Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00290

 

 

 

Л.Өын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/02502 дугаар шийдвэртэй

Л.Өын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Чд холбогдох

гэрээнээс татгалзаж, 2 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ө, түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах газар дээрээ байшин барьж эхэлсэн бөгөөд тог, цахилгаан татах шаардлагатай болж “Ординат” ХХК-нд 5 000 000 төгрөг төлж, зөвшөөрөл авсан байдаг. Харин энэ үед буюу 2018 оны 08 сард хөрш айл болох Н.Ч тог татаж байсан тул бид ярилцаад гарсан зардлаас нь буюу цахилгааны кабелийг хуваалцаж, тогоо хамтран ашиглахаар болж миний бие түүнд 2 500 000 төгрөг шилжүүлсэн. Бидний хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүсэл зориг илэрхийлэгдэж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн. Гэрээнд зааснаар иргэн Н.Ч шонгийн модыг хариуцна, иргэн Л.Ө кабелын утас хариуцахаар тохирсон. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.4 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хамтран хөрөнгө гаргаж тэнцүү эрхтэйгээр хамтран эзэмших эрх үүсэж байгаа гэж үзэж байна. Ингээд миний бие тогоо авч, 1 жил гаруй хугацаанд ашигласан бөгөөд энэ хугацаанд зуслан дээрээ байшин барьж эхэлсэн. Харин хариуцагч Н.Ч энэ хугацаанд тогыг удаа дараа тасалж, надад ашиглах боломж олгохгүй байсан учраас би мөнгөө буцааж авья гэдэг саналыг гаргасан. Тухайн үед Н.Ч мөнгийг бүтэн өгөх боломжгүй, 1 500 000 төгрөг л өгнө гэснийг би зөвшөөрөөгүй. Иймд хариуцагч Н.Ч цаашид над тогоо ашиглуулахгүй, тасалчихсан байгаа учир миний бие Иргэний хуулийн 205 дугаар зүйлий 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж байгаа тул хариуцагч Н.Чгаас 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах зуслангийн газартаа тог татах талаар эхлээд хөөцөлдөж, техникийн нөхцөл авч, Төв аймгийн Зуун мод түгээх төвтэй гэрээгээ байгуулсан. Ингээд би 2018 оны 8 сарын сүүлээр тогоо татах зорилгоор шонгийн мод, утсаа аваад ажлаа эхлүүлж байхад нэхэмжлэгч Л.Ө байшин барьж байгаа, тог татах шаардлагатай байгаа танай гарсан зардлаас хуваалцаад тогыг хамт ашиглая гэсэн санал гаргасан. Үүнийг би зөвшөөрсөн, учир нь надаас 5 сая орчим төгрөгний зардал гарсан байсан учраас өөрийнхөө зардлыг хэмнэх зорилгоор, нэхэмжлэгч Л.Өаас 2 500 000 төгрөгийг шилжүүлж авсан нь үнэн. Тэгээд Л.Ө манай тогноос ашиглаж 1 жил гаруй хугацаа болсон. 2019 оны 01 дүгээр сард би зуслангаасаа буусан байхад Зуун мод түгээх төвөөс тогны мөнгө 600 гаруй мянган төгрөг гарсан байгаа, төлөхийг мэдэгдсэн. Тухайн үед нь би түр тасалчих, учрыг ольё гэж хэлээд таслуулсан. Ингээд би Л.Өтай утсаар холбогдоход эднийх зуслангийн байшингаа бариад тог ашиглаж байсан, тэгээд төлбөрөө төлсөн учир тогыг буцааж залгасан. Дараа 2019 оны 6 дугаар сард тогыг тасалсан. Энэ нь нэхэмжлэгч Л.Ө надад чиний авсан цахилгааны утас нарийхан байна, манай байшин том, тогны хүчин чадлыг нарийн утас дийлэхгүй байна, тийм учраас тогны утсаа бүдүүрүүлэх санал тавьсан. Харин би үүнийг зөвшөөрөөгүй. Манай утас манайдаа болж байгаа, би дахин өөрөөсөө зардал гаргахыг хүсээгүй. Учир нь, бүдүүн утас үнэтэй байдаг. Ингээд маргаан үүссэн учир тогыг тасалсан, өнөөдрийг хүртэл таслаатай байгаа. Уг нь би ашигласан зардлыг нь хасаад 1 500 000 төгрөг өгье гэсэн боловч нэхэмжлэгч өөрөө зөвшөөрөхгүй, бүх мөнгөө авна гэж зүтгэсэн, одоо би 2 500 000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй, иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ШҮҮХ: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Н.Чд холбогдох гэрээнээс татгалзаж, 2 500 000 төгрөг гаргуулах тухай Л.Өын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Өын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Л.Ө давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр авч үзэхдээ гэрээг хариуцагч тал болох Н.Ч гэрээнээс татгалзаж гэрээний төлбөр 2 500 000 төгрөгийг буцааж өгөх санаачлага анх гаргасан боловч тухайн мөнгийг нь гаргаж өгөөгүй тул тухайн мөнгийг гаргуулан авахаар гаргасан нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг буруугаар тайлбарлаж нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан гэж үзжээ. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах ямар ч хүсэл зориг илэрхийлж байгаагүйг харгалзан үзээгүй байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “...аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх ёстой... гэж заасан байтал хариуцагч тал гэрээнээс татгалзсан тул гэрээний төлбөрийг буцаан олгох тухай огт авч хэлэлцээгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Тухайн гэрээ нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар дундын өмч бөгөөд 108.8 дахь хэсэгт зааснаар ноогдол хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэсэн хуулийн заалтыг ашиглах боломжийг хангаж өгүүлээгүй байна. Шүүх үзэхдээ тог тасалсан 2 удаагийн үйлдэл нь нэхэмжлэгч талын буруу байсан гэж үзжээ. Гэтэл маргаан үүсэн эсэхийг шүүх нотлоогүйгээр үндэслэсэн, тогны утас бүдүүрүүлнэ гэснээс болж хариуцагч талд ямар нэгэн хохирол учраагүй, нэхэмжлэгч тал өнөөдрийг хүртэл тогоо бүрэн ашиглаж байгаа бөгөөд тогны утас бүдүүрүүлэх тухай ярианаас болж ямар нэгэн хүндрэл, саатал, алдагдал хүлээгээгүй хариуцагч талд бүрэн давуу талтай харин нэхэмжлэгч талд хохиролтой байсныг авч үзсэнгүй. Мөн хариуцагч тал гэрээний төлбөрөөс 1 500 000 төгрөг гаргаж өгөх хүсэлтэй илэрхийлсээр байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь үгүйсгэсэн нь, гэрээг зөрчсөн гэсэн үндэслэл баримтаар нотлогдоогүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан гэрээг цуцлах үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч тал нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрөө шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон, энэхүү төлбөр нь тог ашиглах бус цахилгааны утсыг хамтран өмчлөх тухай гэрээ байсан бөгөөд нэхэмжлэгч талаас гэрээг зөрчих ямар нэгэн үйлдэл хийгээгүй байхад хариуцагч талын маргаан үүссэнээс болж гэрээг цуцалсан гэсэн нотолгоогүй үндэслэлийг ашиглаж хэт нэг талыг барьсан алдаатай шийдвэр гарсан байх тул хэргийг хянан үзээд шударга ёсны зарчмыг баримтлан төлбөрөө төлөөд гэрээний эрх эдэлж чадахгүй байгаа, гэрээний нөгөө тал гэрээг цуцалсан мөртлөө гэрээний мөнгө өгөхгүй байгаа асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Л.Ө нь хариуцагч Н.Чд холбогдуулан 2 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...талууд хамтран хөрөнгө гаргаж тэнцүү эрхтэйгээр тог ашиглахаар тохиролцсон, тогны утасны хэмжээнээс хамаарч маргаан үүссэн” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд УБЦТС ТӨХК-ийн Зүүн мод Түгээх төвөөс хариуцагч Н.Ч 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр трансформатороос цахилгаан татах зөвшөөрлийг,  2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтийн зусланд байрлах 700 м.кв газарт ахуйн хэрэглээний зориулалтаар 14 кВт-ын хүчин чадалтай, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизан Ар гүнт фидерийн адутын шугам татаж тэжээл авах, оруулга кабель шугамын эхэнд гаралт тоноглож, кабель шугам татаж тэжээл авах, оруулга кабель шугамын эхэнд 380в-ын баталгаат цахилгаан тоолуур суурилуулах 91/2018 дугаар техникийн нөхцлийг тус тус авсан үйл баримт тогтоогдсон байна. /хх.11/

