомдолтой байна.

2.3. Нийслэлийн Засаг даргын тус захирамж нь Нийслэлийн ногоон бүс дэх ойн заагийг шинэчлэн тогтоох хүртэл ойн сан бүхий газарт газар эзэмших, ашиглах шинээр эрх олгох, Газрын тухай хууль болон газар эзэмшигч, ашиглагчийн гэрээний үүргийн биелэлтийг хангаагүй иргэн, хуулийн этгээд хоорондын газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэхийг зогсоож холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албан, Дүүргийн засаг дарга нарт үүрэг болгосон талаар дурдсан байдаг ба энэ нь миний, бидний хууль ёсны эрх ашгийг шууд зөрчсөн буюу хамааралгүй захирамжийг үндэслэн холбогдох хууль тогтоомжийг үндэслэлгүйгээр хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй байгаа болно.

2.4. Газар эзэмших эрхийг нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжүүлэхэд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д "газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, мөн хуулийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана" гэж заасан үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа нь хуулиар олгосон үүргээ үндэслэлгүйгээр биелүүлэхгүй байна гэж үзэж байна.

2.5. Бидний эрх шилжүүлэн авсан газар нь Газрын тухай хууль болон уг хуулийн 35, 38 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан, хуульд шууд хориглоогүй, хязгаарлаагүй, ил тод нээлттэй уг газар нь шинээр эрх олгох биш, гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангасан, зөрчилгүй газрыг шууд хамааруулж байгаа нь ба Нийслэлийн засаг даргын захирамжид дурдсан нөхцөл байдал бүрдсэн газарт шилжилт хөдөлгөөнийг хийхгүй гэсэн агуулгатай байтал дээрх шаардлагыг хангасан этгээдийн газрын шилжилт хөдөлгөөнийг үндэслэлгүйгээр зөрчиж, Үндсэн хуулиар олгосон хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг зөрчиж байгаад миний бие гомдолтой байна.

2.6. Миний бие бусдын адил цэвэр агаарт үр хүүхдээ агаар салхинд гаргах зорилгоор тус газрын эрхийг шилжүүлэн авсан ба цэвэр агаартай гэдэг үндэслэлээр булан тохой бараадан өнөөдрийг хүртэл оршин сууж байна. Гэтэл тухайн газрын ойролцоо газар эзэмшин, ашиглаж орон сууц, хаус барьж амьдарч байгаа нийтэд илэрхий буюу олон тэрбум төгрөгийн үнэтэй байшин саванд, модон дотор тансаг үнэтэй хаус орон сууцанд амьдарч байгаа ил тод нээлттэй нөхцөл байдал байсаар байтал энгийн жирийн иргэн хүүхдүүдээ агаар салхинд зуны 3 хүрэхгүй сар байлгах хүсэл зоригийнхоо дагуу газар эзэмших эрхийн зөвшөөрөл хүсэхэд үндэслэлгүй, хамааралгүй захирамжийг үндэслэн эс үйлдэхүй үзүүлж байгаад чин сэтгэлээсээ гомдолтой байна.

2.7. Дээр дурдсан нөхцөл байдал, захиргааны байгууллагаас гаргаж буй эс үйлдэхүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4. захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан дахин шүүхэд хандаж байна.

2.8. Иймд иргэн Д.Н миний эрхийн зөрчилгүй эрх шилжүүлэх гэрээгээр авсан газрыг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд нэр шилжүүлж бүртгэхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ. .

