Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 577

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

Улсын яллагч Ш.Хосбаяр,

Шүүгдэгч Г.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор ҮД:/0248/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Д холбогдох эрүүгийн 1711000090269 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Г.Д /РД:........................., улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бөмбөгөр худалдааны төвийн хажууд байрлах “Glassic” пабд Г.Итгэлийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйгүй гэв.

Шүүгдэгч Г.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ....би Итгэлийг Энхтуяа руу орлиод хэл амаар доромжлоод агсраад байхаар нь чи болиочээ гээд хальт шүргэсэн юм. Би Итгэлийг танихгүй тухайн үед харж байсан. Манай найз Энхтуяагийн нөхөртэй явалдаад байна гэж сонссон тэгээд пабд анх удаа уулзсан. Би Итгэлийн хацар хэсэгт нь цохисноо хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/

Хохирогч Г.Итгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр манай найз залуу Эрдэнэбат над руу утсаар яриад чи манай эхнэр Энхтуяатай очоод уулзаадхаач гэхээр нь зөвшөөрөөд тэр оройноо 22 цагийн үед Энхтуяагийн 88764016 дугаарын утас руу залгаж би чамтай уулзаж ярих зүйл байна. Эрдэнэбат чи бид хоёрыг уулз гээд байна гэсэн чинь Энхтуяа зөвшөөрч бид хоёр 22 цаг 30 минутын үед Бөмбөгөд худалдааны төвийн замын эсрэг талд байрлах Глассик гэх нэртэй караоке пабд уулзаж нэг нэг шил пиво ууж суунгаа ярилцаж байтал 2 найз нь орж ирээд нэг махлагдуу эмэгтэй нь миний хажууд сууж нөгөө хамт явж байсан эмэгтэй нь Энхтуяагийн хажууд суугаад би Энхтуяатай ойр зуурын яриа өрнүүлж байгаад би Эрдэнэбаттай хамт байх хугацаа олгооч би Эрдэнэбатад дасчихаад салж чадахгүй байна гэсэн чинь нөгөө миний хажууд сууж байсан Даваацэрэн гэх махлаг эмэгтэй миний эрүүн тус газар руу гарынхаа арын хэсгээр 1 удаа цохисон. Тэгээд бид хэд пабаас гарцгааж би гэртээ харих гээд такси барих гэсэн чинь явуулахгүй цамцнаас зуураад байсан. Тэгээд бид 4 хажуу талд нь байрлах дэлгүүрт орж миний картанд байсан 175.000 төгрөгөөр дэлгүүрээс ойр зуурын идэж уух 4 тор зүйлс авч Бөмбөгөр худалдааны төвийн урд болон гэрэлт гудамж, хороололд очиж дэлгүүрээс авсан зүйлсээ надаар хүмүүст тараалгуулсан. Тэгээд дуусгаад явах гэтэл намайг машиндаа суу гэхээр нь би суугаад хороолол болон хүүхдийн 100 орж авсан эд зүйлсээ тараалгасан. Хороололд Зочин гэр гэх газрын гадна явж байхдаа миний гадууд хувцсыг бүгдийг нь тайлуулсан тэгэдэ би гудамжинд уйлаад сууж байсан чинь Энхтуяа нь ирээд намайг гадуур хувцсаа ав гэхээр нь би авах гээд очсон чинь машиндаа суугаад миний хувцсыг шидсэн гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 дугаар хуудас/

Гэрч А.Уягын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр би найз Даваацэрэнтэй Мишээл Экспо худалдааны төв дээр наймаа хийцгээгээд байж байсан чинь манай найз Энхтуяа залгаад манай нөхөртэй уулзаад байдаг нэг эмэгтэй намайг уулзъя гээд байна уулзах гэхээр найз нь ганцаараа очихоор айгаад байна гэсэн. Даваацэрэн 3 уулаа оччихоод ирье гэхээр нь зөвшөөрч орой нь Энхтуяагийн гэрийн гадаа уулзаж нөгөө эмэгтэй Энхтуяатай 4 замын хажууд уулзана гэж байна гэхээр нь бид 3 миний машинтай 4 зам дээр очиж Энхтуяаг буулгасан. Андууд 4 зам орчим хүлээж байсан чинь Энхтуяагаас би нөгөө эмэгтэйтэй уулзаад Бөмбөгөр худалдааны төвийн урд талд нэг пабд сууж байна энд хүрээд ирээч гэсэн. Даваацэрэн бид 2 ширээнд нь очиж суугаад байж байсан чинь хамт сууж байсан эмэгтэй нь Энхтуяад хандаж танай нөхөр Эрдэнэбат намайг танай гэрт амьдар гэсэн. Би хүүхдээ аваад танай гэрт хамт амьдарна гээд байхаар нь Даваацэрэн бид 2 чи одоо болиоч 3-ын 3 хүүхэдтэй хүмүүсийн амьдрал үймүүлэх гээд байхаар яадаг юм бэ гэсэн чинь салахгүй, чадахгүй тэгвэл би салах дээрээ тулах юм бол сэтгэл санаагаа бэлтгэлтэй болгомоор байна гэж хэлээд нөгөө итгэл гэх эмэгтэй ууж байсан пивоны шилээ бариад орилоод босоод ирсэн чинь манай найз Даваацэрэн сууж бай гээд гараараа савах шиг болсон тэгээд тэндээсээ шууд гарцгаасан гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8526 дугаартай дүгнэлтэнд:            Г.Итгэлийн биед зүүн баруун гарын бугалга, тохой, өвдөг, эрүүний доод талд цус хуралт, тархи доргилттой гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/

Ял шийтгэлийн талаар: Г.Д нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх /хх-ийн 73 дугаар хуудас/ лавлагаа.   

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бөмбөгөр худалдааны төвийн хажууд байрлах “Glassic” пабд Г.Итгэлийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Итгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч А.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Д нь 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бөмбөгөр худалдааны төвийн хажууд байрлах “Glassic” пабд Г.Итгэлийг зодож түүний эрүүл мэндэдзүүн баруун гарын бугалга, тохой, өвдөг, эрүүний доод талд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.  

Гэвч шүүгдэгч Г.Дгийн үйлдсэн уг гэмт хэрэг нь 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд /2015/ оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байх тул шүүдэгч Г.Дд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн буюу /2002/ оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тус хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэсэн үндэслэлээр хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

 

Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Хохирогчид Г.Итгэл нь шүүгдэгч Г.Дгээс хохирол гэж нэхэмжилсэн мөнгөө хүлээн авч хохирол барагдуулсан. Бид хоорондоо эвлэрэн тохирсон. Одоо ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй /хх-ийн 111-112 дугаар хуудас/ гэснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн зэргийг харгалзан /2002/ оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар “Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан” зэргийг харгалзан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Прокуророос шүүгдэгч Г.Дг /2015/ оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг /2002/ оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Г.Дг /2002/ оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэн хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Г.Дг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

5. Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НАРАНТУЯА