Дээрх техникийн нөхцөл, зөвшөөрлийг авахад гарсан зардлыг хуваан төлж, тогоо хамтран ашиглахаар тохиролцсон, уг тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Б.Тунгалагийн Хаан банкны данснаас хариуцагч Н.Чгийн Хаан банкны дансанд 2 500 000 төгрөгийг “Ө кабелийн үнэ” гэсэн агуулгатай шилжүүлсэн, тогийг ашиглаж байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт нийцжээ. /хх.4/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын гаргасан тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд нэхэмжлэгч гэрээнээс татгалзах тухай хариуцагчид мэдэгдэж байсан талаар тайлбар шүүхэд гаргасан. /хх.1, 73-82/ Хариуцагч нь ашиглалтын зардлаа хасаад 1 500 000 төгрөг төлнө гэсэн агуулгаар тайлбар гаргажээ.

 Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасан. Иймд нэхэмжлэгч гэрээнээс татгалзах талаар хариуцагч талд мэдэгдсэн байх бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс хойш нэхэмжлэгч цахилгааныг тасалсан талаар зохигчдын хэн аль нь тайлбарласан. Иймд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг тухайн өдрөөс цуцлагдаж дуусгавар болсон гэж үзэв.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан тохиолдолд талууд гэрээний гүйцэтгэлийг буцааж өгөх үүрэгтэй.  Иймд хариуцагчаас 2 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй болно.   

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...өөрийнх нь зардлаар  босгосон шугам сүлжээг ашиглаж хариуцагч тог хэрэглэж байсан” гэсэн тайлбар гарган маргажээ.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг.

Хариуцагч  гэрээ цуцлах хүртэлх цахилгааныг шугамыг ямар үнэ төлбөртэйгээр ашиглаж байсан, гэрээ цуцлах хүртэлх ашиглалт ямар хэмжээний нөхөн төлбөртэй байхыг нотолсон баримтыг гаргааагүй. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулагдсанаас хойш цуцлах хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс гэрээний зүйлийг ашиглаж олсон ашиг зэргийг хариуцагч нотлоогүй тул гэрээ цуцлагдсантай холбоотой шилжүүлсэн мөнгийг Иргэний хэргийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар буцаан төлөх үүрэг хариуцагчид үүссэн байна.   

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/02502 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Чгаас 2 500 000 төгрөг гаргуулж хариуцагч Л.Өт олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.Өын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Чгаас 54 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Өт олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.Өын төлсөн 54 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

     ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                  Ц.ИЧИНХОРЛОО