2.9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Д.Н нь С дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/226 дугаар захирамжаар Улаанбаатар хот, С дүүргийн 19 дүгээр хороо, Шт хаягт байрлалтай, нэгж талбарын дугаартай 305 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай зуслангийн газрыг 15 жилийн хугацаатайгаар эрхийн улсын бүртгэлийн Э-22 дугаарт бүртгэсэн хууль болон эрхийн зөрчилгүй газар эзэмших эрхийг П овогтой Аээс газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан хүлээн авсан байдаг. Уг газрын гэрчилгээ эх хувиараа, хугацаа дуусаагүй буюу хүчинтэй. Төрийн байгууллагаас ямар нэгэн хориг, хууль зөрчсөн талаар мэдэгдэл болон эрхийг нь хязгаарласан зөрчсөн тухай тусгай тэмдэглэл байхгүй байсан. Мөн кадастрын зураг нь эх хувиараа, зөрчилгүй, газрын гэрээ, хүчинтэй акттай. Мэдэгдлийн дагуу Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасан 6 үүрэг болон энэ хуульд заасан газар эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших гэрээний 4 дүгээр зүйлд нийтдээ 20 төрлийн үүргийг зөрчсөн гэх эрх бүхий байгууллагын дүгнэлт, акт байхгүй. Газрын хянан баталгааны дүгнэлт шинээр хийлгэсэн. Үүнийг газрын алба хүлээн зөвшөөрч, шинэ гэрчилгээ олгосон. Уг гэрчилгээнд 2032 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хүчинтэйгээр улсын бүртгэлийн дугаар олгосон байсан. Газрын төлбөрийг жил бүр цаг хугацаандаа төлж байсан баримтууд болон 2024 оныг дуустал газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт байгаа. Мөн талууд татвараа бүрэн хэмжээгээр албадан дуудлага худалдааны журмаараа төлсөн бөгөөд нотариатаар гэрчлүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийг гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, Татварын албанд татвар төлөгчөөс бүртгүүлсэн цахим хэвлэмэл тодорхойлолт, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмшихэд ямар нэгэн зөрчилгүй, нэгж талбарт хүлээлгэн өгсөн акт, нэгж талбарын тодорхойлолт, мөн уг газарт бусдын орц, гарц нээлттэй, ямар нэгэн өнгө үзэмжгүй хашаа хашлага байхгүй. Нэгдсэн ах дүү, хамаатан садан, танил хүрээлсэн том хашаа, талуудын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичиг баримтыг холбогдох татварыг хуульд заасны дагуу албан дуудлага худалдааны үнээр тооцож 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1,165,714 төгрөгийг иргэний эрх борлуулсны орлого гэж татвар төлсөн баримтуудын хамт С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлэхээр 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр өгсөн байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл хуулиар олгосон эрхээ үндэслэлгүйгээр эдэлж чадахгүй хохирч байна.

2.10. Энэ талаар холбогдох дээд шатны байгууллага буюу Нийслэлийн Засаг дарга, С дүүргийн Засаг даргад хууль тогтоомж, шат дарааллын дагуу хандсан боловч хуулиар шууд хориглоогүй газартай холбоотой баримт бичгүүд нь эрх зүйн болон газрын эрхийн зөрчилгүй байхад газар эзэмших хүсэлт гаргасан газар Нийслэлийн Засаг даргын Зарим арга хэмжээ авах тухай 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/268 дугаар захирамжийн иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэхийг зогсоох тухай захирамж гарсан тул шийдвэрлэх боломжгүй байна гэж мэдэгдсэн. Нийслэлийн Засаг даргын тус захирамж нь нийслэлийн ногоон бүс дэх ойн заагийг шинэчлэн тогтоох хүртэл ойн сан бүхий газарт газар эзэмших, ашиглах эрхийг шинээр олгох, Газрын тухай хууль болон газар эзэмшигч, ашиглагчийн гэрээний үүргийн биелэлтийг хангаагүй иргэн хуулийн этгээдийн хооронд газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэхийг зогсоох тухай холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, дүүргийн засаг дарга нарт үүрэг болгосон талаар дурдсан байдаг. Д.Нгийн хууль ёсны эрх ашгийг шууд зөрчсөн буюу хамааралгүй захирамжийг үндэслэн холбогдох хууль тогтоомжийг үндэслэлгүйгээр хэрэгжүүлж буй эс үйлдэхүй байгаа болно.

