2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/00061

 

2025 01 09

192/ШШ2025/00061

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *********, дунд наран, *********тоот хаягт оршин суух, Жур овогт Навааны ********* /РД:*********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *********, *********тоот хаягт байрлах, ********* ХХК /РД:*********/-нд холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 21,860,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.*********, хариуцагчийн төлөөлөгч Б.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...********* ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр №АГ21/0501 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр ********* ХХК-ийн хөрөнгө оруулалттай иргэн Д.Батдоржийн 42 айлын Орон сууцны барилга Өмнөговь аймгийн Даланзадгад хот 3-р баг төлөвлөж буй Орон сууцны барилгын дотор заслыг гэрээнд заасан нийт 14 ажилбарыг ажлын хөлсөөр хийж гүйцэтгэх, захиалагч ********* ХХК нь уг ажлын бараа материалыг нийлүүлэх, ажлын хөлсийг төлөхгэй холбогдсон харилцааг зохицуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу миний бие 8 хүний бүрэлдэхүүнтэй заслын ажилчдын багийг орон сууцны барилгын дотор заслын ажлыг хийлгэхээр 2021.06.08-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Даланзадгад хот руу явуулсан. Ингээд манай ажилчид 2021.06.10-ны өдөр ажлаа эхлүүлсэн. Бид нар 2021.06.10-2021.09.05-ны өдрийн хооронд барилга дээр байсан бараа материалаар 1,2,4 давхруудын дотор заслын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Уг ажлыг хийж гүйцэтгэсэн нь бид нарын барилгын талбайд ажиллаж байгаа зургуудаар нотлогдоно. Гэвч захиалагч талаас бараа материалаа хугацаандаа нийлүүлээгүй, мөн гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөөгүй учир бид нар цаашид ажил гүйцэтгэх боломжгүй болж барилгын талбайгаас ажилчдаа татан авсан. Бид нарын хийж гүйцэтгэсэн 1,2,4 давхруудын дотор заслын ажлуудын нийт төлбөр 48,360,200 төгрөг болсон. Үүнээс захиалагч тал ********* ХХК-иас 2021.06.06-ны өдөр урьдчилгаа төлбөр 6,500,000 төгрөг, 2021.06.25-ны өдөр урьдчилгаа 10,000,000 төгрөг, 2021.07.10-ны өдөр урьдчилгаа 3,000,000 төгрөг, 2021.09.03-ны өдөр урьдчилгаа 2,000,000 төгрөг, рам төмөр 1,000,000 төгрөг, Мийгаа /Номио зам/ зардал 500,000 төгрөг, 2022.02.01-ны өдөр цагаан сараар 1,000,000 төгрөг, 2022.04.27-ны өдөр 2,500,000 төгрөг буюу нийт 26,500,000 төгрөгийн урьдчилгаа авсан.

Ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.6-д Гэрээт ажлын хөлсийг хамгийн багадаа 5 хоногийн ажлын гүйцэтгэлээр тооцож олгоно, 4.2.6-д Захиалагч толбөрийг хугацаа хожимдуулалгүй төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 21,860,200 төгрөгийг нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: ... ********* ХХК-ийг төлөөлж Б.Отгонбаяр нь нэхэмжлэгч нь Н.*********ын 21,860,200 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов, нэхэмжлэгч Н.********* шинжээчийн зардал 2,5 сая төгрөг төлүүлэхээс татгалзав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.********* нь хариуцагч ********* ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 21,860,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага 21,860,200 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, нэхэмжлэгч тал шинжээчийн зардал 2,500,000 төгрөгөөс татгалзахаар харилцан тохиролцов гэж талууд эвлэрсэн болох нь тэдний тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээгээр, хариуцагчийн төлөөлөгч хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна.

 

Иймд Н.*********ын нэхэмжлэлтэй, ********* ХХК-нд холбогдох иргэний хэрэг дэх талуудын эвлэрэл нь хуулийн дагуу бөгөөд хариуцагчийн эвлэрлийн нөхцөлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу Н.*********ын нэхэмжлэлтэй, ********* ХХК-нд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 21,860,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагчийн төлөөлөгч Б.Отгонбаяр нэхэмжлэлийн шаардлага 21,860,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, нэхэмжлэгч тал шинжээчийн зардал 2,500,000 төгрөгөөс татгалзахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 267,251 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********* ХХК-аас 267,251 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*********од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