2.11. Газар эзэмших эрх нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжүүлэхэд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагааг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжийн хооронд явагдана гэж заасан үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа нь хуулиар олсон үүргээ үндэслэлгүйгээр биелүүлэхгүй байна гэж үзэж байгаа. Эрх шилжүүлэн авсан газар нь Газрын тухай хуулийн 35, 38 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан буюу хуульд шууд хориглож, хязгаарлаагүй, ил тод, нээлттэй. Уг газар нь шинээр эрх олгох биш гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангасан, ямар нэгэн зөрчилгүй шууд хамааруулж байгаа нь Нийслэлийн Засаг даргын захирамжид дурдсан нөхцөл байдалд бүртгэгдсэн шилжилт хөдөлгөөнийг хийхгүй гэсэн агуулга байдаг. Дээрх шаардлагыг хангасан этгээдийн газрын шилжилт хөдөлгөөнийг үндэслэлгүйгээр зөрчиж үндсэн хуулиар олгосон хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Иймд иргэн Д.Нгийн эрхийн зөрчилгүй, эрх шилжүүлэх этгээдээр авсан газрыг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд нэр шилжүүлж, бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

2.12. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Д.Нгийн нэхэмжлэлтэй, С дүүргийн Газар зохион байгуулалтын албаны шилжүүлэхээс татгалзсан үйлдэл нь хууль бус бөгөөд гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус үйлдэл байгаа юм. Учир нь Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д зааснаар хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг зааж өгсөн. Уг эрхээ хэрэгжүүлэх гээд бусдын хууль ёсны дагуу буюу хүчин төгөлдөр эзэмшиж буй газрыг шилжүүлэхээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д заасан шалгуурыг хангаад, хүсэлтээ өгсөн. Энэ шалгуурт газрыг шилжүүлэхгүй байхтай холбоотой гуравхан төрлийн шалгуур байгаа. Нэгдүгээрт нь, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх. Энд хүсэлт гаргасан уу, гэрээгээ нотариатаар баталгаажуулсан уу буюу хэлбэрийн шаардлагыг хангачихсан. Эрх шилжүүлэн авч байгаа уг эрх нь гэрчилгээ нь ямар нэгэн зөрчилгүй. Албан татвар хураамжтай холбоотой зөрчил байхгүй. Татварын албанд иргэн Д.Н нь татвар хураамж шилжүүлэхтэй холбоотой татвараа төлсөн. Иймд нэгдүгээр шаардлага хангагдаж байна. Хоёрдугаарт нь, 38 дугаар зүйлийн 38.3.2-т шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх гэж заасан байдаг. Хариуцагч өнөөдөр П.Аийн гэрчилгээ хүчин төгөлдөр, хуулийн шаардлага хангаж байна гэж хэлж байна. Гуравдугаарт нь, 38 дугаар зүйлийн 38.3-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх. Энэ эрх газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх буюу хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хэлбэрийн шаардлага буюу нотариатаар баталгаажуулж, холбогдох материалыг бүрдүүлж, энэ хүсэлтийг өгсөн. Үүнээс үзэхэд, хариуцагчийн тайлбарууд хоорондоо уялдаагүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн танд хүлээж авахгүй байх эрх байгаа юу гэхэд байгаа гэчхээд, шүүгч асуухад бид хүлээж аваад цаашаа шилжүүлээд, цаанаас зөвшөөрөл ирвэл бид захирамж гаргадаг гэж байна. Хуулиар энэ хүсэлтийг хүлээж авахгүй байх эрх нь хүлээж авч буй байцаагчид ойлгогдсон эрх байхгүй юм байна гэдгийг хариуцагчийн тайлбараас болон хуулиар олгогдсон эрх байхгүй гэдгийг харж болно.

2.13. Хариуцагчийн тайлбарлаад байгаа дээд шатны удирдлагын захирамж гарсантай холбоотой бид энэ үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон юм гэсэн тайлбар хуульд байхгүй. Бид хуулиа дээдлэх юм уу, засаг даргын захирамжийг дээдлэх юм уу гэдэг асуудал яригдана. Засаг даргын захирамж бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сая хэлснээр ойн сан бүхий газарт эзэмших эрх олгох, Газрын тухай хууль болон газар эзэмшигч, ашиглагчийн гэрээний үүргийн эрхийг газар эзэмших эрхийн биелэлтийг хангаагүй иргэн, хуулийн этгээдийн хоорондын газар эзэмших, ашиглах эрхийг хэлбэржүүлэхийг зогсоож байгаа. Ойн сан бүхий газрыг шинээр зааж тогтоох гэдэгтэй бид маргаагүй. Гагцхүү энэ захирамжийг хэрэгжүүлэхдээ заасан утгаар нь хэрэгжүүлэх ёстой. Гэтэл Нийслэлийн Засаг даргын захирамжийн аль нэг шаардлагыг зөрчсөн зүйл иргэн Д.Н, П.Ат нарт байхгүй. Гэрээ, гэрчилгээ нь хүчин төгөлдөр, татвараа хуульд заасны дагуу өгдөг. Д.Н нотариатаар буюу хэлбэрийн шаардлага хангуулж хуульд заасны дагуу холбогдох гэрээ, хэлцэл татвар хураамж төлж, бүртгүүлэх хүсэлтээ өгсөн. Гэтэл энэ захирамж байгаа тул бид шилжүүлэхгүй гэж байгаа нь хууль бус үйлдэл. Энэ хууль бус үйлдэл юугаар нотлогдоод байна вэ гэвэл, дээд шатны удирдлагын шууд үүргийг биелүүлэх үүрэгтэй гэдэг дээр хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Дээд шатны үүргийг биелүүлдэг төрийн байгууллага биш хуулиа биелүүлдэг төрийн байгууллага байх ёстой. Газрын тухай хуульд заасан холбогдох шаардлагуудыг Д.Н, П.А нарын хоорондын гэрээ, хэлцэл нь хангахгүй байвал буцаах ёстой. Гэтэл шаардлагыг нь хангачхаад байхад үндэслэлгүйгээр зөрчилтэй газрыг шилжүүлэхгүй гэдэг захирамжийг үндэслээд шилжүүлэхгүй байгаа нь хууль бус үйлдэл юм.

2.14. Тийм учраас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших эрх зөрчигдөөд байгаа учраас шаардагдах захиргааны актыг гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчид энэ актыг гаргахыг даалгахыг хүсэж байна... гэв.

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: ...Тус дүүргийн 19 дүгээр хороо Шт зусланд иргэн Б.У, Д.Н нараас нэгж талбарын 14, 14 дугаар бүхий газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх шилжүүлэн авах хүсэлт гаргасан байна. Тус газрууд нь Ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд орж байгаа тул нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Зарим арга хэмжээ авах тухай А/1268 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2023 оны 15 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн ногоон бүс дэх ойн заагийг шинэчлэн тогтоох хүртэл ойн сан бүхий газарт газар эзэмших, ашиглах эрх олгох, Газрын тухай хууль болон газар эзэмшигч, ашиглагчийн гэрээний үүргийн биелэлтийг хангаагүй иргэн, хуулийн этгээд хоорондын газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэхийг зогсоох тухай захирамж гарсан тул тус захирамжийн хэрэгжилтийн хүрээнд дээрх газруудыг эрх шилжүүлэх боломжгүй байна.

3.2. Иймд нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчин дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь эрх шилжүүлэх тушаал, шийдвэр гаргах боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна... гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...С дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шт зусланд оршин сууж байгаа иргэн П.Ат 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/226 дугаар захирамжаар нэгж талбарын 14******* дугаартай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Тухайн газрыг С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр газрын эрх шилжүүлэхээр иргэн Д.Нтэй гэрээ хийж, уг гэрээг үндэслэж материалаа бүрдүүлж өгсөн байдаг. Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр буюу материал бүрдүүлж өгөхөөс 12 хоногийн өмнө А/1268 дугаартай Зарим арга хэмжээний тухай захирамж гарсан байдаг. Энэ захирамж нь ойн заагийг шинэчлэн тогтоож, батлах үндэслэлээр ажлын хэсэг хуралдаад, уг ажлын хэсгийн хуралдааныг үндэслээд Нийслэлийн Засаг дарга уг захирамжийг гаргасан байдаг. Тухайн хуралдаанаар Нийслэлийн Байгаль орчны газар, С дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ажлын алба, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам оролцсон.

Анх 1994 онд 324 тогтоолоор ойн заагийг баталсан байдаг. Нийслэлийн Байгаль орчны газраас 2018 онд хамгийн сүүлийн байдлаар ойн бүс гэдэг нь ойн захаас 100 метр хүртэлх бүсийг ойн сан буюу ойн тэлэн ургах гээд, хамгаалалтын бүсэд авсан байдгийг шинэчилсэн буюу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай холбоотой маргаан байгаа хэсэг нь ойн захаас 100 метр буюу тэлэн ургах нөөцтэй газруудыг ойн бүс гэж авч үзэхгүй гээд маргаан үүсээд байгаа учраас шинэчлэн батлаад, ойн сандаа авч үзэж, Ойн тухай хуулиа бариад явах эсэхийг шинэчлэл тогтоохоор Нийслэлийн Засаг даргын А/1268 дугаар захирамжийг гаргасан байдаг. Уг захирамжаар ойн сан бүхий газар шинээр олгох, ашиглахыг хориглоно. Мөн газрын гэрээний үүргийг биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгжийн газрын эрхийг шилжүүлэхийг зогсооё гэсэн байдаг. Энэ газартай холбоотой нэгж талбарын асуудал нь тухайн үед буюу 2017 онд шинээр газар олгохдоо ойн тэлэн ургах нөөцөд хамаарч байсан. 2018 онд Нийслэлийн Байгаль орчны газраас ойн тэлэн ургах буюу ойн заагийг 100 метр гээд хамгаалалтын бүсийг шинэчилснээс өмнө 2017 онд олгогдсон газар учраас Ойн тухай хууль зөрчөөгүй гэх үндэслэлээр газар олгосон байдаг. 2018 онд Нийслэлийн Байгаль орчны газраас хүсэлтээ гаргаад, С дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэдээллийн санд 100 метрээр тогтоож өгөөд, хамгаалалтын бүс үүсгээд эхлэхээр тэлэн ургах газар нь ойн сан гэх газарт ороод явчхаж байгаа учраас энэ газар нь ойн сандаа орж байна. Тийм учраас энэ газар, ойн хууль, журамтай холбоотой асуудлыг цэгцэлье гээд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр А/1268 дугаар захирамж гарсан.

3.4. С дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон С дүүргийн Засаг дарга нар эс үйлдэхүй буюу газрын эрх шилжүүлэхгүй байгаа юм биш. Нийслэлийн Засаг дарга буюу дээд шатны засаг дарга нь ойн заагийг шинэчлэн тогтоох хүртэл хугацаагаар захирамж гаргаад, зогсоочихсон байгаа учраас дүүргийн засаг дарга ямар нэгэн захирамж, шийдвэр гаргах эрхгүй. Мөн шилжих хугацаа сунгах нь хуучин Газрын тухай хууль шинэчлэгдээгүй байхад засаг дарга эрх шилжүүлэх, хугацаа сунгах захирамж гаргадаг байсан бол одоо шилжих, хугацаа сунгах захирамжийг дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга тушаал гаргаж гаргадаг болсон. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх агентлагийн доод субъект буюу дүүргийн газар зохион байгуулалтын алба нь Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийг зөрчиж, эрх шилжүүлэх боломжгүй.

3.5. Манай иргэдэд үйлчлэх хэсгийн цонх дээр Нийслэлийн Засаг даргын А/1268 дугаар захирамжийг наачихсан байгаа. Бид иргэдээс хүсэлтийг нь авахдаа программ дээрээ шалгаж үзээд, авч байгаа, өгч байгаа хоёр хүнд нь ямар нэгэн байдлаар зөрчил үүсгүүлэхгүйн тулд тайлбар, мэдээллээ өгөөд явдаг. Би П.Аээс Д.Н рүү ирсэн өргөдлийг боломжгүй гэдэг хариуг өгсөн. Намайг ажлын байран дээрээ байхгүй байхад манайд хуучин мэргэжилтнээр ажиллаж байсан буюу Шт хэсгийн хороог хариуцдаг байсан Э.З гэж мэргэжилтнээр материалаа өгүүлсэн байсан. Манайхаас яагаад зөвшөөрөлгүй авчихсан юм бэ гээд шалгахад бүртгэл хяналтынх нь карт дээр Э.З авсан байдаг. Газар зохион байгуулалтын мэргэжилтэн хууль, журмаа зөрчиж байна уу гэж шалгаад, боломжгүй гэсэн байхад танил талаараа оруулж ирээд, эцэстээ ийм асуудал үүсээд явж байна. Дүүргийн Засаг дарга болон дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга тушаал, шийдвэр, захирамж гаргахдаа Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж ажилладаг болохоос зөрчиж ажиллах боломжгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2.С дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн A/226 дугаар захирамжаар С дүүргийн 19 дүгээр хороо, нэгж талбарын 14 дугаартай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай, 15 жилийн хугацаатай 305 м.кв газрыг иргэн Пы Ат эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 00******* дугаар гэрчилгээ олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01119-******* дугаар гэрээ байгуулагджээ.

3. Дээрх хүчин төгөлдөр газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Д.Н 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмшигч П.Аээс шилжүүлэн авахаар буюу нэгж талбарын 14 дугаартай газрын эзэмших эрхийг үнэ төлбөргүйгээр шилжүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээг гэрчилсний нотолгоо болгож 1485 бүртгэлийн дугаартай Үйлчлүүлэгчийн боловсруулсан гэрээ гэрчилсэн тэмдэглэл-ийг Нийслэлийн тойргийн нотариатч Б.Ө******* үйлдсэн, түүнчлэн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт-ийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраар гаргуулан, нэгж талбарын 14 дугаартай 305 м.кв газар нь 2020 оноос 2023 он хүртэл хугацаанд нөхөн төлбөр, алданги, торгуульгүй мөн төлбөрийн үлдэгдэлгүй талаарх лавлагааг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Улсын газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн систем-ээс гаргуулсан байна.

4. Ийнхүү баримт бүрдүүлэхийн зорилго нь дээр /2-д/ заасан газар эзэмших эрхийг шилжүүлж авах явдал ба,

5. Иргэн Д.Н /нэхэмжлэгч/ болон Б.У нараас 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Эзэмших эрхтэй газрын эрх шилжүүлэн авах-аар С дүүргийн Засаг даргад хандан хүсэлт гаргасан байх бөгөөд уг өргөдөл хүсэлт нь өргөдөл гомдлын 02******* дугаарт бүртгэгдэж, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Бүртгэл хяналтын карт-д ...газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасан газар нь Ойн сан бүхий газарт хамаарч байгаа нь Нийслэлийн Засаг даргын ... А/1268 дугаар захирамж гарсан тул шийдвэрлэх боломжгүй байна хэмээн шийдвэрлэгдэж хаагдсан байна.

6. Энэ талаар нэхэмжлэгч нь И-монголиа цахим порталаар хариуг авснаа шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч маргаагүй. Түүнчлэн нэгж талбарын 14 дугаартай 697 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах хүсэлтэй Б овогтой У /РД:ЦГ*******/ нь нэхэмжлэл гаргаж маргаагүйг дурдах нь зүйтэй.

7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/8018 дугаартай албан бичгээр, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас С дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/226 дугаар захирамжаар П.Ат олгосон нэгж талбарын 14 дугаар бүхий газрын түүхчилсэн лавлагаа болон одоо хэний эзэмшилд бүртгэлтэй болох талаарх нотлох баримтыг шаардахад,

8. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2/3011 дүгээр албан бичгээр ...Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 14 дугаартай газар нь анх нэгж талбарын 18******* дугаартайгаар 700 м.кв талбайгаар эзэмшигчийн мэдээлэлгүйгээр бүртгэгдсэн байна. Газрын кадастрын мэдээллийн сангийн 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 18******* дугаар нь 18******* болж өөрчлөгдөн 305.4 м.кв талбайтайгаар иргэн П.А (РД:НЩ*******)-ийн нэр дээр эзэмших эрхийн төрлөөр бүртгэгдсэн байна. Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 134 дүгээр "Нэгж талбар дугаарлах журам" батлагдсантай холбоотойгоор дээрх нэгж талбарын 18******* дугаар нь 14 өөрчлөгдсөн байна. Одоогийн байдлаар дээрх нэгж талбаруудын талбайн хэлбэр, хэмжээ болон эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт ороогүй байна.... гэх хариуг ирүүлсэн.

9. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тэмдэглэлийн Хэлэлцсэн нь 7 дахь хэсгээр Ойн сан бүхий газрын газар ашиглалт, бүртгэлд хяналт шалгалт хийх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс гарсан Ойн сан бүхий газрын эрх зүйн харилцаа нь Газрын тухай хууль, Ойн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулагдаж байна. Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д Нийслэлийн ногоон бүсэд хамаарах ойн заагийг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Нийслэлийн эргэн тойрны ногоон бүсэд хамаарах ойн заагийг Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 326 дугаар тогтоолоор баталсан. Дээрх тогтоолоор баталсан ойн сангийн талбайд Улаанбаатар хотын барилгажсан хэсэг гэр хороолол, зуслангийн суурьшлын бүх хэсгүүд хамаарч байна. 2018 онд Нийслэлийн Байгаль орчны газраас Нийслэлийн ногоон бүс дэх ойн сангийн ойн менежментийн төлөвлөгөө-г боловсруулж, 100 метрийн хамгаалалтын бүс буюу Ойн сан бүхий газар, Ой тэлэн ургах нөөц газрын хил заагийг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байдаг. Дээрх төлөвлөгөөгөөр тогтоосон хил нь хээрийн судалгаа тодруулалт хийгдээгүй, ойтой газрыг ойн санд хамааруулаагүй, ой модгүй газрыг ойн санд зурагласан зэрэг асуудлууд байгаа тул уг хилийг дахин судлан тогтоох шаардлага байдаг. Иймд цаашид хууль, тогтоомжид нийцүүлэн Хот суурин газрын ой гэсэн ангиллыг бий болгох, газрын төлбөр, татвар, үнэлгээний бүсийг шинэчлэн тогтоох, ногоон бүсийн хил заагийг газар дээр нь нарийвчлан үзэж, хээрийн судалгааны түвшинд үндэслэлтэй боловсруулан, Засгийн тогтоолоор батлуулах зайлшгүй шаардлага тулгарч байна зэргээр асуудлыг хэлэлцэж ... Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.3 дахь заалт, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 6 дугаар зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор байгалийн нөөцийг хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хангах..., үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилласан тус ажлын хэсгээс гарсан саналыг танилцуулсан.

10. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Зарим арга хэмжээ авах тухай A/1268 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2023 оны 15 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн ногоон бүс дэх ойн заагийг шинэчлэн тогтоох хүртэл ойн сан бүхий газарт газар эзэмших, ашиглах эрх олгох, Газрын тухай хууль болон газар эзэмшигч, ашиглагчийн гэрээний үүргийн биелэлтийг хангаагүй иргэн, хуулийн этгээд хоорондын газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэхийг зогсоож холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгож... шийдвэрлэсэн.

11. Үүнээс үзвэл, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. ...газрын сан нэгдмэл байх, 4.1.2. газар төрийн хяналт, хамгаалалтад байх, 4.1.4. газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх зэрэг төрөөс газрын талаар баримтлах зарчмыг хангуулж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1. нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, ...хэрэгжилтийг зохион байгуулж хангах бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан Нийслэлийн Засаг даргын Нийслэлийн ногоон бүс дэх ойн заагийг шинэчлэн тогтоох хүртэл ойн сан бүхий газарт ...хоорондын газар эзэмших эрхийг шилжүүлэхийг зогсоож, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон шийдвэрийг Газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. ойн сан бүхий газарт ... ой тэлэн ургах боломжийг хангахуйц газар хамаарна гэж зааснаар ойн тэлэн ургах нөхцөл шаардлагын үүднээс хэрэгжүүлсэн хэмээн тайлбарлаж байгаа хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна.

12. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 3.1.3. газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл, болзол шаардлагын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ, 6 дугаар зүйлийн 6.1. газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн ... эзэмшинэ, 27 дугаар зүйлийн 27.1. газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3. нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4. хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж зааснаар газар эзэмших эрхтэй болохын тулд тэр дундаа хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ бүхий газрыг шилжүүлэн авахын тулд заавал хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж, хүсэлтээ гаргаж холбогдох баримт бичгийг хавсаргах хуулийн үүрэгтэй, мөн заавал хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй байх хатуу зохицуулалтыг хангах шаардлагатай болж байна.

13. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4. ...дүүргийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна, 23.4.2. эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах, 23.8. Дүүргийн газрын алба нь энэ хуулийн 23.4-т зааснаас гадна иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэнэ, 38 дугаар зүйлийн 38.1. газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно, 38.3. ...дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч дараах зүйлийг тодруулна, 38.4. газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг...дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана гэж зааснаар захиргаанаас шийдвэр гаргуулахын тулд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4. газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх газар эзэмшигчийн эрхийг шууд эдэлж шүүхээс шаардах боломжгүй.

14. Энэ тохиолдолд нэг тал болох газар эзэмшигчээс газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахыг хүсэж буй нөгөө тал гэдэг утгаараа түүний хууль ёсны ашиг сонирхол байх боломжтой гэдэг утгаар нэхэмжлэгчийг маргаж буй газрын эрхээр маргах эрхгүй гэж шүүх үзээгүй болохыг тэмдэглэж байна.

15. Маргаан бүхий үйл баримттай холбоотойгоор,

15.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/8112 дугаар албан бичгээр Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн ерөнхий газарт хандахад, тус газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2/3062 дугаар албан бичгээр ...нэгж талбарын 14, 14 дугаартай газрууд нь Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй ойн сан бүхий газартай давхцаж байгааг зургаар баталгаажуулан ...хүргүүлж байна... гэх,

15.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/8113 дугаар албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандахад, тус албаны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01-09/7431 дүгээр албан бичгээр ...14, 14 газруудын ойн сан газрын хамгаалалтын бүсэд өртсөн талаарх зургийг бэлтгэн хүргүүлж байна... гэх,

15.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/8503 дугаар албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хандахад, тус яамны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 04/5502 дугаар албан бичгээр ... нэгж талбарын 14, 14 дугаар бүхий талбайнууд нь 2016 оны Ой зохион байгуулалтын шинэчилсэн судалгаагаар тогтоосон ойн сан бүхий газартай бүтэн давхцалтай байна... гэх баримтуудыг ирүүлсэн нь хэрэгт авагдсан.

16. Эдгээрээс үзвэл, хариуцагчаас нэхэмжлэгч иргэнд өгсөн хариу нь үндэслэл бүхий болох нь тогтоогдож, өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариу өгсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж зааснаар хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

17. Нийслэлийн Засаг даргаас, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангуулахаар тухайлбал, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1. нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах, 20.2.2. газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхээ хэрэгжүүлж, гаргасан шийдвэрийг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. ...газрын сан нэгдмэл байх, 4.1.2. газар төрийн хяналт, хамгаалалтад байх төрөөс баримтлах зарчмыг хангуулж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх... гэж зааснаар харьяа дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчид хариу өгсөн хариуцагчийн хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагааг шүүх үндэслэлтэй гэж дүгнэв.

18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 10.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.8, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нгээс, С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан тус албаны нэр шилжүүлэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН